Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2026/0173

 

Д.Э нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1277 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарын амьдарч байгаа газартай давхцуулан олгосон хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 890 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Э, Б.Б, Н.Д, Ц.У, С.Г, Б.А, Б.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 128/2024/0111/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Э, Б.Б, Х.О, Н.Д, Ц.У, С.Г, Ч.М, Б.А, Б.Б нараас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1277 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарын амьдарч байгаа газартай давхцуулан олгосон хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 890 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Э, Б.Б, Х.О, Н.Д, Ц.У, С.Г, Ч.М, Б.А, Б.Б нарын 9 иргэнээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” А/1277 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарын амьдарч байгаа газар /тус бүр 700 м.кв/-тай давхцалтай хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            “...3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах ёстой. Маргаан бүхий А/1277 дугаар захирамж 2019 онд гарсан. Нэхэмжлэгч нар 2020 оноос хойш удаа дараа хариу авч байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Гэтэл шүүх “төөрөгдүүлсэн” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлгүйгээр хүлээн авч, хуулийн хугацааг хэтрүүлсэн байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь процессын алдаа юм.

            3.2. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т зааснаар газар эзэмших эрх зөвхөн хүчин төгөлдөр гэрчилгээгээр баталгааждаг. Нэхэмжлэгч нар нь тухайн газарт дур мэдэн буусан, хууль ёсны эзэмших эрхгүй этгээдүүд юм. Шүүх “2012 оноос хойш амьдарсан” гэх нөхцөл байдлыг Газрын тухай хуулиас дээгүүр тавьж, хууль бусаар газар ашиглаж буй этгээдүүдийн ашиг сонирхлыг хамгаалж шийдвэр гаргасан нь “хууль дээдлэх” зарчимд нийцэхгүй байна.

            3.3. Маргаан бүхий газар нь ЧДЗДТГ-т “Мод үржүүлэг, амралт сувилал”-ын зориулалтаар буюу нийтийн ашиг сонирхлын төлөө олгогдсон. Шүүх шийдвэртээ “төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй болох нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь өрөөсгөл юм. Төрийн байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай газрыг эзэмших нь хуулиар олгогдсон эрх бөгөөд үүнийг иргэдийн зөвшөөрөлгүй газар ашиглалттай давхцуулж болохгүй.

            3.4. Шүүх Газрын тухай хуулийн 4.1.3-т заасан шударга ёсны зарчмыг баримтлахдаа хууль бусаар газар дээр буусан үйлдлийг зөвтгөж ашиглалаа. Шударга ёс гэдэг нь хууль дагаж буй этгээдэд ээлтэй байхыг хэлэх болохоос бус, хууль зөрчиж дур мэдэн хашаа хатгасан үйлдлийг баталгаажуулах үндэслэл болохгүй.

            Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг дутуу үнэлж, Газрын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 890 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Хавтаст хэрэгт баримтуудаас үзэхэд анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/45 дугаар захирамжаар тус дүүргийн 16 дугаар хороо, Согоотын аманд Мод үржүүлэг, амралт зугаалгын бүс, цанын баазын зориулалт бүхий 809625 м.кв газрыг ЧДЗДТГ-т эзэмшүүлсэн, мөн нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/391 дүгээр захирамжаар амралтын газрын зориулалтаар тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт 545509 м.кв газрыг эзэмшүүлсэн байх бөгөөд нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1277 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт амралтын газрын зориулалтаар ЧДЗДТГ-т эзэмшүүлсэн 545509 м.кв газрыг амралт, сувиллын зориулалтаар 12000 м.кв газар, мод үржүүлгийн зориулалтаар 533509 м.кв газар болгон хуваан газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалтыг өөрчилж 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн болох нь тогтоогдож байна.

2.2. Нэхэмжлэгч Д.Э, Б.Б, Х.О, Н.Д, Ц.У, С.Г, Ч.М, Б.А, Б.Б нараас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1277 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарын амьдарч байгаа газартай давхцуулан олгосон хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “бидний 9 айл 2012 оноос хойш Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоот гудамжны ..... хаяг дээр одоогоор “Х” хайрхан амралтын ард байрлах газар өнөөдрийг хүртэл нийт 11 жил оршин сууж байгаа, ... 11 жилийн хугацаанд оршин сууж байгаа газрыг өөрийн болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр эрхийг баталгаажуулах тал дээр  удаа дараалан холбогдох Засаг захиргааны нэгжийн удирдлагуудад өргөдөл хүсэлт гаргаж байсан, ... харамсалтай нь удаа дараалан өргөдөл өгч байсан боловч хариуцах эзэн байхгүй олон дарга солигдож мөн 2013-2015 онуудад шинээр газар олгохгүй гэсэн тогтоол гаргасан мөртлөө 2015 онд Чингэлтэй дүүргийн Тамгын газар гэрчилгээ авсан байсан...” гэж тайлбарлан маргажээ.

2.3. Анхан шатны шүүхийн хувьд “... нэхэмжлэгч Д.Э нарын 9 иргэн нь маргаан бүхий газарт ЧДЗДТГ-т газар эзэмшүүлсэн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/45 дугаар захирамжаас цаг хугацааны хувьд өмнө буюу 2010 оноос, лавтай тогтоогдож байгаагаар 2012 оноос амьдарч эхэлсэн болох нь .... тогтоогдож байна, хариуцагч нь маргаан бүхий газар дээр очиж бодит нөхцөл байдалтай танилцан хээрийн судалдаа хийлгүйгээр гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд нийцэхгүй, ... Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаас үзэхэд, төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газар гэж тодотгон хуульчилсан байх ба нэхэмжлэгч нарын амьдарч буй газар нь төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газар болох нь тогтоогдохгүй байна...” гэж хэрэгт цугларсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1277 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарын амьдарч байгаа газартай давхцуулан олгосон хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

2.4. Хэдийгээр нэхэмжлэгч иргэдийн хувьд маргаан бүхий газруудыг Газрын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу хууль ёсоор эзэмшээгүй боловч уг газрыг 2010 оноос хойш хашаалж, гэр, байшин барьж амьдарч ирсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан агаар сансрын зураг болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгийн тэмдэглэл болон фото зургуудаар хангалттай нотлогдож байгаа энэ тохиолдолд хариуцагчаас гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ өргөдөл гаргасан газар нь бусдын бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа газар, үл хөдлөх хөрөнгөтэй давхцаж буй эсэхийг тодруулахгүйгээр ийнхүү эзэмшүүлсэн нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 2.1-д “Эрхийн гэрчилгээг олгоход дараах үйл ажиллагаа хийгдэнэ. Үүнд”, 2.1.3-д “Хээрийн судалгаа хийх”, 6.1-д “Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийгээд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь очиж хээрийн судалгаа хийнэ”, 6.2-т “Хээрийн судалгаагаар дараах үйл ажиллагаа хийгдэнэ. Үүнд:”, 6.2.2-т “Бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг тодруулах” гэснийг тус тус зөрчжээ.

2.5. Нөгөөтээгүүр, төрийн байгууллагад газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33.1.1-д зааснаар “төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд” зориулан газар эзэмшүүлж болохоор заасан бөгөөд ингэхдээ төсөвт байгууллагын хуулиар хүлээлгэсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь зориулан газар эзэмшүүлэх ёстой байтал гуравдагч этгээдийн хувьд маргаан бүхий газар дээр “Х” гэх нэртэй ашгийн төлөө, амралтын газар ажиллуулж байгаа нь нийтэд илэрхий үйл баримт байхаас гадна амралтын газар ажиллуулж, ашгийн төлөө бизнесийн үйл ажиллагаа эрхлэх нь ЧДЗДТГ-ын газрын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэгт хамаарахгүй, түүнд тухайн газрыг эзэмшүүлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлага бий болсон гэж үзэх үндэслэлгүй байхад маргаан бүхий актаар ЧДЗДТГ-т газар эзэмшүүлсэн нь дээрх хуульд нийцэхгүй, мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангагүй орхихоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 890 дүгээр дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                            А.САРАНГЭРЭЛ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Н.ХОНИНХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН