| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2020/01048/И |
| Дугаар | 102/ШШ2020/01847 |
| Огноо | 2020-06-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2020/01847
| 2020 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2020/01847 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Ө.З-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Б.С-т холбогдох,
10 753 950 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ө.З, өмгөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.И, гэрч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Б.С 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр надтай гэрээ хийж 7 000 000 төгрөгийг, 8 сар 21 хоногийн хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр дууссан боловч Б.С нь үндсэн зээлээс төлөлгүй, зээлийн хүүд 1 400 000 төгрөг төлсөн. Иймд Б.Саас үндсэн зээл 7 000 000 төгрөг, 21 хоногийн хүү 122 500 төгрөг, алданги 3 561 250 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг нийт 10 753 950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ө.З шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Анх 2013 оны 11 дүгээр 02-ны өдөр Б.С надаас 1 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлж авсан. 12 дугаар сарын 06-ны өдөр мөнгөө хүүгийн хамт өгсөн. Тэгээд дараа нь надад дахиад 4 500 000 хэрэгтэй байна гээд 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зээлээчээ гэж гуйсан. Тэгээд би 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй гэрээ хийж, 12 дугаар сарын 07-ны өдөр 1 000 000 төгрөгийг
бэлнээр, 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр аавынх нь дансанд 3 500 000 төгрөгийг дансаар шилжүүлж, 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нотариатаар батлуулаад зээлийн гэрээ хийсэн, 10 хувийн хүүтэй гэж ярилцаад орсон боловч таньдаг нотариат дээр нь хийсэн болохоор 5 хувийн хүүтэй гэрээ хийсэн байсан. Би тэрийг нь сүүлд мэдсэн. Дүү нь хамаг юмаа гээчихлээ гээд 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 600 000 төгрөг зээлээч гээд хамт ажилладаг Т гэдэг залуугийн дансаар шилжүүлж авсан. Би энэ 600 000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн, үүн дээр гэрээ хийгээгүй. Тэгээд мөнгө хааяа хийж байгаад Б.С ажлаасаа гарсан. Энэ хүмүүс нэг ч удаа мөнгө өгөхгүй гэж хэлж байгаагүй, ингэж өгнө, тэгж өгнө гэсээр байгаад 3 жил өнгөрөөд гэрээгээ сунгая гэдэг санал тавьсан. Тэгээд мөнгөө авъя гээд зээлийн гэрээгээ сунгах санал тавиад 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дахин зээлийн гэрээ хийсэн, Б.С, ээжтэй хамт ирээд энэ гэрээг байгуулсан. Энэ гэрээгээр нийт 5 100 000 төгрөг, үүнийг 2,5 хувийн хүүгээр бодож гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээгээр мөнгө аваагүй гэж хариу тайлбар гаргасан. Энэ гэрээ хийчхээд 7 000 000 төгрөгийн хүү 175 000 төгрөгийг л миний дансанд хийж байсан. Энэ зээлийн гэрээ хийгдэх болсон шалтгаан нь 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа дуусаж, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах гээд байсан учраас дахин зээлийн гэрээ байгуулсан ба би хариуцагч дээр очиж 5 347 000 төгрөгийг авсан. Үндсэн зээл 7 000 000, хүү 862 500, төлөх дүн 7 862 500 төгрөг төлөх байсан. Хуваарийн дагуу хасалт хийж буурах зарчмаар гэрээ хийсэн, 21 хоногийн хүүгийн үлдэгдэл үлдсэн, 1 сарын хүү нь 175 000 төгрөг, бусад хүүг нь төлсөн, 1 сарын 21 хоногоор тооцоход 122 500 төгрөг үлдсэн. Зээлийн гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулаад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр эхний төлөлтөө хийсэн. Энэ хугацааны хүүний мөнгө нь 122 500 төгрөг, зээлийн гэрээ 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 8 сар 21 хоногийн хугацаатай хийсэн, 8 сарынхаа хүүг авсан, илүү 21 хоногийн хүүнд 122 500 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд гаргасан тайлбартаа:Ө.З анх 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б.Ст 4 500 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй гэж зээлдүүлэхдээ 4 000 000 төгрөгийг Б.Ст өгөөд гэрээ байгуулагдсанаас хойш 2 хоногийн дараа буюу 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Б.Сын аав Батбаатарын Хаан банкны 5071093768 тоот дансанд 500 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үүнээс хойш Б.С нь Ө.Згаас нэг ч төгрөг аваагүй, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 7 000 000 төгрөгийн зээлийн гэрээ гэж байгуулж гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн ч гэсэн ямар ч мөнгө төгрөг авч өгөлцөөгүй байдаг. Дээрхи зээлийн гэрээний дагуу хүү нь хугацаанд нь төлж байсан ба өнөөдрийн байдлаар Ө.Зд 6 747 000 төгрөгийг төлчихсөн байгаа. Харин 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээгээр гэвэл 1 сарын 225 000 төгрөг төлөх ба 3 сарын хүү 675 000 төгрөг төлөх ёстой гэж үзвэл үндсэн зээл 4 500 000 төгрөг дээр 3 сарын хүү 675 000 төгрөгийг нэмээд нийт 5 175 000 төгрөг төлөх ёстой юм. Гэсэн ч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан, энэ гэрээг огт сунгаагүй байдаг ба гэрээний хугацаа дууссан байхад хүүнээс хүү хүүлээд байсан байдал харагдаж байна. Тиймээс Ө.З нь ямар ч үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.И шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан. Энэ зээлийн гэрээгээр 7 000 000 төгрөгийг 8 сар 21 хоногийн хугацаатай зээлсэн гэрээ байна. Энэ гэрээний дагуу 7 000 000 төгрөгийг зээлдүүлэгч зээлдэгчид бэлнээр нэг ч төгрөг хүлээлгэж өгөөгүй. Зээлийн гэрээний 2.5-д 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 7 000 000 төгрөгийг бэлнээр дансаар олгосон гэж бичсэн байна, ийм зүйл байхгүй. Мөн гэрээний 3.2-т мөнгийг бодитойгоор гардуулснаар хүчин төгөлдөр болно гэж заасан байна. Тэгэхээр энэ гэрээний дагуу хариуцагч нэг ч төгрөгийг гардаж аваагүй. Нэхэмжлэгч 2013 оны зээлийн гэрээний үргэлжлэл гэж тайлбарлаж байна. 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний тухайд хариуцагч 4 500 000 төгрөгийг зээлж авсан, үүнийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй гэж тохирч зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээнд 5 хувийн хүүтэй гэж бичсэн байна. Хариуцагч 4 500 000 төгрөг зээлж аваад хүүгээ төлөөд явж байсан. Зээлийн гэрээний хугацаанд төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги төлнө гэж гэрээндээ заасан байна. Төлөлтийн хувьд 2013 оны 12 дугаар сарын 07-нд зээлийн гэрээний 3 сарын хүүг 5 хувиар бодож төлсөн. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Үүнээс хойш 2014 оны 01 сарын 08-ны өдрөөс 2016 оны 11 сарын 29-ний өдөр хүртэл 4 990 000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний дагуу Б.С 5 175 000 төгрөг төлөх ёстой байсан. 2017 оны 01 сарын 05-ны өдрөөс 2017 оны 10 сарын 13-ны өдрийн хооронд 1 757 000 төгрөг төлсөн. Ингээд 4 990 000 төгрөгөөс 3 сарын хүү 675 000 төгрөгийг хасахаар нийт үндсэн зээлийн үлдэгдэл 185 000 төгрөг болж байгаа. Өөрөөр хэлбэл 185 000 төгрөг үндсэн зээлээс төлөөгүй үлдсэн байгаа, 185 000 төгрөгөөс гэрээнд заасны дагуу 0,2 хувийн алданги тооцоход 1 хоногийн 370 төгрөг болж байгаа. 997 хоног хугацаа хэтрүүлсэн байгаа. Үүнийг 1 хоногийн 370 төгрөгөөр 997 хоногоор үржүүлэхээр 368 890 төгрөгийн алданги болж байгаа. Энэ нь нийт алданги болж байгаа. Нийт алданги 368 890 төгрөг дээрээ үндсэн зээлийн үлдэгдэл 185 000 төгрөгийг нэмэхээр нийт төлөх дүн 553 890 төгрөг болж байна. Нийтдээ 553,890 төгрөг төлсөн. 2013 онд байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлсэн 4 500 000 төгрөгийн үндсэн зээл, хүү болон алдангийн хамт 6 747 000 төгрөгийг нийтдээ төлсөн. Зээлийн гэрээний дагуу төлөх ёстой байсан зээлийн төлбөр болох 5 175 000 төгрөгийг нийт төлсөн дүн 6 747 000 төгрөгөөс хасаж тооцож үзэхээр 1 572 000 төгрөгийг илүү төлсөн харагдаж байна. Нэхэмжлэгч өөрөө тооцож гэрээ байгуулахдаа хугацаа сунгах үүднээс 2,5 хувийн хүүтэй, 7 000 000 төгрөгийн гэрээ байгуулж үүний дагуу нэхэмжилж байна. Зээлсэн гэж байгаа 7 000 000 төгрөгөөс нэг ч төгрөгийг хариуцагч аваагүй. Мөн нэхэмжлэгч өөрийнхөө тооцооллоор тооцож гаргасан тоо байна. Бэлнээр мөнгө төгрөг өгч авалцсан зүйл байхгүй. Бэлнээр өгсөн юм шиг гэрээ хийсэн байдаг. Энийг нотолсон баримт байхгүй. Мөн гэрээндээ бодитоор гаргуулснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Иргэний хуулийн 282.4-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 282.3-т зааснаар гэрээг бичгээр 5 хувийн хүүтэй хийсэн, 232.6-т зааснаар энэ гэрээний хувьд алданги тооцох асуудал байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд гаргасан сөрөг шаардлагадаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.И шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Талуудын хооронд байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан, 6 747 000 төгрөгийг 2013 оны зээлийн гэрээний дагуу төлсөн, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч нэг ч төгрөг хүлээж аваагүй. Иргэний хуулийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Нэхэмжлэлийн шаардлага хууль зөрчиж хийсэн гэрээ болох нь харагдаж байна. Гэрээний 2.5, 3.2-т зааснаар 7 000 000 төгрөгийг бэлнээр олгосон мэтээр хийсэн байгаа нь илт хууль бус гэрээ байгуулсан болох нь харагдаж байна. Тийм учраас Иргэний хуулийн 56.1.1-т зааснаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Ө.З шүүхэд гаргасан тайлбартаа:Б.Стай байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний тухайд: Б.С нь анх 2013 оны 11 сарын 02-ны өдөр надаас 4 500 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр амаар тохиролцож би өөрийн ХААН банкны 5064067421 дугаар данснаас Б.Сын аав В.Б ХААН банкны 5071093768 дугаар данс руу 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Б.С нь сарын дараа зээлийн гэрээ байгуулъя гэсний үндсэн дээр 2013 оны 12 сарын 07-ны өдөр 3 сарын хугацаатай 4 500 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож гэрээ байгуулан нотариатчаар батлуулсан. Гэрээний дагуу 2013 оны 12 сарын 07-ны өдөр өөрийн ХААН банкны 5064067421 дугаар данснаас 3 000 000 төгрөгийг бэлнээр, 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Б.Сын аав В.Б-ын ХААН банкны 5071093768 дугаар данс руу 500 000 төгрөгийг шилжүүлж нийт 4 500 000 төгрөгийг зээлсэн болно. Зээлийн гэрээнд заагдсан 5 хувийн хүүгийн талаар би анзаараагүй ба анх тохиролцсон ёсоор 10 хувийн хүүтэй байгуулсан хэмээн бодож явсан. Хэдийгээр зээлийн гэрээнд 5 хувь хэмээн бичигдсэн хэдий ч анх тохиролцсон ёсоор Б.С нь 10 хувийн хүүг хүлээн зөвшөөрч 2013 оны 01 сарын 07-ны өдөр хүүнд 450 000 төгрөг, 2013 оны 02 сарын 08-ны өдөр хүүнд 450 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг. Ингээд 2013 оны 02 сарын 20-ны өдөр хариуцагч нь мөнгө хэрэг болоод байна нэмээд 600 000 төгрөг зээлээч та манай ажлын залуу болох Тгийн ХААН банкны 5024263751 дугаар данс руу шилжүүлчих гэхэд нь өмнөх хүүгээ төлөөд явж байсан тул итгээд шилжүүлсэн. Үүнээс хойш 2013 оны 05 сар хүртэл огт төлөлт хийгээгүй тул Б.Стай холбогдож төлөлтөө хийхийг шаардахад “... за дүү нь 2 сарын хүү гээд 1 000 000 төгрөг одоо шилжүүлье..” гэж хэлээд 2013 оны 5 сарын 12-ны өдөр 1 000 000 төгрөгийг хүүнд шилжүүлсэн юм. Үүнээс хойш бэлнээр 450 000 төгрөг, 2013 оны 6 сарын 13-ны өдөр 350 000 төгрөг, 2014 оны 9 сарын 10-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 7 сарын 18-ны өдөр 290 000 төгрөг /бэлнээр/ нийт 2 090 000 төгрөгийг өгсөн байдаг ба үүнээс хойш огт төлөлт хийгээгүй юм. Б.Сын өгсөн гэх 3 990 000 төгрөг нь хүүнд суутгагдсан бөгөөд үндсэн зээлээс огт төлөлт хийгдээгүй. Б.Стай байгуулсан 2016 оны 11 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний тухайд:Хариуцагч нь 2014 оны 9 сарын 10-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй. Холбогдох гэхээр гар утсаа авахгүй, эцэг эх нь надтай холбогдож өнөө маргаашгүй төлнө гэж явсаар 2 гаруй жилийн хугацаа өнгөрсөн ба 2016 оны 11 сард Б.С болон түүний ээжтэй тооцоо нийлж өмнөх зээлийн үлдэгдэл 5 100 000 төгрөг байгаа үүнээс 2015 оны 4 сарын 01-ний өдрөөс хойш 2016 оны 11 сар хүртэл хүүг 10 хувиар тооцвол 34 310 250 төгрөг, хүүг 5 хувиар тооцвол 13 531 818 төгрөг, хүүг 2.5 хувиар тооцвол 8 356 944 төгрөг болж байна гэж танилцуулахад Б.С болон түүний ээж 2.5 хувиар тооцсон үнийн дүн дээр тохирч дахин гэрээ хийж, хугацаагаа сунгах хүсэлтэй байсан тул хүлээн авч үнийн дүнгээ 7 000 000 төгрөг болгон тэгшитгэж гэрээ байгуулсан юм. Үнийн дүнг тэгшитгэхийн тулд 2016 оны 11 сарын 15-ны өдөр Б.Сын ээж 1 000 000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 01 сарын 05-ны өдөр 357 000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд 7 000 000 сая төгрөгийг 8 сар 21 хоногийн хугацаатай сарын 2.5 хувийн хүүтэй төлөхөөр тохиролцож өмнөх зээлийн гэрээний хугацааг сунгасан. Хариуцагч нь Зээлийн гэрээний сунгалтыг өөрөө санал болгож, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан атлаа Зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж тайлбар гаргасан нь үндэслэлгүй юм. Зээлийн гэрээний сунгалтыг 2 талаас тохиролцсоны үндсэн дээр 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болохоор зааж, зээлдэгч нь үндсэн зээлд 7 000 000 төгрөг, хүүнд 862 500 төгрөг нийт 7 862 500 төгрөгийг төлөх ёстой байсан. Зээлийн гэрээний хавсралтад зааснаар үндсэн зээлийг төлсөн тохиолдолд хүүг бууруулах зарчмаар тооцож хасагдах ёстой байсан боловч хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй ба үндсэн зээлийн үлдэгдлээс сар бүр 2.5 хувийг тооцсон юм. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар хариуцагч нь нийт 1 400 000 төгрөгийг төлж үндсэн зээлийн үлдэгдлээс нэг ч төгрөг төлөөгүй хүүгийн 122 500 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хэдийгээр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй”, 283 дугаар зүйлийн 283.4-т “гэрээнд өөрөөр заагүй бол зээлийн хүүг жил тутам төлнө” гэж заасан байдаг ч би хүүгээс хүү бодож, хүү нэхэмжилсэн зүйл байхгүй болно. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хуулинд гэрээ байгуулагдах санал, хүчин төгөлдөр заалтууд байгаа. Иргэний хуулийн 195.1-т Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ гэж заасан. Үүний дагуу нэхэмжлэгч тал гэрээний саналаа хэлсэн. Энэ саналыг хариуцагч хүлээн авч Иргэний хуулийн 39, 40, 41-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан учир гэрээ хүчин төгөлдөр. Энэ хүсэл зоригийн илэрхийллийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг байгуулагдсан тооцно гэж заасан. Гэрээ байгуулах буюу гэрээний сунгалт хийх саналыг хүлээн зөвшөөрөөд ямар үнийн дүн дээр тохирох уу гэдэг саналаа Иргэний хуулийн 195-т зааснаар тавиад Иргэний хуульд зааснаар гэрээ байгуулах саналыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, Иргэний хуулийн 198, 199 дүгээр зүйлд зааснаар энэхүү зээлийн гэрээг зээлийн гэрээний сунгалт гэж тайлбарлаж болохоор байна. Иймд энэ зээлийн гэрээ хүчин төгөлдөр юм гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.З нь хариуцагч Б.Ст холбогдуулан үндсэн зээл 7 000 000 төгрөг, зээлийн хүү 122 500 төгрөг, алданги 3 561 250 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг нийт 10 753 950 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.С нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр Ө.Згийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ө.З нь хариуцагч Б.Ст 7 000 000 төгрөгийг, 8 сар, 21 хоногийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн гэх зээлийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр талуудын хооронд байгуулсан байна.
Гэвч Ө.З нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б.Ст 7 000 000 төгрөгийг бодитоор шилжүүлж өгөөгүй гэх үйл баримтад талууд маргахгүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.
Гэтэл зээлдүүлэгч Ө.З нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хийгдсэн зээлийн гэрээний дагуу зээлдэгч Б.Ст 7 000 000 төгрөгийг шилжүүлж өгөөгүй болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан байна.
Нэгэнт Ө.З нь 7 000 000 төгрөгийг Б.Ст бодитоор шилжүүлэн өгөөгүй байх тул тэдний хооронд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.
Иймээс зохигчдын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хийгдсэн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болжээ.
Хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул энэхүү хэлцлийн улмаас зохигч талуудын хооронд эрх, үүрэг үүсэхгүй тул Ө.Згийн шаардлага нь үндэслэлгүй байна.
Энэхүү хэлцлээр зохигч талуудын хооронд шилжүүлсэн зүйл байхгүй тул үр дагаврыг арилгах асуудал байхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан Ө.З, Б.С нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хийгдсэн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл байгааг дурдаж, Б.Саас 10 753 950 /арван сая долоон зуун тавин гурван мянга есөн зуун тавин/ төгрөг гаргуулах тухай Ө.Згийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 185 890 төгрөг, хариуцагчийн төлсөн 126 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Ө.Згаас 126 950 төгрөгийг гаргуулан Б.Ст олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН