Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/362

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2018/0332/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Шүүгдэгч М.З  /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Мягмарын М.З-од холбогдох эрүүгийн 1818006830396 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,  М.З 1991 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, “**********” ХХК-нд борлуулагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Дархан-Уул аймгийн ************* тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.З  нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 02 цагийн орчим  Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ногоон зоорины орчим иргэн Л.Д-ын эзэмшлийн *******улсын дугаартай Каймри маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шил, баруун талын толийг хагалж, гэмтээн 730000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.З  нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 02 цагийн орчим  Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ногоон зоорины орчим иргэн Л.Д-ын эзэмшлийн *******улсын дугаартай Каймри маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шил, баруун талын толийг хагалж, гэмтээн бага хэмжээнээс дээш буюу 730000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч М.З ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Манай ажлын газрын хүргэлтийн жолооч Т- гэдэг найз хуримаа Улаанбаатар хотод хийгээд Дарханд гэртээ ирсэн. Тэгээд манай ажлын газрын 8 хүн нийлээд 2018 оны 8 дугаар сарын 28-ны орой 19 цагийн үед Толгойтод байдаг Т-гийн гэрт очиж баяр хүргэсэн. Шөнө С-, Ш- бид гурав Т-гийн гэрт үлдээд бусад нь гэр гэртээ харихаар явсан. Би нэг мэдсэн унтсан байсан. Т- намайг дуудаад “анд аа, босоод ир. Гадаа хоёр залуу намайг зодох гээд байна” гэхээр нь би босоод байшингаас гарсан чинь хоёр залуу зогсож байсан. Тэгээд тэр хоёр залуутай маргалдаж байтал С- тэр хоёр залууг аваад хашааны гадаа гарах шиг болсон. Тухайн үед архи их уусан болохоор зарим зүйлээ санахгүй байна. Тэгээд дургүй хүрээд газарт байсан тоосго, нохойн үүрний дээврийн бетон шифрийг хашаа давуулаад шийдсэн. Тэгсэн хашааны цаана байсан машин дээр унасан байна лээ. Би тэр хоёр залууг айлгах гээд шидсэн юм. Тэгсэн машины цонх хагалсан.

...би маргааш нь 730000 төгрөгийг хохирогчид төлсөн. Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Би өөрийн бурууг 100 хувь ухаарч байгаа, хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1/,

-Иргэн Л.Д-с Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 2/,

-Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-4/,

-“Эвдрэл гэмтлийг арилгахад гарах нийт зардлын үнэлгээний дүн нь 730000 /долоон зуун гучин мянга/ төгрөг байна.” гэх ослын улмаас учирсан хохирлыг үнэлсэн тухай 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 8-10/,

 

-Хохирогч Л.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 8 дугаар сарын 28-ны орой найз Б-тэй уулзаад цуг явж байсан. Шөнө 00 цагийн үед байх манай найз Б-гийн гар утас луу нэг хүн залгаад ярьсан. Тэгсэн Б- “хуучин хамт ажилладаг байсан С- гэдэг эгч Толгойтын ногоон зоорины хажуунаас ирээд машин бариад хүргээд өгөөч” гэж байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд хэсэг хугацааны дараа Толгойтын ногоон зоорь уруу явсан. Явж байхад Б- яг хаана байгааг нь тодруулах гээд С- эгч рүүгээ утсаа чанга яригч дээр тавиад залгасан чинь нэг эрэгтэй хүн аваад хэл амаар доромжлоод “чаддаг юм бол хүрээд ир” гээд байсан. Тэгээд бид хоёр байгаа газрыг нь заалгаж очоод хашааны гадаа машинаа үлдээгээд дотор орсон чинь нэг эрэгтэй хүн тааралдахад Б-нөгөө утасны цаанаас томроод байсан хүн мөн үү?” гэхэд нөгөө залуу “та нар хүний хувийн эзэмшлийн газар дураараа ордог хэн бэ?” гээд маргалдаж байтал тэр залууг эхнэр нь дагуулаад гэртээ орсон. Тэгтэл дахин өөр нэг залуу гэрээс нь гарч ирээд Б- бид хоёртой маргалдаж байхад С- гэдэг эгч нь залгаад Б- бид хоёрыг дагуулаад хашааны гадаа гарсан. Бид гурав хашааны гадаа байж байтал хашааны дотор талаас тоосго, нимгэн төмөр, бетонон шифр зэрэг эд зүйлс шидээд байсан. Тэгээд би машинаа хартал миний машины урд салхины шил баруун талын толь хагарсан байсан бөгөөд баруун талын урд хаалга сэвтэж гэмтсэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон.

...Би М.З-оос машиныхаа эвдрэл, гэмтлийн хохирол болох 730000 төгрөгийг авсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 15-17/,

