Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 1035

 

Б.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00516 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Ц-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Г-т холбогдох

Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хохиролд 16 127 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жавхланбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Ц болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 5 сарын 31-ний өдөр үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр Баянгол дүүрэг, 2-р хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 67/3-р байр, 12а тоот хаягт байрлах 61 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Г.Г-т шилжүүлсэн. Гэвч энэхүү бэлэглэлийн гэрээний цаана явагдсан бодит хэлцэл нь орон сууц худалдах, худалдан авах гэрээ байсан бөгөөд хоёр тал уг орон сууцыг 50 000 000 төгрөгөөр үнэлж худалдаж авахаар тохиролцсон. Уг бэлэглэлийн гэрээ нь анх байгуулагдахдаа татвараас зайлсхийхийн тулд талуудын санаа зорилгын эсрэг үйлдэгдэж, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж, үл хөдлөх хөрөнгийн үнэ ханшийг бодит бусаар илэрхийлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байсан гэж үзэж байна. Дээрх бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан худалдах-худалдан авах гэрээг халхавчилсан, дүр үзүүлсэн хэлцэл байх тул үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Уранчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Ц-ын охин Б.Төгөлдөр уг орон сууцыг худалдаж авах талаар санал тавьж, түүнтэй тохиролцсон. Ингээд 2016 оны 11 сарын үед Б.Төгөлдөр нь та нар хадгаламж зээлийн хоршоонд сар бүр мөнгө төлж байхаар барьцаанд байгаа хашаа байшингаа өрөндөө өгөөд зээлээ хаагаад, манай Баянгол дүүргийн 2 дугаар хороо 67/3 дугаар байрны 12а тоот, 61 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 50 000 000 төгрөгөөр худалдаж аваад 3 жилийн дотор мөнгийг нь төл гэж хэлсэн. Тухайн үед мөнгийг хэдийд яаж төлөх талаар Б.Ц-тай тохиролцсон зүйл огт байхгүй байсан бөгөөд уг байранд 2017 оны 6 сараас засвар хийж эхэлсэн. Харин охин Б.Төгөлдөр бид хоёр тохирсон ёсоор 3 жилийн дотор орон сууцны 50 000 000 төгрөгийг нь төлөхөөр тохирсон байсан ба тохирсон ёсоор цэцэрлэгүүдээр явж зарим нэг цэцэрлэг дээр дугуйлан ажиллуулах боломжийг нь олж өгч байсан болно. 2017 оны 9 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан бөгөөд бид гэрээний үүргээ биелүүлээгүй зүйл байхгүй бөгөөд уг гэрээг хийхэд хуурч мэхэлсэн, дүр үзүүлсэн ямар нэг зорилго агуулаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Уранчимэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... 2017 оны 6 сараас эхлэн уг байрыг засахад шаардлагатай материал авахад 6 827 200 төгрөг, засвар хийлгэсэн ажлын хөлсөнд 9 299 800 төгрөг, нийт              16 127 000 зарцуулсан. Иймд уг үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардаж байгаа бол энэ гэрээ хийхэд нэхэмжлэгч тал буруутай тул    16 127 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:  Тухайн үедээ худалдан авагч нь доголдлыг мэдсээр байж өөртөө шилжүүлэн авсан. Орон сууц нь Г.Г-ийн өмчлөлд шилжсэн ба эзэмшилдээ авсан үеэс эхлэн тухайн байраа захиран зарцуулах, худалдан борлуулах, засан сайжруулах эрх нь гагцхүү Г.Г-т байна. Өөрийн байрандаа засан сайжруулалт хийхэд гаргасан зардлыг Б.Ц  хариуцах боломжгүй юм. Талууд байрыг 50 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож байсан боловч нэхэмжлэгч Б.Ц  нь одоог хүртэл өөрийн байраа худалдан борлуулсны орлогоо авч чадаагүйгээс гадна байрны өмчлөх эрхээ хүртэл давхар алдсанаас болж шүүхэд хандахад хүрсэн. Анх Б.Ц  нь уг орон сууцыг худалдан борлуулах санаа зорилготойгоор нотариат дээр очсон боловч Г.Г  нь би найдвартай төлнө, та санаа зоволтгүй хэмээн ятгасны учир ийнхүү бэлэглэлийн гэрээг байгуулсан байдаг. Тйимээс үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож байгаа нь зөвхөн хариуцагч талын буруугаас үүдэлтэй асуудал тул уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Ц , Г.Г  нарын хооронд 2017 оны 5 сарын 31-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан БГД, 2 дугаар хороо 67/3 дугаар байрны 12а тоот, 61 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Г.Г-ийн өмчлөлөөс Б.Ц-ын өмчлөлд буцаан бүртгэхийг Баянгол дүүргийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 492 дугаа зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Ц-с 5 206 850 төгрөгийг гаргуулж Г.Г-т олгож, хариуцагчийн илүү нэхэмжилсэн 10 920 150 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 307 950 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 238 585 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Ц-с улсын тэмдэгтийн хураамжинд 98 260 төгрөгийг гаргуулж Г.Г-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Ичинхорлоо давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Сөрөг нэхэмжлэлийн тухайд -2017 оны 05 сарын 31 ны өдөр Ц-ын охин Төгөлдөр хариуцагч нар танил байсан бөгөөд тэрээр тэднийг зээлийн барьцаанд хашаа байшингаа тавьсан байсныг мэдэж байсан учир зээлийн барьцаанд хашаа байшингаа өгөөд манай БГД-ийн 2 дугаар хороонд орших 67/3 дугаар байрны 12а 61 м.кв талбайтай /монсарт/ орон сууцыг 50.0 сая төгрөгөөр худалдаж ав, үнийг 3 жилийн дотор төлж болно гэхээр нь тэд тохирч 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нь гэрээ хийхдээ худалдах худалдан авах гэрээ хийвэл тэмдэгтийн хураамж, татвар төлөх гээд хүндрэлтэй гэхээр нь бэлэглэлийн гэрээ хэлбэрээр хийж нотариатаар баталгаажуулсан байдаг. Б.Ц-ын охин Төгөлдөр нь хариуцагчтай танил байсан учраас орон сууцны үнийг хамтран ажиллаж биднийг балетийн дугуйлан цэцэрлэгүүд дээр ажиллуулах ажлыг нь зохион байгуулж түүнээс олсон орлогыг орон сууцны төлбөрт өгч 3 жилийн дотор үнийг төлж дуусгахаар тохиролцож улмаар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг Г.Г-ийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Худалдсан орон сууц нь шууд хүн орж амьдрах ямар ч боломжгүй, маш их засвар шаардлагатайгаас байсан тухайлбал дулааны систем нь байхгүй, тог байхгүй, дээвэрээс нь ус гоождог, сантехникийн цэвэр бохирын холболт байхгүй, хана нь маш муудсан өрөө тусгаарлалт нь эвдэрсэн, ОО-ын өрөөний тааз онгорхой байсан байна. Нэхэмжлэгч одоо болохоор бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж байгаа нь тэднийг тухайн үед хуурч мэхлэн уг орон сууцыг засуулчихаад дараа нь шүүхэд нэхэмжлэл гарган буцааж авах гэсэн хууран мэхлэх санааг агуулж байсан гэж үзэх үндэстэй юм. Уг Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг нэхмжлэгчийн ятгалгаар хийсэн учир хэлцэл хийсэн буруутай этгээд болох нэхэмжлэгчээс 16 127 000 төгрөгийн хохиролыг гаргуулахаар шаардаж эрхтэй гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байхад үндэслэлгүй дүгнэлт хийж тал хувийг нь гаргуулсан гэж үзэж байна. Иймд 10 413 700 төгрөгийн засвар хийлгэхэд зарцуулсан нь тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн атлаа тал хувиар нь тооцож гаргуулсныг зөвтгөн нийт засвар хийлгэхэд зарцуулсан зардлыг нэхэмжлэгчээс гаргуулан шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн  байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний талаар болон тооцооны өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Б.Ц  нь хариуцагч Г.Г-т холбогдуулж 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө \орон сууц\ бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хэлцэл хүчин төгөлдөр бус гэж шаардаж байгаа бол уг орон сууцанд засвар хийсэн зардал 16 127 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын хооронд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө \орон сууц\ бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Б.Ц  нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 2-р хороо, 67/3-р байрны 12/А тоот мансардны хэсэгт  байрлах 61м2 орон сууцны зориулалттай, 30 сая төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр Г.Г-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байна. Хариуцагч Г.Г  дээрх гэрээний дагуу өмчлөх эрхийг өөийн нэр дээр мөн өдөр шилжүүлж улсын бүртгэлд бүртгэгдсэн,  уг орон сууцанд 2017 оны 6, 7 сард засвар хийж нүүж орсон үйл баримт хэрэгт авагдсан бэлэглэлийн гэрээ, зохигчдын тайлбар, гэрч Б.Төгөлдөр, Ц.Тэгшжаргал, Т.Алтанчимэг нарын мэдүүлэг болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Мөн хариуцагч Г.Г-т үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх  дээрх бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжсэн боловч талуудын хооронд орон сууцыг 50 сая төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон болох нь зохигчдын хэн алины тайлбар, гэрч Б.Төгөлдөрийн “...бид нар м.кв-ыг нь 800 000 төгрөгөөр, нийт 50 000 000 төгрөгөөр, 2017 оны 10 дугаар сард төлбөрийг төлж дуусгана гэж тохирсон ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 155/ зэргээр тогтоогджээ.

