Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Занагийн Доржнамжин |
Хэргийн индекс | 102/2020/01687/И |
Дугаар | 102/ШШ2020/01782 |
Огноо | 2020-06-03 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2020/01782
2020 оны 06 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2020/01782 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Ж.Х-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БГДЭМТд холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ж.Х, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2005 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Дорноговь аймаг дахь харьяа сургуулийг хүний их эмчийн мэргэжлээр суралцан төгссөн, 2007-2008 онд улсын 3 дугаар эмнэлэгт мэс заслын эмчийн олгох курс, 2011 онд улсын төв 1 дүгээр эмнэлэгт хэвлийн хөндийн мэс заслаар мэргэжил дээшлүүлэх курс, 2012 онд БНСУ-ын Hyundai General hospital эмнэлэгт цээж, хэвлийн хөндийн дурангийн мэс заслын курс, 2014 онд Өргөө амаржих газарт эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын курс, 2015 онд Франц улсын Leon хотын дурангийн мэс заслын эмнэлэгт цээж, хэвлийн хөндийн таргалалтын эсрэг ходоодны хэмжээг багасгах дурангийн мэс заслын чиглэлээр тус тус нарийн мэргэжсэн. Би улсад тасралтгүй 14 жил ажилласнаас мэс заслын эмчээр 12 жил ажилласан, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хугацаагүй байгуулахаар харилцан тохиролцож баталгаажуулсан. Гэтэл 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/283 дугаар Эрүүл мэндийн төвийн даргын үүрэг гүйцэтгэгчийн тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, ажлаас чөлөөлсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/03105 тоот шийдвэрээр намайг ажилд нь эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинд 3 779 500 төгрөг олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхээр шийдвэрлэсэн. БГДЭМТийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/283 дугаартай хууль бус шийдвэрийн улмаас бодитоор хохирсон 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ажилдаа эргэн орох хүртэлх хугацааны нийт 2019 оны 11 дүгээр сарын 8 өдөр, 12 дугаар сарын 22 өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 15 өдөр нийт 45 өдөрт ногдох цалин хөлс 3 543 255 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.
Хариуцагч БГДЭМТийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай байгууллага Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/03105 дугаартай Ж.Хыг ажилд эргүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч давж заалдаагүй. Ажилдаа эргэн ороход нь ямар нэгэн байдлаар саад учруулаагүй болно. Ажилтан шүүхийн шийдвэрээр эргүүлэн тогтоогдсон ажилдаа эргэж орох эсэх нь өөрийнх нь эрх хэмжээний асуудал юм. Ж.Х нь шүүхээс ажилд эргүүлэн тогтоосон шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад ажилдаа ирээгүй болно. Харин манай байгууллага Ж.Хыг ажилдаа ирсэн үед ажлын байрыг нь саадгүй гаргаж өгсөн. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон цалинг олгосон болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шийдвэрээр Ж.Хыг ажилд нь эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гарсан, 2020 оны 01 сарын 23-ны өдөр ажилдаа ирсэн, 2020 оны 01 дүгээр сарын 17 хоногийн цалин орсон, 2019 онд үндсэн цалин 844,534 төгрөг, 2020 оны 01 сарын 01-ээс 912,417 төгрөг болсон, 2,190,413 төгрөгт зэргийн нэмэгдэл, хүнд хортой нөхцөл, удаан жилийн нэмэгдэл орсон, хоол, унааны мөнгө, илүү цагийн мөнгө ороогүй. Энэ хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Х нь хариуцагч БГДЭМТд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинд 3 543 255 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2019/03105 дугаар шийдвэрээр Ж.Хыг БГДЭМТийн мэс заслын их эмч, тасгийн эрхлэгчийн ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.
Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Ж.Х нь 2020 оны 01 сарын 23-ны өдөр ажилдаа орсон байх бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг шаардах эрхтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байна.
Ж.Хын ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар тооцож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 543 255 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах нь үндэстэй байна.
Нэхэмжлэгч Ж.Хын дээрх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг түүний 2019 онд авч байсан үндсэн цалин 844 534 төгрөгөөс тооцсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөн ажил олгогч байгууллага нь ажилтны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг сар тутам зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулах үүрэгтэй байдаг тул Ж.Хын дээрх ажилгүй байсан хугацааны шимтгэлийг зохих байгууллагуудад шилжүүлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71 642 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 71 642 төгрөгийг гаргуулан Ж.Хт олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан БГДЭМТөөс 3 543 255 /гурван сая таван зуун дөчин гурван мянга хоёр зуун тавин таван/ төгрөгийг гаргуулан Ж.Хт олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан Ж.Хын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагуудад шилжүүлэн, дэвтэрт нь нөхөн бичилт хийхийг БГДЭМТд даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71 642 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 71 642 /далан нэгэн мянга зургаан зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан Ж.Хт олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН