Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 12

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй, 

Шүүх хуралдаанд:

Прокурор                                          Д.Сүрэнхор

Шүүгдэгч                                           Э.А , Б.Ж , Б.Р

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Э.Цэнгүүн, Г.Энхбаяр, П.Ган-Очир

Нарийн бичгийн дарга                  Т.Б  нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолтой Э.А , Б.Ж , Б.Р  нарт холбогдох 1915002780142 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Ж , иргэний нэхэмжлэгч Ц.Э , шүүгдэгч Э.А ын өмгөөлөгч Э.Цэнгүүн, шүүгдэгч Б.Р ийн өмгөөлөгч Г.Энхбаяр нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, аав, ээж, эгчийн хамт Архангай аймгийн ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э.А .

Монгол улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, хурдан морь уядаг, ам бүл 5, аав, ээж, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын ... оршин суух, урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1416/А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоосон, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 164 дугаартай захирамжаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил, 5 сар, 16 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, А овогт Б.Ж .

Монгол улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт Архангай аймгийн ... оршин суух, Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Архангай аймгийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 371 дугаартай тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон,  Ө  овогт Б.Р .

Шүүгдэгч Э.А , Б.Ж , Б.Р  нар нь бүлэглэж, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Булган аймгийн Могод сумын ... гэх газраас иргэн П.С ы 13 тооны адууг хулгайлж, 12.800.000 төгрөгийг хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Ж  нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын ... гэх газраас иргэн Х.Г ий 108 тооны хонь, 7 тооны ямааг хулгайлж, 10.010.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор

1. Шүүгдэгч Б овогт Э.А , А овогт Б.Ж , Ө  овогт Б.Р  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А , Б.Р  нарыг 1 /нэг/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж ийг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А , Б.Р  нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг, шүүгдэгч Б.Ж өд оногдуулсан 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгуулагад тус тус эдлүүлж,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж ийн цагдан хоригдсон 128 /нэг зуун хорин найм/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

5. Энэ хэрэгт шүүгдэгч Э.А , Б.Р  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 5/13 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож,  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** АРА улсын дугаартай “Bongo-3” маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Э.А аас албадан гаргуулж улсын орлого болгож,

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Ж өөс  12620000 /арван хоёр сая зургаан зуун хорин мянга/ төгрөг гаргуулахаас 2870000 /хоёр сая найман зуун далан мянга/ төгрөгийг  хохирогч П.С д, 9720000 /есөн сая долоон зуун хорин мянга/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Э т, 30000 /гучин мянга/ төгрөгийг  “Т” ХХК-д тус тус олгож, иргэний нэхэмжлэгч Ц.Э ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.А , Б.Р  нар нь хохирогч П.С д, шүүгдэгч Б.Ж  нь хохирогч Х.Г д төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж,

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А , Б.Р  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих байранд цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Б.Ж өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлж,