            Дээрх байдлаас үзэхэд “орон сууцыг үнэ төлбөргүйгээр, бэлэглэлийн журмаар шилжүүлэхийг хүсээгүй”,  “үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бодит байдал дээр хариу төлбөртэйгээр шилжүүлсэн”, бэлэглэлийн гэрээ нь худалдах-худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хийж буй дүр үзүүлсэн хэлцэл” болох нь тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор”   хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх “...орон сууцыг худалдах, худалдан авахаар  талууд тохиролцсон...” гэж зөв дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримталсан нь буруу болсон тул шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дах хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийхэд хэн аль нь буруутай гэж үзэж засварын зардлын талыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч Г.Г  хэлцлийн үндсэн дээр Баянгол дүүргийн 2-р хороо, 67/3-р байрны 12/А тоот мансардны хэсэгт  байрлах 61м2 орон сууцны өмчлөгч болсон боловч талуудын хоорондох бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдож орон сууцны өмчлөх эрхийг буцаах нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт нийцнэ. Харин  тэрээр өмчлөгч болсон гэж үзэж орон сууцыг засварласан байдаг ба түүний  гаргасан  засварын зардлын хэмжээгээр нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй тул хариуцагч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар засварын зардлаа нэхэмжлэгчээс буцаан шаардах эрхтэй.

Хариуцагч нь барилгын материалын зардалд 6 827 200 төгрөг, засвар хийлгэсэн ажлын хөлсөнд 9 299 800 төгрөг, нийт 16 127 000 зарцуулсан гэж сөрөг нэхэмжлэл гаргасан боловч хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан зарлагын баримтуудаар 3 729 200 төгрөгийг барилгын материалын зардалд, 6 800 000 төгрөгийг засварын ажлын хөлсөнд тус тус төлсөн нь тогтоогдож байх тул 10 529 200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Дээрх дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.