Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2020/00058/И |
Дугаар | 134/ШШ2020/00106 |
Огноо | 2020-05-15 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 134/ШШ2020/00106
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А.Э-ийн
Хариуцагч: НХХ-Д холбогдох
Ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлсэн хугацааны цалин гаргуулах үндсэн,
Ээлжийн амралтын олговорт 415 422 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч А.Э нь Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” А/160 дугаар тушаалтай 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр танилцсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Э, түүний өмгөөлөгч Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А.Э миний бие 2016 оны 02 дугаар сараас Говьсүмбэр аймаг дахь Нхийн салбарт түгээгчээр ажиллаж байгаад 2019 оны 08 дугаар сараас байгууллагад авлага үүсгэсэн гэсэн үндэслэлээр аймгийн Цагдаагийн хэлтэст шалгуулж байна. 2019 оны 08 дугаар сард цагдаад шалгуулж эхэлснээс хойш миний биеийг Нхийн салбарын удирдлагууд намайг ажлын байраар хангаагүй ба надад албан ёсны ямар нэгэн тушаал шийдвэр өгөөгүй. Миний бие нь ажилдаа гарах гээд эрхлэгч Энхцэцэгийн 86092033 дугаар утас өөд залгахад, чи манай байгууллагаас зайлаарай, чамайг ажилд гаргахгүй гэж хашгирч байгаад утсаа салгасан. Тэгэхээр нь намайг халах гэж байгаа юм байна гэж ойлгоод цагдаагийн байгууллагаар шалгагдаад явж байсан. Тэгсэн намайг ярьсны маргааш нь эрхлэгч над руу залгаад өөр хүн гаргасан гэж хэлсэн учраас ажилдаа очоогүй. Энэ үеэс хойш 2019 оны 12 дугаар сарын 25-нд эрүүгийн хэргийн хавтаст хэрэгтэй танилцах хүртлээ би өөрийгөө Нхийн салбараас халагдсан гэж үзэж байсан ч байгууллагын зүгээс миний амралтын мөнгийг бодоод, миний биеийг ажлаас халсан тухай тушаалыг гардуулж өгөх ёстой гэж үзэж байсан. А.Э миний бие нь өөрт холбогдох эрүүгийн хэргийн материалтай танилцах явцад Нхийн салбарын дарга Л.Жамбаасүрэнгийн /байсан/ 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 111 дүгээр албан бичгээр А.Эийг 2019 оны 07 дугаар сард авлага үүсгэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу ажил, албан тушаал эрхлэхийг нь түдгэлзүүлсэн агуулга бүхий албан тоотыг ирүүлсэн байсан. Энэ үе буюу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс би өөрийн биеийг Нхийн салбараас халагдаагүй юм байна, харин миний ажил үүргийг түдгэлзүүлсэн юм байна гэдгийг ойлгож мэдсэн. Харин Нхийн салбарын дарга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар бус хуулийг буруу ойлгон хэрэглэж, миний биеийг ажлын байраар хангаагүй гэж үзэж байна. Миний бие Нхийн салбарт түгээгчийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа сарын үндсэн цалин 320 000 төгрөг үүн дээр борлуулалтын орлого нэмж аваад сард дунджаар 400 000-600 000 төгрөгийн цалин авдаг байсан. Мөн ажилгүй байх хугацаандаа өөр ажилд орох боломжгүй байсан. Яагаад гэвэл ажлаас гарсан тушаал болон бусад бичиг баримт байгаагүй. Мөн энэ хугацаанд ээлжийн амралтын мөнгө аваагүй учраас давхар шаардаж байгаа. Миний бие өөрийн дундаж цалинг сарын 500 000 төгрөг гэж үзэж байна.
