Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 03

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1 тоотод байрлах “Төрийн банк” ХХК /РД: /-ийн

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Өндөртолгой, 2 дугаар байрын 2 тоотод оршин суух, Алаг адуу овогт Ж.Н /РД: /-т холбогдох

 

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн биелэлт үндсэн зээл 2.901.675,11 төгрөг, үндсэн зээлийн хүү 358.708,85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67.440,20 төгрөг нийт 3.337.524,16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сэргэлэн, шүүх хуралдаааны нарийн бичгийн дарга Ч.Сэлэнгэмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч  Төрийн банк  ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэл  болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхзул шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.Нийн хүсэлтийг банк хүлээж аваад Ж.Нт 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 15/38 дугаар гэрээний дагуу 8.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч Ж.Н нь зээлээ хугацаандаа төлөхгүй хугацаа хэтрүүлснээр үндсэн зээлийн хүү 358.708,85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67.440,20 төгрөг, нотариатын зардал 9.700 төгрөг нийт 3.337.524,16 төгрөгийг Ж.Нээс уг зээлийг төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Зээлдэгчийн хүсэлтээр зээлийн асуудлыг шийдсэн, зээлийг түүний дансанд шилжүүлсэн боловч зээл олгох журам, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, хариуцагч 1618 хоног хэтрүүлсэн, тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сэргэлэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ж.Н нь ШШГЕГ-аас тодорхойлолт авч Төрийн банк ХХК-д хүсэлт гаргасны дагуу зээл нийт 8.000.000 төгрөг авсан. Уг зээл аваад 2 жил болоогүй байхад Ж.Н ажлаасаа халагдсан. Энэ хугацаанд нийт 8.953.793 төгрөгийг боломжоороо төлсөн боловч үндсэн зээлээсээ хасагдаагүй, хүүд тооцсон байдаг. Одоо нэхэмжлэлийн шаардлагааас нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй, үндсэн зээлийг төлнө гэв.

            Шүүх  хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагч Ж.Нт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 2.901.675,11 төгрөг, үндсэн зээлийн хүү 358.708,85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67.440,20 төгрөг, нотариатын зардал 9.700 төгрөг нийт 3.337.524,16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал хариуцагчаас хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 8.000.000 төгрөгийг зээлсэн, үндсэн зээл 2.901.675,11 төгрөг, зээлийн хүү 358.708,85 төгрөг болон Монголын нотариатчдын танхимын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5940 дүгээр мөнгө төлсөн баримтыг үндэслэн нотариатын зардалд 9.700 төгрөг төлөх талаар маргаагүй, тухайн албан газар нь тодорхойлолт гаргаад ажлаас халагдсаны улмаас зээл төлөх боломжгүй болсон талаар тайлбарлан нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй  маргана.

 

 

Хариуцагч Ж.Н нь Төрийн банк ХХК-тай 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 15/38 дугаар зээлийн гэрээ байгуулж, 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 8.000.000 төгрөгийг зээлж, барьцаанд цалин болон зурагт, хөргөгч зэрэг эд хөрөнгийг барьцаалж гэрээ байгуулсан болох нь байгууллагын тодорхойлолт, талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээ  /цалин/ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Төрийн банкинд гаргасан өргөдөл, анкет, цалингийн карт, зээлдэгчтэй холбоо барьсан тухай хүснэгт, ярилцсан тэмдэглэл, хүү тооцооллын хүснэгт, нийт 2.901.675,11 төгрөг бүхий зээлийн дансны хуулга, зохигч талуудын тайлбарууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.   

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатай, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно...  мөн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилсан байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй,  хариуцагч Ж.Нийг ШШГЕГ-т няраваар ажиллаж байгаад үндэслэлгүйгээр халагдсаны улмаас зээлээ төлөх боломжгүй болсон гэж тайлбарласан боловч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх хууль заасан үүргээ биелүүлээгүй болно.

 

Талуудын байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 15/38 дугаар Барьцаат зээлийн гэрээний 2.2.5.-д зээлийг буцаан төлөх хуваарьт хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тохиролцон хариуцагч гарын үсгээ зурж, баталгаажуулсан байна.

 

Хариуцагч Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1., Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар нэхэмжлэгчид нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлтэй тул нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иймд зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 2.901.675,11 төгрөг, зээлийн хүү 358.708,85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67.440,20 төгрөг, нотариатын зардал 9.700 төгрөг нийт 3.337.524,16 төгрөгийг хариуцагч Ж.Нээс гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгох үндэслэлтэй гэж үзнэ.  

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.195,18 төгрөг хариуцагч Ж.Нээс гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч Ж.Нээс үндсэн зээл 2.901.675,11 төгрөг, зээлийн хүү 358.708,85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67.440,20 төгрөг, нотариатын зардал 9.700 төгрөг нийт 3.337.524,16 /гурван сая гурван зуун гучин долоон мянга таван зуун хорин дөрвөн мянга, арван зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.195,18 /жаран найман мянга нэг зуун ерэн таван мянга, арван найман мөнгө/ төгрөгийг хариуцагч Ж.Нээс гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.НАРАНГЭРЭЛ