Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2022/00515

 

“К б” ХХК дахь банкны эрх

хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/02355 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 132 дугаар магадлалтай,

“К б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

“Б” ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт нийт 6,641,719,813 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “К б” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь “Б” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 6,641,719,813 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагчаас ...гэрээний 8.3.3-т зээлдэгч энэхүү гэрээнд заасан хүү, зээлийн хүү болон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй нөхцөлд Банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр, хураамж, хохирлыг шаардахаар заасан, ...гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн байхад банк үүргээ хэрэгжүүлээгүй тул Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар 2015.12.30-ны өдрөөс хойших хугацааны хүү авах эрхээ алдсан... гэж тайлбарлан маргасан байна.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/02355 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.2, 244.2.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-иас нийт 5,900,402,553.61 /таван тэрбум есөн зуун сая дөрвөн зуун хоёр мянга таван зуун тавин гурван төгрөг, жаран нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, үлдсэн 741,317,260.26 /долоон зуун дөчин нэгэн сая гурван зуун арван долоон мянга хоёр зуун жаран төгрөг, хорин зургаан мөнгө/ төгрөгийг, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 8028/0104 нэгж талбарын дугаартай 4194.75 метр квадрат ноолуурын үйлдвэрлэл бүхий зориулалттай газар, бусад мөнгө, хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо /18132/, Сонсголонгийн зам гудамж 64/01, 64/02 тоот Улсын бүртгэлийн Ү-2201034528 дугаарт бүртгэлтэй 2960 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай 64/03, 64/04 тоот Улсын бүртгэлийн Ү-2201034527 дугаарт бүртгэлтэй 4544 метр квадрат талбайтай үйлдвэрлэл агуулгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай 64/05, 64/06 тоот Улсын бүртгэлийн Ү-2201034526 дугаарт бүртгэлтэй 4328 метр квадрат талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “К б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 29,730,162 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 132 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/02355 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...5,900,402,553.61 төгрөг” гэснийг “6,315,071,477 төгрөг” гэж, “741,317,260.26 төгрөг” гэснийг “326,648,336 төгрөг” гэж тус тус өөрчилж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч “Б” ХХК-ийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,993,600 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “К б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй “Б” ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн хувьд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.11-ний өдрийн №0132 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. Шүүx Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019.04.08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар “К б” ХХК-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэсэн. Албадан татан буулгах үйл ажиллагааг “К б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч гүйцэтгэж байна. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар түүний эрх зүйн чадвар дуусгавар болох ёстой. Гэтэл “К б ХХК улсын бүртгэлээс хасагдаагүй, эрх зүйн чадвартай хэвээр бөгөөд Банкны эрх хүлээн авагч Банкны тухай хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлж, банкны актив /зээл, авлага/-ыг төлүүлэх ажиллагааг гүйцэтгэж байгаагийн нэг нь “Б” ХХК-д холбогдох зээлийн гэрээний маргаан болно. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болох бөгөөд шүүх Монголбанк “К б” ХХК-ийг татан буулгахаар шийдвэрлэснээр эрх зүйн чадваргүй болсон гэж дүгнэж байгаа нь тус хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж байна гэж үзэх үндэслэл болж байна. Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг хэрхэн дуусгавар болгох талаар Банкны тухай хуулийн 74 дүгээр зүйлд тодорхой заасан. Нөгөө талаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийн байгууллага нь татан буугдсан хуулийн этгээдийн тухай мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулснаар тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассанд тооцох зохицуулалттай. Банкны эрх хүлээн авагч банкийг татан буулгах үйл ажиллагааг гүйцэтгэхдээ Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэг, 69 дүгээр зүйлд заасан бүрэн эрх, үүргийг хэрэгжүүлэх бөгөөд үүний нэг хэсэг нь банкны актив /зээл, авлага/-ыг төлүүлэх ажиллагаа байдаг. Хуулийн этгээдийн эрх зүйн чадвар дуусгавар болсноор иргэний эрх зүйн харилцаанд оролцох, нэхэмжлэгч, хариуцагч байх боломжгүй үр дагавар үүсэх бөгөөд шүүх Монголбанк “К б” ХХК-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэснээр эрх зүйн чадваргүй болсон гэж дүгнэлт хийж байгаа нь Банкны тухай хуульд заасан банкны эрх хүлээн авагчийн хуулиар олгогдсон эрх, үүргийг шууд хязгаарлаж байгаа буруу ойлголт, жишиг төрүүлж байна.

