Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 134/ШШ2020/00103

 

 Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б овогт Гийн А,

Хариуцагч: “О” ХХК холбогдох 

Г.А миний биеийг “О” ХХК-ийн гэр ахуйн барааны тасгийн худалдагчийн ажлаас халсан тушаалыг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гардуулан өгснийг тогтоолгох, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажилласан хугацааны цалин гаргуулах, 2020 оны 01 дүгээр сарын цалинг нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А, түүний өмгөөлөгч Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.А миний бие нь “О” ХХК-д 2018 оноос эхлэн ажилласан ба байгууллагад дутагдал гаргасан үндэслэлээр 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ажлаасаа халагдсан боловч миний биед ажлаас уг тушаалыг ажлаас халагдсан өдөр өгөөгүй. Миний бие өөрийн өмгөөлөгч Э.Сгаар дамжуулан захирал Жавзандуламын 99111558 дугаар утас руу яриулахад тушаал менежер Б.Г дээр байгаа, өгөх гэсэн боловч Г.Аийн утас нь холбогдохгүй байна гэсэн байна. Ингээд миний бие 2020 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 10 цагийн орчимд Б.Г дээр очоод тушаалаа авах гэтэл тушаалд гарын үсэг зурагдаагүй байгаа захирал цагдаа дээр мэдүүлэг өгөхөөр явсан, ирэхээр гарын үсаг зуруулаад өгье гэхээр нь би 13 цагийн үед дахин очиход мөн захирал нь ирээгүй байсан тул хүлээж байгаад тус өдрийн 16 цагийн орчимд тушаалаа авсан. 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдөл гаргасан хэдий ч Ниймгийн даатгалын хэлтэс нь Ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу хугацаандаа бүртгүүлээгүй, тэтгэмж бодож олгоход ашигладаг програм хангамж хоцорсон тохиолдолд тэтгэмжийн материалыг хүлээн авахгүй гэсэн хариуг өгсөн болно.

     Харин “О” ХХК нь Г.А миний биеийг ажлаас халсан тухай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд өгөөгүй, өгөх талаар огт ярьж байгаагүй болно. “О” ХХК нь Ниймгийн даатгалын болон Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, миний ажлаас халагдсан тушаалыг хуулийн хугацаанд гардуулж өгөөгүй, 2020 оны 01 дүгээр сарын цалин хөлсийг бодож олгоогүй, мөн нийгмийн даатгалын дэвтэрт 2020 оны 01 дүгээр сарын цалингийн бичилт хийгээгүй болно.

     Иймд, нэхэмжлэгч Г.А миний биеийг “О” ХХК-ийн гэр ахуйн барааны тасгийн  худалдагчийн ажлаас халсан тушаалыг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гардуулж өгснийг тогтоолгох, гэр ахуйн тасагт 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажилласан цалинг гаргуулах, 2020 оны 01 дүгээр сарын цалинг нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

 

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   Нэхэмжлэгчийн зүгээс ажлаас халагдсан тушаалаа гардаж авсан өдөрт маргадаггүй.  Хугацаа хожимдуулж гардуулсанд хариуцагч буруугүй. Тушаал гарсан өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр холбогдох албан тушаалтан нэхэмжлэгч рүү залгахад утас нь холбогдох боломжгүй байсан. Г.Аийн хувьд нийт 22 764 705 төгрөгийн бараа материал дутаасан асуудал нь Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Нэхэмжлэгч Г.А нь өөрөө ч үүнийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулна гэсэн баталгаа гаргаж өгсөн. Тиймээс ажлаас халсан ч ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрөө ажлаа хүлээлгэж өгсөн. Үүнээс хойш 1-2 удаа ажилдаа ирсэн. Энэ хугацаанд өөрийнхөө дутагдуулсан барааг ажилчидтай тулгаж байсан. Бидний зүгээс нэхэмжлэгчийг 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ажлаас халагдсан тушаалыг гардуулсныг хүлээн зөвшөөрдөг тул энэ нь нотлох баримт шинжлэн судлах үед тодорхой болно. Манай талаас 2020 оны  01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл цалинг бодсон. Цалингийн цэсийг шүүхэд нотлох баримтаар эх хувиар нь гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн цалинг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2020 оны  01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 52 хоногийн цалинг 550 000 төгрөгөөр бодсон. Энэ нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1.4-т зааснаар бодсон байсан. Нягтлан бодогч нь өнөөдөр гэрчээр асуугдана. Тэр үедээ яагаад ингэж бодсон талаараа тайлбар хэлэх байх. Нэхэмжлэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ажилласан нийт 52 хоногийн цалин нь 953 000 төгрөг болдог. Үүнд, унааны 156 000 төгрөг нэмэгддэг. Мөн тоолоогүй сарын 100 000 төгрөг нэмэгдсэн. Үүнээс 460 950 төгрөг нь барилгын материалын дэлгүүрээс өөрөө бараа авсан байсан гээд суутгагдсан. 495 520 төгрөг нь нийтийн барааны дэлгүүрээс суутгагдсан. Мөн 500 000 хүнсний тасгаас суутгагдсан. Мөн 2019 оны нийгмийн даатгалын дэвтрийн 80 500 төгрөг, хүн амын орлогын албан татвар тустус хасагдаад, нийт 1 179 920 төгрөгийн суутгал гарсан. Ингээд нийт гарсан цалингаас 1 179 920 төгрөгийг хасч, манайд 29 080 төгрөгийн авлагатай гарсан. Бидний зүгээс 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ажилласан цалинг бодож олгосон. Мөн ажлаас халагдсан тушаалыг нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан. Харин 2020 оны 01 дүгээр сарын 13-наас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх цалинг бодоогүй. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   Нэхэмжлэгчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ажлаас халагдсан тушаалаа авсан гэдэгтэй хариуцагч тал маргахгүй байна. Гэхдээ хариуцагчид ажлаас халагдсан тушаалыг уг өдрөөр гардуулсанд нэхэмжлэгч өөрөө буруутай гэж тайлбарлаа. Ингэж хэлж болохгүй. Ажлаас халсан өдөр нь тушаалыг ажил олгогч гардуулж өгөх үүрэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан байдаг. Мөн цалингийн тодорхойлолтоос 2020 оны 01 дүгээр сараас 20-ныг хүртэлх цалинг бодоогүй байгаа нь харагддаг. Нэхэмжлэгчийн ажилласан хоногийг 2020 оны 01 дүгээр сарыг оруулаад 52 хоног гэсэн. Гэтэл сая нэхэмжлэгч надад тайлбарлахдаа ажил нь долоо хоног болгоны даваа гаригт амардаг гэсэн. Тэгээд 11 дүгээр сард 2, 3 хоног амарсан. 12 дугаар сард ажил ихтэй гээд бүтэн ажилласан гэж хэлсэн. Тэгэхээр нэхэмжлэгч 12 дугаар сард 31 хоног ажиллаад 11 дүгээр сард ажлын 20 гаран хоног ажилласан байхад ажилласан хоногийг дутуу бичсэн зүйл харагддаг. Яагаад 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл цалинг бодсон гэж хэлж байгааг гайхаж байна. Цалинг нь 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл бодсон гэсэн ямар ч нотлох баримт байхгүй. Г.Аийн хувьд мөн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл тасралтгүй ажилласан гэж хэлсэн. Үүнийг би үнэн хэлсэн гэж үзэж байна. Энэ хугацаанд байнга бараа материал тоолох гэж явсан. Нэхэмжлэгчийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ажлаас халсан мөртлөө ажлаас халсан тушаалыг нь нэхэмжлэгчээс болоод хугацаанд нь өгч чадаагүй гэж тайлбарлаж болохгүй. Энэ нь цэвэр ажил олгогч талын буруутай үйл явдал. Үүнээс үүдэж нэхэмжлэгчийн ажилгүйдлийн тэтгэмж авах зэрэг эрх зүйн байдлууд хөндөгдөж байна. Мөн нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийгээ дэмжиж байна. Нэхэмжлэгчийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажилласан тул уг өдрөөр тушаалыг гаргасан гэж үзэж байна. Мөн хариуцагч талын энэ нь хөдөлмөрийн маргаан. Иргэний маргаан биш гэсэн тайлбартай холбоотой нотлох баримтыг сая гаргаж өгсөн. Одоогоор манай аймагт Хөдөлмөрийн маргаан таслах ганцаарчилсан байгууллага байхгүй. Энэ маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх ёстой. Мөн нэхэмжлэгч талаас 3 нэхэмжлэлийн шаардлага гаргасан ч нэгийг нь яагаад иргэний хэрэг үүсгэхээс татгалзсан талаар захирамжид тусгаагүй байсан. Мөн Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжлэгчийг та 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр буюу ажлаас халагдсан өдрөөсөө хойш 14 хоногийн дотор ажлаас халагдсан тушаалаа авч ирж өгөх ёстой байсан гэдэг хариу ирүүлсэн байдаг. Ийм үндэслэлээр, ажлаасаа ингэж халагдаад, ингэж тушаалаа хугацаа хэтрүүлж авсан гэж гомдлоо гаргахад Нийгмийн даатгалын хэлтэс хүлээн авахгүй байдаг. Энэ хүн ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй. Тиймээс ажлаас халагдсан тушаалыг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гардуулсн гэдгийг нь тогтоож өгвөл нэхэмжлэгч уг тэтгэмжээ авах эрхтэй болно гэж үзсэн. Мөн 2020 оны 01 дүгээр сарын нийгмийн даатгалд бичилт хийлгүүлэх, мөн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цалинг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Г.А нь “О” ХХК-д холбогдуулан тус компанийн гэр ахуйн барааны тасгийн худалдагчийн ажлаас халсан тушаалыг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гардуулж өгснийг тогтоолгох, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажилласан хугацааны цалин гаргуулах, 2020 оны 01 дүгээр сарын цалинг нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

“О” ХХК-ийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 дүгээр тушаалаар Г.Аийг худалдагчийн ажилд томилсон ба захирлын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаар тушаалаар Г.Аийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Хөдөлмөрийн дотоод журмын 9.3 дахь хэсэгт заасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

1. Нэхэмжлэгчээс “... Ажлаас халсан тушаалыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан хуацаанд өгөөгүй, өгөх талаар огт ярьж байгаагүй, би цагдаа дээр шалгуулж байхдаа ажилгүйдлийн тэтгэмж авах талаар хөөцөлдөхөд тушаал хэрэгтэй гэдгийг мэдсэн, тушаалыг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тус компанийн менежер Б.Г гардуулж өгсөн, Нийгмийн даатгалын байгууллагад 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өргөдлөө гаргасан  ...” гэж маргана.

Хөдөлмөрийн тухай хуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй хэмээн заажээ.

Хуулийн зохицуулалтаас үзэхэд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэрийг гарсан өдөр нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ажилтанд гардуулж өгөх хуульд заасан үүргээ биелүүлээгүй,

Захирлын 08 дугаар тушаалыг нэхэмжлэгчид 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гардуулсан болох нь гэрч Б.Г, Ү.Ц нарын мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... ажлаас халсан тушаалаа гардаж авсан өдөрт маргадаггүй ...” гэсэн тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагчаас “... тушаалыг хожимдуулж гардуулсанд хариуцагч буруугүй, тушаал гарсан буюу 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр холбогдох албан тушаалтан нэхэмжлэгч рүү удаа дараа залгахад утас нь холбогдохгүй байсан ...” гэж маргах боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.  

Иймд, энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж заасан.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “... Хөдөлмөрийн гэрээний 5.1.4 дэх заалт нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрээгүй байсан, энэ гэрээг хууль ёсны гэрээ гэдэгт эргэлзэж байна, цалинг суутгаж 550 000 төгрөгөөр бодох үндэслэлгүй, Г.Аийн ажиллаж байсан хугацааны цалинг бүтнээр нь буюу 466 860 төгрөг гаргуулна гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... тус компани нь тооллого хийсний дараа цалингаа өгдөг, 2019 оны 11, 12 сар, 2020 оны 01 дүгээр сарын цалинг 550 000 төгрөгөөр тооцсон, 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл цалинг олгосон ба эдгээр 3 сарын цалин нь цалингийн цэс дээр байгаа 52 хоногт орсон, үүнд: 11 сард 10 хоног, 12 дугаар сард 31 хоног, 1 сард 11 хоног, нийт 52 хоног ажилласан, өнөөдөр нэхэмжлэгч тал гэрээний стандарт нөхцөл зөрчсөнтэй холбоотой шаардлага гаргаагүй гэж ...” маргана.

Нэхэмжлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20 буюу тушаал гарсан өдөр хүртэл ажилласан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилснийг 2020 оны 01 дүгээр сарын 13-наас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 7 хоног ажилласан хугацаагаар тооцов.

Тодруулбал, ажилтан, ажил олгогч хоёрын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.4-д Ажилтан “... сарын сүүлд тооцоо тооллого хийхэд их хэмжээгээр /400 000 төгрөг/-өөс дээш дутагдал гаргаж ажил олгогчийг хохироосон бол цалингийн доод хэмжээ буюу 420 000 төгрөгөөр тэр сарын цалинг бодож олгоно” гэж заасны дагуу түүний үндсэн цалинг бууруулж, 550 000 төгрөгөөр тооцож олгосон, түүнчлэн нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл цалин авсан болох нь түүний цалингийн карт, гэрч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.  

Нэхэмжлэгчийн цалинг тооцохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-гийн А-д зааснаар тооцож, 2019 оны 11, 12, 2020 оны 01 дүгээр саруудад 550 000 төгрөгийн цалин авч байсан ба 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 7 хоног ажилласан байх тул 550 00:21.5=25 581 төгрөг, 1 хоногийн цалин болох 25 581х7 хоног=179 067 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 287 793 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2-т ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.  

Тус нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 6022 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ат “О” ХХК-ийн гэр ахуйн барааны тасгийн худалдагчийн ажлаас халсан тушаалыг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гардуулж өгсөн болохыг тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар О ХХК-иас 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажилласан хугацааны цалин 179 067 /нэг зуун далан есөн мянга жаран долоон/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 287 793 /хоёр зуун наян долоон мянга долоон зуун ерөн гурван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Аийн ажиллаж байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “О” ХХК-д даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс  чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 6022 /зургаан мянга хорин хоёр/ төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЦОГЗОЛМАА