| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 110/2025/0053/З |
| Дугаар | 221/МА2026/0157 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2026/0157
| 2026 оны 03 сарын 05 өдөр | Дугаар 221/МА2026/0157 | Улаанбаатар хот |
Ш.Ж-ы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Л.Одбаатар,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Ш.Ж-,
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч Х.Б-ий 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Зөрчил дутагдлыг арилгуулах тухай” 18-04/10 дугаар албан шаардлага, “Хохирол барагдуулах тухай” 18-04/24, “Хүн амын орлогын албан татварыг төлүүлэх тухай” 18-04/25, “Албан томилолтын мөнгийг төлүүлэх тухай” 18-04/26, “Цалин хөлсийг шалгасан тухай” 18-04/27, “Дутуу суутгасан урьдчилгааг төлүүлэх тухай” 18-04/28, “Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/29, 18-04/30, “Үндсэн баримтгүй зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/31 дугаартай актуудыг тус тус хүчингүй болгуулах,
Нэхэмжлэгч: Ш.Ж-,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч Х.Б-,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 110/ШШ2026/0004 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ш.Ж-,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул,
Хэргийн индекс: 110/2025/0053/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Албан томилолтын мөнгийг төлүүлэх тухай” 18-04/26, “Цалин хөлсийг шалгасан тухай” 18-04/27, “Дутуу суутгасан урьдчилгааг төлүүлэх тухай” 18-04/28 дугаар актуудад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа багасгах хүсэлтийг гаргаж,
2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд 18-04/28, 18-04/30, 18-04/31 актуудад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлтийг илэрхийлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 110/ШШ2026/0004 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар:
“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Ж-ы Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч Х.Б-д холбогдуулан гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Цалин хөлсийг шалгасан тухай 18-04/27 дугаар, Дутуу суутгасан урьдчилгааг төлүүлэх тухай 18-04/28 дугаар, Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай 18-04/30 дугаар, Үндсэн баримтгүй зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай 18-04/31 дүгээр актуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.3, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 103 дугаар зүйлийн 103.1, 103.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Ж-ы Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч Х.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Хохирол барагдуулах тухай” 18-04/24 дүгээр, “Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/29 дүгээр актын 2022 оны 1166.500 төгрөгт, 2023 оны 1.750.000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох “Зөрчил дутагдлыг арилгуулах тухай” 18-04/10 дугаар албан шаардлагыг, “Хүн амын орлогын албан татварыг төлүүлэх тухай” 18-04/25 дугаар, “Албан томилолтын мөнгийг төлүүлэх тухай” 18-04/26 дугаар актуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1 ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.
3.2 Хариуцагчаас Барилга захиалагчийн албаны 2022-2024 оны үйл ажиллагаанд санхүүгийн болон хүний нөөцөд хяналт шалгалт хийсэн. Уг шалгалтын удирдамжаас үзэхэд санхүүгийн хяналт шалгалтын гол зорилго нь зөвлөх шинжтэй байхад уг зорилгоосоо гажиж маргаан бүхий актуудыг гаргасан.
Энэ нь Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан дотоод аудитын дүрмийн 6.2.1, 6.2.5, 6.3.1 дэх заалтуудад нийцээгүй. Тухайн маргаан бүхий актуудад дурдсан зөрчил нь манай байгууллагын нягтлан бодогчийн үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас үүссэн байхад нэхэмжлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу.
3.3 Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй, түүний үндэслэлд хамаарах нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, үүсгээгүй нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсан зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд,
3.1 Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаар шалгалтын удирдамжаар аймгийн Барилга захиалагчийн албаны 2022-2024 оны санхүүгийн болон хүний нөөцийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийхээр шийдвэрлэсний дагуу хариуцагч санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Х.Б- хяналт шалгалтыг явуулсан.
3.2 Хяналт шалгалтын явцад зөрчлийг илрүүлж, 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Зөрчил дутагдлыг арилгуулах тухай” 18-04/10 дугаар албан шаардлага, “Хохирол барагдуулах тухай” 18-04/24, “Хүн амын орлогын албан татварыг төлүүлэх тухай” 18-04/25, “Албан томилолтын мөнгийг төлүүлэх тухай” 18-04/26, “Цалин хөлсийг шалгасан тухай” 18-04/27, “Дутуу суутгасан урьдчилгааг төлүүлэх тухай” 18-04/28, “Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/29, 18-04/30, “Үндсэн баримтгүй зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/31 дугаартай актуудыг тус тус үйлдсэн.
