Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 01

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, 133 дугаар байр, 21 тоотод оршин суух, Жалайр овогт М.Б /РД: /,

 

Нэхэмжлэгч: Булган аймаг, Бүрэгхангай сум, 4 дүгээр баг, Дархан 5 гудамж, 4 тоотод оршин суух, Жалайр овогт М.Ц /РД:/ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Боржигон овогт М.Агийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хороолол, 54 дүгээр байр 28 тоот, Уухан овогт Ж.Ц /РД: /-д холбогдох

             Багануур дүүргийн 3 дугаар хороо, 54-р байр,  28 тоот орон сууцыг Ж.Цын хууль бус эзэмшлээс чөлөөлж, орон сууцны гэрчилгээг гаргуулж, орон сууцнаас албадан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр, Ж.Цын нэхэмжлэгч нартай орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэл хийсэн болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагчийн өмгөөлөгч Т.Урангэрэл /ҮД:130303/, Б.Баясгалан /ҮД:172453/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.    

                                                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч М.Г, М.Б нар Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 03 дугаар хороо, 54 дүгээр байр, 28 тоот, 28 мкв, 2 өрөө орон сууцыг өмчилдөг. Өмнөх шүүх хуралдаанд Багануур дүүргийн Улсын бүртгэлийн газрын албан тушаалтнууд гэрчээр мэдүүлэг өгсөн. Нэхэмжлэгч М.Г, М.Б нараас гадна Д.М, М.Н, Ц.Х нар уг байрыг өмчилдөг. Нэхэмжлэгч М.Б 1999 онд эцэг, эх дээрээ ирж, очин амьдардаг байсан. Нэхэмжлэгч М.Г, М.Б нар нь 2016 оныг хүртэл Багануур дүүрэг, 03 дугаар хороо, 54 дүгээр байр, 28 тоот хаягт хэн амьдардаг талаар мэдээлэлгүй байсан. Нэхэмжлэгч нартай хариуцагч Ж.Цыг уулзахад бусдын хууль бус эзэмшилд байгааг мэдсэн тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-т “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хууль ёсны өмчлөгч гэдгийг Улсын бүртгэлийн тухай хууль, Өмчлөх эрх, түүнтэй холбоотой Улсын бүртгэлийн тухай хуулиудад заасан үндэслэлээр тогтоогддог. Иймд хариуцагч Ж.Цын хууль бус эзэмшилд байгаа Багануур дүүрэг, 03 дугаар хороо, 54 дүгээр байр, 28 тоот, 2 өрөө орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, мөн Улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагчаас гаргуулж, орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ өөрсдийнх нь эзэмшлийн сууцыг өөр хүмүүс эзэмшиж байгааг 15 жилийн дараа буюу 2014 онд мэдсэн мэтээр үнэн шударга ёсонд нийцэхгүй тайлбарыг гаргасан байна. Энэ орон сууцыг өмчлөгч Ц.Х, түүний охин М.Болортуяа нар нь 1999 онд 95 дугаар сургуулийн сургалтын менежер Баярсайханд манайх хөдөө нүүж байгаа, орон сууцаа 500.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн байсан. Би тэдний санал болгосны дагуу Баярсайхан багшаар зуучлуулан орон сууцыг үзэхэд нэг разетка, унтраагуур байхгүй, тосгуургүй, шүршүүргүй, ямар ч засваргүй, олон хүнд түрээслэгдсэн, ашиглалтын зардал нь төлөгдөөгүй хуримтлагдсан, өртэй айлын бүртгэлд албан ёсоор бүртгэгдэж цахилгаанаа таслуулсан байсан. Өмчлөгч Ц.Х, Д.М бид ярилцаад орон сууцны ашиглалтын хуримтлагдсан өр, төлбөр, бусад зардлыг уг байрыг худалдах худалдан авах үнэнд шингээж нийт 480.000 төгрөгөөр авсан. Тухайн үед худалдан авсан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнд Ц.Х, Д.М, М.Г, М.Б, Г.Нямцогт нарын 5 хүн байсан. Худалдагч Ц.Х, Д.М нар нь надаар орон сууцны ашиглалтын бүх төлбөрийг төлүүлж, орон сууцны үнийг байраа суллаж өгөөд бүгд Говьсүмбэр аймаг руу шилжиж байгаа, нүүж очоод гэр орноо төвхнүүлж, ажил, хичээл сургуульдаа ороод орон сууцны өмчлөх эрхийг шижлүүлье гээд 0018024 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн цэнхэр гэрчилгээг эх хувиар нь надад өгсөн. Би тухайн үед ажил ихтэй байсан болохоор араас нь эрэл сурал болж явж чадаагүй, шилжүүлээд өгнө гэж итгээд хүлээж байсан. Өмчлөгч нар 2004 онд Багануурт бүгд хамт ирж Орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, өмчлөх эрхээ өөрөө бүртгүүлээд аваарай гээд явсан. Би уг гэрээг үндэслэн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт өмчлөх эрхээ бүртгүүлэхээр очиход бэлэглэгч Ц.Х, Д.М нар хүчингүй болсон улаан паспортаар нотариатын үйлдэл хийлгэсэн байсан нь өмчлөгчөөр бүртгэхэд шаардлага хангахгүй гээд Багануур дүүргийн Бүртгэлийн хэлтэс удаа дараа өмчлөгчөөр бүртгэхээс татгалзаж байсан. Энэ тухай би Д.М, Ц.Х нарт мэдэгдэж, өөрсдөө ирж чадахгүй бол ирэх боломжтой хүнд итгэмжлэл хийгээд өгөөч гэхэд Ц.Х, Д.М нар 2013 оны 5 сард өөрсдийн өмчлөлийн орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, захиран зарцуулах эрхийг Саранцэцэгт олгосон итгэмжлэл хийж өгсөн. Дээрх үйл баримтаас маргаан бүхий орон сууцыг би хөлслөөгүй, харин 1999 оны 7 дугаар сараас өнөөдрийг хүртэл 18 жил шударгаар эзэмшиж, ашигласан шударга өмчлөгч юм. Би нэхэмжлэгч нарт орон сууцны үнийг төлсөн. Өмчлөх эрхийг элдэв шалтаг тоочин шилжүүлж өгөөгүй байдлаа ашиглан нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Урангэрэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бол маргаан бүхий орон сууцыг Ж.Цын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх юм. Хариуцагч Ж.Цыг 1999 оноос хууль бусаар эзэмшиж байсныг тогтоох нотлох баримт байхгүй. Хариуцагч Ж.Ц, түүний нөхөр З.Батчулуун, хүү Б.Батцоож нар 1999 оны 07 дугаар сард 95 дугаар сургуулийн захирлаар н.Баяраа багшаар зуучлуулж худалдаж авсан. Д.Мгийн том охин М.Б нь н.Баяраад энэ орон сууцанд амьдардаггүй, олон жил хүн амьдраагүй, өртэй, түрээслэж байсан хүмүүс эд хөрөнгийг нь эвдэлсэн зүйлийг засварлаад байрны мөнгөнөөс хасаж болно гэсэн. Хариуцагч Ж.Ц уг байрыг 1999 оны 07 дугаар сард 480.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон тухайн байрны орон сууцны төлбөрт 112.000, хогны төлбөрт 1.050 төгрөг, цахилгааны төлбөрт 61.000 төгрөг, тоолуур 11.000 төгрөгөөр, тосгуур 15.000 төгрөг, унтраалга, разетка нийт 4.500 төгрөг нийт 240.000 төгрөг төлсөн. Энэ тухай Д.М, Ц.Х нарт тайлбарлаад уг орон сууц худалдах худалдан авах гэрээг амаар байгуулж, төлбөрийг хоёр удаа хувааж өгсөн. Д.М, Ц.Х нар өмчлөх эрхийг гэр рүүгээ яваад ирж шилжүүлнэ гэсэн ч ирээгүй, 2004 онд Ц.Х нь Багануур дүүрэгт ирсэн байна, гэрийнхэн ажилдаа явсан, байрны өмчлөх эрхийн гэрчилгээг нотариат дээр аваад ирээрэй гэсэн. Ж.Ц байрны гэрчилгээг аваад очиход нотариатын газар Ц.Х ганцаараа байсан. Тэр үед Ц.Х нь Ж.Цд байр худалдах хүсэл зоригоо илэрхийлж, нотариатчаар бэлэглэлийн гэрээг гэрчлүүлсэн. Ж.Ц нь бэлэглэлийн гэрээгээ үндэслэн уг байрыг өөрийн нэр дээр шилжүүлэх гэж Улсын бүртгэлд удаа дараа хүсэлт гаргасан боловч уг гэрээг тухайн үед ашиглаж байсан улаан паспортыг үндэслэсэн, байрны эзэмшигч М.Нын гарын үсэггүй үндэслэлээр хүсэлтийг буцаасан байдаг. Гэхдээ Улсын бүртгэлийн газраас Ж.Цд байрны өмчлөгч нарын итгэмжлэлээр өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлнэ гэсэн зөвлөгөө өгсөн байдаг. Энэ тухай гэрч Т.Нэргүй, Ш.Минжбат нарын мэдүүлгээр нотлогддог. Ж.Ц зөвлөсний дагуу Говьсүмбэр аймагт байдаг танилаараа Д.М, Ц.Х нараас итгэмжлэл хийлгэж авсан. Тухайн байр нь М.Г, М.Б, Д.М, М.Н, Ц.Х гэх 5 өмчлөгчтэй ч М.Г, М.Б, М.Н нар олдоогүй тул Д.М, Ц.Х нараас итгэмжлэл хийлгэж, бусад өмчлөгчдийг хайгаад М.Ныг Налайх дүүрэгт ээжтэйгээ амьдардаг тухай олж мэдээд уулзахад насанд хүрээгүй тул ямар нэгэн тайлбар өгөөгүй, ээж нь энэ байрны тухай мэдэхгүй гэсэн. М.Быг Говьсүмбэр аймгийн Холбоонд ажилладаг болохыг мэдэж уулзах гэхэд татгалзсан тул уулзаагүй. Харин М.Гын хувьд бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, өөрийн оронгүй хүн байсан учир эдгээр хүмүүсээс итгэмжлэл авах боломжгүй байсан тул шүүхэд өмчлөх эрхийн гэрчилгээг  Ж.Цын нэр дээр шилжүүлэх нэхэмжлэл гаргасан. Тухайн үед М.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж Ж.Цд хэлээд нэхэмжлэлээ шүүхээс татаж авсан. Нэхэмжлэгчийн хувьд уг байрыг Ж.