4.2. Шүүх Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8, 240 дүгээр зүйлийн 240.1.4 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Банк байгуулах тусгай зөвшөөрөл хүчингүй болсноор зөвхөн Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан “Банкны эрхлэх үйл ажиллагаа”-г явуулахгүй болох бөгөөд энэ тохиолдолд “К б ХХК-ийн эрх зүйн чадвар нь хэвээр байна. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.4 дэх хэсэг нь хуулийн этгээд эрх залгамжлалгүйгээр татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсанаар түүний бусдын өмнө гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болох зохицуулалт бөгөөд энэ нь үүрэг гүйцэтгэгчийн хувьд үүргээс чөлөөлөгдөх зохицуулалт байхад үүрэг гүйцэтгүүлэгчийн тухайд хэрэглэгдэх ёсгүй зохицуулалт болно.

4.3. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг буюу Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсгийг хэрэглэсэнгүй. Шүүх “К б” ХХК-ийг 2019.04.08-ны өдрөөс татан буулгасан, “К б” ХХК-ийн эрх мөн өдрөөр цуцлагдсан тул нэхэмжлэгч “К б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч уг хугацаанаас хойш хэтэрсэн хугацааны хүү нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй болно гэж үндэслэлгүй дүгнэсэн. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Банкны эрх хүлээн авагчид банкны эрх бүхий албан тушаалтны эрх, банкны зээл, авлагыг төлүүлэх эрх шилжихээс гадна банкнаас нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах шаардлага гаргах эрхтэй этгээдийн нэхэмжлэлийг хангах, банкны өр төлбөрийг барагдуулах үүрэг шилжин ирдэг. Иймд Банкны эрх хүлээн авагч К бны хэвийн үйл ажиллагаа явуулж байх хугацаанд бусадтай байгуулсан гэрээний үүргийг шаардах бүрэн эрхтэй тул шүүх Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсгийг хэрэглэж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх байсан. Барьцаа хөрөнгийн тухайд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь “Буян” ХК-ийн эзэмшлийн 154,200 м.кв газрын зарим хэсэгт оршдог учир талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээнүүдэд барьцаа хөрөнгийн хамаарах эзэмших эрхтэй газрын хамт барьцаалахаар тохиролцож бичгээр үйлдсэн. Иймд газрын зарим хэсгийг барьцаалж байгаа тул улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага байгаагүй. Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн төлөөлөгч Х.Мөнхтогтох хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.11-ний өдрийн 0132 дугаартай магадлалтай танилцаад дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт: “Үүргийн эрх зүйн харилцаанд үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлснээс болж үүргийн гүйцэтгэл хангагдахгүй удааширч, эсхүл үүнээс болж үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх боломжгүй болдог. Үүрэг гүйцэтгэгчийн зүгээс үүргийг тогтоосон газар хугацаанд нь хүлээж аваагүйн улмаас зохих ёсоор гүйцэтгэгдэх байсан гүйцэтгэлийг хугацаанд нь хүлээлгэн өгөхөд саад учруулсан, эсхүл үүрэг гүйцэтгэхэд үүрэг гүйцэтгэгчийн оролцоо шаардлагатай байсан зэргийг ойлгоно. Иймд зээлдэгч “К б”-ийн зүгээс хугацаа хэтрүүлснээс болж үүргийн гүйцэтгэл хангагдахгүй удааширсан, эсхүл үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон, үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хүлээн аваагүй, үүргийг гүйцэтгэхэд зээлдэгч саад учруулсан, эсхүл түүний оролцоо шаардлагатай байсан гэх байдал тогтоогдохгүй байна” гэжээ. Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 8.3-т “Дараах нөхцөлд Банк зээлийн гэрээг цуцалж, өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, ... хохирлыг шаардана. 8.1.1-д “Зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн, эс биелүүлсэн, 8.2.2-т “Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй бол, 8.3.3-т “Зээлдэгч энэхүү гэрээнд заасан зээл, хүү ...хугацаанд нь гүйцэтгээгүй. Энэ нь 60 хоног үргэлжилсэн бол”... гэж заасан. Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 1.2-т “Энэхүү зээлийн гэрээ нь ...К бны Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам”-аар зохицуулагдана” гэж заасан ба Капитап банкны “Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам-ын 11.6-д заасны дагуу “хэрэв зээлдэгч нь банкны удаа дараагийн шаардлагаар тухайн сарын зээл хүүгийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээг цуцалж, зээл хүүг бүрэн төлж барагдуулах мэдэгдэл хүргүүлнэ гэж заасан. Мөн уг журмын 11.19 “Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн ажилтан шүүхэд нэхэмжлэл гарган шүүхийн журмаар маргааныг шийдвэрлүүлэх..., 14.4. “Зээлдэгчийн үндсэн зээл болон хүүний хугацаа 90 хоногоос дээш хугацаагаар хэтэрсэн тохиолдолд хариуцсан зээлийн ажилтан холбогдох хорооны хурлаар танилцуулж, нэг талын санаачилгаар гэрээг цуцлан, шүүхэд шилжүүлэх эсэх талаар шийдвэр гаргуулна” гэж заасан. Дээрх “Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам”-н заалтуудаас үзэхэд Зээлийн гэрээний 8.3 дахь заалтууд нь үүрэг гүйцэтгүүлэгчид үүрэг хүлээлгэсэн болох нь нотлогдоно. Мөн Барьцааны гэрээний 2.7-д “Барьцаалуулагч Зээлийн гэрээний дагуу зээл, хүүний төлбөрөө төлөөгүй нөхцөлд зээлийн барьцаанд бариулсан эд хөрөнгийг шүүхийн журмаар худалдан борлуулах замаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна” гэж заасан бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь Зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмаа хэрэгжүүлээгүй, зээлийн гэрээ болон барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаа явуулаагүй улмаас зээлийн хүүгийн төлбөр ихээр нэмэгдэх нэг нөхцөл болсон. Зээлийн хүүгийн төлбөр ихээр нэмэгдэх болсонд үүрэг гүйцэтгүүлэгч Капитап банк тодорхой хэмжээгээр буруутай. Зээлийн төлбөрийг төлөх үүрэг нь зээлдэгчийн үүрэг мөн боловч үүргийн гүйцэтгэл хангагдаагүй, гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зээлдүүлэгч К бны үүрэг юм. Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. Үүрэг гүйцэтгүүлэгч нь Зээлийн гэрээ болон Зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу үүргээ гүйцэтгэсэн эсэх, Хүү нэмэгдүүлэн тооцсон өнгөрсөн хугацаанд зээл төлүүлэх талаарх ямар ажиллагаа явуулсан болох талаарх нотлох баримт хэрэгт байдаггүй. Иймд Хариуцагч Б ХХК нь шүүхийн шийдвэр тусгагдсан зээлийн хүүгийн төлбөр 1,310,086,665 төгрөгийн дүнгээс 2015.12.30-наас хойш 2018.03.10-ны өдөр хүртэл хугацаанд бодогдсон зээлийн хүү болох 1,228,390,452.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,984,812 төгрөг, нийт 1,233,375,265.2 /нэг тэрбум хоёр зуун гучин гурван сая гурван зуун далан таван мянга хоёр зуун жаран тав/ төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэ хэсгийг хасч, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.17-ны өдрийн 2355 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.11-ний өдрийн 132 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. 

