Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 03

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:*******,******* тоотод оршин суух, ******* Б.Б /РД: /

 

Хариуцагч: *******,******* тоотод оршин суух, ******* Г.У /РД:/-т холбогдуулан

 

эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Г.У, нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2015 онд танилцаад 3 жил үерхсэн. Би түүнийг гэр бүлтэй байсныг мэддэг байсан. Гэхдээ тэр тухайн үед салсан байсан тул  *******-ны өдөр хүү Б.*******ыг төрүүлсэн. Намайг жирэмсэн байх хугацаанд Г.У хэрэгцээтэй зүйлсийг авч өгдөг байсан. Харин намайг төрсний дараа Г.У ******* улс руу явлаа гээд хэл сураггүй болсон. Би түүнийг ирэх болов уу гэж жил хүлээсэн. Энэ хугацаанд хүүхэдтэйгээ нэг ч удаа холбогдож байгаагүй. Хүү Б.******* эцгийнхээ талаар мэдэхгүй. Одоо бид хамт амьдрахгүй ч хүүхэдтэйгээ уулзаж байвал би дургүйцахгүй. Мөн түүний амьдралд ч саад болохгүй. Харин хүүхдээ ганцаараа тэжээхэд эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа тул Б.*******ын эцэг Г.У болохыг тогтоолгож, хүүхдээ тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Г.У шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 онд би гэр бүлээсээ тусдаа амьдарч байсан тул Б.Бтой танилцаж дотно харьцаатай болсон. Гэхдээ би 2018 оны 6 дугаар сараас эхлэн эхнэр, хоёр хүүхэдтэйгээ хамт амьдрах болсон учир Б.Боос харилцаагаа таслахаас өөр сонголт үлдээгүй. Тухайн үед Б.Б жирэмсэн болсон байсан. Хүү Б.******* *******-ны өдөр төрсөн. Миний хүүхэд мөн тул маргах зүйлгүй. Мөн хүүхдийн тэтгэлэг төлнө. Цаашид хүүхэдтэйгээ уулзаж, дэмжиж тусалж байх болно гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Г.Ут холбогдуулан эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргасан.

 

Хариуцагч Г.У нэхэмжлэлийн шаардлага болон асрамжийн талаар маргаагүй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-т “Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Б *******-ны өдөр төрсөн хүү Б.*******ын эцэг Г.У мөн болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Шүүх нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

 

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Г.У нар 2015 онд танилцаж, эр, эмийн харьцаатай болсон байх ба тэдний дундаас *******-ны өдөр хүү Б.******* төрж эх Б.Бын овог, нэрийг авч овоглосон. Одоо хүү Б.******* эх Б.Бын асрамжид эрүүл өсөн бойжиж байгаа нь хүү Б.*******ын №1113000562 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Налайх дүүргийн “Нарны эрч” өрхийн эмнэлгийн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-7-8/

 

Хариуцагч Г.У хүү Б.*******ын эцэг мөн болохоо зөвшөөрсөн.

 

 Иймд хариуцагч Г.У *******-ны өдөр төрсөн хүү Б.*******ын эцэг болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

Мөн нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Г.У нар гэрлэлтээ батлуулаагүй ч тэдний дундаас хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.-д зааснаар үүсч байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй тул нэхэмжлэгч Б.Б хүү Б.*******т тэтгэлэг тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар *******-ны өдөр хүү Б.*******ыг эцэг Г.Уаар сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигчид хүү Б.*******ыг тэжээн тэтгэхээс гадна эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход нь адил оролцон туслах ёстой.

 

Харин хариуцагч Г.У бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

 

Мөн нэхэмжлэгч Б.Б нь хүү Б.*******т зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Г.У зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106.070 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.Уаас 106.070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт болгов.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан *******-ны өдөр төрсөн хүү Б.******* /РД:/-ын эцэг ******* Г.У болохыг тогтоосугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасныг баримтлан *******-ны өдөр төрсөн хүү Б.*******ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан хүү Б.*******ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг ******* Г.Уаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч Г.Уаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

 

4.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106.070 /нэг зуун зургаан мянга дал/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.Уаас 106.070 /нэг зуун зургаан мянга дал/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 З.ТҮВШИНТӨГС