Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2017/0101/З/ |
Дугаар | 349 |
Огноо | 2017-10-04 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 349
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0344 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0434 дүгээр магадлалтай, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0344 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 11 дүгээр зүйлийн 11.1.16, 11.1.25, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрийн хэлтэст даалгаж, нэхэмжлэгч “А” ХХК маргаан бүхий талбайд тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэж эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрч шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0434 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0344 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга нь “А” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан NE-026275 тоот өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэлгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, тус компанийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн NE-026275 тоот өргөдлийн дагуу “Шанд” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, “А” ХХК нь Төв аймгийн Баян сумын нутагт “Шанд” нэртэй 1205 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрөх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч “А” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал П.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...”А” компани 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож, хариуцагч хүлээн зөвшөөрч байхад давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2016 оны 10 сарын 26-ны өдөр гаргасан байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Манай компанийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газарт хандан 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан бус, харин “2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг маань шийдвэрлэж өгөөч” гэсэн хүсэлт гаргасан. Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахад тавигдах шаардлагыг хуульчилж өгсөн. Тус компанийн хувьд энэхүү хуулийн шаардлагыг ханган 2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан өргөдлөө шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан. Хэрвээ Ашигт малтмал, газрын тосны газар нь хуулийн хугацаандаа хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэсэн бол цаг хугацааны хувьд орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаас өмнө “А” компани нь Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ эдлэх боломжтой байсан гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүх “хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан NE-026275 дугаартай өргөдлийг шийдвэрлэсэн хариуг нэхэмжлэгч хуулийн этгээдэд өгсөн болох нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7/1430 дугаар албан бичиг болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна” гэж үзсэн. Хуулийн заалт болон Ашигт малтмал, газрын тосны газрын мөрддөг журамд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэх журам, хугацааг тодорхой хуульчилж, журамлаж өгсөн байхад шүүх хэрэглээгүй. Хэрэгт нотлох баримтаар авагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын 4.5-д зааснаар “аймаг нийслэлийн Засаг дарга хууль зүйн үндэслэлгүй “дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр” гаргах үүрэгтэй байсан.
NE-026275 дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудас хэрэгт баримтаар авагдсан. Энэхүү хүснэгтийн 8-д “2015 оны 9 дүгээр сарын 17-ний өдөр тэмдэглэгээ хийгдэн орхигдоод”, 9-д “Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д үндэслэн олгох, шийдвэр гаргахаар тэмдэглэгээг 5 дугаар сарын 18-ний өдөр хийсэн” байгаа билээ. Ийнхүү олгох шийдвэр гаргах болоход орон нутгийн тусгай хэрэгцээтэй давхцалтай болсон. Орон нутаг нь 2016 оны 4 дүгээр сард тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэр гарган бүртгүүлсэн байдаг. Ийнхүү цаг хугацааны хувьд “А” ХХК-ийн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэх үүргээ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хэрэгжүүлээгүйгээс тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрх зөрчигдсөн.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд “давж заалдах шатны шүүхээс эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ” гэжээ. Бусад үндэслэл гэдэгт юу хамаарах, ямар үндэслэл байна гэдэг нь тодорхойгүй байна. Ийнхүү тодорхой бус үндэслэл дурдсанаараа давж заалдах шатны шүүх “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, давж заалдах шатны шүүхээс гаргаж байгаа шийдвэр, түүний үндэслэл нь магадлалд тусгагдсан байх” гэсэн хянан шийдвэрлэх хуулийн шаардлагыг тус тус зөрчсөн. Иймд давж заалдах шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Хянавал:
Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “А”ХХК-ийн Төв аймгийн Баян сумын нутаг “Шанд” нэртэй газрын 1209 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн өргөдөлд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7/1430 дугаартай албан бичгээр “Төв аймгийн Засаг даргаас тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” санал өгсөн, тус аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар нутгийг сумын тусгай хэрэгцээнд авах тухай” 04 дүгээр тогтоолоор тухайн талбайг сумын тусгай хэрэгцээнд авсан” гэсэн үндэслэлүүдээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухайг мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй, нэхэмжлэгч “...өргөдлийг хуульд заасан хугацаандаа шийдвэрлээгүй, хэрэв шийдвэрлэсэн бол ...орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай тогтоол гарахад манай талбай нь орохгүй үлдэх байсан” гэж маргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь Төв аймгийн Баян сумын “Шанд” нэртэй 1209 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж, санал авахаар 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 6/7260 дугаартай мэдэгдлийг хүргүүлсэн, Төв аймгийн Засаг даргаас 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/1327 дугаартай албан бичгээр ирүүлсэн “дэмжихгүй” саналыг 2015 оны 10 дугаар сарын 20-ны хүлээн авсан, өргөдөл нь шийдвэрлэгдэхгүй байгаа талаарх нэхэмжлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн гомдолд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7/1430 дугаартай албан бичгээр хариу өгсөн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4, 19.5, 19.6-д зааснаар төрийн захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэж санал авахаар, уг мэдэгдлийг хүлээн авсан Засаг дарга нь тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх, энэ хугацаанд хариу өгөөгүй бол зөвшөөрсөн санал гэж үзэхээр, Засаг дарга нь зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болохоор, тусгай зөвшөөрөл олгохыг Засаг даргаас дэмжсэн бол төрийн захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахаар зохицуулжээ.
Мөн хуульд төрийн захиргааны байгууллага нь Засаг даргын саналыг хүлээн авснаас хойш ямар хугацаанд тусгай зөвшөөрөл олгох, эс олгох талаар шийдвэр гаргахыг тусгайлан заагаагүй, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын 4.3-т “...хууль зүйн үндэслэлтэй “дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд ажлын 5 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийн төсөл боловсруулан, ...даргын гаргасан шийдвэрийг өргөдөл гаргагчид мэдэгдэх”-ээр, 4.5-д “...хууль зүйн үндэслэлгүй “дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд ажлын 3 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийн төслийг боловсруулан,... даргын гаргасан шийдвэрийн дагуу мэдэгдлийг өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулан хүлээлгэн өгөх”-өөр тус тус журамласан байна.
Гэвч хариуцагч нь Төв аймгийн Засаг даргын “дэмжээгүй” саналыг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан атлаа дээрх журамд заасан хугацаанд шийдвэрлээгүй буруутай боловч өргөдөл шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэгчийн гаргасан 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн гомдлыг шийдвэрлэж 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7/1430 дугаартай албан бичгээр хариу өгснөөс үзвэл, өргөдлийг нь хуулийн дагуу шийдвэрлэлгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэлгүй талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.
Учир нь Төв аймгийн Засаг даргын “дэмжээгүй” саналыг хүлээн авсан хариуцагч нь “тусгай зөвшөөрөл олгох”-оор буюу эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах замаар нэхэмжлэгчийн өргөдлийг шийдвэрлэх байсан гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч өргөдлийг нь хуулийн хугацаанд шийдвэрлэхгүй байна гэж дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, өргөдлийг нь “шийдвэрлэхгүй” байгаа талаар өргөдлөө гаргаснаас хойш 1 жил, 1 сарын дараа “шийдвэрлүүлэх”-ээр гомдол гаргах үед нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “...хуулийн хугацаандаа хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэсэн байсан бол цаг хугацааны хувьд орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаас өмнө тус компани нь тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ эдлэх боломжтой байсан” гэх гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Иймд, нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан уг талбай нь “Газар нутгийг сумын тусгай хэрэгцээнд авах тухай” Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр тогтоолын үйлчлэлд хамаарч, орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдсан, уг тогтоолтой нэхэмжлэгч маргаагүй, тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т заасанд нийцсэн тул нэхэмжлэгчийн “өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болох”-ыг тогтоолгох, “Шанд” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” шаардлагыг хангаж шийдвэрлэх эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсныг төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу зураг зүйн бүртгэлд бүртгэж авснаар тухайн талбайд ашигт малтмал хайх үйл ажиллагаа хориглогдож, эрх зүйн үйлчлэл үзүүлж эхэлсэн байх тул нэхэмжлэгчийн “Төв аймгийн Баян сумын нутаг “Шанд” нэртэй 1209 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой”-г тогтоолгох /эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх/ шаардлагыг хангах мөн үндэслэлгүй.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо маргааны үйл баримтад холбогдуулан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т заасан зохицуулалтыг зөв хэрэглэсэн, харин магадлалдаа “...бусад үндэслэлээр” гэж тодорхой бус заасан нь буруу боловч уг алдаа нь магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Дээрх байдалд үндэслэн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0434 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А” ХХК ийн захирал П.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