Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2020/197

 

 

2020 оны 03 сарын 26 өдөр          Дугаар 128/ШШ2020/0197           Улаанбаатар хот

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Б 

Хариуцагч: АТГ

Нэхэмжлэлийн шаардлага: “Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/1... дүгээр тушаалыг хүчингүй болгож, Т.Б_ийг Авлигатай тэмцэх газрын ... хариуцсан ажилтнаар буцаан томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/1.... дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох[1]

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О  З.Э  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц  нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага: Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б/1...оот захиргааны актыг хүчингүй болгож Т.Б_ийг Авлигатай тэмцэх газрын ... хариуцсан ажилтнаар буцаан томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/1... дугаар тушаалыг илт хууль бус болохыг тооцуулах”

Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б/ 1... тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар ...хариуцсан ажилтан, комиссар Т_ын Б нь албаны нэрийг барин хувийн ашиг сонирхлоор бусдад хууль бус шаардлага тавьж холбогдох хууль, дүрэм журмыг зөрчсөн гэдэг үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Тус байгууллагын аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны ахлах ажилтан, ахлах комиссар Х.Г нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр албан мэдэгдлийн агуулгыг надад амаар товч танилцуулсан, ... сонсох ажиллагааг...хэлбэрийн төдий хийсэн гэж үзэж байна.

... Авлигатай тэмцэх газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/7...дугаар тушаалын арван нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Албаны шалгалт хийх журам”-ын 4.4.5-д Сонсох ажиллагааны явцад албан хаагчид холбогдох бичиг баримтыг хуулбарлан авах, шийдвэр гаргахаас өмнө нотлох баримт гаргаж өгөх, нэмэлт мэдээлэл авах, гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж, мэдээллийг хянан шалгах ажиллагааны журам, хугацаа, баримтлах хууль эрхийн акт, гаргах шийдвэрийн төрөл, хэлбэр, хянан шалгах хугацааны талаар тайлбарлан, зөвлөгөө өгч, тайлбар, санал авч, тэмдэглэл хөтөлнө, 4.5-д албан хаагч сахилга, ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон бол байгууллагын Ёс зүйн зөвлөл эсвэл Даргын зөвлөлийн хурлаар асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Мөн Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/1...дугаар тушаалыг илт хууль бус болохыг тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Учир нь миний бие Тайж овогтой Т_ын Б нь Авлигатай тэмцэх газрын ... хариуцсан ажилтнаар 2015 оны 2 дугаар сараас эхлэн ажиллаж байгаад Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/1...тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар хөдөлмөрийн харилцаа дууссан байхад тус тушаалыг гаргаж байгаа нь илт хууль бус байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Иргэн Т.Б_т 2019 оны 07 сарын 03-ны өдрийн Б/1...дүгээр тушаалаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан ба ингэхдээ албаны нэрийг барин хувийн ашиг сонирхлын бусад хууль бус шаардлага тавьж, Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.3, 3.3.10, 4.1.1, 4.1.4, 4.1.17 болон Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7 гэсэн үндэслэлүүдийг дурдсан байдаг. Уг Б/1... дүгээр тушаал нь утга, агуулгын илэрхий алдаатай байна. Учир нь Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн ёс зүйн дүрмийг Авлигатай тэмцэх газрын даргын 2018 оны 7 сарын 20-ны өдрийн А/70 дугаар тушаалын хавсралтаар баталсан. Ёс зүйн дүрмийн 4.1.1, 4.1.4, 4.1.17 гэсэн заалтууд уг дүрэм дээр байдаггүй бөгөөд уг тушаал нь илэрхий алдаатай байна.

Мөн Авлигатай тэмцэх газрын даргын 2018 оны 7 сарын 20-ны өдрийн А/7... дугаар тушаалаар ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, албаны шалгалт хийх журмыг баталсан. Захиргааны ерөнхий хуульд аливаа захиргааны акт гаргах процессыг ерөнхийд нь зохицуулахыг заасан ба тус хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоож, 25 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг цуглуулж, сонсох ажиллагааг хийж, шийдвэр гаргах ёстой. Харин хуулиар зохицуулаагүй, илүү нарийвчилсан зохицуулалтыг ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, албаны шалгалт хийх журмаар зохицуулсан ба ингэхдээ сонсох ажиллагаа хийсний дараагаар Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.12-т заасны дагуу албан хаагчид сахилгын болон эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Мөн албан хаагч сахилга болон ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдвол байгууллагын ёс зүйн эсхүл даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Гэтэл Б/1... дүгээр тушаалыг гаргахдаа дээрх журмуудыг зөрчин даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэлгүй шийдвэр гаргасан.

Шүүх хуралдаан дээр гаргасан гэрчүүдийн мэдүүлэг болон сонсох ажиллагаа хийсний дараа өгсөн мэдүүлэг нь хоорондоо зөрөөтэй байна. Тэр хүмүүс өөрийнхөө ойлголтоор тайлбар, мэдүүлэг гаргаж байгаа. Харин шүүхэд хууль сануулсны дараагаар бодит нөхцөл байдлын талаар тайлбарлахдаа өмнө нь гаргасан мэдүүлгээсээ зөрөөтэй тайлбар гаргаж байна.

... Захиргааны акт гаргах болсон шалтгаан нь Ж.У л, Н.Т , С.Э  нараас мөнгө нэхсэнтэй ямар ч холбоогүй байсан. Утга санааны хувьд мушгин гуйвуулсан байна. Мөн сонсох ажиллагаа хийсэн цаг хугацааны хувьд Ж.У  нь 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр анх гомдол гаргасан ба сонсох ажиллагааг Т.Б_т 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр сонсох ажиллагаа явагдах талаар мэдэгдсэн. 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр сонсох ажиллагааг хийсний захиргааны акт гаргах болсон үндсэн материалууд цугларсан байдаг. ... Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/180 дугаар захиргааны актын илэрхий алдааг засах тухай тушаал гарсан. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан. Ингэхдээ захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр үүрэгтэй. Гэтэл Авлигатай тэмцэх газрын даргын Б/1... дүгээр тушаалд захиргааны актын бүхэл бүтэн ойлголтыг нэмж, Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн сахилгын дүрмийг нэмсэн байна. Үүнээс харахад Авлигатай тэмцэх газрын даргын Б/1... дүгээр тушаалын үндсэн ойлголт, утга, агуулгыг өөрчилсөн. Иймд Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/1...дугаар тушаал нь илэрхий алдааг зассан бус бие даасан захиргааны акт байна. 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б/1...дүгээр тушаалаар Т.Б_ийн төрийн албанд ажиллах эрх хаагдсан байсан. Өөрөөр хэлбэл Т.Б. нь Авлигатай тэмцэх газартай хамааралгүй болсон байсан. Гэтэл Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн сахилгын дүрмийн 4.1.1, 4.1.4, 4.1.17 гэснийг 4.1.16 гэж зассан нь актыг зассан бус бие даасан акт гаргасан байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад захиргааны акт гаргасан байх тул илт хууль бус захиргааны акт байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү “ гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: "2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Т.Ү” ХХК-ийн мэргэжилтэн Ж.У_аас Авлигатай тэмцэх газрын ... Т.Б_т холбогдуулан гаргасан мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоохоор албаны шалгалтыг Аюулгүй байдал, хяналт шалгалт нууцын албанаас хийсэн. Шалгалтын хүрээнд холбогдох баримт материалыг цуглуулах, мэдээлэл өгсөн гэх Ж.У, Ж.У_ын нөхөр Н.Т  Ж.У_ын гэр бүлийн найз болон Т.Б_ийг таньдаг гэх Э.Б мэдээлэлд холбогдох Т.Б , мэдээлэл өгсөн Мөрдөн шалгах хэлтсийн нэр бүхий албан хаагчаас тайлбар авах, ач холбогдол бүхий баримтуудыг цуглуулах, холбогдох баримтуудыг нягтлан үзэх, оролцогчдоос гаргасан баримтуудыг харьцуулан судлах зэрэг ажиллагаануудыг хийсэн.

Албаны шалгалтын явцад хянан үзсэн нөхцөл байдал нолтох баримтуудаар:

- “Т Ү” ХХК-ийг сонгон шалгаруулах ажиллагаанд ямар нэг хөндлөнгийн оролцоо тогтоогдоогүй;

- Нэхэмжлэгч Т.Б  ямар нэг байдлаар тухайн үйл ажиллагаанд буюу “ТҮ” компанийг Авлигатай тэмцэх газарт, Авлигатай тэмцэх газрыг тус компанид зуучилсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

- Санхүү, аж ахуйн албаны төсөв, төлөвлөлт хариуцсан ажилтны ажлын байрны тодорхойлолтод зааснаар албан тушаалын чиг үүргийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхгүй юм.

Иймд ... хариуцсан ажилтан, комиссар Т_ын Б нь Авлигатай тэмцэх газарт эрхэлж байгаа албан тушаалын давуу талыг хувийн зорилгоор ашиглан байгууллагын болон албан тушаалын нэр барьж өөрийн танил иргэнд гэрээний ажил олж өгсөн мэтээр ойлгуулах замаар хууль бус шаардлага тавьж, байгууллага, алба хаагчийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх хууль бус үйлдэл гаргасан нь тогтоогдсон.

Дээрх үйлдлээрээ Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3.10 дахь хэсэгт заасан “Аливаа асуудалд шударга бус байдал гаргахгүй байх, хуурч мэхлэхгүй байх”, Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн сахилгын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт заасан “Байгууллагын буюу албан хаагчийн нэр хүндийг хамгаалж, хууль тогтоомжийн шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулах”, 4.1.4 дэх хэсэгт заасан “Албан тушаалын давуу тал, боломжийг хувийн зорилгоор ашиглах...-гүй байх”, 4.1.17 дахь хэсэгт заасан “...албаны нэрийг хувийн ашиг сонирхлоор ашиглахгүй байх” заалт, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7 дахь хэсэгт заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн байх тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Сонсох, мэдэгдэх ажиллагааг хийсэн талаар: Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Т.Б..... сонсох ажиллагаа хийх мэдэгдэх хуудсыг танилцуулж, албаны шалгалт явуулах болсон агуулга мөн өөрийгөө зөвтгөх нотлох баримт гаргаж өгөх эрхтэй болохыг тайлбарлаж гарын үсэг зуруулсан.

Мэдэгдэх хуудастай танилсаны дараа Т.Б  2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр тайлбар гаргаж өгсөн. Тус тайлбартаа “Хэн гэдэг хүн намайг мөнгө нэхсэн, мөнгө авсан гэж яриа үүсгээд байгааг би мэдэхгүй байна. Асуудал гаргасан байгууллага болон хувь хүн хэдэн төгрөгний ажил хийсэн юм. Яг хэдэн төгрөгийг би хаана, ямар газар, хэн гэдэг хүнээс, хэдэн цаг хэдэн минутад яаж нэхсэн болсон авсан юм..., Би ямар нэг мөнгө хэн нэгэн этгээдээс аваагүй гэдгээ нотлохын тулд надаас шалтгаалах болон надад хамаарах бүх дансны хуулга болон бусад шаардлагатай мэдээллийг гаргаж өгөхөд бэлэн байна...” гэж дурдсан. Гэвч ямар нэг баримт гаргаж өгөөгүй. Харин Т.Б 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 2 удаа, 6 дугаар сарын 24-ний өдөр 1 удаа Ж.У_ын гэр бүлийн найз болон Т.Б_ийг таньдаг гэх Э.Б_тэй ярьсан ярианы бичлэгийг албаны шалгалт хийж байсан Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны ахлах ажилтан С.Г_д албаны цахим шуудангаар илгээснийг компьютерт татаж, сийрүүлж тэмдэглэл үйлдсэн.

Мөн Т.Б_т албаны шалгалтын материалтай нэг бүрчлэн, ногдуулах сахилгын шийтгэлийн төрлийг танилцуулж, санал хүсэлтийг нь сонсоход санал хүсэлт байхгүй гэснийг тэмдэглэж авсан нь албаны шалгалтын баримтад байгаа болно. Энэ тухайгаа Т.Б_баталгаажуулан албаны шалгалтын материалын хуудас бүрт Танилцав.” гэж бичиж гарын үсэг зурсан.

Өөрөөр хэлбэл, ямар үйлдлийн учир түүнд холбогдуулан албаны шалгалт хийж байгаа, тухайн асуудалд ямар хүмүүс холбогдож байгааг сайн мэдэж байсны дээр захиргааны шийдвэр гарахаас өмнө нотлох баримт гаргах, шаардлагатай баримт-бичгийг бүрдүүлж өгөх эрх нь нээлттэй байсан. Гэвч албаны шалгалтын явцад ямар нэг баримт материал, тодорхой санал хүсэлт гаргаж өгөөгүй.

Дээр дурдснаас үзэхэд Т.Б нь нэхэмжлэлд дурдсанчлан “...тухайн асуудлын нарийн учрыг мэдээгүй, ойлгоогүй, дэлгэрэнгүй нэмэлт тайлбар, хүсэлт гаргах боломж олгоогүй, албаны шалгалтын материалтай бүрэн танилцаагүй ...” гэж үзэх, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бухий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт “ Хууль бус захиргааны акт гаргахдаа Монгол улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль холбогдох бусад хууль тогтоомжийн заалтыг баримталсан тул хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй.

Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/1...дугаар тушаалыг илт хууль бус болохыг тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйл “Захиргааны актын илэрхий алдааг засах”, 45.1 дэх хэсэгт “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрзгтэй.”, 45.2 дахь хэсэгт ‘Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актын илэрхий алдааг засахыг шаардах эрхтэй” гэж заасан.

Энэхүү хуулийн заалтыг баримтлан Т.Б_т сахилгын шийтгэл ногдуулах тухай 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б/1... дүгээр тушаалд “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн сахилгын дүрэм”-ийн тодорхой заалтуудыг ишлэхдээ тус дүрмийг дурдаагүй, дүрмийн “4.1.16 дахь заалт” гэхийг “4.1.7 дахь заалт” гэж бичин бичилтийн алдаа гаргасныг нэмэлт, өөрчлөлт оруулж зассан болно.

Өөрөөр хэлбэл, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/1... дугаар тушаал нь Т.Б_ийн хөдөлмөрийн харилцаатай холбогдуулан гаргасан акт биш бөгөөд Т.Б_т сахилгын шийтгэл ногдуулсан 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б/1... дүгээр тушаалд бичилтийн илэрхий алдаа гарсныг Захиргааны ерөнхий хуулиар захиргааны акт гаргах эрх бүхий этгээдэд олгосон эрхийн хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Албаны шалгалтын явцад Т.Б_ээс гаргасан үйлдэл нь “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн сахилгын дүрэм”, “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн ёс зүйн дүрэм”, Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалт зөрчсөн болохыг албаны шалгалтын материалд тодорхой дурдсан байгаа.

Иймд 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/1... дугаар тушаалыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Тус шүүх иргэн Н.Т Авлигатай тэмцэх газарт холбогдуулан гаргасан “Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/1... дүгээр тушаалыг хүчингүй болгож, Т.Б_ийг Авлигатай тэмцэх газрын ... хариуцсан ажилтнаар буцаан томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаа сарын 25-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна[2].

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/1... дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох[3]” гэж нэмэгдүүлсэн бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

            Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            I. “Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/1... дүгээр тушаалыг хүчингүй болгож, Т.Б_ийг Авлигатай тэмцэх газрын .... хариуцсан ажилтнаар буцаан томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            Маргаан бүхий Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б/1... тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Авлигын эсрэг хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40, 92, 93 дугаар зүйл, Улсын Их Хурлын 2007 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх газрын албан хаагчид зэрэг дэв, нэмэгдэл олгох журам”-ын 2.6, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Санхүү, аж ахуйн албаны төсөв, төлөвлөлт хариуцсан ажилтан, комиссар Тамзавын Буяндэлгэр нь албаны нэрийг барин хувийн ашиг сонирхлоор бусдад хууль бус шаардлага тавьж Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3.10, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.4, 4.1.17 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7 дахь хэсэгт заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн нь Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны 19/11 дугаартай албаны шалгалтын материалд авагдсан 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Албаны шалгалт хийсэн тухай дүгнэлтээр тогтоогдсон тул Авлигатай тэмцэх газрын Санхүү, аж ахуйн албаны төсөв, төлөвлөлт хариуцсан ажилтан, комиссар Тамзавын Буяндэлгэрт нь албаны нэрийг барин хувийн ашиг сонирхлоор бусдад хууль бус шаардлага тавьж холбогдох хууль, дүрэм журмыг зөрчсөн гэдэг үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ[4].

Дээрх маргаан бүхий захиргааны акт нь Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны 19/11 дугаартай албаны шалгалтын материалд авагдсан 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Албаны шалгалт хийсэн тухай материалын дүгнэлт, саналыг үндэслэжээ.

Авлигатай тэмцэх газрын даргын 2018 оны А/7.. дугаар тушаалаар баталсан “Албаны шалгалт хийх журам”-ыг удирдлага болгон 19/11 дугаартай албаны шалгалтыг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хийж, нэхэмжлэгчийг “... дээрх сонгон шалгаруулалтад “Т

 

ү” ХХК шалгарсанд ажилтан комиссар Т.Б  нь ямар нэгэн байдлаар нөлөөлсөн асуудал тогтоогдохгүй байна. Албаны шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзэхэд ажилтан, комиссар Т.Б нь өөрөө дээрх үйлдэл гаргасныг үгүйсгэж байгаа боловч, иргэн Ж.У , Э.Б , Н.Т , С.Э , мөрдөгч, комиссар Д.С  нараас авсан тайлбар, баримтуудаар тэрээр зөрчил гаргасан нь тогтоогдож байна” гэж дурджээ[5].

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн “нэхэмжлэгч Т.Б нь “Т.Ү” ХХК-ийн менежер Ж.У_аас хохирлын үнэлгээний ажил олж өгсөн гэсэн үндэслэлээр мөнгө нэхэж байгаагүй, үнэлгээний талаар ажил ярилцаж байгаагүй, нэхэмжлэгч нь Ж.У_тай холбогдож, уулзахдаа хохирлын үнэлгээчний сонгон шалгаруулалтын талаар л уулзаж байсан гэх ...” тайлбар нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч Т.Б нь “Т.Ү” ХХК-ийн менежер Ж.У_д хохирлын үнэлгээний ажил авахад нь тусалсан гэж түүнийхээ хариу болох баярласан талархсан сэтгэлээ илэрхийлэхийг шаардсан үйлдлийг гаргаж байсан болох нь дараах байдлаар тогтоогдож байна гэж үзэв.

Гэрч Ж.У_ын Авлигатай тэмцэх газарт гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан “Т.Б  2018 оны 12 дугаар сард над руу ярьснаа би хүнтэй ярьчихсан байгаа, бараг болчих байх гэсэн. Дараа нь таарахад би хүмүүст сайн захиад хэлсэн шүү гэж байсан. Түүнээс хойш над руу залгаж чамайг манайхаас дуудсан уу, танайх ажлаа авсан биш үү? гээд ярьсан. 2019 оны 3 сарын дундуур дахиад залгаж чи надтай уулзахгүй юм уу, би тэр ажлыг чинь хүнтэй яриад зохицуулж өгсөн шүү дээ гэж хэд хэдэн удаа ярьсан. Т.Буяндэлгэр тойруу утгаар надаас мөнгө нэхээд байгаа нь илт байсан... Ажил гүйцэтгэж дууссан дараа манай нөхрийн найз Э.Б танайх Авлигатай тэмцэх газарт 20 сая төгрөгийн ажил авсан юм уу? ... чи Т.Б_т мөнгө өгөх ёстой юм биш үү? гэж асууж байсан. ... Надад мөнгө авна, өгнө гэсэн зүйл хэлээгүй, би ч гэсэн мөнгө өгнө гэж хэлээгүй. Манай нөхрийн найзад надаас мөнгө авах ёстой юм шиг ярьсан байсан”[6] гэх тайлбар, мэдүүлэг.

Гэрч Э.Б_ий 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Авлигатай тэмцэх газарт “Т.Б хэлэхдээ Ж.У_д би Авлигатай тэмцэх газрын үнэлгээний ажлыг хөөцөлдөж авч өгсөн, надад баярлаа гэж урамшууллын мөнгө, хувь өгөхгүй байна, чи хэлээд өг гэж хэлсэн. Би “та нар хоорондоо тохиролцсон юм уу?” гэж асуухад “Тийм би 20 гаран сая төгрөгийн ажил олж өгсөн” гэж гаргасан тайлбар[7]

Гэрч Э.Б нэхэмжлэгч Т.Б нар хоорондоо “гэрч Э.Б: Дээр чи нэг надруу нэг яриад байсан биздээ, Үнэлгээний ажил гээд. Нэхэмжлэгч Т.Б : Гэхдээ би зүгээр тусалсан шүү гэснээс би ямар мөнгө төгрөг нэхсэн юм уу.” гэж утсаар ярьсан тэмдэглэл[8]

Гэрч Э.Б  шүүх хуралдаан дээр “... Т.Б  над руу 2-3 удаа залгасан бөгөөд Ж.У-ын утас болохгүй, миний утсыг авахгүй байна, намайг хэлээд өгөөч гэж залгасан. Танай найз Авлигатай тэмцэх газрын үнэлгээний ажил авсан. Энэ ажилд танай найзыг надаас асуусан, санал асуухад би боломжийн сайн гэж хэлсэн учраас дэмжсэн шүү. Танай найз ерөөсөө утсаа авахгүй юм, чи нэг хэлээрэй гэж ярьсан. ...” гэх гэрчийн мэдүүлжээ[9].

Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэгч нь “Т.ү” ХХК-ийн менежер Ж.У-д хохирлын үнэлгээний ажил авахад нь тусалсан гэж түүнийхээ хариу болох баярласан талархсан сэтгэлээ илэрхийлэхийг шаардсан үйлдлийг гаргаж байсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3.10 дахь хэсэг “Аливаа асуудалд шударга бус байдал гаргахгүй байх, хуурч мэхлэхгүй байх”, Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн сахилгын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг “Байгууллагын буюу албан хаагчийн нэр хүндийг хамгаалж, хууль тогтоомжийн шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулах”, 41.4 дэх хэсэг “Албан тушаалын давуу тал, боломжийг хувийн зорилгоор ашиглах, аливаа этгээдийн өмнө хууль бус үүрэг хүлээх, энэ байдалд өөрийгөө оруулж болзошгүй бэлэг, дурсгалын зүйл, шан харамж авахгүй байх”, 4.1.17 дахь хэсэг ... албаны нэрийг хувийн ашиг сонирхлоор ашиглахгүй байх”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсэг “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж заасан хуулийн болон холбогдох дүрэм, журмын заалтуудтай нийцэхгүй бөгөөд нэхэмжлэгчийг албаны нэрийг барин хувийн ашиг сонирхлоор бусдад хууль бус шаардлага тавьсан гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах”, 48.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:”, 48.1.З.төрийн албанаас халах;” гэж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 6.1-д “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэл ногдуулах” гэж тус тус заажээ.

Хууль болон журмын дээрх заалтуудаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь төрийн жинхэнэ албан хаагчийн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэн зэргийг нь харгалзан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй байна.

Энэ хэргийн маргаан бүхий тохиолдлын тухайд, нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хууль, Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн ёс зүйн дүрэм, Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн сахилгын дүрэм зэргээр хориглосон хориглолтыг зөрчсөн үйлдэл гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаас халахаар гаргасан шийдвэр нь үндэслэлтэй байна гэж үзэв.

II. Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/180 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Авлигатай тэмцэх газрын даргад холбогдуулан “Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/1... дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ[10].

Нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ “миний бие Авлигатай тэмцэх газрын ... хариуцсан ажилтнаар 2015 оны 2 дугаар сараас эхлэн ажиллаж байгаад Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/1...тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар хөдөлмөрийн харилцаа дууссан байхад тус тушаалыг гаргаж байгаа нь илт хууль бус байна” гэж тайлбарлажээ.

Маргаан бүхий Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/1... тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3.10, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.4, 4.1.17 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7 дахь хэсэгт заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн нь гэдэг үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын Санхүү, аж ахуйн албаны төсөв, төлөвлөлт хариуцсан ажилтан, комиссар Т-ын Б-т төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн сахилгын дүрэм”-ийн тодорхой заалтуудыг ишлэхдээ тус дүрмийг дурдаагүй, дүрмийн “4.1.16 дахь заалт” гэхийг “4.1.7 дахь заалт” гэж бичин бичилтийн алдаа гаргасныг нэмэлт, өөрчлөлт оруулж зассан” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны акт илт хууль бус болох шинжүүдийг нэрлэн заасан бөгөөд Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/1...дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд уг захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д заасан “...утга агуулгын илэрхий алдаатай, ...бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, ...тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, ...захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, ...хууль бус үйлдэл эсүйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, ...иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, ...түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэх шинжүүдэд хамаарахгүй гэж шүүх үзлээ.

Иймд Т.Б-ээс Авлигатай тэмцэх газарт холбогдуулан гаргасан “Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/1... дүгээр тушаалыг хүчингүй болгож, Т.Б-ийг Авлигатай тэмцэх газрын санхүү, аж ахуйн албаны төсөв, төлөвлөлт хариуцсан ажилтнаар буцаан томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/1... дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 37.1.13, 48.1, 48.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Б-ээс Авлигатай тэмцэх газарт холбогдуулан гаргасан “Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/1... дүгээр тушаалыг хүчингүй болгож, Т.Б-ийг Авлигатай тэмцэх газрын ... хариуцсан ажилтнаар буцаан томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, Авлигатай тэмцэх газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/1... дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ГАНБАТ

 

 

              

 

 

 

[1] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 1-2, 9-10, 208 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 1-2, 9-10 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 208 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 119 дүгээр хуудас

[5]Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 77 дугаар хуудас

[6] Хавтас хэргийн 1 дүгээр хавтас, 47-48, 239-241 дүгээр хуудас

[7] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 50-51 дүгээр хуудас

[8] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 50-51 дүгээр хуудас

[9] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 5-8 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 208 дугаар хуудас