Цд хөлсөлсөн гэж тайлбарладаг. Хэрэв Ж.Цд нэхэмжлэгч нар хөлсөлсөн бол 1994 оны Иргэний хуулиар зохицуулагдах байсан. Үүний дагуу үл хөдлөх хөрөнгийг хөлслөхөөр бол 1994 оны Иргэний хуулийн дагуу “Орон сууц хөлслөх” гэрээг бичгээр хийх байсан. Түүнээс гадна Ж.Цыг хууль бус эзэмшлээс гаргуулах гэсэн нэхэмжлэл гаргасан боловч ямар үндэслэл, нотлох баримтаар хууль бусаар эзэмшиж байгааг тогтоож чаддаггүй. Мөн Ж.Ц, түүний гэр бүлийн гишүүдийн өрхийн бүртгэл нь тухайн хаягт бүртгэгдэж байсан. Түүнчлэн тухайн байрны өмчлөх эрхийн гэрчилгээнээс бусад бүх гэрээ нь Ж.Цын нэрээр хийгдэж ирсэн. Нэхэмжлэгчийн талаас өмчлөх эрхийн гэрчилгээгээр тухайн байрны жинхэнэ өмчлөгчөөр нэр бүхий таван хүн байгаа гэдгийг нотлож байгаа боловч өмчлөх эрхийн гэрчилгээг лавлагаагаар авахад зөрүүтэй гардаг. Хариуцагч Ж.Ц хэдийгээр худалдан худалдан авах гэрээг хийгээгүй ч үйл баримтаар нотлогддог гэсэн тайлбар өгдөг. Нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргахаас өмнөх нэг ч удаа байрандаа ирж байгаагүй, өөрийн өмчийг хадгалах, хамгаалах үүргээ биелүүлээгүй гэдгийг хэлмээр байна. Улсын Дээд Шүүхээс хэлэлцэгдэж өмч хувьчлалын асуудлыг харгалзан үзээгүй гэсэн дүгнэлтийг гаргасан. Өөрөөр хэлбэл хариуцагч Ж.Ц нь 100.000 төгрөгийг Д.Мд өгөхөд мөнгийг Т.Баяраа багшид өгсөн талаар гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Нэхэмжлэгч нар 1999 оноос хойш өмчлөх эрхээ шилжүүлэх үүргээ биелүүлээгүй мөртлөө өмчлөх эрхийн гэрчилгээ нь нэхэмжлэгч нарын нэр дээр байгааг далимдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баясгалан шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Ж.Ц нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлэн Ж.Цтой маргаан бүхий орон сууцыг шилжүүлэх хэлцэл хийсэн болохыг тогтоолгох, нэхэмжлэгч нар нь орон сууцны өмчлөх эрхийг Ж.Ц руу шилжүүлэхийг даалгах гэсэн шаардлага гаргасан. Бид сая хэргийн үйл баримтын талаар хангалттай ярьсан тул би фактыг нотлох баримттай харьцуулаад ярина. Ж.Ц нь 1999 онд нэхэмжлэгч нартай уг байрыг 480.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцон Д.М, Ц.Х нар нь удалгүй байрыг суллаад хариуцагчийн эзэмшилд өгсөн. Өөрөөр хэлбэл тухайн үед мөрдөгдөж байсан Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1.-д заасны дагуу худалдагч нар нь тодорхой төрлийн эд хөрөнгийг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлсэн. Худалдах худалдан авах гэрээний хувьд үл хөдлөх хөрөнгө нь хөдлөх хөрөнгө худалдан авалт хийхээс агуулга, хэлбэрийн хувьд өөр байдаг. Мөн худалдах худалдан авах гэрээний хувьд худалдагч нарын хувьд өмчийг шилжүүлэхээс гадна хэлцэл болон гэрээг хийх үүрэгтэй. Хариуцагч Ж.Цын худалдан авсан өмчийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай гэрээ, хэлцлийг болон өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагчид шилжүүлэх үүрэг нь худалдагчид байдаг. Иргэний хуулийн дагуу худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн буюу өмчийн хэлцэл хийгдсэн, Ж.Ц үнийг төлөх үүргээ биелүүлсэн. Харин худалдагч нар нь гэрчилгээг худалдан авагчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй буюу дутуу байна. Улсын Дээд Шүүхийн тогтоолд орон сууцны өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл Улсын бүртгэлд бүртгүүлээгүйгээс хүчин төгөлдөр болоогүй боловч талуудын нотариатчаар гэрчлүүлсэн хүсэл зоригийн хувьд нэхэмжлэгч нар тайлбар өгөөгүйгээс гадна үүнийг шүүх дүгнэж үзээгүй байна гэсэн. Үүгээр энэ хэлцэл нь Улсын бүртгэлд нь бүртгэгдээгүй боловч хүсэл зоригийн хувьд илэрхийлэгдэж, нотариатаар гэрчлэгдэж, бичгээр байгуулагдсан хэлцэл хийгдсэн гэж үзэж болохоор байна. Хавстаст хэргийн 35 дугаар хуудсанд байгаа итгэмжлэлд Д.М, Ц.Х нар итгэмжлэл олгосон талаар С.Саранцэцэг нь гэрчээр мэдүүлэг өгсөн. Д.М, Ц.Х нарт хөрөнгийг зарж, борлуулах хүсэл сонирхол байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. 2002 оны Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5.-д “Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг гэрчлээгүй байхад талуудын аль нэг үүргээ бүрэн буюу ихэнхийг нь гүйцэтгэсний дараа нөгөө тал үүнийг хүлээн зөвшөөрсөн боловч хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээс татгалзвал үүргээ гүйцэтгэсэн талын нэхэмжлэлээр шүүх уг хэлцлийг хийсэнд тооцож болно” гэж заасан тул хэлцлийг хүчин төгөлдөрт тооцож өгнө үү. Мөн энэ орон сууцны бодит эзэмшил нь 1999 оноос 2017 он хүртэл хариуцагч Ж.Цд байхад нэхэмжлэгч нар өдийг хүртэл нэг ч удаа шаардлага гаргаагүй байдаг. Хавтаст хэргийн 39-р хуудсанд хариуцагч Ж.Ц нь шүүхэд “Улсын бүртгэлд миний хүсэлтийг хүлээж авахгүй байгаа учраас намайг Улсын бүртгэлд бүртгэж авахыг даалгаж өгнө үү” гэж бичсэн нэхэмжлэл, шүүгчийн захирамж хэрэгт авагдсан. Мөн Ж.Ц нь удаа дараа Улсын бүртгэлд хандаж байсан үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог ба Улсын Дээд Шүүхийн тогтоолд заасан байдаг. Үүний дагуу бид Ж.Цд зөвлөгөө өгч байсан эрх бүхий албан тушаалтнуудыг гэрчээр асуулгасан. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй байгаа тул сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч М.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Төрсөн эцэг Д.М нь нас барсны улмаас түүний эрх залгамжлагчаар би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа билээ. Миний бие хариуцагчаас тус шүүхэд нэхэмжлэгч нарт холбогдуулан 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн сөрөг нэхэмжлэлийг өөрчилсөн шаардлага, түүний үндэслэлтэй танилцаад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан бүхий л асуудал нь худал байгаа тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Д.М, М.Б, М.Г нарын нэхэмжлэлтэй Ж.Цд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч М.Б, М.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа билээ. Би хариуцагчаас нэхэмжлэгч нарт холбогдуулан 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлсэн шаардлага, түүний үндэслэлтэй танилцсан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан бүх асуудал нотлох баримтаар нотлогддоггүй. Гэрч Т.Баяраа, Ц.Х нар нь өөр зүйл мэдүүлдэг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Хариуцагчийн өмгөөлөгч нар Улсын Дээд шүүхийн тогтоолыг үндэслэл болгож байгаа ч  хууль зүйн үндэслэлийн талаарх тайлбарыг гаргаагүй. Хэд хэдэн асуудлыг тодруулах шаардлагатай гэж дурдсан. Мөн 2004 оны 05 дугаар сарын  17-ны өдрийн бэлэглэлийн гэрээний талаар нэхэмжлэгч тодорхой тайлбар гаргаагүй гэж бичсэн ч шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тайлбар би гаргаж, хариуцагч талтай мэтгэлцсэн. Нэхэмжлэгч М.Г, М.Б, Д.М, М.Н, Ц.Х нар энэ гэрээний талаар огт мэдээгүй учраас маргах боломжгүй. Уг гэрээнд тамга дарагдаагүй, хуучин хүчингүй болсон иргэний үнэмлэхээр хийсэн зэрэг зөрчил байсан. Мөн хариуцагчийн өмгөөлөгч Иргэний тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.-д заасан агуулгыг тайлбарлаад байх шиг байна. Энэ агуулгаас харахад 1999 оны 07 дугаар сард хэлцэл хийгдсэн болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан байна. Иргэний хуулийн ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байдаг тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ хэргийн хувьд таван өмчлөгчтэй, гурван өмчлөгчтэй гэсэн асуудал яригддаг. Гэхдээ нэхэмжлэгч нарын гэр бүлийн талаар дахин тайлбар гаргахгүй байхыг хүсэж байна. Бидний хувьд гэр бүлийн дотоод харилцааг биш, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мэтгэлцэнэ. Мөн Ж.Цыг хууль бус эзэмшигч гэдэг талаар асуулаа. Хариуцагч өнөөдөр хүртэл хуульд заасан аливаа хэлбэрээр өмчлөх эрхийг олж аваагүй бол хууль бус эзэмшил гэж ойлгож болно. Нэхэмжлэгч нар хариуцагчтай орон сууц хөлслөх гэрээг хийсэн гэж ойлгож явсан тул өнөөг хүртэл мэдээгүй учир нь маргаагүй байсан. Өмчлөх эрх нь туйлын эрх учир сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ  нь:

                                                                                                            

Нэхэмжлэгч М.Б, М.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нь хариуцагч Ж.Цд  холбогдох Багануур дүүргийн 3 дугаар хороо, 54-р байр,  28 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлж, орон сууцны гэрчилгээг гаргуулж, орон сууцнаас албадан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, Ж.Ц нэхэмжлэгч нартай орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэл хийсэн болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч тал уг орон сууцыг худалдах хүсэл зоригоо илэрхийлэн 1999 оны 7 сард  480.000 төгрөгийг төлөөд удаагүй байхад орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг надад өгч одоо хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргадаг.

Нэхэмжлэгч Д.М нь 1997 оны 12 сарын 26-ны өдөр 0018024 тоот гэрчилгээгээр Нийслэлийн Багануур дүүргийн 3-р хороо,  54-р байр, 28 тоот, 28 мкв хоёр өрөө, 2.268.000 төгрөгийн үнэ бүхий  орон сууцыг хувьчлан авч Улсын бүртгэлийн 2208000934-рт бүртгүүлэн хамтран өмчлөгчөөр Д.М, М.Г, М.Б, Ц.Х, Г.Нямцогт нар гэр бүлийн гишүүдэд бичигдсэн, Д.Мгийн 2018 оны 02 сарын 23-ны өдөр нас барсны гэрчилгээг үндэслэн түүний охин М.Бд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон ба өмчлөгч нар нь шүүхэд өмчлөлийн зүйлийг хэдийд ч шаардах эрхтэй болно.

Харин хавтаст хэрэгт авагдсан иргэдэд үйлчлэх автомат машины үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 2017 оны 09 сарын 06-ны өдрийн лавлагаагаар /хх-4/ Д.М, М.Г, М.Б нарын 3 хүний өмчлөх эрхийг баталгаажуулсан, мөн 2018 оны 10 сарын 23-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, гэрчүүдийн мэдүүлэг, зохигчийн тайлбарууд зэрэг баримтуудаар Д.М, М.Г, М.Б, Ц.Х, Г.Нямцогт нар үл хөдлөх эд хөрөнгийн дундаа хамтран өмчлөгч байна.

Нэхэмжлэгч Д.М, Ц.Х нарын 2004 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Ж.Цэрэнсодномтой байгуулсан орон сууц бэлэглэлийн гэрээнд /хх-32/ хоёр өмчлөгч гарын үсэг зурсан, зөвхөн Ц.Хгийн 1999 онд сольж, 2000 онд хүчингүй болсон иргэний паспорт /хх-81/ хавсаргасан, хамтран өмчлөгчийн баримтыг хавсаргаагүй зэрэг нь хуульд нийцээгүй, мөн хариуцагч нь тус дүүргийн Улсын бүртгэлийн газарт хандаж байсан ч Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн журмын 3.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй болохыг гэрч Ш.Минжбат, Т.Нэргүй нарын мэдүүлгүүд нотлох бөгөөд Ж.Цын нэхэмжлэлтэй Багануур дүүргийн Бүртгэлийн хэлтэст холбогдох өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт  нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан бөгөөд Бүртгэлийн газарт өмчлөх эрх шилжүүлэх хүсэлтийг хэн аль нь гаргасан гэж үзэх боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2., 128.3.-т гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна, хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан ба насанд хүрээгүй хамтран өмчлөгч Г.Нямцогтын хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөл бичгээр  авагдаагүй болно.

 

Уг орон сууцыг хариуцагч нь  хууль ёсны өмчлөгч нараас худалдан авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг шилжүүлэх, орон сууцны өмчлөх эрхийг хуульд заасан хэлбэрээр аваагүй, уг орон сууцыг өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, улсын бүртгэл хийгдээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар нэхэмжлэгч нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 54-р байр, 28 тоот орон сууцыг хариуцагч Ж.Цын хууль бус эзэмшлээс чөлөөлж, орон сууцны гэрчилгээг гаргуулах шаардлагыг хангаж, хариуцагчийг орон сууцнаас албадан гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

 

Хариуцагчийн нэхэмжлэгч нартай орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэл хийсэн болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл хуульд нийцээгүй, үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 Зохигчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 121.438 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200+51238=121.438 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч Ж.Цэрэнсодномын 480.000 төгрөгөөр худалдан авсан орон сууцны мөнгөн дүн зөрүүтэй бичигдсэн /хх-39-40/ ба өмчлөгч Д.Мгийн 1996 оны 10 сарын 04-ний өдөр орон сууц ашиглах 2675 дугаар эрхийн бичиг, орон сууц хувьчлах өргөдөл, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг /хх-58-60/ нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар, М.Бы хөдөлмөрийн гэрээ, Г.Жаргалбатын төрсний гэрчилгээний хуулбар хэрэгт ач холбогдолгүй, гэрч Ц.Хгийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хариуцагч талаас шүүх хуралдаанд өгсөн хөрөнгө үнэлсэн үнэлгээнд Багануур дүүргийн 3 дугаар хороо, 54-р байр, 34 тоот орон сууц гэж бичигдсэн байх тул дээрх баримтуудыг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

Хариуцагч Ж.Цэрэнсодномын шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б, М.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Агийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 54-р байр, 28 тоот орон сууцыг хариуцагч Ж.Цын хууль бус эзэмшлээс чөлөөлж, орон сууцны гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.-т заасныг баримтлан Ж.Цын нэхэмжлэгч нартай орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэл хийсэн болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121.438 /нэг зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун гучин найм/ төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121.438 /нэг зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун гучин найм/ төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 121.438 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ                                    Л.НАРАНГЭРЭЛ