7. Нэхэмжлэгч “К б” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь “Б” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 6,641,719,813 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагчаас ...гэрээний 8.3.3-т зээлдэгч энэхүү гэрээнд заасан хүү, зээлийн хүү болон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй нөхцөлд Банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр, хураамж, хохирлыг шаардахаар заасан, ...гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн байхад банк үүргээ хэрэгжүүлээгүй тул Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар 2015.12.30-ны өдрөөс хойших хугацааны хүү авах эрхээ алдсан... гэж тайлбарлан, маргасан байна.

8. Анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 5,900,402,553.61 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 741,317,260.26 төгрөг гаргуулах болон Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 8028/0104 нэгж талбарын дугаартай 4194.75 м.кв талбай бүхий газар, бусад мөнгө, хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бусад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хариуцагчаас “...зээлийн гэрээний үүрэгт 6,315,071,477 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосон” өөрчлөлтийг оруулжээ.

9. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

10. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...давж заалдах шатны шүүх маргаанд Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.8, 240 дүгээр зүйлийн 240.1.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх, үүргийг шууд хязгаарлан, буруу ойлголт, жишиг төрүүлж байна. ...шүүх Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсгийг хэрэглэж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг хангаж шийдвэрлэх байсан. ...барьцааны гэрээнүүдэд барьцаа хөрөнгийг, хамаарах газрын хамт барьцаалахаар тохиролцсон, ...газрын зарим хэсгийг барьцаалж байгаа тул улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага байгаагүй. ...магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэсэн хяналтын гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

11. “Б” ХХК нь К б ХХК-тай 2013.08.13-ны өдөр 350 тоот зээлийн гэрээ байгуулж, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох төслийн зориулалтаар 5,000,000,000 төгрөгийг, сарын 0.58 хувийн, жилийн 7 хувийн хүүтэй, 2017.03.12-ны өдөр хүртэл хугацаагаар зээлсэн байх ба 2013.12.03-ны өдөр 350-1 тоот, 2015.12.03-ны өдөр 350-1 тоот, 2017.03.10-ны өдөр 350-1 тоот зээлийн нөхцөл өөрчлөх гэрээнүүд байгуулан, зээлийн эргэн төлөх хуваарийг өөрчилж, зээлийн гэрээний хугацааг 60 хоногоор сунгасан. Зээлдүүлэгч нь зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлжээ. /хх-ийн 6-8, 10-11, 112-115, 125-130/

Мөн талууд 2014.04.07-ны өдөр 350-1 тоот Барьцааны гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо /18132/, Сонсголонгийн зам гудамж 64/1,64/2 тоот хаягт байрлалтай, 2960 м.кв талбай бүхий үйлдвэрийн барилга, барилгын талбайн хэмжээнд хамаарах эзэмших эрхтэй газрын хамт, Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 4194.75 м.кв ноолуурын үйлдвэрлэл бүхий зориулалттай газар, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо /18132/, Сонсголонгийн зам гудамж, 64/3, 64/4 тоот хаягт байрлалтай, 4544 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай барилга, барилгын талбайн хэмжээнд хамаарах эзэмших эрхтэй газрын хамт, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо /18132/, Сонсголонгийн зам гудамж, 64/5, 64/6 тоот хаягт байрлалтай, 4328 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай барилга, барилгын талбайн хэмжээнд хамаарах эзэмших эрхтэй газрын хамт тус тус барьцаалсан байна. /хх-ийн 12-42/

12. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019.04.08-ны өдрийн А-96, А-97 тоот тушаалаар “К б” ХХК-ийг татан буулгаж, “К б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийг томилсон байх ба 2020.04.03-ны өдрийн 4-111 тоот тушаалаар банкны эрх хүлээн авагчийн хугацааг сунгажээ.  

13. Анхан шатны шүүх ...талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүд хуульд заасан шаардлагыг хангасан, хуулийн хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн нь үндэслэлтэй байна. 

14. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 718,836,745 төгрөг төлсөн боловч 2015.10.30-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй, авсан зээлээ хуваарийн дагуу төлөөгүй тул нэхэмжлэгч “К б” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь зээлийн гэрээнээс татгалзаж, 2020.03.05-ны өдрийн байдлаар үүссэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлтэй, зээлдэгчийн зээлийн гэрээний үүргийг тооцоход зээлийн үндсэн төлбөрт 5,000,000,000 төгрөг, зээлийн хүүнд 1,567,264,745.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13,978,904.12 төгрөг, нийт 6,581,243,649.49 төгрөгийг төлөх үүрэгтэй нь тогтоогдсон /хх-ийн 164-166 тал/ тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1,  451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцнэ.  

15. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019.04.08-ны өдрийн А-96, А-97 тоот тушаалаар “К б” ХХК-ийг татан буулгаж, эрх хүлээн авагчийг томилсон тул “К б” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.6 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Гэтэл давж заалдах шатны шүүх ...“К б” ХХК-ийг 2019.04.08-ны өдөр татан буулгасан, иймд банк хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадваргүй болж, үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэгч нь уг хугацаанаас хойш хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж дүгнэн, хариуцагчаас зээлийн төлбөрт 6,315,071,477 төгрөгийг гаргуулж, мөн анхан шатны шүүх ...нэхэмжлэгч нь 2018.03.10-ны өдрөөс зээлийн гэрээг цуцлах үүргээ биелүүлээгүй тул энэ хугацаанаас хойш хүү авах эрхээ алдсан гэж үзэн, зээлийн төлбөрт 5,900,402,553.61 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.8, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг зөрчжээ.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан “...зээлийн хүү 1,228,390,452.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,984,812 төгрөг, нийт 1,233,375,265.2 төгрөгийг зөвшөөрөхгүй, ...шийдвэр, магадлалд энэ үндэслэлээр өөрчлөлт оруулах”-ыг хүссэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

16. Нэхэмжлэгч нь барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан, анхан шатны шүүх Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 8028/0104 нэгж талбарын дугаартай 4194.75 метр квадрат ноолуурын үйлдвэрлэл бүхий зориулалттай газар, бусад мөнгө, хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй, шүүх маргаанд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, учир нь тус компанийн өмчлөлийн 4194.75 м.кв газар нь дангаар барьцааны зүйл болоогүй, уг газар дээр баригдсан үйлдвэрийн зориулалттай барилгын хамт барьцаалагдсан тул уг үл хөдлөх хөрөнгүүд болон газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хуульд нийцэх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

17. Дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0132 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/02355 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыгИргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-аас 6,581,243,649.49 /зургаан тэрбум таван зуун наян нэгэн сая хоёр зуун дөчин гурван мянга зургаан зуун дөчин есөн төгрөг, дөчин есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К б” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгон, үлдэх 60,476,164 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК нь энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо /18132/, Сонсголонгийн зам гудамж 64/1,64/2 тоот хаягт байрлалтай, 2960 м.кв талбай бүхий үйлдвэрийн барилга, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо /18132/, Сонсголонгийн зам гудамж, 64/3, 64/4 тоот хаягт байрлалтай, 4544 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай барилга, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо /18132/, Сонсголонгийн зам гудамж, 64/5, 64/6 тоот хаягт байрлалтай, 4328 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай барилга, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 8028/0104 нэгж талбарын дугаартай 4194.75 м.кв талбай бүхий газар зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай” гэж, 3 дахь заалтын “...29,730,162 төгрөг” гэснийг “...33,064,168 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021.02.10-ны өдөр төлсөн 6,324,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

                             ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

 П.ЗОЛЗАЯА             Б.МӨНХТУЯА                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