3.3 Барилга захиалагчийн албаны 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 94/25 дугаартай албан бичгээр Монгол Улсын Сангийн сайд бөгөөд Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар 18-04/24, 18-04/25, 18-04/26, 18-04/29, 18-04/30, 18-04/31 дугаартай актуудыг эс зөвшөөрч гомдол гаргасан.
3.4 Сангийн сайдын 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 01/5030 дугаар албан бичгээр гомдлыг хянаад 18-04/29 дүгээр актад төлбөрийн дүнгээс 1.700.000 төгрөгийг хасч өөрчлөн, 18-04/30 дугаар актыг хүчингүй болгож, үлдэх актуудыг хэвээр үлдээж, хариу өгсөн.
3.5 Нэхэмжлэгч Ш.Ж- нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд хандан “Баян-Өлгий аймгийн аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч Х.Б-ий 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Зөрчил дутагдлыг арилгуулах тухай” 18-04/10 дугаар албан шаардлага, “Хохирол барагдуулах тухай” 18-04/24, “Хүн амын орлогын албан татварыг төлүүлэх тухай” 18-04/25, “Албан томилолтын мөнгийг төлүүлэх тухай” 18-04/26, “Цалин хөлсийг шалгасан тухай” 18-04/27, “Дутуу суутгасан урьдчилгааг төлүүлэх тухай” 18-04/28, “Зүй бус зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/29, 18-04/30, “Үндсэн баримтгүй зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/31 дугаартай актуудыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан үйл баримтууд тус тус тогтоогдсон.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш долоо хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана”, 66 дугаар зүйлийн 66.2-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана”, 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, 106 дугаар зүйлийн 106.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж тус тус заасан.
5. Тухайн тохиолдолд нэхэмжлэгчээс улсын ахлах байцаагчийн 2025 оны 18-04/10, 18-04/24, 18-04/25, 18-04/26, 18-04/27, 18-04/28, 18-04/29, 18-04/30, 18-04/31, нийт 9 актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
Үүнээс хуульд заасан журмын дагуу нийт 6 акт буюу 18-04/24, 18-04/25, 18-04/26, 18-04/29, 18-04/30, 18-04/31 дугаар актад холбогдуулан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид хандан гомдол гаргаж, Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчаас гомдлыг хянан 18-04/30 дугаар актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ тодорхойлсон нийт 9 захиргааны актаас 18-04/28 дугаар актад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас бусад 8 актад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, 18-04/28 дугаар актад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулсан.
Захиргааны хэрэг үүсгэсэн 8 актын нэг болох улсын анхлах байцаагчийн 18-04/30 дугаар актыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр хүчингүй болгосон.
6. Мөн улсын ахлах байцаагчийн 2025 оны 18-04/10, 18-04/27, 18-04/28 дугаар акттай холбогдуулан нэхэмжлэгчээс хуульд заасан журмын дагуу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгээгүй байхад шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дугаар зүйлийн 54.1-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэх нөхцөл байдлыг бүрэн шалган тогтоогоогүй.
7. Түүнчлэн, нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр улсын ахлах байцаагчийн 2025 оны 18-04/27, 18-04/28 дугаар актыг хүчингүй болгох “гэсэн хэсгийг багасгаж байна” гэх хүсэлтийг бичгээр гаргасан ч 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд “... “дутуу суутгасан урьдчилгаа төлөх тухай” 18-04/28 дугаартай, “Үндсэн баримтгүй зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай” 18-04/30 дугаартай, 18-04/31 дугаар актыг хүчингүй нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан” хэмээн мэдүүлсэн.
Үүнтэй холбогдуулан анхан шатны шүүх захиргааны хэрэг үүсгэсэн улсын ахлах байцаагчийн нийт 8 актын хэдэд нь холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзаж байгаа болохыг бүрэн тодруулаагүй.
Захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжид дурдагдаагүй улсын ахлах байцаагчийн 2025 оны 18-04/28 дүгээр актыг оролцуулан нийт 4 актад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсан хэмээн дүгнэж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар татгалзлыг баталсан байх боловч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг нэхэмжлэгчид танилцуулаагүй. Энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргаагүй зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан байна.
8. Иймд шүүх бүрэлдэхүүн, анхан шатны шүүхийн гаргасан дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх, маргааны үйл баримт, шүүхийн шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 110/ШШ2026/0004 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА