Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/127

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


            Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн, 
             Улсын яллагч Ц.Нэргүй,
         Шүүгдэгч Ц.Мэндбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ноён хутагт овогт Цэндсүрэнгийн Мэндбаярт холбогдох 2326001750152 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв. 

             Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах “Энгүүн говь” ХХК-д өөрөө буулгагчийн оператор ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Богд сумын 7-р багийн Арц 2-6-80 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ноён хутагт овогт Цэндсүрэнгийн Мэндбаяр /РД:ЙД87102511/.

           Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Ц.Мэндбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

    Гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч Ц.Мэндбаяр нь 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 7-р багийн Арц хорооллын 1-4 тоотод байрлах гэртээ хохирогч Г.Цэрэнчимэдийн нүүр тус газарт нь 15 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь “биед доод уруулд шарх, баруун нүдний зовхи, хонгонд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 хуудас/, хохирогч Г.Цэрэнчимэдийн “...2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 17-18 цагийн үед найз Ц.Мэндбаярын гэрт Мэндбаяр, түүний эхнэр Очирдулам нарын хамт 2,5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво 5-6 савыг уусан. Мэндбаяр бид хоёр гар утсан дээрээ покер татаж тоглох гэтэл огт татагдахгүй байсан. Тэгээд Мэндбаяр чи миний утсанд яагаад покер татаж өгөхгүй байна вэ гээд уурлаад байсан. Тухайн үед согтуу байсан болохоор хэлсэн үгийг нь сайн санахгүй байна. Тэгээд Мэндбаяр бид хоёр барилцаж аваад гэрээс нь гарахад Мэндбаярын эхнэр Очирдулам миний цамцны захаас татаад намайг унагаасан. Тэгээд Мэндбаяр миний дээр гараад миний нүүр тус газар 10-15 удаа цохисон. Би арай хийж Мэндбаярын доороос гараа мулталж аваад Мэндбаярыг түлхээд Мэндбаярт хандаж чи найз найз гэчхээд намайг ингэж зодоод байхдаа яахав дээ гэж хэлээд гэрээс нь гараад явсан. ...Тэгээд эхнэр Даваасүрэн намайг дагуулаад сумын эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр ирэхэд эмч Бямбасүрэн байсан. Бямбасүрэн эмч уруулд чинь оёдол тавина гээд сумын цагдаа руу залгасан. Тэгээд удалгүй сумын цагдаагийн тасгийн дарга Ц.Отгон, хэв журмын цагдаа Б.Дорждагва нар ирээд надаас юу болсон талаар асуусан. Тэгээд Бямбасүрэн эмч миний доод уруул хэсэгт 4 оёдол тавьсан. ... Мэндбаяр урд өмнө нь намайг цохиж зодсон асуудал байхгүй. Толгой, доод уруул өвдөж байна. Миний доод үүдэн 3 шүд хөдөлсөн. Миний хоёр шанаа хавдсан. Баруун нүд хөхөрч хавдсан” гэсэн мэдүүлэг /хх-14-15/, гэрч Б.Дорждагвын “...2023 оны 05 дугаар сарын 13-ны орой 21 цагийн үед Богд сумын Эрүүл мэндийн төвийн эмч Бямбасүрэн нь 99037337 дугаараас мэдэгдэхдээ манай эмнэлэгт хүнд зодуулсан хүн ирсэн, оёдол тавих шаардлагатай гэж дуудлага өгсөн. Дуудлага мэдээллийн дагуу ирэхэд “иргэн Г.Цэрэнчимэд би найз Мэндбаярт зодуулсан” гэж хэлсэн. Эмч Бямбасүрэн доод уруул хэсэгт 2 газарт нийт 4 оёдол тавьсан. Тэгээд Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын 7032102 тоот утсанд залгаж мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /хх-5/, гэрч Ц.Даваасүрэнгийн “...Би 2023 оны 05 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед гэртээ 3 хүүхдийн хамт байхад манай нөхөр Цэрэнчимэд хүнд зодуулсан байдалтай орж ирсэн. Тухайн үед манай нөхөр Цэрэнчимэдийн доод уруул нь язарсан, 2 шанаа нь хавдсан, баруун нүд нь хөхөрсөн байдалтай хувцас нь нил шороо болсон байсан. Би нөхөртөө хандаж чи хэнд зодуулсан юм бэ гэж асуухад манай нөхөр Цэрэнчимэд манай найз Мэндбаяр эхнэртэйгээ нийлээд намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд би Цэрэнчимэдийг аваад эмнэлэг явсан. Эмнэлэг дээр ирэхэд эмч Бямбасүрэн, сувилагч Баярсайхан нар байсан. Бямбасүрэн эмч манай нөхрийг үзээд оёдол тавина, цагдаад заавал мэдэгдэнэ гээд цагдаад мэдэгдсэн. ... Манай нөхөрт Бямбасүрэн эмч доод уруул хэсэгт 2 газарт нийт 4 оёдол тавьсан” гэсэн мэдүүлэг /хх-6/, Хохирогч Г.Цэрэнчимэдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 258 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-27-28/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

    Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

    Шүүгдэгч Ц.Мэндбаяр нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

    Энэ хэргийн улмаас хохирогч Г.Цэрэнчимэд нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Ц.Мэндбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

    Эрүүгийн хариуцлагын талаар:

    Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000  /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    Иймд шүүгдэгч Ноён хутагт овогт Цэндсүрэнгийн Мэндбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000  /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мэндбаяр нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, 

 Шүүгдэгч Ц.Мэндбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Цэрэнчимэд нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мэндбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,  

Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мэндбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ноён хутагт овогт Цэндсүрэнгийн Мэндбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ноён хутагт овогт Цэндсүрэнгийн Мэндбаярыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мэндбаяр нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Мэндбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Дэмбэрэлнямбуу нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мэндбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

    7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мэндбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.МАНДАХБАЯР