Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/948

 

 

 

 

 

 

  2023           9            20                                         2023/ШЦТ/948                      

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,

Улсын яллагч Э.Уранчимэг /томилолтоор/,

Хохирогч Б.Ж ,

Шүүгдэгч А.М , түүний өмгөөлөгч С.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.М д холбогдох эрүүгийн 2109016382156 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.М  нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Хоймор оффисын В1 давхарт тус оффисын В1 давхрын техникийн өрөөнүүдийн өмчлөл, эзэмшилтэй холбоотой асуудлаар “... ” ХХК-ийн дулааны инженер Б.Ж тай маргалдан улмаар “Хоймор” оффисын В1 давхарт Б.Ж ын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан багалзуурдаж, зүүн гараараа хана руу түлхэж, баруун гараараа зүүн талын шанаа тус газарт нь цохиж зодон эрүүл мэндэд нь эрүүний зүүн хэсэг, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд ...шүүгдэгч А.М  нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Хоймор оффисын В1 давхарт ...Б.Ж тай маргалдан улмаар багалзуурдаж, зүүн гараараа хана руу түлхэж, баруун гараараа зүүн талын шанаа тус газарт цохиж зодон эрүүл мэндэд нь эрүүний зүүн хэсэг, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Б.Ж ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний орой “Хоймор” оффис дээр ажил үүргээ гүйцэтгээд явж байсан. Манай компанитай гэрээ хийсэн гэрээт харуул хамгаалалтын албаны 4 алба хаагч бас хамт явж байсан. Тэгээд В1 давхрын техникийн өрөөнүүдийн хаалганы гол солих ажил хийж байсан. Тэгэхэд “Хоймор өмчлөгчдийн холбоо”-той гэрээ байгуулсан гэх “... ” ХХК-ийн 1 ажилтан доошоо бууж ирсэн. Тэгээд намайг "юу хийж байгаа юм” гээд болиулах гэж үзсэн. Манай харуул хамгаалалтын 4 алба хаагчтай маргалдаад байсан. Ингээд байж байхад “Хоймор” өмчлөгчдийн удирдлагууд болох А.М , С , Б.Н , Н.У нар дээд давхраас бууж ирцгээсэн. Бууж ирээд “та нар юу хийж байгаа юм бэ, наад үйл ажиллагаагаа зогсоо” гээд байхаар нь би өөрийн удирдлага болох “... ” ХХК-ийн дэд захирал Ц руу утсаар холбогдож мэдэгдсэн. Тэгэхэд дэд захирал “одоо тэгвэл хэрүүл маргаан хийгээд яах вэ, болиод гар” гэж хэлэхэд нь би харуул хамгаалалтын 4 алба хаагчийг гаргасан. Тэгээд би цаанаас хаалганы гол сольж байсан туслах ажилтан болох М.У ын хамт гадагшаа гарах гэсэн боловч А.М  нь В1 давхрынхаа хаалгыг таглаж зогсчхоод “цагдаа иртэл наанаа байж бай” гээд гаргахгүй байсан ба намайг “чи компанийнхаа юу хэлсэн бүгдийг хийх үү, “Үх” гэвэл гэвэл үхэх үү” гэх зэргээр доромжилж харьцсан. Мөн туслах ажилтан М.У  луу “Нохойн гөлөг” гэх зэргээр доромжлоод байсан. Би тэгэхэд нь “би зөвхөн өөрийн ажил үүргээ гүйцэтгээд явж байна” гэж хэлэхэд намайг багалзуурдаж, зүүн гараараа хана руу түлхээд, баруун гараараа зүүн талын шанаанд нэг удаа гараа зангидаж байгаад цохисон. Тэгээд би “гомдол гаргана” гэж хэлэхэд “тэгээрэй 100,000 төгрөгийг чинь өгчихье” гэж хэлсэн. Ингээд би удирдлага руу залгаж “намайг А.М  цохичихлоо” гэж хэлэхэд харуул хамгаалалтын албаны ажилтнууд явуулж намайг В1 давхраас дээш нь гаргасан. Гадагшаа гараад цагдаагийн алба хаагч ирэхийг хүлээсэн. Одоо амаа том ангайхад маш их өвдөж байна. ...Манай компанийн туслах ажилтан М.У , “Хоймор өмчлөгчдийн холбоо”-ны ажилтнууд болох н.С , Б.Н , Н.У нар бүгд хараад зогсож байсан ба А.М ийг зогсоох үйлдэл хийгээгүй. Намайг цохисон А.М  нь зан байдлын хувьд их түрэмгий хүн шиг санагдсан. Манай компанийн бусад ажилчид буюу үйлчилгээний ажилтнуудтай тааралдахаараа хэл амаар доромжлох, мөн “үр хүүхэдгүй амьдрах сайхан уу, гэртээ болгоомжгой хариарай” гэх зэргээр заналхийлдэг гэсэн. Энэ талаар манай ажилтнууд бас цагдаагийн байгууллагад гомдол гаргаад явж байгаа гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/,

-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Энэ үйл явдал орой болсон. Би тэр барилгын дулаан цахилгааны асуудлыг нь хариуцдаг инженер хүн. Доороо У  гээд туслах ажилтантай. Манай дэд захирал залгаад байж байгаарай, манайх хэвийн үйл ажиллагаа явагдахаар болсон шүү, цоожны голыг бэлдчихсэн байгаа, цахилгааны сангийн өрөө нь бүргэд хаалгатай, цоожны гол сольдог хүн очиж байгаа шүү гэж надад хэлсэн. Тэгээд цоожны гол сольдог хүн ирчихлээ гэхээр нь би туслах ажилтан У тай модон хаалганы гол солих гээд явж байсан. 2 техникийн өрөөний бүргэд хаалга болон үйлчилгээний ажилчдын өрөө зэрэг модон хаалгатай өрөөг солихоор явж байсан. Бүргэд хаалганы гол солих гэж байсан Г  гэх Капитал секьюритигийн харуул хамгаалалтын ажилтан ирээд энэ болохгүй, хууль бус зүйл гэхэд нөгөө гол солих гэж байсан залуу би ийм асуудалтай зүйл хийхгүй гээд яваад өгсөн. Тэр өдөр бүргэд хаалганы гол ерөөсөө солигдоогүй. Модон хаалгатай усны өрөө, үйлчилгээний ажилчид байдаг өрөөний хаалганы гол сольсон гээд гарах гэтэл энэ хүн гаргаагүй. Манай туслах У ыг түлхүүрээ өг гөлөг минь гээд хэл амаар доромжлоход би урдуур нь орж өмөөрсөн. Энэ хүн надаас үүрэг даалгавар авсан. Би дээд даргаасаа үүрэг даалгавар аваад ажиллаж байна. Тийм учраас У тай биш надтай ярилц, би дээш нь дамжуулъя гэсэн. Намайг шууд цохисон. Намайг түлхсэн гээд байгаа нь У  луу сарвайгаад байхаар нь гараа ав, энэ хүн миний дор ажиллаж, надаас үүрэг даалгавар авдаг хүн гэж хэлээд гарыг нь холдуулсан үйлдэл байгаа. Маргаад эхэлсэн үед би харуул хамгаалалтын ажилтнаа Ц  дэд захиралтай ярьж байгаад дээшээ гаргасан. М , У , би, менежер У , С , Н бид хэд үлдээд энэ үйл явдал болсон. Тухайн газраас гардаг ганцхан хаалга байдаг. Энэ хаалгыг таглаад зогсчихоод наанаа байж бай гээд гаргаагүй. Би утсаар яриад намайг цохичихлоо гээд нөхцөл байдлаа хэлэхэд манай харуул хамгаалалтын ажилтан бууж ирээд дээшээ гаргасан. Тэгээд цагдаа ирэхийг хүлээсэн. Би хоол унд идэж чадахгүй хэцүү байгаа. Үүнээс хойш хэд хоног ажилдаа яваагүй. ...Баримтаа гаргаад хохирлоо нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Гэрч М.У ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би ажил дээрээ ажлаа хийж байсан. Тэгсэн манай ахалж байгаа инженер залгаад “сая манай хуульчид “Хоймор өмчлөгчдийн холбоо”-той уулзсан, манайх ажлаа хэвийн үргэлжлүүлж болно гэсэн, доод өрөөнүүдийн цоожны голыг сольё, түлхүүрээ “Хоймор өмчлөгчдийн холбоо” өгөхгүй байна”, манайх солихоор болсон” гэж надад хэлсэн. Тэгээд би, инженер Б.Ж , манай харуул хамгаалалтыг хариуцдаг хамгаалалтын 4 ажилтантай бид 6 доошоо ороод би цоожийг эвдэж сольж тавьсан. Хариуцаж байсан инженер надад зааварчилгаа өгөөд зогсож байсан. Хаалганы цоожийг сольчхоод үүд рүү очиход “Хоймор өмчлөгчдийн холбоо”-ны хүмүүс болох Б, Б.Н , С , А.М , нэг менежер гэх эмэгтэйтэй хамт ирсэн байсан. Тэгээд тэнд хэрүүл маргаан болоод инженер намайг “гаръя” гээд хэлсэн чинь тэр хүмүүс “цагдаа дуудсан байгаа, ирэхээр нь учраа олчхоод гаргана” гээд гаргаагүй. Тэгээд бөөнөөрөө зогсож байтал А.М  гэх хүн “цагдаа дуудсан, та хоёрыг шоронд хийнэ” гэж хэлсэн. Тэгсэн манай инженер “манай хуульчид ирээд манайхыг үйл ажиллагаагаа хэвийн явуулж болно” гээд хэлээд зогсож байтал А.М  гэгч манай инженерийг хана руу түлхээд зүүн шанаа руу нь гараа атгаж байгаад цохисон. Манай инженер нэг хэсэг манарч зогсож байгаад гайгүй болоод бүгд дээшээ гарсан. Инженер бид хоёр оффис руугаа орсон. ...Би дээшээ ороод хувцсаа солиод гэр лүүгээ явсан. Цагдаа ирэхийг мэдээгүй. Инженер намайг “гэр лүүгээ яв” гээд би явсан. А.М  гэдэг хүн хана руу түлхээд нүүр лүү нь нэг удаа цохисон. Удирдах албан тушаалтан болох сангийн инженерийн заавраар сольсон. ... гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/,

 

Гэрч А.С ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...А.М  нь Б.Ж ыг “чи сольсон хаалганыхаа түлхүүрийг өг” гээд түлхэж байхыг харсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар тал/,

 

Гэрч Х.Г гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Тухайн өдөр “Хоймор оффис”-ын 1104 тоот өрөөндөө ажиллаж байсан. Мөн өдөр манай компанийн барилгын инженер Б.Ж  нь тухайн барилгын шугам сүлжээнд үзлэг хийгээд явж байсан ба В1 давхарт байх дулааны шугам сүлжээ байрлах узелийн өрөөнд нэвтэрч шалгах шаардлага гарсан. Өмнө нь тэр өрөөнд ус алдсан гэх зэрэг асуудал гарч байсан. Б.Ж  нь над руу утсаараа залгаад “доод В1 давхарт асуудал үүслээ, та буугаад ирээч” гэж хэлсэн. Доод В1 давхарт буугаад очиход “Хоймор өмчлөгчдийн холбоо” ГҮТББ-ийн ТУЗ-ийн дарга А.М  нь гүйцэтгэх захирал Б.Н , хамгаалалтын албаны ажилтан нь гэх С , мөн нягтлан нь гэсэн байх нэг эмэгтэй, мөн манай хамгаалалтын ажилтнууд болох 4 эрэгтэй, инженер Б.Ж , мөн туслах ажилтан нар байсан. Намайг очиход хэрүүл гарч байсан. Харуул хамгаалалтын ажилтнуудаа гадагшаа гаргачхаад буцаад ороод ирэхэд Б.Ж  “энэ А.М  нь намайг цохичихлоо” гээд толгойгоо бариад гараад ирсэн. Тэгээд цагдаагийн албан хаагч нар ирээд мэдүүлэг авсан. А.М  араас гарч ирээд Б.Ж т хандаж “чи энэ компанийн нохой юу, чамайг үх гэвэл үхэх үү, чи гомдлоо гаргаад яваарай, 100,000 төгрөгийг нь өгчихнө” гэж хэлж байсан. Тэр А.М  нь манай компанийн ажилтнуудыг “хутгалж ална, чи муу нохойн гөлөг” гэх зэргээр байнга дарамтад байлгадаг. Энэ талаар манай ажилтнууд цагдаагийн байгууллагад хандаж гомдлоо гарган шалгуулж байгаа. ... гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр тал/,

 

Гэрч М.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...М.У , Б.Ж  нар харуул хамгаалалтын 4-5 залуучуудтай орж ирж хамгаалж байгаа объектод халдсан. Би 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цаг 58 минутад Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Хоймор” оффис төвд албан үүргээ гүйцэтгэж байхад В1 давхрын узель, камер, ажилчдын хувцас солих өрөө, усны өрөө, агуулахын өрөөнүүдийн хаалгыг хэсэг залуус орж цоожийг эвдэж байхад нь би очиж болиулсан. Тэгээд би цаашаа орох гэсэн боловч харуул хамгаалалтын ажилтнууд намайг оруулахгүй, гар мушгиад, гадагш түрээд гаргасан. Миний баруун гарыг мушгиад араас бариад явсан. Одоо миний гар өвдөөд байна. Тэр үед гадны хамгаалалтын компанийн 4-5 залуучууд ирчихсэн бас дуудлагаар хаалга онгойлгодог хар цүнх үүрсэн нэг залуу болон “Инвескор” компанийн ажилтан Б.Ж , М.У  нар байсан. Тэгээд би захирал руу гар утсаараа залгаж хэлсэн. Удалгүй манай захирлууд, дарга нар ирсэн. Тэгээд тэд нар маргалдаад байсан. Би удалгүй өөрийн ажлын байр луу явсан. ...Хоорондоо маргалдаад л байсан. Дээрээс хуулийн ажилтан нь гэх нэг залуу бас ирээд байж байсан. Тухайн үед миний гар гайгүй байсан. Одоо миний баруун гар өвдөөд байна. Дээшээ өргөж болохгүй байна. Хамаагүй өргөхөөр өвдөөд байгаа. ... гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар тал/,

 

Гэрч Б.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Манай “Шонхор тас” ХХК нь “Эс Ай Би Жэй Про” ХХК-тай харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн байгуулж ажиллаж эхэлсэн. Ажиллахдаа 4 ажилтан ажиллах ба тухайн ажилтнууд нь гадна зогсоол болон дотор аюулгүй байдлыг хангах талаар гэрээ байгуулсан. 1 ээлждээ 4 ажилтан ажилладаг. 11 дүгээр сарын 14, 15-наас 5 ажилтан ажилладаг болсон. Үүнээс дотор аюулгүй байдлыг хангаж ажиллахаар 3 хүн, гадна зогсоолын хэсэгт 2 ажилтан ажилладаг. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг өглөө бүр ээлж 0900 цагт солилцоход ахалж ажиллаж байгаа ажилтан нь өгөөд бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулснаар ажилд нь гаргадаг. Манай харуул хамгаалалтын ажилтнууд Дотоод хэргийн их сургууийн Ахлагчийн сургуулийн “Харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалт”-д жил бүр хамрагддаг. Ажилтныг сонгон шалгаруулж ажилд авахдаа цэргийн алба хаасан, ял шийтгэл эдэлж байгаагүй, 21-ээс дээш насны иргэдийг ажилд авдаг. “Хоймор” оффисын буюу манай гэрээ хийсэн байгууллагын ажилтан хуулийн зөвлөх нь манай хамгаалалтын ажилтнуудад хандан “В1 давхрын цоожны гол солих гэж байгаа хүний аюулгүй байдлыг хангаад өгөөч” гэж хүсэлт тавьсны дагуу манай хамгаалагч Б.Ө , Б.Б нар доошоо В1 давхар луу хамт орсон гэсэн. Тэгээд манай 2 хамгаалагч хүн оруулахгүй, гаргахгүй хаалган дээр зогсож байсан. Цоожны голоо сольчхоод явахаар нь манай ажилтнууд дээшээ гарсан гэж хэлсэн. Б.Б , М.Д , П.М , Б.Ө  нар ажиллаж байсан. Надад манай хамгаалалтын ажилтан буюу тухайн өдөр ахлан ажиллаж байсан Б.Б утсаар хэлсэн. Тэгэхээр нь би хамтдаа ороод аюулгүй байдлыг нь хангах зөвшөөрөл өгсөн. Бүхэлд нь хамгаалах гэрээ байгуулсан. Зөвхөн хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. ... гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар тал/,

 

Гэрч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Хоймор” оффист “Инвескор” ХХК-ийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байсан. Цагийг нь сайн санахгүй байна, гадаа үүдэнд хамгаалагчийн байранд хамгаалагч Б.Ө  П.М , М.Д  нарын хамт сууж байхад “Инвескор” ХХК-ийн хуулийн зөвлөх гээд биеэр жижгэвтэр залуу байдаг, тэр утсаар над руу залгаад үүдний танхимд дуудсан. Дуудахаар нь Б.Ө  бид хоёр очиход хуулийн зөвлөхийн хамтаар 3 хүн болон Б.Ж  гэдэг инженер залуу нийтдээ 4 хүн зогсож байсан. Тэгээд хуулийн зөвлөх надад хандан “Энэ доор В1 давхрын өрөөнүүдийн гол солих шаардлагатай байна, хамтдаа оръё” гэж хэлсэн. Тэгээд бид хамтдаа доошоо бууцгаасан. Буугаад тэд цоожны голыг солих гэж байхад “Хоймор” өмчлөгчдийн холбооны хамгаалагч нэрийг нь сайн мэдэхгүй ах байдаг, тэр орж ирээд шууд уурлаж эхэлсэн. “Та нар ийм үйл ажиллагаа явуулахгүй” гэх зэргээр хэлсэн. Тэгэхэд нь би “та ийшээ байж бай, энэ хүмүүс өөрсдөө учраа олцгооно биз” гээд би тэр хамгаалагчийн баруун гараас нь зүүн гараараа татаад цээжнээс нь түлхээд цааш нь дээшээ 1 дүгээр давхар руу гарах хаалган дээр аваачсан. Тэгэхэд тэр хамгаалагч ах өөрөө дээшээ гараад явсан. Настай хүн байсан учраас их хүч гаргаагүй, гаргах шаардлага ч байгаагүй. Тэгээд байж байхад “... ” ХХК-ийн захирал А.М , хамгаалалтын албаны дарга А.С , нэг эмэгтэй хүн, хамгаалагчийн хамт дөрвүүлээ доошоо бууж ирсэн. А.М  гэдэг хүн нь бууж ирээд биднийг элдэв янзаар хэлээд байсан. Бас “би Тагнуулын ерөнхий газрын хүн, би чамайг янзална” гэх зэргээр дарамтлаад байсан. Хэд хоногийн өмнө намайг “хүнээр хутгалуулна” гэх зэргээр хэлж байсан. Ер нь их зөрүүд, өөрийнхөөрөө, тулгаж харьцдаг, хүнийг их доромжилдог, тогтворгүй хүн шиг санагдсан. Тэгээд биднийг маргалдаад зогсож байхад манай хуулийн зөвлөх Б.Ө  бид хоёрыг гадагш нь гаргасан. Гадаа гараад байж байхад хуулийн зөвлөх залгаад “биднийг гадагш нь гаргахгүй, манай инженерийг зодоод байна, буцаад ороод ирээч” гэж хэлсэн. Тэгээд Б.Ө  бид хоёрыг очиход тэд В1 давхраас гарч ирцгээж байсан. Дээшээ 1 дүгээр давхарт гараад байж байхад цагдаагийн алба хаагчид ирсэн. Хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид эхлээд ирээд зодолдсон хүмүүсийг асууж байснаа “яаралтай хэрэг гарлаа” гээд явсан. Тэрний дараа бас нэг цагдаа ирээд А.М , Б.Ж  хоёрыг дээшээ аваад явсан. Тэгэхэд хамгаалалтын албаны дарга нь болох А.С  “тэгвэл манай хүн ч гэсэн гомдолтой” гээд цахилгаан шат руу түлхээд оруулж байсан. Тэгээд л бид хоёр гадагшаа гарсан. Түүнээс цааш юу болсон талаар мэдэхгүй байна. Миний мэдэхийн тийм зүйл болоогүй. Би хамгаалагч ахыг гадагш нь гаргах гэж татсан. Бас А.М тэй жаахан маргалдсан. Өөр зүйл болоогүй. Бидэнд ХХААЗ-ийг өглөө ажилд гарахын өмнө ээлжийн ахлагч нар болон захирал өөрөө амаар өгч гарын үсэг зуруулдаг. Шөнө нь шуурхай бүлгийн алба хаагчид ирж мөн чиглэл өгдөг. Би тухайн хамгаалагчийн биед гэмтэл учруулаагүй гэж бодож байна. Тэр асуудал болсон үед ирсэн цагдаагийн алба хаагчдад тухайн хамгаалагч ах хэлэхдээ “би өргөдөл гаргахгүй гэж байсан мөртлөө дараа нь А.М  нь Б.Ж ыг зодсон асуудал гарсан үед Б.Ж  нь “өргөдөл гаргана” гэж хэлэхэд тухайн “... ” ХХК-ийн хамгаалалтын албаны дарга А.С  нь “тэгвэл манай хүн ч гэсэн өргөдөл гаргана” гээд цахилгаан шат руу түлхээд оруулж байсан. Одоо тэр хамгаалагч ахтай хэвийн сайхан харилцаатай байгаа. Надад тэр хүн өөрөө гомдол гаргасан гэж бодохгүй байна. Би уг хүний биед дахин шинжилгээ хийлгэх хүсэлттэй байна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11171 дугаартай “...Б.Ж ын биед эрүүний зүүн хэсгийн болон духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 81-82 дугаар тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч М.Энхбаяр, Б.Сэргэлэн, О.Оюунбаясгалан нарын хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 39 дугаартай “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11171 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Ж ын биед эрүүний зүүн хэсэг, духны зөөлөн эдийн няцралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 94-96 дугаар тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, уг камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 74-75 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүгдэгч А.М  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар: ...Хэргийг дахин шалга. 45 секундын бичлэг гэх нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Би Ж ыг цохиж зодсон зүйл огт байхгүй. Тийм учраас зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ... гэж /хх-ийн 154-155 дугаар тал/,

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: ...Яллах дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хохирогч Ж  гэх хүнийг сайн танихгүй. Бид хоёрын хооронд хувийн өс хонзон байхгүй. Тухайн үе буюу 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бид хоёрын хооронд маргаан үүссэн нь үнэн. Тэр үед ажлаа тараад албаны даргатайгаа гараад явж байсан. 18 давхар оффис байгаа. Тухайн байгууллагыг бүхэлд нь манай харуул хамгаалалтын албаныхан хариуцдаг. Нийт 173 өрөөтэй, 140 орчим өмчлөгчтэй байдаг. Энэ бүхнийг нэгтгэсэн Хоймор төрийн бус байгууллага буюу гишүүдэд үйлчлэх хязгаарлагдмал гишүүнчлэлтэй төрийн бус байгууллага байдаг. Өөрөөр хэлбэл СӨХ гэсэг үг. Би энэ СӨХ-ийн удирдах зөвлөлийн дарга хийдэг. Нийт гишүүдийн хурлаар сонгогдсон учраас улсын бүртгэлд бүртгэгдээд журмын дагуу гэрчилгээнд нь бичигдсэн. Намайг тэр байгууллагын буюу нийтийн буюу дундын өмчлөлийг төлөөлөх эрхтэй гэсэн баримтыг өмгөөлөгч маань шинээр шүүхэд гаргаж өгсөн. Би тэр байгууллагыг бүхэлд нь аюулгүй байдлыг нь хангах чиг үүрэгтэй хүн. Энэ компани нь манай Хоймор өмчлөгчийн холбоотой менежментын гэрээтэй ажиллаж үйлчилгээ үзүүлдэг байсан боловч ажлын явцад санхүүгийн болон үйл ажиллагааны ноцтой зөрчил гаргаад аудитын баталгаажсан дүнгээр 400,000,000 гаруй төгрөгийг хууль бусаар захиран зарцуулсан дүгнэлт гаргасан. Энэ асуудлыг шийдүүлэхээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгөөд маргаан үүсгээд явж  байсан. Ноцтой зөрчлийнх нь дагуу манай Хоймор өмчлөгчийн холбооны удирдах зөвлөл хуралдаад энэ компанитай гэрээ цуцлах шийдвэрийг гаргаад энэ компанид гэрээг нь цуцалсан мэдэгдлийг одоогийн байдлаар 5 удаа өгсөн байгаа. Энэ компанийн хувьд  гэрээ нь цуцлагдсан байгууллага. Төрийн бус байгууллагын тухай хуулийн дагуу манай Хоймор өмчлөгчийн холбооны 90 өрөөг нь гадаадын иргэд өмчилдөг. Энэ хуулийн 5.9 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн харъяалалгүй хүн Монгол Улсад төрийн бус байгууллагад эвлэлдэн нэгдэхийг хориглосон зохицуулалттай. Иймд хууль бол хамгийн дээд хүчин чадалтай эрх зүйн акт учраас нийт өмчлөгчдийн төллөөлийг оролцуулаад хийсэн хурал хүчин төгөлдөр гэж үзээд улсын бүртгэлийн гэрчилгээтэй үйл ажиллагаа явуулж байсан. Би энэ хүнийг зодож цохисон зүйл байхгүй. Энэ хүмүүс 4 дэх удаагаа халдаж байна. Тухайн өдөр цоож сольдог хүн авч ирээд манай хамгаалагч шаардлага тавьсан учраас тухайн хүн нь хууль бус гэдгийг мэдээд зугтаасан байдаг. Өөрсдийнхөө ажиллагсдаар техникийн өрөө нь тухайн байгууллагын дулаан хангамжийн өрөө байдаг. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу цахилгаан дулаан сантехникийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй байгууллага гүйцэтгэдэг. Тийм учраас Хангай гээд контортой гэрээ хийсэн. Энэхүү гэрээг өмгөөлөгч маань гаргаж өгсөн. Тэгтэл энэ хүмүүс 4 дэх удаагаа халдаж байна. Өөрөөр хэлбэл хэн нэгэн таны хувийн өмч рүү халдаад, хамгаалагчийнх нь гар хөлийг нь хугалаад, тухайн байгууллагыг бүхэлд нь эрсдэлд оруулсан байхад хууль бус ажиллагааг зогсоохгүй байх ёстой байсан уу, энэ асуудал өнөөдөр ийм түвшинд ирсэн байгаад үнэхээр гайхаж байна. Тодруулах асуудал байна. Ж ын мэдүүлэгт ч байна. Манай компанитай гэрээ хийсэн харуул хамгаалалтын ажилтан Инвескор”-ийн ажилтан, гэтэл манайх өөр компанитай хийсэн гэрээг хэрэгт өгсөн байдаг. Манай хамгаалалтын албаны ажилтны гарыг хугалсан. Би хохирсон мөртлөө дахин ийм хэрэгт холбогдож хохироод байна. Манай хамгаалагч холбогдоод хаалга үүдний гол солиод байна гэж хэлсэн. Тухайн үед очиход Ж , У , 4 залуу маргалдаад манай хамгаалагчийн гарыг хугалсан байдалтай байсан. Цагдаад би өөрөө дуудлага өгсөн. Цагдаа ирэхэд нөгөө 4 залуу гараад зугтаасан. Тэгэхээр нь энэ хоёрыг  явуулахгүй гээд бид гараараа далдаад саатуулсан. Сольж байсан түлхүүрээ өг гэхэд өгөхгүй гээд маргалдаад зогсоод байгаа. Ж  У ыг хаагаад зогсоод байхаар нь алив холд гээд ганцхан удаа татсаныг цохисон гэж яриад байгаа. Ж  өөрөө эхлээд намайг түлхсэн, энэ талаараа ч мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Яагаад нэг удаагийн үйлдлээр нүүрэн дээр нь шарх үүссэн ч байдаг юм. Намайг цохисон гэж юугаар нотлоод байна вэ. Би бол энэ залууг цохиж зодсон зүйл байхгүй. Хөрөнгийн маргаантай учраас цаад санаа нь М  гэсэн хэсэг хүмүүс нөгөө талд “Инвескор” байгаа энэ маргаанаас гол тоглогч М ийг гаргах ийм л санаа байна... гэж тус тус мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч А.М  нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Хоймор оффисын В1 давхарт тус оффисын В1 давхрын техникийн өрөөнүүдийн өмчлөл, эзэмшилтэй холбоотой асуудлаар “... ” ХХК-ийн дулааны инженер Б.Ж тай маргалдан улмаар “Хоймор” оффисын В1 давхарт Б.Ж ын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан багалзуурдаж, зүүн гараараа хана руу түлхэж, баруун гараараа зүүн талын шанаа тус газарт нь цохиж зодон эрүүл мэндэд нь эрүүний зүүн хэсэг, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батжаргалаас: ...Цагаатгах байр суурьтай оролцож байна. Энэ хэрэг анх 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн үйл баримт байдаг. Анхнаас нь миний үйлчлүүлийг яллах зорилготой яллах талын нотлох баримтуудыг бүрдүүлсэн гэж харж байна. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд мөрдөн байцаалт явагдаж байгаа, хэрэгт прокурор ямар хяналт тавихыг тодорхой заасан байдаг. Энэ хэргийн шалтгаан нөхцөл, гэмт хэрэг мөн биш нь хангалттай шалгагдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлууд байдаг. Үүнд гэмт хэргийн сэдэл, санаа зорилго, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг тогтоогоогүй. Анх энэ хэрэг А.М нийн дуудлагаар буюу Хоймороффисын хөрөнгөд халдаад байна гэсэн дуудлагын дагуу шалгагдаад яваад байдаг. Хэрэг сунгасан мөрдөгчийн санал, прокурорын тогтоол дээр ч гэсэн дээрмийн шинжтэй үйлдэл гэж явдаг. Яллагдагчаар татах саналд хэргийн утга байдаггүй. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний Хоймор оффисд гарсан дээрмийн шинжтэй гэмт хэрэг үйлдсэн байхад А.М нийг яллагдагчаар татах санал хүргүүлээд байдаг. Гэтэл прокурор нь засаад залруулаад тогтоол үйлдээд яваад байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт мөрдөгдөж, хийгдэх ёстой ажил явагдсан уу гэдэгт эргэлзээтэй байгаа. Хэрэг үйлдээгүй байхад яллагдагчаар татах санал хүргүүлээд байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж заасан. Энэ хэрэгт энэ ажиллагаа хийгдээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. А.М нийн хамгаалж байгаа объектод хүн халдаад байхаар хамгаалаад байна уу, юунаас болж хэний буруутай үйл ажиллагаанаас ийм асуудал үүсээд байгааг шалгаж тогтоогоогүй байна. Хамгаалагч Г  миний хамгаалж байсан объект руу халдлага үүсээд байсан. Тийм учраас үүнийг таслан зогсоож чадахгүй учраас удирдлагуудаа дуудсан гэж яриад байгаа. Тухайн объектийг хамгаалах эрх бүхий этгээд рүү халдаад байна уу, хөндлөнгийн Б.Ж  орж ирээд халдаад байна уу гэдгийг мөрдөн байцаалтын шатанд тогтоох зайлшгүй шаардлагатай. А.М , Б  гэдэг хоёр хүний үйлдэл явагдаад байгаа. Объектоо хамгаалж байсан хамгаалагчийнх нь гарыг хугалаад гэмтээчихсэн байсан. Б ийн үйлдлийг болгоомжгүй гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Тэгвэл өөрийн объектоо хамгаалахын тул түлхүүрээ авахаар энэ хүнийг холдуулсан үйлдлийг яагаад болгоомжгүй гэж үзэж болохгүй гэж. Яг адилхан хоёр үйлдэл байхад нэгийг нь гэмт хэргийн шинжтэй, нөгөөх нь гэмт хэргийн шинжгүй гэж үзээд объект хамгаалж байсан хамгаалалтын залуу хохирч үлдээд, мөн миний үйлчлүүлэгч хэрэгтэн болоод зогсож байна. Үүнийг ерөөсөө бодитой шалгаж тогтоогоогүй. Хэтэрхий нэг талыг барьж нотлох баримтыг бүрдүүлсэн байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөрдөн шалгах хугацаа сунгасан, сэргээсэн, түдгэлзүүлсэн асуудалд хэргийн утга ерөөсөө тодорхой бичигдээгүй, дээрмийн гэж л яваад байдаг. Хэрвээ Б.Ж  бусдын өмчлөлд халдсан бол хэргийн газарт үзлэг хийхэд хаалга хонхойж гэмтээсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй бол энэ нь зөрчлийн хэргээр яагаад шийдэгдэж болоогүй юм бэ. Шинжээчийн дүгнэлт гараагүй байхад хөнгийн зэргийн гэмт хэрэг гээд эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татсан байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна гэж харж байна. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг шинжлэн судлахад М нийн гар урагшаа хөдөлж байна. Цаана нь хоёр залуу байгаа нь харагдаж байна. Гэхдээ Б.Ж ыг багалзуурдаад хана руу шахсан гэх үйл баримт бичлэгт харагдахгүй байхад тэгсэн гэж яллах дүгнэлт үйлдээд яваад байна. Шинжээчийн дүгнэлтэд шанаа, эрүү гээд хоёр удаагийн гэмтэл гараад байгаа. Мөрдөгч нь ямар хүчин зүйлээр хэдэн удаагийн үйлдлээр энэ хүнд гэмтэл учирсныг тогтоогоод өгөөч ээ гэсэн. Тэгтэл шинжээчийн дүгнэлтэд хэдэн удаагийн үйлдлээр дух болон шанаанд нь гэмтэл учраад байна вэ гэдгийг тогтоогоогүй. Хууль дээрээ мөрдөгчийн асуултад шинжээч нь хариулах үүрэгтэй. Үүнийг шинжээч тогтоосонгүй. Энэ хэргийн үйлдлүүдэд зөрчлийн үйл баримт харагдаад байна.  А.М нийн объектоо хамгаалах үүрэгтэй холбоотой баритууд нь хэрэгт авагдсан байгаа. Тийм учраас  миний үйлчлүүлэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж байгаа учраас цагаатгуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11171 дугаар дүгнэлт, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 39 дугаар дүгнэлтээр хохирогч Б.Ж ын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч А.М ийн хохирогч Б.Ж ын биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүхээс шүүгдэгч А.М ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ж ын биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул шүүгдэгч А.М ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Харин хохирогч Б.Ж  нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.М эс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч А.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батжаргалаас: ...Шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж үзсэн учраас ялын саналыг хэлэх нь зүйтэй. Нотлох баримтыг камерын бичлэгийн хүрээнд үнэлээд байх шиг байна. Тухайн гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэрэгт хохироод байгаа хохирогчийн зүй бус үйлдэл, гэмт хэргийг тохиолдын шинжтэй үйлдсэн гэдгийг нотлох баримтаас харсан учраас энэ нөхцөл байдлыг харгалзан үзэхийг шүүхээс хүсэж байна. Хоёр компанийн олон жил үргэлжилсэн маргааны үндсэн дээр энэ гэмт хэрэг үйлдэгдсэн.  Хохирогч бол ялын санал хэлсэнгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Үүнд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг тодорхой байгаа. Мөн шүүгдэгчийн хувийн байдал буюу өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, дээд боловсролтой зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч А.М ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 138 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 129-130 дугаар тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 143 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй...” гэж,

-мөн  хэсгийн 1.1 дэх заалтад ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч А.М ийг “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр...” гэмт хэрэг үйлдсэн гэж цаг хугацааг тодорхойлж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр А.М д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол гарсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар дуудагдсан хүнийг сэжигтэн гэнэ...” гэж,

-Мөн хуулийн 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулна...” гэж тус тус заасан.

 Прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг А.М д 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр өдөр танилцуулсан тэмдэглэл хэрэгт /хх-ийн 161 дүгээр хуудсанд/ авагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, уг тогтоолыг мөрдөгч, прокурор сэжинтэнд танилцуулснаар хөөн хэлэлцэх хугацаа зогсох буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч болж эрх, үүрэг хэрэгжиж эхэлнэ.

Прокурор шүүгдэгч А.М ийг гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил 7 сарын хугацаа өнгөрсний дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан буюу тогтоолыг танилцуулсан байна.

Гэмт хэргийг илрүүлэх, нотлох ажиллагааг хуульд заасан хугацаанд хэрэгжүүлэх үүргийг мөрдөгч, прокурор хүлээнэ. Уг үүргээ хуульд заасан хугацаанд хэрэгжүүлж чадаагүй бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болдог.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч А.М д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А М ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч А.М д холбогдох  хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Ж  нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Б.БАТСАЙХАН