Иймд, 2019 оны 08 дугаар сарын 01-нээс шүүхийн шийдвэр гаргах хүртэл ажилүй байсан хугацааны нөхөн олговрыг сарын 500 000 төгрөгөөр тооцож, Нхийн салбараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Иргэн А.Эээс Н ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь НХС-т холбогдуулан Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний шаардлагыг эсэргүүцэн дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Үүнд: А.Э нь Н ХХК-ийн Говьсүмбэр НХС-т 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан түгээгчээр ажилд орсон. А.Э нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа шатахууны баримтыг хуурамчаар үйлдэн шатахууныг хувьдаа завшин, компанийг алдагдалд оруулсан, итгэл эвдсэн үйлдэл гаргасан ба уг үйлдэл нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.1, 4.3, 4.4, 4.6, 4.9, 5.2.2, 5.2.3, 5.2.4, 5.2.7, 5.2.9, 5.2.15 дугаар заалт, Эд хөрөнгийн хариуцлагын гэрээний 5.2, 5.4, 6.5, 6.6, 7.2 дугаар заалт, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 14.1.2.3, 14.1.4.2, 14.1.4.3, 14.1.4.5, 14.1.4.7 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн үйлдэл тул манай компани А.Эийн гаргасан хууль бус үйлдлийг тогтоолгож, хариуцлага хүлээлгэхээр Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гомдол гарган, эрүүгийн хэрэг үүсгүүлсэн юм. Уг хэрэг өнөөдрийн байдлаар хэрэг мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн ба 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр А.Эт холбогдох шүүх хуралдаан болохоор товлогдсон. А.Э нь ажил олгогчийн итгэлийг эвдсэн, санаатайгаар залилан мэхлэх, эд хөрөнгийг шамшигдуулах үйлдэл гаргасан нь баримтаар тогтоогдсон, компанийн хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчил гаргасан тул ажил олгогч Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/160 дугаар “Ажлаас чөлөөлөх” тухай тушаалаар ажлаас халсан. А.Эт ажлаас халсан тухай тушаалыг гардуулах, холбогдох тооцоог хийж дуусгахаар түүний 89040896 дугаарын утсаар удаа дараа залгасан боловч А.Э нь утсаа авахгүй, холбогдохгүй байсан ба компанийн эд хөрөнгийг хууль бусаар хувьдаа ашигласан нь тогтоогдсоноос хойш нэг ч удаа байгууллага дээр ирж, бидэнтэй уулзаж байгаагүй. Иймд, А.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагчийн тайлбарыг сонслоо. Энэ асуудал нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс өр авлагын асуудал үүсгэн гэсэн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. А.Эийн тайлбараар ээлжиндээ гарах эсэх талаар тодруулахаар Энхцэцэг гэдэг хүн рүү залгасан байдаг. Гэтэл Энхцэцэг нь утсаа аваагүй учраас Шинэтуул гэдэг хүн рүү залгаад ярихад нь чи манай байгууллагад ирээд хэрэггүй гээд асуудал үүсгэсэн байдаг. Мөн үүнээс өмнө өдөр ажил дээр нь очоод хэрүүл маргаан үүсгэсэн байдаг. Маргааш нь буюу 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа гарах эсэх мэдээгүй, дуудах болов уу гээд хүлээгээд байж байхад нь 10 цагийн ШТС-ын эрхлэгчээсээ өөр хүн ажилд гарсан талаар мэдсэн байдаг. Ийм байдал үүссэн учраас ажил дээрээ очиж чадахгүй хэсэг хугацаа өнгөрсөн байгаа. Ингээд зохих хугацаанд хэрэг маргаан шалгагдаад 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хавтаст хэрэгтээ танилцахад Мөрдөн байцаах тасгийн дарга Алтангартаамаас Жамбаасүрэнд Э нь хэзээ ээлжийн амралт авсан. Мөн ажлаас чөлөөлөгдсөн эсэх талаар тодруулах гэсэн утга бүхий албан бичиг хүргүүлсэн байдаг. Энэ албан бичгийн хариуд нь Нхийн салбараас Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар түдгэлзүүлсэн гэсэн байдаг. Харин Хөдөлмөрийн тухай хуулийг аваад үзэхээр эрх бүхий байгууллага шаардсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлээр түдгэлзүүлээд цалин хөлс олгохгүй гэсэн зохицуулалт байдаг. Эрх бүхий байгууллагаас шаардсан юм уу гэхээр шаардсан зүйл нь хэрэгт байдаггүй. Түдгэлзүүлэх тухай хүсэлт явуулаагүй. Харин А.Эийн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон эсэх талаар лавлагаа авахад Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлээр түдгэлзүүлсэн гэсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар ажлаас түдгэлзүүлсэн байна гэхээр А.Э нь намайг ажлаас түдгэлзүүлсэн талаар цагдаагийн байгууллага хэлээгүй гэсэн ийм тайлбар хэлдэг. Яагаад 44 дүгээр зүйлээр түдгэлзүүлэх болсон бэ гэхээр энэ нь ажил олгогч талын санаачилгын асуудал гэж ойлгосон. Хууль зүйн үндэслэл нь эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлэх тухай шаардсан бол түдгэлзүүлэх болохоос бусад тохиолдолд түдгэлзүүлэхгүй гэж үзэж байгаа. Энэ нөхцөл байдлаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч, ажилтанг ажлын байраар хангах үүрэгтэй. Энэ үүргээ ажил олгогч тал хэрэгжүүлээгүй байна гэж үзэх үндэслэл байна. 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт ажил олгогч нь ажилтанг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал болон бусад зүйлээр хангах үүрэгтэй гэсэн зохицуулалт байгаа. Энэ үүргийг ажил олгогч тал хэрэгжүүлээгүй байна гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр хариуцагч тал ажлаас халсан гэж байна. Хэрэв ажлаас халсан бол түдгэлзүүлэх тухай албан бичиг ирүүлэх болсон бэ? Ажлаас халсан бол яагаад А.Эт өнөөдрийг болтол мэдэгдээгүй вэ? А.Э нь ажлаас халсан гэдгийг сая мэдсэн байгаа. Үүнээс өмнө Нхийн салбараас ажлаас халсан талаар мэдээгүй. Хөдөлмөрийн хуулинд зааснаар ажлаас халсан талаар мэдэх буюу гардуулах үүрэгтэй. Н ХХК-ийн Наранбаатар захирлын тушаалыг үндэслэлгүй, хууль бус гэж үзээд хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх тушаалыг хэзээ гаргасан эсэх талаар мэдэхгүй. Тухайн үед ажлаас халсан талаараа А.Эт мэдэгдэхгүй юм аа гэхэд Цагдаагийн байгууллагад халсан талаар мэдэгдсэн бол тухайн үед А.Э мэдэх байсан. Мөн дараагийн дугаарт ажилгүйдлийн тэтгэмжийн асуудал хөндөгдөх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн энэ эрх хаагдсан байгаа. Нийгмийн даатгалын байцаагч 420 000 төгрөгийн цалин авдаг хүн ажлын 78 хоногт 1 000 000 гаран төгрөгийн нөхөн олговор авах ёстой байдаг гэсэн зүйл ярьж байсан. Тиймээс нэхэмжлэгч нь 500 000-600 000 төгрөгийн цалин авдаг учраас 1 500 000-1 600 000 төгрөгийн нөхөн олговор авах боломжтой нөхцлийг алдагдуулсан. Нийгмийн даатгалын байгууллагаас ажлаас гарснаас хойш 14 хоногийн дотор ажлаас халсан тушаалыг хүргүүлэх ёстой гэдэг учраас нэхэмжлэгчийн эрх зүйн асуудлыг дордуулсан гэж үзэж байгаа. Харин эрүүгийн асуудлын хувьд шалгагдаад шийдэгдсэн асуудал учраас энэ маргаан нь эрүүгийн асуудалд хамааралгүй, харин хөдөлмөрийн харилцааны зохицуулалт дунд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн байгаа. Нэхэмжлэгч нь ажилгүйдлийн шимтгэл төлсөн байгаа. Тиймээс нэхэмжлэгч нь ямар ч тохиолдолд ажлаас халагдсан байсан ч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгаа учраас нөхөх олговор авах нь нийгмийн даатгалын хууль болон бусад хуулиар зохицуулагдсан байдаг. Өмнө нь тохиролцох байдлаар олон удаа хэлж байсан. Одоо манай зүгээс цалин болон нөхөх олговроо яаж бодсон талаар хариуцагч болон шүүгч бодож байгаа байх. Тэгэхээр дундаж цалин хөлс тодорхойлох журам гэж байдаг. Энэ журмаар дундаж цалин хөлс тодорхойлохоо сүүлийн 3 сараар нөхөн олговрыг боддог. Сүүлийн 3 сарын цалингаа нэмээд 3-д хуваахаар 650 000 төгрөг гарсан байгаа. Үүн дээр 191 000 төгрөгөө нэмээгүй гаргасан байгаа. Түдгэлзүүлсэн хугацааны цалинд 6 242 864 төгрөг, ээлжийн амралтын цалингаа 2019 оны 03 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд 15 хоног амрах эрхтэй гэж үзээд нийт 415 422 төгрөг гаргуулах. Ингээд нийт 6 658 286 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Говьсүмбэр аймгийн Нефьт хангамжийн салбарын даргаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр томилогдсон. Тэгээд А.Этэй холбоотой хэрэг дээр 2020 оны 03 дугаар сараас хойш мэдээлэл авсан. Тиймээс А.Э нь 2019 оны 08 дугаар сараас хойш гүйцэтгэх захирлын тушаалаар 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ажлаас халсан байдаг. Энэ тушаал, мөн эрүүгийн хэргийн шүүхийн захирамжийг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Ажлаас халах болсон шалтгаан нь 2019 оны 07 дугаар сард байгууллагад 1 700 000 төгрөгийн өр авлага үүсгэсэн. Үүнийгээ өөрөө хийгээгүй гэж маргаан үүсгэсэн. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгч А.Э шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/160 дугаар ажлаас чөлөөлөх тухай /А.Э/ тушаалыг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр танилцсан.Иймд,Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/160 дугаар ажлаас чөлөөлөх тухай А.Эийн тушаалыг 2020 оны 04 дүгээр сарын 20-нд танилцсаныг тогтоолгох шаардлагыг гаргаж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тушаалыг гардуулж өгөөгүй гэдэг дээр А.Э нь өөрөө хөхүүл хүүхэдтэй боловч ажил хийж байсан, өөрийг нь ажлаас халсан эсэхийг чөлөөтэй очоод тодруулах боломжтой байсан. Гэтэл өөрөө ирж аваагүй. Заавал гэрт нь очиж ажлаас халагдсан тушаалыг нь гардуулж өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Тийм үүрэг байхгүй гэв.
Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Э нь Говьсүмбэр аймаг дахь Нхийн салбарт холбогдуулан ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлсэн хугацааны цалин гаргуулах үндсэн,
Ээлжийн амралтын олговорт 415 422 төгрөг гаргуулах, А.Э нь Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” А/160 дугаар тушаалтай 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр танилцсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс “... Миний ажил үүргийг түдгэлзүүлсэн гэдгийг салбарын даргын 111 дүгээр албан бичгийг эрүүгийн хэрэгтэй танилцахдаа мэдсэн, хуульд зааснаар эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлэхийг шаардаагүй, энэ хугацааны цалинд 6 242 864 төгрөг гаргуулна гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс А.Эийг ажлаас нь халсан, түдгэлзүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргана.
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно хэмээн заажээ.
