Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                              

            Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Багахангай дүүргийн 2 дугаар хороо, 3 дугаар гудамжны 29 тоотод оршин суух, Боржигон овогт Р.Б /РД: /-ийн нэхэмжлэлтэй

 

Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.        

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Р.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1963 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Рэнчиндоржийн 2 дахь хүү болон төрж,1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Монголын Төмөр зам ТӨХК-д ажилд ороод 1983 онд цэргийн алба хаасан. Монголын Төмөр зам ТӨХК-д замын тор засагчаар 1986 оны 7 дугаар сараас дахин ажилд орж, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Тэтгэвэрт гарах нас болоод Багахангай дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандахад баримт бичигт эцгийн нэрийг Рэнцэндорж гэж зөрүүтэй бичсэн байсан. Ийм учир тэтгэвэр тогтоолгох боломжгүй, шүүхэд ханд гэсэн тул намайг Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.

           

            Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                 

 ҮНДЭСЛЭХ НЬ:

           

            Нэхэмжлэгч Боржигон овогт Р.Б нь өндөр насны тэтгэвэрт гарах зорилгоор нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн эсэхийг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин газрын... шүүхэд гаргана” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Багахангай дүүргийн 2-р хороо, Хөдөө 3 гудамж, 29 тоотод оршин суух газрын шүүхэд гаргах эрхтэй байна.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2.4-т “эрх олгосон ямар нэгэн баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэж тогтоохоор зохицуулсан.

             

            Нэхэмжлэгч  Р.Бд олгосон иргэний үнэмлэхэд Р.Б нэрээр, 1995 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 362458 дугаартай,  2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 362458 дугаартай болон 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр олгосон нийгмийн даатгалын дэвтэрт түүний эцгийн нэрийг Рэнцэндорж гэж зөрүүтэй бичигдсэн болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа, Багахангай дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 258 дугаар албан бичиг, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Улаанбаатар төмөр замын СХ-ийн 2 дугаар ангийн даргын 1979 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 420 дугаар тушаалын хуулбар, мөн  даргын 1983 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 370 дугаар тушаалын хуулбар, 2003 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангийн даргын 22 дугаар “Мэргэжлийн зэрэг нэмэх тухай” тушаал болон нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

               

            Мөн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч С.Дандарбаатар, Л.Болорчимэг нарын ...нэхэмжлэгчийн эцгийн нэрийг Рэнчиндорж өөрийн нэрийг Р.Б гэдэг, түүнтэй 1990 оноос өнөөдрийг хүртэл хамт ажиллаж байсан... гэх мэдүүлгүүд нотолно.

 

            Иймд шүүх 1995 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 362458 дугаартай,  2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 362458 дугаартай болон 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Рэнцэндоржийн Р.Бд олгосон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Боржигон овогт Р.Б /РД:НВ63062419/ мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

           

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төвсийн орлогод үлдээж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

           

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4.-т зааснаар Рэнцэндоржийн Р.Бд 1995 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 362458 дугаартай,  2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 362458 дугаартай болон 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр олгосон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Боржигон овогт Р.Б /РД:НВ63062419/ мөн болохыг тогтоосугай. 

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай. 

  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

           

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                      Л.НАРАНГЭРЭЛ