Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 132

 

 

 

 

      2020 оны 04 сарын 03 өдөр

                Дугаар 104/ШШ2020/00132

                          Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, шүүгч Л.Нарангэрэл, З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:*******,*******од оршин суух, ******* Б.Д /РД: /

 

Хариуцагч:*******,*******од оршин суух, ******* Н.А /РД: /-д холбогдуулан

 

Эрүүл мэндэд гэм хор учруулсны хохирол, эмчилгээний болон зайлшгүй гарах зардалд нийт 3.034.876 төгрөг, цалин хөлс, түүнтэй адитгах орлого 1.380.000 төгрөг бүгд 4.414.876 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бат-Отгон, хариуцагчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн, иргэдийн төлөөлөгч Р.Сэлэнгэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2019 оны 6 дугаар сарын 24-ний өглөө ажилдаа явах зорилгоор хариуцагч *******гийн өмчлөлийн 89-25 УНҮ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн автомашинд суусан. Налайх дүүргээс Улаанбаатар хот орох замдаа зам тээврийн осолд орсон. Шүүх *******гийн буруутай үйлдлын улмаас осол гарсан болохыг тогтоосон.

Энэ ослын улмаас миний тархи доргиж, зүүн хацрын яс цуурч, зүүн нүдэнд цус хурж, зүүн баруун сүүжний яс бяцарч, баруун талын 8 хавирга, нурууны хоёр сэртэн яс хугарч, баруун талын сүүжний далбаан яс баруун талаасаа салж, хөлийн тавхайн яс цуурч хүнд гэмтэл авсан. Мөн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр дотуур цус алдаж Налайх дүүргийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн.

Хариуцагч ******* эрүүгийн шүүх хурал болохоос хэд хоногийн өмнө эмчилгээний зардал, өвчтэй байсан хугацаан дахь цалингийн зөрүү гэж нийт 7.000.000 төгрөг өгсөн. Харин энэ цагаас хойш ямар ч чимээ сураггүй алга болсон.

Харин би олон сар хэвтэрт болон тэргэнцэртэй байсан учир босч, сууж чадахгүй өтгөн шингэнээ хөтөвчинд гаргадаг байсан. Ингэхдээ байнга нойтон сальфетка, нойлын цаас, памперс хэрэглэж байсан. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах бүтээгдэхүүн хэрэглэхээс өөр аргагүй болсон. Учир нь: удаан хугацаанд хөдөлгөөнгүй суугаа байдалтай байгаа хүний өтгөн хатах магадлал өндөр болсон.

Мөн миний сүүжний бөөрөнхий яс гүйцэт бороолохгүй байгаа болохоор эмчийн хяналтанд байж байнга эм тариа, нэмэлт бүтээгдэхүүнийг дархлаа дэмжих зорилгоор хэрэглэж байна.

Тухайн үед аарцаг ясны гэмтэл илүү их байсан учир кальцийг эмчийн бичиж өгсөн жорын дагуу АБМ ХХК-иас авч уусан. Үүнээс гадна миний нүд, хацрын яс цөмөрснөөс шалтгаалан толгой маш их өвддөг тул тархи, толгойны эмчилгээ хийлгэсэн. Би тэргэнцэртэй нийтийн унаанд сууж явах боломжгүй учир эмчид үзүүлэх, эмнэлэгт хэвтэх болгонд хүний унаа гуйн бензин хийж явдаг байсан.

Иймд шүүхийн шийтгэх тогтоолд заасны дагуу гарсан эмчилгээний зардал 3.034.876 төгрөг, 2019 оны 11 дүгээр сар, 12 дугаар сарын цалингийн зөрүү 1.380.000 төгрөг нийт 4.414.876 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин шийтгэх тогтоол гарахаас өмнөх эм, тарианы 2 баримтыг эрүүгийн хэрэгт өгөөгүй байсан тул одоо иргэний журмаар нэхэмжилж байгаа.

            Хэрвээ би хуурамч баримт бүрдүүлээд мөнгө авъя гэж бодсон бол гадаад улс руу явж эмчилгээ хийлгэнэ, төлбөртэй эмнэлэгт хэвтэж нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж болох байсан. Гэхдээ би хариуцагчийн боломж бололцоог бодож цалингаасаа татгалзсан. Гэтэл надад 200.000 төгрөг өгнө гэснийг уншаад цалингийн зөрүүг шаардаж байна.

Хариуцагч ******* эрүүл саруул ажил хийж эхнэр, хүүхэдтэйгээ хамт байна. Гэтэл би өрх толгойлсон ганц бие эмэгтэй, надаас өөр ажил хөдөлмөр хийдэг хүн байхгүй. Одоо би хөдөлмөрийн чадвараа 69 хувиар алдаж группийн 310.000 төгрөгөөс өөр орлогогүй болсон. Энэ мөнгөөр яаж өөрийгөө эмчлэх юм бэ? Би хөл дээрээ хурдан босохыг хүсч байна.

Гэтэл хариуцагчийн өмгөөлөгч 100.000 төгрөг өгье гэж байна. Би осолд орохоосоо өмнө хувийн байгууллагад сарын 1.000.000 төгрөгийн цалинтай байсан. Байгууллага нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байсан ч 1.000.000 төгрөгийн цалинтай болохоо дансны хуулгаараа нотолж байгаа.

Хариуцагч миний эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулна гэвэл цалингаасаа татгалзаж маргаанаа эв зүйгээр шийдвэрлэх боломжтой. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэхгүй гэсэн тул нэхэмжлэлээ анх гаргасан мөнгөн дүнгээр дэмжиж байна.

Иймд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлээ нотолж байгаа тул хариуцагчаас 2019 оны 11 дүгээр сар, 12 дугаар сарын цалин 1.380.000 төгрөг, эмчилгээний зардал 3.034.876 төгрөг, нийт 4.414.876 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бат-Отгон, өмгөөлөгч Э.Намжилцэрэн нар тайлбарлахдаа: Хариуцагч ******* гэм буруугийн талаар маргаагүй. Гэхдээ хариуцагч ******* нэхэмжлэгч Б.Дгийн биед учруулсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлыг хуульд заасан журмын дагуу төлөхөд татгалзах зүйлгүй.

Гэтэл нэхэмжлэгч Б.Д 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр эмийн сангаас авсан эм, тарианы зардлуудыг нэхэмжилсэн байна. Энэ хохирлыг Эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол гарахаас өмнө төлөгдсөн байх боломжтой.

Мөн нэхэмжлэгч Б.Д эмчийн бичсэн зааврын дагуу эм, тариа авч хэрэглэсэн гэдгээ бүрэн нотлохгүй байна. Учир нь: Б.Д өөрийн ажилладаг компаниас нийт 2.656.476,56 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан байх ба ихэнх нь хоол боловсруулах буюу тураах зориулалттай хоолны ислэг бүтээгдэхүүн байна. Эдгээрээс гадна нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн гэх баримт нь гадаад хэл дээр байх ба ямар зориулалтын бүтээгдэхүүн болох, эрүүл мэндийн яамны зөвшөөрөлтэй, эмчийн заавар зөвлөгөөгөөр хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй байна. Иймд энэ баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.-т гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулсан байна гэж заасан хуулийн шаардлага хангахгүй байна.

Үүнээс гадна нэхэмжлэгч Б.Д 1.000.000 төгрөгийн цалин орлоготой байснаа нийгмийн даатгалын дэвтэр болон шимтгэл төлсөн баримтаар нотлох ёстой. Гэтэл энэ талаар баримт байхгүй. Иймээс цалингийн зөрүү гэж ямар ч мөнгө төлөхгүй.

Ер нь нэхэмжлэгчтэй 200.000 төгрөгөөр эвлэрэх санал тавьсан. Харин нэхэмжлэгч Б.Д хүлээж аваагүй тул эвлэрэх боломжгүй. Гэхдээ нэхэмжлэгчийн эмчилгээний зардал болон цаашид гарах зардлыг төлөхгүй гэсэн үг биш. Зөвхөн үнэн бодитой гарсан, хуулийн шаардлага хангасан баримтын хэмжээнд зөвшөөрч болно.

Одоо бол эмчилгээний зардлаас 100.000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч байна.

Харин хариуцагч ******* сэтгэл гаргаагүй биш гаргасан. Нэхэмжлэгч Б.Дг хохиролгүй болгох үүднээс өөрт байгаа бүх хөрөнгөө барьцаалж, зарж байж шаардсан эмчилгээний зардал болон цалингийн зөрүүнд нийт 7.000.000 төгрөг өгсөн. Одоо ******* нь ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг. Сард 800.000 төгрөгийн цалингаар эхнэр, 0-15 насны 4 хүүхдээ тэжээдэг. Хэрэглээний зардал болон зээлийн төлбөрөө арай ядан төлж байна. Мөн Зам тээврийн гэмт хэрэг нь санаатай бус болгоомжгүйгээр үйлдэгддэг хэрэг. Иймд шүүх уг нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсч байна гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д хариуцагч *******д холбогдуулан эрүүл мэндэд гэм хор учруулсаны хохиролд, эмчилгээний болон зайлшгүй гарах бусад зардалд нийт 3.034.876 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 1.380.000 төгрөг бүгд 4.414.876 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бат-Отгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд өгсөн тайлбартаа эмчилгээний зардлаас 201.169 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрсөн ч шүүх хуралдааны шатанд 100.000 төгрөг болгон багасгаж, үлдэх 4.314.876 төгрөгт холбогдох хэсгийг үндэслэлгүй гэж маргасан.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Р.Сэлэнгэбаатар маргааны үйл баримт болон зохигчийн гэм буруугийн талаар ...Хариуцагч талын буруутай гэж тогтоогдсон тул нотлох баримтаар тогтоогдсон эм тариа, эмчилгээний зардал, мөн цалингийн нэхэмжлэлийг нэхэмжлэгч талд өгөх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг бичгээр гаргасан болно.

 

Шүүх нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах хууль зүйн дүгнэлтийг хийв.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Харин гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т заасан.

 

Иймд хариуцагч ******* хохирол төлөх чадваргүй эсэхээ бус гэм хор учруулсан нь өөрийн буруугаас болоогүй болохоо нотолбол Иргэний эрх зүйн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болох юм.

 

Шүүх хавтаст хэргийн 5-9 дүгээр хуудсанд авагдсан баримтаас үзвэл, хариуцагч ******* нь 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн өглөө 7 цагийн орчимд Төв аймгийн Зуун мод сумын 4 дүгээр багийн нутагт Налайх дүүргээс Зуунмод явах чиглэлийн асфальтан замд 89-25 УНҮ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу руу гарч онхолдон зам тээврийн осол гаргасан. Уг ослын улмаас Х.Жулдыз, Б.Д нарын биед хүнд, Т.Үүрцайхын биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай болохыг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/321 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоосон байх ба иргэний хэрэг хянан хэлэлцэх шатанд зохигчид гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Б.Дгийн эрүүл мэндэд хариуцагч ******* болгоомжгүй үйлдлийн улмаас гэм хор учруулсан нь дахин нотлох шаардлагагүй үйл баримтаар тогтоогдсон тул гэм хорыг арилгах үүрэг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасан үүсч байна.

 

Гэхдээ шүүх эрүүл мэндэд учирсан гэм хорын хэмжээг тодорхойлохдоо нотлох баримтад тулгуурлах бөгөөд хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ. /Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2./

 

Иймд нэхэмжлэгч Б.Д хариуцагч *******гийн гэм буруугийн үйлдэлтэй шалтгаант холбоотой баримтаа шүүхэд цуглуулан өгнө. Харин хариуцагч *******д нэхэмжлэлээс зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа үндэслэлээ баримтаар няцаах нотолгооны үүрэг хуваарьлагдах юм. /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1./

 

Мөн зохигчдын шүүхэд өгсөн бичгийн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4. гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна, 44 дүгээр зүйлийн 44.2.-т ... Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө..., 44.4.-т ...Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна... гэж заасан нотлох баримтын шаардлагыг хангасан байх ёстой.

 

            Нэхэмжлэгч Б.Д эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан шүүхэд цуглуулж өгсөн баримтаас хавтаст хэргийн 10, 12, 13, 14 дахь хуудсанд авагдсан 3, 4, 5, 7, 10, 11, 13, 14, 17, 19 дэх баримт нь хуулийн шаардлага хангаагүй, зарим эм, эмийн бүтээгдэхүүн, нэмэлт хоол тэжээл нь хариуцагч *******гийн гэм буруутай шалтгаант холбоогүй, ердийн үед хэрэглэх хэрэглээ байна гэж үнэллээ.

 

Тухайлбал, 1.Нэхэмжлэгч Б.Д өөрийн ажиллаж байсан АМВАЙ тээвэр зууч ХХК-ийн ОХУлсаас тээвэрлэн оруулж ирдэг эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэсэн гэх нийт 2.786.941 төгрөгийн баримтаас үзэхэд, зөвхөн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр худалдан авалт хийсэн 2.574.076 төгрөгийн баримтад түүний нэр бичигдээгүй байна.

 

Мөн худалдан авсан нэмэлт бүтээгдэхүүний баримтад олон тоо ширхэгтэй кальци, магний, витамин D комплекс бүтээгдэхүүн олон тоогоор бичигдсэн. Нэхэмжлэгч Б.Дгийн биед учирсан гэмтлийн улмаас Олон улсын нэршлээр хэрэглэж тогтсон эм, эмийн бүтээгдэхүүн, нэмэлт хоол тэжээлийг хэрэглэж болох ч уг амин дэмийг удаан хугацаанд хэрэглэж болох эсэхийг ясны эдгэрэлтээс хамаарч эмчийн заавар зөвлөгөөгөөр хэрэглэх журамтай. Гэтэл байнгын эмчийн хяналтад байдаг нэхэмжлэгч Б.Д эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн байнга хэрэглэх шаардлагатай байснаа баримтаар нотлоогүй.

 

Үүнээс гадна нэхэмжлэгч 212.865 төгрөгийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хоол боловсруулах болон гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах зориулалтаар хэрэглэж байсан гэж тайлбарлаж байгаа ч нэг төрлийн үйлчилгээтэй олон нэр төрлийн эслэг бүтээгдэхүүнийг нэг зэрэг хэрэглэх боломжгүй гэж үзсэн.

2.Ханиалга намдаах болон амьсгалын замын вирусын цочмог халдварт өвчинд хэрэглэх заавартай эм болох 3.000 төгрөгийн үнэтэй гриппофлю пач 2 ширхэг, 5.850 төгрөгийн үнэтэй грипоблок, 12.000 төгрөгийн үнэтэй гербион, 6.390 төгрөгийн үнэтэй флемоксин, 11.715 төгрөгийн үнэтэй флемоксин солютаб, 2.200 төгрөгийн үнэтэй хоолойн өвчний үед хэрэглэх кофлет хүлхмэл эм 2 ширхэг зэрэг нийт 46.355 төгрөгийн баримт байсан болно.

 

Харин хариуцагч ******* эмчилгээний зардалтай холбоотой 18.360 төгрөгийн хохирлыг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэсэн гэж маргасан ч баримтаар няцааж мэтгэлцээгүй.

Иймд нэхэмжлэгч Б.Дгийн эрүүл мэндэд гэм хор учруулсан хохирол /баруун уушги няцрал, цээжний хөндийд хий шингэн хуралдалт, баруун 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавирга хоёрлосон хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн ханын хугарал, зүүн нүдний доод, дээд зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт/-ыг арилгахад гарсан зардалд Түвшин тун эмийн сангаас 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр худалдан авсан 1.500 төгрөгийн үнэтэй Асмеф өвчин намдаах эм, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр худалдан авсан 4.500 төгрөгийн үнэтэй Дикло-денк, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр худалдан авсан 3.500 төгрөгийн үнэтэй Ибуденк, мөн өдөр худалдан авсан 3.660 төгрөгийн үнэтэй Пирацетам, Монос Налайх эмийн сангаас 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр худалдан авсан 500 төгрөгийн үнэтэй Цитрамон, 7.400 төгрөгийн үнэтэй Энхжин дархлаа дэмжих цай, Түвшин тун эмийн сангаас 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр худалдан авсан 1.000 төгрөгийн үнэтэй Витамин С, 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр худалдан авсан 1.500 төгрөгийн үнэтэй Асмеф өвчин намдаах эм, Мөнхийн тун эмийн сангаас 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр худалдан авсан 4.900 төгрөгийн үнэтэй бинт, Диклоденк өвчин намдаах эм, нэхэмжлэгч Б.Дгийн нэртэй АБМ ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр худалдан авалт хийсэн 82.400 төгрөгийн үнэтэй Кальци, магний, витамин Д комплекс зэрэг нийт 110.860 төгрөгийн баримтыг тооцов. /хх10-14/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бат-Отгон нь зайлшгүй гарах бусад зардлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр худалдан авсан 5.200 төгрөгийн үнэтэй нойлын цаас, нойтон сальфетка, 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр худалдан авсан 26.250 төгрөгийн үнэтэй дэвсдэг, өмсдөг памперс, 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр худалдан авсан 19.270 төгрөгийн үнэтэй памперс, нойтон сальфетка зэрэг нийт 50.720 төгрөгийг зөвшөөрсөн тул шүүх зохигчдын маргаагүй шаардлагатай холбоотой баримтыг шууд нотлох баримтаар үнэлэв.

 

Харин Улаанбаатар хотод гэмтлийн эмчид үзүүлэх, Сэргээн засах эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд гарсан шатахууны зардал нийт 40.000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс1.380.000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Гэхдээ нэхэмжлэгч Б.Д ямар зорилгоор хаашаа явсан маршут нь өвчтөний гар дэвтэрт бичсэн эмчийн үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдсон тул МТ ШТС-аас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шатахуун худалдан авсан 20.000 төгрөгийн баримт, Налайх ШТС-2-оос 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шатахуун худалдан авсан 20.000 төгрөгийн баримтыг зайлшгүй гарсан бусад зардал гэж үзлээ.

 

Мөн нэхэмжлэгч Б.Д 2019 оны 6 сарын 24-ний өдрөөс өмнө Амвэй тээвэр зууч ХХК-нд барааны мэргэжилтэн, тооцоо гаргагч ажилтай, сарын 1.000.000 төгрөгийн цалин орлоготой байсан, гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 69 хувиар алдаж, сард тахир дутуугийн тэтгэвэр 310.000 төгрөгөөс өөр орлогогүй болсон нь Амвэй тээвэр зууч ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б.Д тус компанид барааны мэргэжилтэн, тооцоо гаргагчаар 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сарын 24-ний хугацаанд, осолд орох хүртлээ ажиллаж байсан. Сар бүрийн цалин 1.000.000 төгрөг болохыг тодорхойлж байна гэсэн тодорхойлолт, Б.Дгийн эзэмшил ХААН банкны 5013070727 тоот дансанд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ...5030621878 тоот данснаас сар бүр цалингийн урьдчилгаа 500.000 төгрөг, сүүлийн цалин 500.000 төгрөг... гэсэн утгатай орлого орж байсан тухай гүйлгээний дэлгэрэнгүй хуулга, 4 сарын ажилгүй байсан хугацааны цалинг 2.760.000 төгрөгөөр тооцон гаргасан Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/321 дугаартай шийтгэх тогтоол, Улаанбаатар хот Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 0213352 дугаартай актаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар тогтоосон, Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 0212615 дугаартай актаар дахин 6 сараар сунгасан, Тахир дутуугийн тэтгэврийн дэвтрийн хуулбар зэрэг баримтаар нотлогдсон.

 

Иймд хариуцагч ******* нэхэмжлэгч Б.Дгийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг бууруулсан хэмжээгээр төлөх үүрэг хүлээж байна. Шүүх нэхэмжлэгч Б.Дд олгох хохирлыг тогтмол орлого болох сарын цалин хөлс 1.000.000 төгрөгөөс тахир дутуугийн тэтгэвэр 310.000 төгрөгийг хасч тооцоход, 2019 оны 11, 12 дугаар сарын зөрүү 1.380.000 төгрөг болсон.

Харин хариуцагч *******гийн хувийн байдлаа тодорхойлж өгсөн /*******ны Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 433 дугаартай тодорхойлолтоор ******* нь тус хороо,*******, ам бүл 6-лаа оршин суудаг нь үнэн гэж тодорхойлсон, Тамирын долгион ХХК-ийн барьцаат зээлийн гэрээний хуулбар/ баримт нь хуулийн шаардага хангаж байгаа ч гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй байна.

 

Иймээс шүүх бүрэлдэхүүн хариуцагч *******гаас эмчилгээний зардал болон зайлшгүй гарах бусад зардал 201.580 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 1.380.000 төгрөг нийт 1.581.580 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгож, нэхэмжлэлээс 2.833.296 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагч *******гаас 40.255 төгрөгийг гаргуулж улсын орлого болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг баримтлан хариуцагч ******* Н.Агаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 1.581.580 /нэг сая таван зуун наян нэгэн мянга таван зуу ная/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* Б.Дд олгож, нэхэмжлэлээс 2.833.296 /хоёр сая найман зуун гучин гурван мянга хоёр зуун ерэн зургаа/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д зааснаар нэхэмжлэгч Б.Дгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 40.255 /дөчин мянга хоёр зуун тавин тав/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.ЭНХБИЛЭГ

                                ШҮҮГЧИД                                     Л.НАРАНГЭРЭЛ

                                                                                      З.ТҮВШИНТӨГС