Ажилтан А.Э нь ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, хуурамч баримт бүрдүүлсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдсан ба Говьсүмбэр аймаг дахь Нхийн салбарт нийт 3 019 130 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/19 дүгээр шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.
Хуулийн зохицуулалтаас үзэхэд эрх бүхий байгууллагаас албан тушаалыг нь түдгэлзүүлэхийг шаардаагүй ч гэсэн түдгэлзүүлэх үндэслэл бий болсон нь 2020/ШЦ/19 дүгээр шийтгэх тогтоолоор нотлогдсон гэж шүүх үзэв.
Түүнчлэн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ажил олгочийг хууль бусаар ажиллуулаагүй, энэ нөхцөлд ажил олгогч ажилтанг ажлын байраар хангах үүргээ хэрэгжүүлээгүй” гэж маргах боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.
Иймд, ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлсэн хугацааны цалин 6 242 864 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар амралтын олговор бодож 415 422 төгрөг гаргуулна гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ээлжийн амралтын олговорт 201 058.72 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарлана.
Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ,
Н ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 9.3.1-д ажилтанд Хөдөлмөрийн тухай хууль, бусад дүрэмд заасны дагуу жилд нэг удаа ээлжийн амралт олгох ба ... хүүхэд асрах чөлөө авсан ажилтанд 6 сарын дараа ээлжийн амралт эдлэх эрх үүснэ ...” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь ажилласан хугацаандаа тохирсон ээлжийн амралтыг эдлэх эрхтэй, түүнчлэн ажилтан 2019 оны 03 дугаар сараас 07 дугаар сарыг дуустал ажилласан ба энэ хугацаа нь хөдөлмөрийн дотоод журамд заасан 6 сард хүрээгүй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ээлжийн амралтын олговорт 201 058.72 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн ба хэрэгт авагдсан Г.Эийн 2019 онд ажилласан хугацааны ээлжийн амралтын тооцооны баримтаар тогтоогдож байх тул ажилласан хугацааны ээлжийн амралтын олговорт 201 058.72 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 214 364 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.
3. Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/160 дугаар тушаалаар А.Эийг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 14.1.1.3, 14.1.4.2, 14.1.4.3, 14.1.4.5, 14.1.4.7, 14.2.2 дахь хэсэгт заасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” А/160 дугаар тушаалтай А.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр танилцсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд нэмэгдүүлж, шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй, уг А/160 дугаар тушаалыг иргэний шүүхэд хавтаст хэргийн материалтай 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр танилцахдаа анх мэдсэн гэж маргана.
Хөдөлмөрийн тухай хуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй хэмээн заажээ.
Хуулийн зохицуулалтаас үзэхэд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэрийг гарсан өдөр нь буюу 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ажилтанд гардуулж өгөх хуульд заасан үүргээ биелүүлээгүй,
Гүйцэтгэх захирлын А/160 дугаар тушаалыг нэхэмжлэгчид гардуулж өгөөгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Ажлаас халсан эсэхийг чөлөөтэй очоод тодруулах боломжтой байсан. Заавал гэрт нь очиж ажлаас халагдсан тушаалыг нь гардуулж өгөх шаардлагагүй, тийм үүрэг байхгүй, нэхэмжлэгч рүү залгахад утас нь холбогдохгүй, дугаараа сольсон байсан ...” гэж маргах боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Тус нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 6682 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Эийн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлсэн хугацааны цалин 6 242 864 /зургаан сая хоёр зуун дөчин хоёр мянга найман зуун жаран дөрвөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг баримтлан ээлжийн амралтын олговор 201 058.72 /хоёр зуун нэг мянга тавин найман/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 214 364 /хоёр зуун арван дөрвөн мянга гурван зуун жаран дөрвөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Э нь Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” А/160 дугаар тушаалтай 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр танилцсан болохыг тогтоосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 6682 /зургаан мянга зургаан зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА