Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 1034

 

И.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/00476 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч И.Н-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазарт холбогдох

Тэтгэмж 8 214 597 гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч И.Н, өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч И.Н  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: И.Н  нь Зорчигч тээврийн нэгтгэлийн автобус нэгдлийн баазад 2007 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн тушаалаар ажилд орж 10 жил ажиллаад 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/728 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан. Автобус 1 дүгээр баазын захиргаанаас 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хамтын гэрээнд  2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийн 8.5 дахь хэсэгт заасны дагуу тэтгэмжийг 1 сарын дундаж цалин 912 733 төгрөгөөр тооцож 9 сарын тэтгэмж 8 214 597 төгрөгийг байгууллагаас авах ёстой. Мөн И.Н ийг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр мөнгө тоологчийн ажлаас шилжүүлж ажиллуулсан. Үүнийг И.Н  хүлээн зөвшөөрөөгүй. Улмаар шүүхэд хандсаны дагуу шүүх И.Н ийг буруу шилжүүлсэн гэж үзээд шийдвэр гаргасан. Иймд тэтгэмжийг бүрэн гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь тус нэгтгэлийн 1 дүгээр баазад 2007 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 05 тоот тушаалаар мөнгө хураагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасны дагуу 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/728 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон энэ хамтын гэрээ болохоор Автобус 1 ОНӨААТҮГазар болон Үйлдвэрчний эвлэлийн хооронд 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 1 жилийн хугацаатайгаар байгуулагдсан бөгөөд гэрээнд 2014 оны 1 дүгээр 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон байгаа. Нэхэмжлэгч нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр буюу уг гэрээг байгуулсны дараагаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан учраас энэ гэрээний үйлчлэлд хамаарч байгаа. Хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тус байгууллагад 10 жил тасралтгүй ажилласан бөгөөд 4 сарын дундаж цалин хөлстэй тэтгэмж авах эрх үүссэн. 10 жил тасралтгүй ажилласан гэдэгт хариуцагч талаас маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагаас 2 150 000 төгрөгийг зөвшөөрч байгаа. Үүнээс 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/9415 тоот тушаалаар нэхэмжлэгчид 2 сарын дундаж цалин буюу 1 075 000 төгрөгийг олгосон, мөнгө нь нэхэмжлэгчийн дансанд 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр орсон, үлдэгдэл 1 075 000 төгрөгийг олгоно. Хариуцагч талаас гаргаж өгсөн баримтаар 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийг шалгагчийн орон тооноос өндөр насны тэтгэвэрт гаргасан. Мөн Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайдын 2015 оны 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тогтоолгох журмын 4-т олгож байгаа бүх төрлийн тэтгэмж, нөхөх олговорт хөнгөлөлтийн орлогыг цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэснийг баримтлан шалгагчийн дундаж цалин хөлс болох 537 500 төгрөгөөр тооцож, 4 сарын тэтгэмжийг бодсон гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-aac 1 075 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Н т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 139 597 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 30 350 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхээс “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь Эв нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн хороотой 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 2018 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгүүлсэн байх тул хамтын гэрээ хүчин төгөлдөр болсон. Шүүх гэрээний хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлтийг хийгээгүй. 2015 оны 8 сард Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 132 тоот тогтоолоор автобусны 1, 3 мөн цахилгаан тээвэр гэсэн 3 баазыг нэгтгэн нийлүүлж байгуулсан цагаас хойш 4 Үйлдвэрчний эвлэлийн хороотой болсон. Гэтэл 4 Үйлдвэрчний эвлэлийн хороодод мэдэгдэлгүй захиргааны санаачилгаар Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хороог шинээр байгуулж, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хамтын гэрээ байгуулж, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт бүртгүүлсэн нь хууль зөрчиж байгуулсан. Ингэхдээ тус бүрийн хамтын гэрээнд заасан нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангасан байсан асуудлуудыг дордуулсан, Хөдөлмөрийн тухай хуулийг хуулаад тавьсан байсан. Нийт ажилчид энэхүү хамтын гэрээг байгууллагдсныг огт мэдэгдээгүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

     ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч И.Н  нь хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдуулж тэтгэмж 8 214 597 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага зарим хэсгийг зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч дээрх тэтгэмж гаргуулах шаардлагаа  “Автобуснэг” ОНӨҮГ, ҮЭ-ийн хорооны хооронд 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан хамтын гэрээ, түүнд  2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийн 8.5 дах заалтыг  үндэслэл болгожээ.

 

Гэтэл анхан шатны шүүх хариуцагч талын татгалзлын үндэслэл болж байгаа “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Эв нэгдэл” ҮЭХ-ны хооронд 2017-04-26-ны өдөр байгуулагдсан “2018 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ” ний холбогдох заалтыг баримталж хэргийг хянан шийдвэрлэхдээ уг хамтын гэрээний талаар Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд болон Хан-Уул дүүргийн шүүхэд тус тус захиргааны болон иргэний хэрэг үүсгэсэн  талаар нэхэмжлэгч талаас тайлбарласныг анхаарах байжээ. /хх-ийн 89/ Өөрөөр хэлбэл маргааны зүйлийн үндэслэл болж байгаа хамтын гэрээний хүчин төгөлдөр байдлын  талаарх өөр хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө энэ хэргийг шийдвэрлэх боломжтой эсэхийг тодруулаагүй нь буруу байна.

Мөн хэрэгт “Автобуснэг” ОНӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журам авагдсан /хх-ийн 25/ байх бөгөөд уг журмын 10.2.2 дах заалт өөрчлөгдсөн эсэх нь тодорхой бус байх тул үүнийг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх байдлыг тодруулан шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан “шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй” үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.