-Гэрч Э.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 28-ны орой манай танил ах нар хотоос ирэх гэж байхаар нь найз Д-ын хамт хүлээж байсан. Шөнө 00 цаг өнгөрч байхад манай танил ах нар хотоос ирээд цуг хоол идээд Сэлэнгэ аймаг руу явсан. Тэгээд шөнө 02 цагийн үед миний утас луу урьд нь ********* хоолны газарт цуг ажиллаж байсан С- эгч залгаад “намайг ногоон зоорины эндээс ирээд аваад гэрт хүргээд өгөөч” гэхээр нь би “тэгье” гэж хэлсэн. Тэгээд би найз Д-ын хамт түүний *******улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан. Тэгээд ногоон зоорины ойролцоо ирээд хаана байгааг нь тодруулах гээд утас руу нь залгасан чинь нэг эрэгтэй хүн аваад “хэн бэ? чи” гэхээр нь “С- эгч ирээд авчих гэсэн юмаа” гэсэн чинь “ална шүү, чи хэн бэ? пизда минь хүрээд ир” гээд байгаа газраа зааж өгөхөөр нь Д- бид хоёр заасан газар нь очиход хашааны том хаалга нь онгорхой байхаар нь машинаа үүдэнд үлдээгээд хашаанд дотор ортол үл таних нэг залуу байшингаас гарч ирээд “та нар хувийн эзэмшлийн газарт юу хийж байгаа юм бэ?” гэхэд би “С- эгч ирээд авчих гэсэн юм, түрүүн утасны цаанаас пизда гээд хараагаад байсан хүн хэн бэ?” гэхэд “ална шүү” гээд байшин уруу ороод хутга барьж гарч ирээд ална гээд орилоод байж байтал эхнэр нь бололтой нэг эмэгтэй хүн гарч ирээд дагуулаад орсон. Тэгээд өөр залуу гарч ирээд бид хоёр руу хүүхдийн тоглодог скет аваад шидэхээр нь би гүйж очоод барьцалдаад авсан. Тэгээд барьцалдаж байхад С- эгч ирж салгаад би найз Д-ын хамт хашааны гадаа гарсан, харин нөгөө залууг С- эгч бариад үлдсэн. Тэгээд хашааны гадаа зогсож байтал чулуу тоосго, дээврийн төмөр шидсэн чинь манай найз Д-ын машины салхины шил, баруун талын толь нь хагарсан, 2 хаалга, копуд, карлон зэрэг зүйлс зурагдсан байсан. Тэгээд би цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хэргийн 20/,

 

-Гэрч Д.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайд ажилладаг Т- гэдэг залуу Улаанбаатар хотод хуримаа хийгээд ирсэн тул манай ажлын 8 хүн 2018 оны 08 сарын 28 өдөр 19 цагийн үед Ногоон зоорины хажууд байдаг Т-гийн хашаа байшинд очиж хурим хийсэнд нь баяр хүргэж бүгд архи хэрэглэсэн. Тэгээд орой болоод манай ажлын зарим нь яваад Зоригоо, Ш- бид гурав Т-гийнд үлдсэн. Тэгээд шөнө 01 цагийн үед өмнө манайд ажилладаг байсан дүү Б- рүү залгаад “ногоон зоорины хажуугаас ирээд машин бариад гэрт хүргээд өгөөч” гэж хэлсэн чинь Б- “за тэгье” гэж хэлсэн. Би тухайн үед жаахан архи уусан байсан болохоор унтсан байсан. Тэгээд сэрсэн чинь Зоригоо миний утсаар нэг хүнтэй хэрэлдээд байхаар нь би утсаа авах гэтэл өгөхгүй байсан. Тэгээд би утсаа аваад Т-гийн хамт байшингийн гадаа хашаан дотор зогсож байтал Б- нэг найзын хамт хашаан дотор ороод ирсэн. Тэгсэн Т- нэг юм хэлсэн юу хэлснийг нь санахгүй байна. Тэгтэл Б- “утасны цаанаас хэн томорсон бэ?” гэж хэлээд Б-, Т- хоёр маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь Т-гийн эхнэр бид хоёр салгаад эхнэр нь Т-г аваад гэртээ орсон. Тэгээд би Б- болон түүний найзыг дагуулаад хашааны гадаа гаргасан чинь Зоригоо хашаан дотроос юм шидээд байсан. Тэгж байтал цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 21/,

 

-Гэрч Ц.Т-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 08 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотод хуримаа хийсэн. Тэгээд Дарханд ирээд ажлын хамт олноо 2018 оны 08 дугаар сарын 28-ны орой 19 цагт гэртээ хүлээн авч цайлсан. Тэр шөнө Ш-, М.З-, С- эгч 3 үлдсэн байсан. Тэгээд шөнө гадаа гарч бие засаад буцаад гэр лүүгээ орох гэтэл манай хашаанд хоёр эрэгтэй хүн орж ирээд “чи утасны цаанаас томроод байсан уу?” гэхэд нь би “та нар яагаад хүний хашаанд дураараа явдаг юм” гээд бид гурав маргалдсан. Тэгээд маргалдаад байж байхад манай эхнэр намайг дагуулаад гэр лүү орсон. Гэрт ороод Зоригоод намайг хоёр залуу дээрэлхээд байна гэхэд Зоригоо гарсан. Би араас нь гарах гэтэл манай эхнэр намайг гаргахгүй байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 23/ болон хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байна.

 

Шүүгдэгч М.З ын үйлдлийн улмаас хохирогч Л.Д-ын эд хөрөнгөнд бага хэмжээнээс дээш буюу 730000 төгрөгийн хохирол учирсан байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч М.З ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Д-т 730000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтээр /хэргийн 8-10/ нотлогдож байх бөгөөд шүүгдэгч М.З  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч Л.Д-ын “...би М.З-оос машиныхаа эвдрэл, гэмтлийн хохирол болох 730000 төгрөгийг авсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлгээр /хэргийн 15-17/ нотлогдож байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч М.З оос гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч М.З  нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 02 цагийн орчим  Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ногоон зоорины орчим иргэн Л.Д-ын эзэмшлийн *******улсын дугаартай Каймри маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шил, баруун талын толийг хагалж, гэмтээн бага хэмжээнээс дээш буюу 730000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч М.З ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.З  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч М.З од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялын 500000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгч М.З од үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч М.З од анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч  З-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 730000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  З-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 500000 /таван зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч М.З од үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч М.З од анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.З од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Я.ТУУЛ