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэжлэгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.А , Б.Ж , Б.Р  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ж  давж заалдах гомдолдоо: “...Би С ы зургаан адууг хулгайлж авахад Э.А , Б.Р  нартай хамт хийгээгүй, адуу хөөж ирэхэд би ганцаараа явсан. Мөн Р оор адуу ачих унаа олоод өг гэж л дагуулж хөдөө гарч явсан. А ыг би хөлсөөр нь авч явсан. Хулгайн адуу гэдгийг 6 дугаар сард хэлсэн. Мөн би 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын ... гэх газраас Г ы 108 тооны хонь, 7 тооны ямааг хулгайлж Эмээлт зах дээр мал, мах авдаг Э гэх хүнд 9720000 төгрөгөөр зарж борлуулсан. Төв аймгийн Цагдаагийн газар байцаагдаж байх хугацаандаа Э ченжид 1500000 төгрөгийг банкаар мөн 2000000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо ченжид 6220000 төгрөгийг төлж барагдуулна. Мөн адууны эзэн болох С д нийтдээ 4370000 төгрөг өгснөөс анхан шатны шүүх хурлаас өмнө 1500000 төгрөгийг банкаар шилжүүлж өгсөн. Одоо үлдэгдэл 2870000 төгрөгийг төлж барагдуулна. Анхан шатны шүүх намайг А , Р  нартай бүлэглэн С ы адууг хулгайлж зарж борлуулсан гэж ялласан. Би С ы зургаан адууг авсан гэхдээ А , Р  нартай бүлэглэн хулгай хийгээгүй. Мөн иргэний нэхэмжлэгч Эт хохирлын мөнгө 3500000 төгрөг төлсөн байхад төлөөгүй гэж дахин 9720000 төгрөгийг төлж барагдуулна гэж үзсэн байна. Хохирогч нарт хохирлыг нь төлж барагдуулна, ялыг минь хөнгөлж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Э.А ын өмгөөлөгч Э.Цэнгүүн давж заалдах гомдолдоо: “....Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах 2 үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн хэмээн дүгнэж, ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатын шүүх шийтгэх тогтоолдоо “Шүүгдэгч Э.А , Б.Ж , Б.Р  нар нь бүлэглэж, 2018 оны 12 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Булган аймгийн Могод сумын 2 дугаар багийн Их хужирт гэх газраас иргэн П.С ы 13 тооны адууг хулгайлсан... хууль зүйн факт нотлогдож, тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн байна. Учир нь Булган аймгийн Могод сумын нутаг дэвсгэрээс иргэн П.С ы 13 тооны адууг шүүгдэгч Э.А , Б.Р  нар хулгайлсан үйл баримт болсон асуудал огт байхгүй. Түүгээр ч зогсохгүй шүүгдэгч Э.А , Б.Р  нар Булган аймгийн Могод сумын нутаг дэвсгэрт очсон зүйл байхгүй. Үүнээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасан “Бүлэглэж гүйцэтгэсэн” гэдэг нь няцаагдаж байна. Уг 13 тооны адууг шүүгдэгч Б.Ж ганцаараа Булган аймгийн Могод сумын нутаг дэвсгэрээс хулгайлж, Архангай аймгийн Өлзийт сум хүртэл буюу нийт 40-50 орчим км зайд тууж, айлын хаваржаанд хашсан үйл баримт болсон байна. Энэ үйл баримтаар уг гэмт хэрэг төгссөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “Уг адуунуудыг эзэнгүй хашаанд хашсан үеэс эхэлж шүүгдэгч Э.А , Б.Р  нар үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэж гүйцэтгэсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцэхгүй, өөрөөр хэлбэл хэрэг учрал болсон үйл баримтаас зөрүүтэй дүгнэсэн байна. Учир нь шүүгдэгч Э.А , Б.Р  нар нь адуунуудыг ачихдаа хулгайн мал гэдгийг мэдэх боломжгүйгээр шүүгдэгч Б.Ж ийн өөрийнх нь мал гэдэгт итгэсэн, бодитойгоор төөрөгдсөн байна. Хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаар шүүгдэгч Э.А , Б.Р  нар хулгайн мал гэдгийг мэдэлгүйгээр шүүгдэгч Б.Ж ийн “миний адуунаад байгаа юм” гэж хэлсэнд нь итгэсэн, бодитойгоор төөрөгдсөн нөхцөл байдал болсон байхад анхан шатны шүүх уг адуунуудыг “хашсан, ачсан” үеэс үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэсэн хэмээн хулгайн мал гэдгийг мэдэж байсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй, гэмт хэргийн бодит байдлаас эрс зөрүүтэй байна. Харин шүүгдэгч Э.А  нь хулгайн мал гэдгийг нь сүүлд нь мэдсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэргийг шинжийг хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.А ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ...түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан...” гэсэн “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг илүү хангаж байна. Дээрх нөхцөл байдлууд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэсэн” гэдэг нь үгүйсгэгдэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “үргэлжилсэн нэг гэмт хэрэг” гэж үзэх үндэслэлгүй. “Үргэлжилсэн нэг гэмт хэрэг” гэдэг нь нэг төрлийн гэмт хэргийг хэд хэдэн удаа үйлдсэн байхыг ойлгоно. Өөрөөр хэлбэл хохирогч П.С ы малыг хулгайлахаас гадна өөр айлын малыг үргэлжлүүлэн хулгайлсан үйлдлийг ойлгоно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг нь гэмт хэргийн сэдэлт, санаа, зорилгын хувьд “санаатай” үйлдсэн байхыг шаарддаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж заасан. Шүүгдэгч Э.А ын хувьд мал хулгайлах гэмт хэргийг санаатай үйлдсэн буюу гэм буруугийн санаатай хэлбэр байхгүй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар **-** АРА улсын дугаартай “Вопдо 3” маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Э.А ын нэр дээр байгаа боловч уг тээврийн хэрэгслийн иргэний нэхэмжлэгч Ц.Э ын өөрөөсөө үнийг нь төлж худалдаж авсан, мөн худалдаж авах үед иргэний үнэмлэхгүй байсан учир шүүгдэгч Э.А ын нэр дээр шилжүүлж худалдаж авсан бөгөөд энэ нөхцөл байдлыг анхан шатын шүүх анхаарч үзэлгүй, бусдын өмчлөх эрхэнд халдсан, бусдын өмлөх эрхийг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжпэгч Ц.Э  нь Иргэний хуульд зааснаар “шударга эзэмшигч” юм. Уг тээврийн хэрэгсэл шүүгдэгч Э.А ын нэр дээр байгаа боловч тээврийн хэрэгслийн үнэ төлбөрийг иргэний нэхэмжлэгч Ц.Э  хувиасаа төлж, худалдаж авсан байдаг. Энэ талаар шүүгдэгч Э.А  гэрчээр болон яллагдагчаар, иргэний нэхэмжлэгч Ц.Э  гэрчээр болон иргэний нэхэмжпэгчээр мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн. Дээрх мэдүүлгүүд хууль сануулж авсан, үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой. Анхан шатны шүүх уг тээврийн хэрэгслийг улсын орлого болгож шийдвэрлэсэн нь Үндсэн хууль болон Иргэний хуулиар олгогдсон бусдын өмчлөх эрхэнд халдсан, өмчлөх эрхийг зөрчсөн байна. Мөн иргэний нэхэмжлэгч Ц.Э  уг тээврийн хэрэгслийг худалдаж авч, өөрөөсөө үнэ төлбөрийг нь төлсөн байхад улсын орлого болгож байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Нөгөө утгаараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...” гээд улсын орлого болгох зорилго, юунд зарцуулах шалтгааныг нь тодорхойлсон. Шүүгдэгч Э.А ын хувьд хохирогч П.С д хохирол төлбөрийг нь төлж барагдуулж, бусдад төлөх төлбөргүй болсон байхад уг тээврийн хэрэгслийг улсын орлого болгож шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтаас эрс зөрүүтэй байна. Анхан шатны шүүх хуульд заагаагүй асуудлыг практик хэмээн тайлбарлаж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна. Хуулиас илүү практик гэж байхгүй. Мөн уг тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжпэгч Ц.Э ын гэр бүлийн амжиргаагаа залгуулдаг ганц эх үүсвэр нь бөгөөд энэ нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан болгож буцаан олгохыг хүсэж байна.

Дээр дурьдсан бүхий нөхцөл байдлуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэлтэй байх учир мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А ад холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж өөрчилж, мөн тээврийн хэрэгслийг тухайн эд хөрөнгийн шударга эзэмшигч, өмчлөгч болох иргэний нэхэмжпэгч Ц.Э д буцаан олгож өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Б.Р ийн өмгөөлөгч Г.Энхбаяр давж заалдах гомдолдоо: “...Шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь 2018 оны 12 сарын сүүлчээр Булган аймгийн Могод сумын Хужиртын эх гэдэг газраас Ж  С ы адуу тууж ирж Өлзийт суманд авчраад тухайн адуугаа хашчихаад сумын төв рүү орж Р той Ж  уулзсан үйл явдал тогтоогдсон бөгөөд Ж  нь С ы адууг бэлчээрээс нь ганцаараа тууж авч ирж хашсан үйлдлээр түүний үйлдэл төгссөн байхад Р ийг энэ үйлдэлтэй нь хамаатуулж яллаж байгаа нь хуулийг буруу хэрэглэж буй үйлдэл байна. Олон тооны малыг хашсан үйлдэл Р ид хамааралгүй, Ж  уг адууг хашсаны дараа Р  ирж байгаа. Ялгамжтай зүйлчлэгдэх учиртай. Хууль хэрэглээн дээр алдаа байгаа учир зүйлчлэлийг зөвтгүүлж шийдүүлэхээр гомдол гаргаж байна…” гэжээ.

Иргэний нэхэмжлэгч Ц.Э  давж заалдах гомдолдоо: “...**-** АРА улсын дугаартай “Бонго 3” маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, миний Үндсэн хууль болон Иргэний хуулиар олгогдсон өмчлөх эрхэнд халдаж байна. Учир нь тухайн тээврийн хэрэгсэл Э.А ын нэр дээр байдаг боловч уг тээврийн хэрэгслийн үнэ төлбөрийг би төлж, худалдаж авсан. Уг тээврийн хэрэгслийг худалдаж авах үед би иргэний үнэмлэхгүй байсан учир Э.А ын нэр дээр авсан юм. Уг тээврийн хэрэгслийн шударга эзэмшигч, өмчлөгч нь би юм. Би тээврийн хэрэгслийг өөрийнхөө эзэмшлийнх гэдгээ үнэн зөвөөр, хууль сануулж, гэрчээр болон иргэний нэхэмжпэгчээр мэдүүлэг өгсөн. Мөн Э.А  ч мэдүүлэг өгсөн. Миний болон Э.А ын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй байгаа нь учир дутагдалтай байна. Анхан шатны шүүх зөвхөн тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэний нэр дээр байгаа вэ гэдгээр нь дүгнэж шийдвэрлэсэн нь буруу, хууль зүйн үндэслэлгүй байна. Би уг тээврийн хэрэгслийг 14 сая төгрөгөөр худалдаж авч, өөрөөсөө мөнгийг нь төлсөн байхад анхан шатны шүүх миний өмчлөх эрхэнд халдаж, намайг хохироож байгаад гомдолтой байна. Нөгөөтэйгүүр уг тээврийн хэрэгслээр манай гэр бүл амьдралаа залгуулдаг, манай гэр бүлийн амжиргааны эх үүсвэр юм. Ийм учраас тээврийн хэрэгслээ нэхэмжилж байна. Тээврийн хэрэгслийг надад буцаан олгож өгнө үү...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ж , иргэний нэхэмжлэгч Ц.Э , шүүгдэгч Э.А ын өмгөөлөгч Э.Цэнгүүн, шүүгдэгч Б.Р ийн өмгөөлөгч Г.Энхбаяр нарын давж заалдах гомдлыг үндэслэн Э.А , Б.Р , Б.Ж  нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзэв.

Шүүгдэгч Э.А , Б.Р , Б.Ж  нар нь бүлэглэж, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Булган аймгийн Могод сумын 2 дугаар багийн Их хужирт гэх газраас иргэн П.С ы 13 тооны адууг хулгайлж, 12.800.000 төгрөгийг хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Ж  нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын ... гэх газраас иргэн Х.Г ий 108 тооны хонь, 7 тооны ямааг хулгайлж, 10.010.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч П.С , Х.Г  болон гэрч Ц.Э , Э.Ц , М.Б , С.Б , А.Т , иргэний нэхэмжлэгч Б.Э  нарын мэдүүлэг, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 Шүүгдэгч Э.А , Б.Р , Б.Ж  нарын бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж, энэ хэрэгт Э.А , Б.Р , Б.Ж  нарыг гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байх бөгөөд тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн болон нөлөөлж болохуйц нөхцөл байдал, зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Ж ийн “...Би С ы зургаан адууг хулгайлж авахад Э.А , Б.Р  нартай хамт хийгээгүй, адуу хөөж ирэхэд би ганцаараа явсан. Мөн Р оор адуу ачих унаа олоод өг гэж л дагуулж хөдөө гарч явсан. А ыг би хөлсөөр нь авч явсан. Би С ы зургаан адууг авсан гэхдээ А , Р  нартай бүлэглэн хулгай хийгээгүй...” гэх,

Шүүгдэгч Б.Р ийн өмгөөлөгч Г.Энхбаяр “...Ж  нь С ы адууг бэлчээрээс нь ганцаараа тууж авч ирж хашсан үйлдлээр түүний үйлдэл төгссөн байхад Р ийг энэ үйлдэлтэй нь хамаатуулж яллаж байгаа нь хуулийг буруу хэрэглэж буй үйлдэл байна... “ гэх

Иргэний нэхэмжлэгч Ц.Э  “...тээврийн хэрэгсэл Э.А ын нэр дээр байдаг боловч уг тээврийн хэрэгслийн үнэ төлбөрийг би төлж, худалдаж авсан. Уг тээврийн хэрэгслийг худалдаж авах үед би иргэний үнэмлэхгүй байсан учир Э.А ын нэр дээр авсан юм. Уг тээврийн хэрэгслийн шударга эзэмшигч, өмчлөгч нь би юм...” гэх давж заалдах гомдол гаргажээ.

Хохирогч П.С ы “...Манай хүү З  Өлзийт сумын Ж , Д , А  нар нь ачиж зарж борлуулсан байж магадгүй гэж сураг сонсож ирсэн. Тэгээд Ж  гэх залуугийн аав Болдтой утсаар яриад манайх адуугаа алдсан танай хүү Ж  авсан гэнэ гэхэд эхлээд мэдэхгүй гээд байсан дараа нь манай хүү Ж  авсан гэнэ цагдаа сэргийлэхгүйгээр доогуур ньтөлье гэж хэлсэн...” гэх,

Гэрч М.Б ийн “...Манай сумын иргэн Болд гэх хүн над руу залгаад Ж , Д , А  гурав хүний адуу мал авсан гэнэ. Хэдүүлээ хүүхдүүддээ хэлээд төлье гэж хэлсэн. Тэгэхээр нь тийм зүйл болсон бол төлнө гэж хэлсэн... Д  руу залгаж юун адуу мал хулгайлсан юм бэ гэж асуухад тийм би авсан юм аа гэсэн...” гэх,

Гэрч А.Т ы “...А  надад бага адууг 450000 төгрөг, том адууг 900000 төгөргөөр бодоод өгчихмөөр байна. Дахиад цаана нь 10 гаран адуунууд байгаа. Бид нар хөдөөнөөс адуу цуглуулсан юм. Энэ эхний ачсан нь байгаа юм гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Э.А , Б.Р , Б.Ж  нар нь бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэлийн шударга эзэмшигч иргэний нэхэмжлэгч Ц.Э  гэж байгаа боловч хэрэгт авагдсан Авто тээврийн үндэсний төвийн дэлгэрэнгүй лавлагаагаар шүүгдэгч Э.А  нь **-** АРА улсын дугаартай “Бонго-3” тээврийн хэрэгсэлийн эзэмшигч нь байх тул улсын орлого болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Шүүгдэгч Б.Ж , иргэний нэхэмжлэгч Ц.Э , шүүгдэгч Э.А ын өмгөөлөгч Э.Цэнгүүн, шүүгдэгч Б.Р ийн өмгөөлөгч Г.Энхбаяр нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Ж , иргэний нэхэмжлэгч Ц.Э , шүүгдэгч Э.А ын өмгөөлөгч Э.Цэнгүүн, шүүгдэгч Б.Р ийн өмгөөлөгч Г.Энхбаяр нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.  

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.ХҮРЭЛБААТАР

                                           ШҮҮГЧИД                               С.ЦЭЦЭГМАА 

                                                                                     Ё.БЯМБАЦЭРЭН