| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2025/0678/З |
| Дугаар | 221/МА2026/0156 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2026/0156
| 2026 оны 03 сарын 05 өдөр | Дугаар 221/МА2026/0156 | Улаанбаатар хот |
“Э” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Адъяасүрэн,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э,
Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-34240000136 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах,
Нэхэмжлэгч: “Э” ХХК,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Х, Х.А нар,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 110/ШШ2025/0884 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э, Б.Т,
хариуцагч татварын улсын байцаагч Д.Х,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул,
Хэргийн индекс: 128/2025/0678/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас анх “Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-34240000136 дугаар нөхөн ногдуулалтын актаар 8,333,754,972.14 төгрөгийн зөрчил илрүүлж, нийт 1,032,544,691.42 төгрөгийн төлбөр ногдуулснаас Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн хурлаар хэлэлцэн 34 дүгээр тогтоолоор 5,981,366,121.7 төгрөгийн зөрчилд 370,900,235.2 төгрөгийн нөхөн татвар, 198,812,939.2 төгрөгийн торгууль, 132,112,472.7 төгрөгийн алданги, нийт 701,825,647.0 төгрөгийг бууруулсан дүнгээс үлдэх 2,352,388,850.4 төгрөгийн зөрчилд 978,647,783.2 төгрөгийн нөхөн татвар, 235,238,885.00 төгрөгийн нөхөн татвар, 43,642,708.8 төгрөгийн торгууль, 51,837,450.5 төгрөгийн алданги, нийт 330,719,044.37 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-34240000136 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” гэж өөрчлөн тодорхойлсон.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 110/ШШ2025/0884 дүгээр шийдвэрээр:
Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5, 73 дугаар зүйлийн 73.2, 73.2.1, 84 дүгээр зүйлийн 84.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 13 дугаар зүйлийн 13.1.4, 16 дугаар зүйлийн 16.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын улсын байцаагч нарын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-34240000136 дугаар Нөхөн ногдуулалтын актын 5,981,366,121.7 төгрөгийн зөрчилд ногдуулсан 370,900,235.2 төгрөгийн нөхөн татвар, 198,812,939.2 төгрөгийн торгууль, 132,112,472.7 төгрөгийн алданги, нийт 701,825,647.0 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг болох 2,352,388,850.4 төгрөгийн зөрчилд 978,647,783.2 төгрөгийн нөхөн татвар, 235,238,885.00 төгрөгийн нөхөн татвар, 43,642,708.8 төгрөгийн торгууль 51,837,450.5 төгрөгийн алданги, нийт 330,719,044.37 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1 Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. “А” ГХОХХК, “Э” ХХК-ийн нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан “А” христийн эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажлын гэрээгээр тохиролцсон нөхцөл хангагдаагүй байхад нөхөн ногдуулалтын акт тавьсан нь үндэслэлгүй.
3.2 Мөн Архангай аймгийн Хайрхан сумын 320 суудалтай сургуулийн барилга угсралтын ажил дуусаагүй, улсын комиссын дүгнэлт гаргаагүй байгаа тохиолдолд гэрээт ажлыг гүйцэтгэсэн гэж үзэхгүй. Гэтэл шүүх үүнийг анхаарахгүйгээр баримтгүйгээр 70 хувийн гүйцэтгэлтэй гэж тооцсон, ийнхүү тооцсонтой холбоотойгоор хүлээн зөвшөөрөх орлогод хамаарах эсэхэд дүгнэлт хийхгүйгээр маргаан бүхий актыг үндэслэлтэй гэж үзэж буй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.
3.3 Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Маргаан бүхий актад хамаарах 2 зүйл нь барилгын ажил байх бөгөөд үүнтэй холбоотойгоор шүүх Иргэний хуулийг хэрэглэж, нэхэмжлэгч талын гүйцэтгэж буй ажил нь Ажил гүйцэтгэх гэрээний зүйл үү? Хөлсөөр ажиллах гэрээний зүйл үү? гэдгийг тодорхойлох шаардлагатай байхад шүүх үүнийг анхаараагүй, хэрэглэвэл зохих Иргэний хуулийг хэрэглээгүй.
3.4 Мөн барилгын ажлын гэрээтэй тохиолдолд Сангийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 410 дугаар тушаалаар батлагдсан Барилгын гэрээний орлого ба зардлын нягтлан бодох бүртгэлийн стандартыг баримтлаагүй.
3.5 Татварын улсын байцаагч нар шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн, урьдчилж мэдэгдээгүй, татварын хяналт шалгалтыг тусгай удирдамж, томилолтын үндсэн дээр хийх бөгөөд удирдамжид заагдсаны дагуу хийгдсэн эсэх нь эргэлзээтэй. Удирдамжийг хэрэгт хавсаргаагүй. Нэхэмжлэгч энэ талаар маргаж байхад шүүх дүгнэлт хийгээгүй.
3.6 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Маргааны үйл баримт зөрүүтэй байхад шүүх түүнийг арилгахад шаардлагатай дүгнэлт хийгээгүй.
3.7 Хэргийн оролцогчийн өмгөөлөгч авах эрхийг хангаагүй. Үүний улмаас буюу хууль зүйн туслалцаа авч чадаагүйн улмаас маргаан таслах зөвлөлийн шийдвэрт маргах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхээ хэрэгжүүлж чадаагүй, мэтгэлцэж чадаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болно.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй, түүний үндэслэлд хамаарах нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэргийн оролцогчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд,
3.1 Татварын хяналт шалгалт хийх 34241203897 дугаар томилолтоор Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Х, Х.А нар “Э” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан-бүрэн хяналт шалгалт хийж, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-34240000136 дугаар нөхөн ногдуулалтын актаар Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.4, 41.5, 41.12.3, 73 дугаар зүйлийн 73.2, 73.2.1, 84 дүгээр зүйлийн 84.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 13 дугаар зүйлийн 13.1.4, 16 дугаар зүйлийн 16.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсгийг баримтлан нийт 8,333,754,972.14 төгрөгийн зөрчилд 606,139,120.19 төгрөгийн нөхөн татвар, 242,455,648.08 төгрөгийн торгууль, 183,949,923.15 төгрөгийн алданги, нийт 1,032,544,691.42 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон.
3.2 “Э” ХХК-иас нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус зөвлөлийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаартай тогтоолоор Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.4, 41.5, 41.12.3, 73 дугаар зүйлийн 73.2, 73.2.1, 84 дүгээр зүйлийн 84.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 13 дугаар зүйлийн 13.1.4, 16 дугаар зүйлийн 16.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсгийг баримтлан нөхөн ногдуулалтын актаар:
нийт 8,333,754,972.14 төгрөгийн зөрчилд 606,139,120.19 төгрөгийн нөхөн татвар, 242,455,648.08 төгрөгийн торгууль, 183,949,923.15 төгрөгийн алданги, нийт 1,032,544,691.42 төгрөгийн төлбөр ногдуулснаас 5,981,939.2 төгрөгийн зөрчилд 370,900,235.2 төгрөгийн нөхөн татвар, 198,812,939.2 төгрөгийн торгууль, 132,112,472.7 төгрөгийн алданги, нийт 701,825,647.0 төгрөгийг бууруулж,
2,352,388,850.4 төгрөгийн зөрчилд 978,647,783.2 төгрөгийн нөхөн татвар, 235,238,885 төгрөгийн нөхөн татвар 43,642,708.8 төгрөгийн торгууль, 51,837,450.5 төгрөгийн алданги, нийт 330,719,044.37 төгрөгийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэсэн.
3.3 Нэхэмжлэгч Маргаан таслах зөвлөлийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд хандан “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-34240000136 дугаар нөхөн ногдуулалтын актын Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаартай тогтоолоор бууруулсан дүнгээс үлдэх 2,352,388,850.4 төгрөгийн зөрчилд 978,647,783.2 төгрөгийн нөхөн татвар, 235,238,885 төгрөгийн нөхөн татвар 43,642,708.8 төгрөгийн торгууль, 51,837,450.5 төгрөгийн алданги, нийт 330,719,044.37 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг гаргасан.
4. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Татварын алба татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхэд хяналт тавина”, 41 дүгээр зүйлийн 41.2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ” хэмээн,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-д “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” хэмээн тус тус заасан.
Мөн Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 2.14.2-т “…татвар төлөгчид Татварын ерөнхий хуулийн 41.2-т заасан ерөнхий болон тусгай удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийх”, 3.3-т “Хяналт шалгалтыг ерөнхий удирдамжаар хийж гүйцэтгэнэ”, 3.4-т “Хяналт шалгалтыг шаардлагатай тохиолдолд тусгай удирдамжаар хийж гүйцэтгэнэ. Тусгай удирдамжид хяналт шалгалтын бүрэлдэхүүн түүнд тавигдах шаардлага, хамтарч гүйцэтгэх байгууллагын нэр, гүйцэтгэх хяналт шалгалтын цар хүрээ зэрэг бусад шаардлагатай мэдээллийг тусгана” хэмээн заасан.
Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтын дагуу татварын улсын байцаагч нь татварын хяналт шалгалтыг эрх бүхий этгээдийн баталсан томилолтын үндсэн дээр, удирдамжид заасан хүрээнд хийх үүрэгтэй бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.
5. Тухайн тохиолдолд, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь 34241203897 дугаар томилолт болон удирдамжийн үндсэн дээр “Э” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан-бүрэн хяналт шалгалтыг хийж маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-34240000136 дугаар нөхөн ногдуулалтын актыг гаргасан хэмээн тайлбарлах боловч хэрэгт тухайн хяналт шалгалтын удирдамж нотлох баримтаар авагдаагүй.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “хариуцагч нар татварын хяналт шалгалтыг хийх удирдамжийг танилцуулаагүй”, “Удирдамжид заагдсанаас өөр үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хууль зөрчсөн” гэх үндэслэлээр маргаж байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн маргаж буй үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Хяналт шалгалтын удирдамжийг хэрэгт нотлох баримтаар аваагүй тул давж заалдах шатны шүүхээс тухайн гомдлын үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй.
6. Мөн, нэхэмжлэгч талаас өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтээ илэрхийлэн, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд хандан гаргасан байхад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах” эрхийг зөрчсөн бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолдоо дурдсан “...хууль зүйн туслалцаа авч чадаагүйн улмаас маргаан таслах зөвлөлийн шийдвэрт маргах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхээ хэрэгжүүлж чадаагүй, мэтгэлцэж чадаагүй...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7. Иймд анхан шатны шүүхийн дээр дурдсан зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх, маргааны үйл баримт, шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 110/ШШ2025/0884 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА