Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 13

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй, 

Шүүх хуралдаанд:

Прокурор                                                  М.Сайнзаяа

Өсвөр насны шүүгдэгч                         Х.Б

Өсвөр насны шүүгдэгчийн хууль  ёсны төлөөлөгч       О.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч                      Э.Цэнгүүн, П.Ган-Очир

Нарийн бичгийн дарга                          Т.Батсайхан нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолтой Х.Б д холбогдох 1915003390268 дугаартай эрүүгийн хэргийг өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн, П.Ган-Очир нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 2002 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Рашаант суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж, ахын хамт Булган аймгийн ... оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х  овогт Х.Б .

Өсвөр насны шүүгдэгч Х.Б ийг 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Булган аймгийн ... нутаг дэвсгэрт Б.У ийг 15 нас 8 сартай байхаас нь эхлэн удаа дараа хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор:

  1. Шүүгдэгч Х  овогт Х.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.Б ийг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж,

3. Шүүгдэгч Х.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурьдаж,

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Х.Б нь хохиролд 100000 /нэг зуун мянга/ төгрөг төлсөнг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдаж,

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн өмд, ягаан болон цагаан саарал өнгийн дотоож тус бүр нэг ширхэг, шинжилгээнд хүргүүлэхээр авсан хоёр ширхэг арчидас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгаж,

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б д авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шүүхийн харъяаллаар Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих байранд цагдан хорьж,

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн давж заалдах гомдолдоо: “...Өсвөр насны шүүгдэгч Х.Б ийн гэм буруугийн тал дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Гагцхүү анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч Х.Б д 2 жил, 6 сарын хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анхан шатны шүүх шүүгдэгч Х.Б ийн өсвөр насандаа гэмт хэрэг үйлдсэн байдал, насны онцлог, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлбөрийг төлсөн байдал, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн байдал, мөн шүүгдэгч, хохирогч нарын үерхэж байсан гэх харилцаа холбооны байдал зэргийг харгалзан үзэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан 2-оос 8 жилийн хорих ялаас 5 жилийг нь буюу хүнд ялыг нь сонгож, түүнийг 2 дахин багасгаж хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан "Эрүүгийн хариуцлагын зорилго"-д нийцэхгүй байна. Мөн хохирогчийн зүгээс хохирол төлбөрийн талаарх нэхэмжлэлийн нотлох баримт гаргаж өгсөн асуудал байхгүй байсан хэдий ч өсвөр насны шүүгдэгч Х.Б  нь шүүх хуралдааны явцад 100.000 төгрөгийг хохирол төлбөрт төлсөн байна. Үүнийг анхан шатны шүүх анхаарч үзэхгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй байна. Мөн өсвөр насны шүүгдэгч Х.Б ийн төрсөн аав нь нас бараад 1 cap өнгөрч байсан нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ... гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.", Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр   зүйлийн   8  дахь  хэсэг  "...эрүүгийн  хариуцлага  хүлээлгэх  эсэхийг шийдвэрлэхээр зөвлөлдөх тасалгаанд дараахь асуудал тус бүрээр хэлэлцэнэ” мөн хэсгийн 8.1-д "Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, ... нөхцөл байдал байгаа эсэх" хэмээн зааснуудыг анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Өсвөр насны шүүгдэгч Х.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан "... учруулсан хохирлыг төлсөн", мөн өсвөр насны шүүгдэгч Х.Б ийн хувийн байдал, ар гэрийн байдал болон төрсөн аав нь нас барсан байдал нь мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан "... эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал" мөн. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлагын зорилго нь ...гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино." хэмээн заасан ба өвсөр насны буюу насанд хүрээгүй хүнд хорих ял оногдуулснаар "нийгэмшүүлж байна" гэсэн ойлголтыг үгүйсгэнэ. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй бусад энэ төрлийн 2-8 жилийн хорих ялын санкцтай гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нараас ялгамжтай буюу хүнд ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Өвсөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзан, нийгэмд байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, ... шаардлагатай тохиолдолд хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна." гэж заасан байгаа. Өвсөр насны буюу насанд хүрээгүй шүүгдэгч Х.Б ийг заавал хорьж хүмүүжүүлэх шаардлага байхгүй гэж үзэж байна. Иймд дээрх бүхий л нөхцөл байдал, үндэслэлүүдийг харгалзан үзэж өсвөр насын шүүгдэгч Х.Б ийг заавал хорьж хүмүүжүүлэх шаардлагагүй байх учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах, эсхүл 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү...” гэжээ.

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир давж заалдах гомдолдоо: “...Өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй. Харин үйлдэгдсэн гэх хэргийн шалтгаан нөхцөлийн талаар шүүх анхаарах байсан гэж үзэж дүгнэлтээ гэм буруугийн шүүх хуралд саналаа оруулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэд хэдэн заалт хэсэгт өсвөр насны хүүхдэд ял шийтгэл оногдуулахад шүүгдэгчийн хувийн байдал, хэрэг үйл явдалд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг харгалзан оногдуулсан ял шийтгэлийг хойшлуулж болох заалтыг шүүх хэрэглэж болохоор тогтоож өгсөн байгаа. Тухайлбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д өсвөр насны хүүхдэд оногдуулсан хорих ялыг хойшлуулах талаар хуульчилж өгсөн. Х.Б д оногдуулсан 2 жил, 6 сарын хорих ялыг хуулинд зааснаар хойшлуулж өгнө үү...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн, П.Ган-Очир нарын давж заалдах гомдлыг хүлээн авч тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Х.Б  нь 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б.У ийг 15 нас 8 сартай байхаас нь эхлэн удаа дараа хүчиндсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Х.Б ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгасан Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд хангалттай тогтоогджээ.

Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Х.Б ийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл заалтыг зөрчөөгүй байна.

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн нь “....өсвөр насын шүүгдэгч Х.Б ийг заавал хорьж хүмүүжүүлэх шаардлагагүй байх учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах, эсхүл 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү...”, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир нь “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д өсвөр насны хүүхдэд оногдуулсан хорих ялыг хойшлуулах талаар хуульчилж өгсөн. Х.Б д оногдуулсан 2 жил, 6 сарын хорих ялыг хуулинд зааснаар хойшлуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг гаргасан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар болон гэм бурууд тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн, П.Ган-Очир нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн, П.Ган-Очир нар нарын давж заалдах гомдолыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.ХҮРЭЛБААТАР

                              ШҮҮГЧИД                                  С.ЦЭЦЭГМАА 

                                                                                Ё.БЯМБАЦЭРЭН