| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
| Хэргийн индекс | 123/2018/0038/З |
| Дугаар | 123/ШШ2019/0002 |
| Огноо | 2019-01-18 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 123/ШШ2019/0002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Бы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Б сумын З даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Б сумын З даргын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/245 тоот захирамжийг хүчингүй болгуулж, Төв аймгийн Б сумын З даргын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/109 тоот захирамжийг сэргээлгэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаж байгаа газрыг 12 жилийн өмнө Ц гэж хүний хүүхэд манай ээжид аваач гэж санал болгосон. Газрыг авахаар тохироод 450.0000 төгрөгөөр авч байсан. Тухайн үед газрын даамалаар ажиллаж байсан Алтангэрэлийн өрөөнд мөнгөө өгөөд худалдаж авсан гэсэн өргөдөл бичүүлсэн. Анхны өргөдөл дээр 3 газар гэж байгаа. 1.5 га газар нь өвөлжөөний газар, 1.5 га газар нь ногооны газар, нэг газар нь хадлангийн газар. Өвөлжөөний газар нь цагаан гэрчилгээтэй. Түүнийг үндэслэн мөнгө төгрөгөө өгсөн. Гэрчилгээг газрын даамалд нь өгсөн. Ногооны газар бичиггүй байсан нь Борнуур, Б сумын зааг газар байдаг бөгөөд маргаантай байдаг. Өвөлжөөний газар нь манай ээж 11 жил өвөлжиж байгаа. Ногооны газраа 11 жил хүнсний ногоо тарьж, малын тэжээл зарж байсан. Газрын төлбөрөө жил болгон төлж байсан. 2018 онд ээжээс ногооны газрын гэрчилгээг нь асуухад 1 гэрчилгээ үзүүлээд харсан чинь өвөлжөөний газрын гэрчилгээг нь гаргаад, ногооны газрын гэрчилгээг нь гаргаж өгөөгүй байсан. Сумын захиргаанд хандахад газрын даамал нь солигдсон байсан. Газрын тариалан эрхэлсэн мэргэжилтэн нь олон жил энэ хүмүүс ногоо тарьдаг байсан гэж мэдэж байсан. Анх худалдахдаа хоорондоо хийсэн өргөдлөө аваад ир гэсэн. Ажлынхаа сефэнд хийчихээд өргөдлөө олохгүй байх хугацаанд Цг амьд байна гэж мэдээд очиж уулзсан. Та 3 газар зарсан. Нэг газар нь хүчингүй болсон. Хоёр нутгийн зааг дээр гэрчилгээ байхгүй. Өвөлжөөний газар гэрчилгээ гаргасан байна. Та очоод хэлээд өгөөч гэсэн. Намайг гэрчилгээгээ олохгүй байна гэхээр Цгуайн хүү Баатарцогт, бэр хоёр нь ногооны газраа зараагүй гэж дайрсан. Би өргөдлөө олоод тариалангийн мэргэжилтэнд анх худалдаж авсан бичгээ үзүүлсэн. Сумын архиваас 2009 онд сумын З даргын захирамж, гэрчилгээ нь гарсан байсан. З дарга Ц.Энхжаргал даргад үзүүлэхэд бичиг дутуу орхигдуулсан гээд захирамжаар гаргуулсан. Ц гуайн бэр нь манай ээжийн газрыг хүнд өгөх гэж байна гэж хэл ам хийсэн байсан. Намайг худалдаж авсан бичгээ олохгүй байна гэхээр эргүүлж газрыг авах зорилготой байсан. З дарга бид нарыг цуглуулж уулзаад гаргасан захирамжаа хүчингүй болгосон. Гуравдагч этгээд өнөөдрийн шүүх хуралдаанд ирсэнгүй. Би худалдаж авсан бичгээ олсон гэхэд бэр нь үзчихээд хүлээн зөвшөөрсөн. Иймд 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/245 тоот захирамжийг хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Төв аймгийн Б сумын З даргын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/109 дугаар захирамжаар Ч.Бт Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Шарын амны тариалангийн талбайгаас 1,5 га газрыг төмс хүнсний ногоо, үр тарианы зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж захирамжилжээ.
Төв аймгийн Б сумын З дарга 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/245 дугаартай захирамж гарган 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй давуу эрхээр газар эзэмших иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн тогтоол гараагүй гэх шалтгаанаар 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/109 дугаартай Ч.Бт Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Шарийн амны тариалангийн талбайгаас төмс хүнсний ногооны зориулалтаар 1.5 га газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Би 2007 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Д.Ц гуайн нэр дээр байгаа өвөлжөөний 1,5 га ногооны 1,5 га хадлангийн 1 га тус тусдаа байгаа 3 ширхэг газрыг эзэмших эрхийг нь өөрсдийнх нь хүсэлтээр худалдан авсан. Анхны өргөдөл дээр 3 газар гэж байгаа. 1.5 га газар нь өвөлжөөний газар, 1.5 га газар нь ногооны газар, нэг газар нь хадлангийн газар. Өвөлжөөний газар нь цагаан гэрчилгээтэй. Ногооны газар бичиггүй байсан нь Борнуур, Б сумын зааг газар байдаг бөгөөд маргаантай байдаг. Өвөлжөөний газар нь манай ээж 11 жил өвөлжиж байгаа...Газрын төлбөрөө жил болгон төлж байсан... гэж тайлбарласан байна.
Хариуцагч Ц.Энхжаргал, гуравдагч этгээд Д.Ц нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч гуравдагч этгээд Д.Ц ...шүүх хуралдаанд гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр хийж өгнө үү, хариуцагч Төв аймгийн Б сумын З дарга Ц.Энхжаргал Тус сумын иргэн Бы нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөьшөөрч байгаа учраас шүүх хуралдаанд оролцохгүй... гэсэн хүсэлтийг тус тус ирүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.6 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч, гуравдагч этгээд нарыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг зэргийг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч нь 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй давуу эрхээр газар эзэмших иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн тогтоол гараагүй гэх шалтгаанаар маргаан бүхий захиргааны актын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Шарийн амны тариалангийн талбайгаас төмс хүнсний ногооны зориулалтаар иргэн Ч.Бд олгосон 1.5 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй давуу эрхээр газар эзэмших иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн тогтоол гараагүй гэх шалтгаанаар Ч.Бын газар эзэмших захирамжийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасантай нийцээгүй байна гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.4 дэх хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б сумын З даргын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/245 тоот захирамжийг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид төлүүлсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН