Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0764

 

Иргэн Ц.*******ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баярдалай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 714 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Ц.*******ийн нэхэмжлэлтэй, Хил хамгаалах ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 714 дүгээр шийдвэрээр: “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1-3/626 дугаар албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчид 36 сарын цалин хөлстэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохыг хариуцагч Хил хамгаалах ерөнхий газрын даргад даалгаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “1. Хилийн 0184 дүгээр ангийн заставын жагсаалын даргаар ахлах ахлагч цолтой ажиллаж байсан Ц.******* нь архидан согтуурч өөрийгөө буудаж, биедээ хүнд гэмтэл учруулж цэргийн дүрэм, сахилгыг зөрчсөн тул "Монгол улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль"-ийн 19 дүгээр зүйлийн 5-ын 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2014 оны 6/256 дугаар тушаалаар захиргааны санаачилгаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, цэргийн жинхэнэ албанаас халсан.

2. Цэргийн албан хаагч нь төрийн тусгай албан хаагч буюу Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын ангилалд хамаарагддаг.

Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан /тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн/ үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид төрийн албанд ажилласан хугацааг харгалзан 36 хүртэл сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно" гэж заасан. Энэ нь сахилгын шийтгэлээр биш, дээрх 2 үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчид тэтгэмж олгоно гэж заасан.

З. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Цэргийн албан хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно." гэж заасан.

Дээрх 5 үндэслэл буюу болзол шаардлагыг Монгол улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйл, 19 дүгээр 5 дахь хэсгийн 1,2,6 дахь заалтад тодорхой заасан байна.

4.Монгол улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр 5 дахь хэсгийн 3, 4, 5-д заасан үндэслэлээр халагдсан тохиолдолд тэтгэмж олгох зохицуулалт хуульд байхгүй байна. Үүнд:

3/ мэргэжил, чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон;

4/ цэргийн дүрэм, сахилгыг удаа дараа зөрчсөн;

5/ гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн;

Дээрх тэтгэмж олгох хуульд зааснаас өөр үндэслэлээр буюу цэргийн албанаас зөрчил гарган сахилгын шийтгэлээр халагдаж байгаа хүнд тэтгэмж олговол "Тэтгэвэрт гарах насанд хүрсэн, болзол шаардлагыг нь хангасан бол юу ч хийж болно, гэмт хэрэг үйлдэж, хүн алсан ч" төрийн байгууллага тухайн хүнд тэтгэмж өгөхөөр болж байна."

5. Нэхэмжлэгч Ц.******* нь:

-Цэргийн дүрэм, сахилгыг зөрчиж Монгол улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр 5 дахь хэсгийн 4 дэх заалтын дагуу цэргийн жинхэнэ албанаас халагдсан;

-Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр чөлөөлөгдөөгүй;

-Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Монгол улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйл, 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1, 2, 6 дахь заалтад заасан нэг удаагийн тэтгэмж олгох тухай хуульд зааснаас өөр үндэслэлээр халагдсан тул 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, иргэн Ц.*******өөс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул давж заалдах шатны шүүх гомдлын агуулгад дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн захиргааны чөлөө авсан үндэслэлээр иргэн Ц.*******ийн нэхэмжлэлтэй, Хил хамгаалах ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 669 дүгээр тогтоолоор шүүгч О.Оюунгэрэлд шилжүүлж, хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хянан шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалсан гэж тусгагдсан, тухайн шүүгч шийдвэрт гарын үсэг зурсан боловч шүүхийн шийдвэрийн Удиртгал хэсэгт шүүх хуралдааныг өөр шүүгч даргалснаар тусгасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 /Шүүх хуралдааныг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс томилсон шүүгч даргална/, 107 дугаар зүйлийн 107.2 /Удиртгал хэсэгт шүүхийн шийдвэрийг хэзээ, хаана, ямар шүүх гаргаж, байгаа, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны оролцогчийг нэрлэн заана/-д заасантай нийцээгүй байна.

Энэ нь анхан шатны шүүхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2 дахь заалтыг зөрчиж, хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх, мөн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэх үндэслэл болно.

Үүнээс гадна Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хэрэг хянан шийдвэрлэх хугацааг сунгасан шүүгчдийн зөвлөгөөний 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 578 дугаар тогтоол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д “Шүүгчдийн зөвлөгөөнөөр асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Шүүгчдийн зөвлөгөөн тухайн шүүхийн шүүгчдийн олонхи оролцсон тохиолдолд хүчинтэй байна” гэж заасантай нийцээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.2, 121.3.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 714 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР