Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 412

 

Д.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Энхбаатар,

            нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун  даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор С.Хишигжаргалын бичсэн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаартай эсэргүүцлээр Д.Бд холбогдох эрүүгийн 2011000830073 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

.................., 1980 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, оёдолчин  мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээний ажил эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 27-32 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:Й................./,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1 жил 1 сар 1 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

 

            Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 28-290а тоотод оршин суух иргэн Д.Баяртогтохын гэрт түүнтэй маргалдаж, улмаар Д.Баяртогтохыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: .................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор С.Хишигжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “Шүүх шийтгэх тогтоолын “Тодорхойлох нь” болон “Тогтоох нь” хэсэгт шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хэрхэн төлөхийг огт дурдаагүй байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол мөнгөн төлбөр, ...барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” гэсэн заалтуудтай нийцээгүй байна. Хэрэв шүүх шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгох ял биелүүлэхийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдах байсан. Иймд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтад нийцээгүй, мөн Эрүүгийнн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан асуудлаар өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

 

Прокурор М.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүх хуралдаанд дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Нэмж хэлэхэд хугацааг зааж өгснөөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хэзээ, хэрхэн дуусах, прокурор хэрхэн хяналт тавих нь тодорхой болно. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хугацааг тогтоож өгөх нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

 

 Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 28-290а тоотод оршин суух иргэн Д.Баяртогтохын гэрт түүнтэй маргалдаж, улмаар Д.Баяртогтохыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Д.Баяртогтохын “...Би зуухны хажууд сууж байхад Д.Б намайг “юундаа муухай хараад байгаа юм” гэж хэлсэн. Би “чам руу юу гэж муухай хардаг юм, галаа түлэх гэж байна” гэж хэлсэн. Тэгтэл Д.Б над руу дайраад байсан бөгөөд А.Цэрэнбанди салгаад голоор яваад байсан. Би унтаж байсан орон дээрээ хэвтэх гэтэл Д.Б араас татаад автал А.Цэрэнбанди гүйгээд гараад явж байсан. Намайг араас татаад миний дал хэсэгт 1 удаа хутгалаад би Д.Бд хандаад “чи намайг дүрчихлээ” гэж хэлэхэд над руу дайраад миний зүүн гарын мөр, булчин хэсэгт 1 удаа, зүүн хонго хэсэгт 1 удаа хутгалсан. А.Цэрэнбанди цонхоор хараад байсан ба цагдаагийн хамтаар ороод ирсэн. ...” /хх 17-18/,

 

гэрч А.Цэрэнбандийн “...Д.Б эхлээд Д.Баяртогтохын нүүр рүү нэг удаа цохиод авахад Д.Баяртогтох “чи яагаад намайг дээрэлхээд байгаа юм, чи зайл, гэр рүүгээ яв” гэхэд Д.Б “чи намайг хөөдөг хэн бэ, хүүхэн шиг зан гаргаад байгаарай” гээд ширээн дээр байсан заазуур аваад босоод ирэхээр нь би заазуурыг нь аваад нуучихсан юм. Д.Б цаашаа эргээд шар иштэй жижиг хутга аваад том өрөөнд ороод ирсэн. Тэгээд Д.Баяртогтох руу “би чамайг одоо ална, харин чи одоо эндээс гар” гээд над руу хутгаараа заасан. Тэгэхээр нь би айгаад байшингаас гараад цагдаад дуудлага өгсөн. ...Д.Б хутгалсан, өөр хүн байшинд байгаагүй. Д.Баяртогтохын баруун даланд нэг удаа, зүүн гарынх нь баруун талд нэг удаа, зүүн гуяных нь дээд хэсэгт тус тус хутгалсан байсан. ...” /хх 21-22/,

 

шүүгдэгч Д.Бы яллагдагчаар өгсөн “...Би яасан гэж цагдаа дуудаж байгаа юм гэж уурлаад гал тогооноос жижиг хутга аваад айлгах гээд куртикнээс нь татаад нуруу руу нь хий дүрэх шиг болтол дал хэсэгт нь дүрсэн юм. Тэгээд хутгаа булаацалдаж байгаад зүүн гарын булчинг нь зүссэн. Мөн хонго хэсэгт нь нэг удаа хутгалсан. ...” /хх 37/ гэх мэдүүлгүүд,

 

“...Д.Баяртогтохын биед цээжний урд өвчний хэсэгт, зүүн тохой, баруун дал, баруун гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл” учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1113 дугаартай дүгнэлт /хх 28-29/,

 

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-8/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-10/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.Бы хохирогч Д.Баяртогтохыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Д.Бд тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

 

Прокурор С.Хишигжаргалын “...шүүхээс ялтанд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгох ял биелүүлэхийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдах байсан. ...” гэсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй, ямар шалтгааны улмаас тогтоох боломжгүй байсан талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу болжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилжээ.

 

 Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангахад торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоох зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэдэг.

 

Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхээс торгох ял оногдуулсан шийдвэрт хугацааг заагаагүй тохиолдолд түүнийг хэрхэн биелүүлэх талаар нарийвчлан зохицуулсан байгаа боловч анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг чухам ямар нөхцөл байдал, шалтгааны улмаас тогтоогоогүй болох талаар хууль зүйн дүгнэлт заавал хийх ёстой.

 

Ингэснээр шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэх учиртай.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заажээ.

 

Шүүхээс дээрх хуулийн жинхэнэ агуулгыг ойлгохгүй, шүүхэд эрх олгосон заалт хэмээн үзэж аливаа шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоохгүй байх нь хууль, эрх зүйн хувьд өрөөсгөл, буруу үр дагавартай байдгийг цаашид анхаарах шаардлагатай. 

 

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хугацааг шүүх тогтоосноор ял шийтгүүлсэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэдийд хэрхэн биелүүлэхийг ойлгох, харин хуульд заасан ажил үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, түүнд хяналт тавих эрх бүхий этгээдэд түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй үйл ажиллагаа явуулах гэх мэт чухал ач холбогдолтой.

 

Үүнээс гадна хэргийн оролцогчийн гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэг бүрчлэн заасан байх бөгөөд энэ нь тухайн эрхийн баталгааг бүрдүүлдэг төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөл хангагдах, оролцогчдын хууль ёсны ашиг сонирхол, эрх ашгаа ямар хэмжээ, хугацаанд хаана хандаж хамгаалуулах зэрэг хяналтын нэг чухал хэрэгсэл болдог.

 

Анхан шатны шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоосноор ял шийтгүүлсэн этгээд шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаанд давж заалдах гомдол гаргах эрхээр хангагдах нөхцөл бүрддэг.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэжээ.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор байхаар хуульчилснаар авч үзнэ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Д.Бы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнчлэн тэдний торгох ялын хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцэх юм.

 

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