Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2026/0148

 

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2026/0148

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Одмаа,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Б-,

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд Б.Б, Ч.Ж, М.Н, Ж.Г, Э.Н,

Нэхэмжлэлийн шаардлага: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасныг үндэслэн иргэн Д.Б-эд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар Усан тохой задгайн 2*** тоотод байрлах нэгж талбарын 1865***дугаартай 3542 м.кв газрыг эзэмшүүлэх захирамж гаргахгүй татгалзаж байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн Д.Б-эд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар Усан тохой задгайн 2*** тоотод байрлах нэгж талбарын 1865***дугаартай 3542 м.кв газрыг олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0966 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А,

гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г

гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч Б.Э,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул,

Хэргийн индекс: 128/2025/0876/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б-ээс анх шүүхэд хандан “Иргэн Д.Б-ийн анхлан шударгаар эзэмшин, газрын мэдээллийн санд өөрийн нэр дээр бүртгүүлсэн байсан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар Усан тохой задгайн 2*** тоотод байрлах нэгж талбарын 1865***дугаартай 3542 м.кв газрыг бусдад хууль бусаар эзэмшүүлсэн гэрчилгээг хүчингүй болгохгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар Усан тохой задгайн 2*** тоотод байрлах нэгж талбарын 1865***дугаартай 3542 м.кв газрыг иргэн Д.Б-эд олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасныг үндэслэн иргэн Д.Б-эд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар Усан тохой задгайн 2*** тоотод байрлах нэгж талбарын 1865***дугаартай 3542 м.кв газрыг эзэмшүүлэх захирамж гаргахгүй татгалзаж байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн Д.Б-эд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар Усан тохой задгайн 2*** тоотод байрлах нэгж талбарын 1865***дугаартай 3542 м.кв газрыг олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах” хэмээн эцэслэн тодорхойлсон.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0966 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-ээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасныг үндэслэн иргэн Д.Б-эд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар Усан тохой задгайн 2*** тоотод байрлах нэгж талбарын 1865***дугаартай 3542 м.кв газрыг эзэмшүүлэх захирамж гаргахгүй татгалзаж байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн Д.Б-эд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар Усан тохой задгайн 2*** тоотод байрлах нэгж талбарын 1865***дугаартай 3542 м.кв газрыг олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:

3.1 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: "Газар хуваах тухай дээрх хүсэлтийг шийдвэрлээгүй өнөөдрийг хүрсэн гэх агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлах боловч гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх олгосон шийдвэртэй холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул... эс үйлдэхүй тогтоогдохгүй гэж үзнэ" гэжээ.

Гэтэл нэхэмжлэгч нь “Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, хар усан тохой задгайн 2*** тоотод байрлах нэгж талбарын 1865***дугаартай 3542 м.кв газрыг бүхэлд нь хууль бусаар эзэмшүүлсэн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг гаргасаар байтал шүүх гуравдагч этгээдүүдийн газар эзэмших шийдвэртэй холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэж үзэж байгаа илт үндэслэл муутай байна.

3.2. "Нэгж талбарын 1865***дугаартай 3542 м.кв газрыг бүхэлд нь 2006 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс нэхэмжлэгч Д.Б-ийн нэр дээр газрын кадастрын зураг, мэдээллийн санд бүртгэлтэй байсан байх боловч Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т "Газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс тэгш байдлыг хангах", 27 дугаар зүйлийн 27.1-д "Газрыг энэ хуульд заасан зориулалт хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27.4-т "Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно" гэж заасан ба газар эзэмших харилцаа нь газар эзэмших тухай хүсэлтэд үндэслэхээр хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т зохицуулсан хуулийн зохицуулалтын дагуу Д.Б-ийг маргаан бүхий газрын эзэмшигч гэж үзэхээргүй байна" гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б- нь гэр бүлийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, хар усан тохой задгайн 2*** тоотод 3542 м.кв газрыг 2003 оноос хойш тус шүүхэд хандах хүртлээ газар эзэмших гэрчилгээ олгох хүсэлтийг удаа дараа гаргасан хэдий ч Улаанбаатар хотын усны ундарга буюу ус хангамжийн эх үүсвэрийн тэжээлийн дотоод мужийн хамгаалалтын бүсэд хамаарч байгаа учир газар эзэмших эрх олгох боломжгүй гэх хариуг байнга өгдөг талаарх баримт хэрэгт авагдсан. Мөн маргаан бүхий газрыг бодитоор эзэмшиж ашиглаж байсан бөгөөд гагцхүү газрын албанаас эзэмших эрхийн гэрчилгээ олгох боломжгүй гэсэн хариуг ирүүлснээр Д.Б-эд эзэмших эрх үүсэх боломжгүй байсныг харгалзаж үзээгүй байна.

Өөрөөр хэлбэл газрыг эзэмшиж болох нөхцөл шинээр бий болсон тохиолдолд Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.9-д "Иргэний үнэ төлбөргүй газар эзэмших хүсэлтийг өргөдлийн бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн дарааллын дагуу шийдвэрлэнэ" гэж заасны дагуу тэргүүн ээлжид маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй байсан талаар дүгнэлт өгөөгүй, үүнээс гадна 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/286 дугаар захирамжаар нэр бүхий 5 иргэнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон засаг даргын захирамж нь хуульд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт өгөөгүй орхигдуулсан.

3.3. Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2/3408 дугаар баримт, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар тус тус Усан сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалтай байх тухай нотлох баримтыг ирүүлсэн. Гэхдээ Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхацсан тохиолдолд газрыг эзэмшүүлэх боломжтой эсэх баримт хэрэгт авагдаагүй атал түүнийг харгалзалгүйгээр маргаан бүхий Засаг даргын захирамжийг зөвтгөж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр...”, 34.2-т "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасныг зөрчин зарим нотлох баримтыг үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хүн бүр шүүхийн өмнө эрх тэгш байх суурь зарчмыг хөндсөн нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэл муутай шийдвэр гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0966 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд,

 

          3.1. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой, задгай 2*** тоот хаягт байрлах нэгж талбарын 1865***дугаар бүхий 3542 м.кв газар анх 2006 онд Газрын кадастрын бүртгэлийн нэгдсэн санд нэхэмжлэгч Д.Б-ийн нэр дээр бүртгэгдсэн хэдий ч тухайн газрыг эзэмшүүлэх эрх бүхий этгээдийн шийдвэр гаргаагүй, гэрчилгээ олгогдоогүй.

          3.2. Нэхэмжлэгч нь 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн И Мёнг Сүг /Lee M Sk/-тэй “...Д.Б-ийн нэр дээр кадастрт бүртгэлтэй байгаа Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой гудамж, задгай 2*** тоотод байрлах газрын албанд бүртгэлгүй, 3542м.кв газрыг ашиглах, 165м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай улсын бүртгэлд бүртгүүлээгүй үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ мөн дээрх газрыг газрын эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр 40.000 ам.доллароор харилцан тохиролцсон” гэх агуулгатай хэлцэл байгуулж, холбогдох төлбөр тооцоог бүрэн дуусган, “...газар болон байшинг Ж.Г болон M Sk нарын эзэмшилд ашиглуулахыг үүрд хүлээн зөвшөөрч байна. Би энэ газар болон байшинг худалдсан тул өөрийн дураар зарж борлуулах, ашиглах, захиран зарцуулах эрхгүй болно” гэх агуулга бүхий “баталгаа” бичин, нотариатаар гэрчлүүлсэн.

          3.3. 2015 оны 12 дугаар сард нэхэмжлэгч Д.Б- нь Баянзүрх дүүргийн Газрын албанд хандан хүсэлт гаргасан талаарх баримт хэрэгт авагдсан боловч хүсэлт болон түүнд өгсөн хариу холбогдох баримтууд архивт хадгалагдаагүй. Өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэрт “газар хуваах” гэж тэмдэглэгдсэн бөгөөд хүсэлтийн хариуг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны мэргэжилтнээс 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 839 дугаартай Хариу өгөх мэдэгдлээр  “...Таны хүсэлт гаргасан байршил нь Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 169 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 95 тоот захирамжаар тогтоосон төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн тэжээлийн дотоод мужийн хамгаалалтын бүсэд хамаарч байгаа тул газар эзэмших эрх олгох боломжгүй” хэмээн өгсөн болох нь тус тус тогтоогдсон.

            4. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу газрын нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байх бөгөөд тухайн газрыг зөвхөн эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшихээр хуульчилсан.

5. Тухайн тохиолдолд тул маргаан бүхий 1865***нэгж талбарын дугаартай 3542 м.кв газар нь Газрын кадастрын мэдээллийн санд нэхэмжлэгч Д.Б-ийн нэр дээр анх 2006 онд анх бүртгэгдсэн ч хариуцагчаас тухайн газрыг эзэмшүүлсэн шийдвэр гараагүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээг олгоогүй, гэрээг байгуулаагүй.  

Нэхэмжлэгчээс 2015 оны 6 дугаар сард маргаан бүхий 3542м.кв газар болон түүн дээрх 165 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 40.000 ам.доллароор гуравдагч этгээд иргэн Ж.Г болон Lee M Sk нарт худалдан борлуулахаар гэрээ байгуулснаас хойш 2015 оны 12 дугаар сард Баянзүрх дүүргийн Газрын албанд хандан маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргасан. Улмаар хүсэлтийн хариуг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны мэргэжилтний 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 839 дугаар “Хариу өгөх мэдэгдэл”-ээр татгалзаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан 2015 оноос хойш захиргааны болон шүүхийн журмаар нэхэмжлэл гарган маргаагүй болох нь тогтоогдож байх энэ тохиолдолд анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгчийн хувьд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй.

            6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо дурдсан “...газрыг эзэмшиж болох нөхцөл шинээр бий болсон тохиолдолд Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.9-д "Иргэний үнэ төлбөргүй газар эзэмших хүсэлтийг өргөдлийн бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн дарааллын дагуу шийдвэрлэнэ" гэж заасны дагуу тэргүүн ээлжид маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй байсан талаар дүгнэлт өгөөгүй, үүнээс гадна 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/286 дугаар захирамжаар нэр бүхий 5 иргэнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон засаг даргын захирамж нь хуульд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт өгөөгүй орхигдуулсан” гэх зэрэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0966 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

     

                             ШҮҮГЧ                                                Ц.ОДМАА

 

                             ШҮҮГЧ                                                О.ОЮУНГЭРЭЛ

 

                             ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА