Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 1089

 

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч М.Наранцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/00474 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “Т И”  ХХК-д холбогдох

Ажлын хөлс 5 400 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 7 650 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-н гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б , хариуцагчийн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн өмгөөлөгч  З.Ариунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б  миний бие ““Т И”  ХХК-д захиалгат ажлууд гүйцэтгэсэн бөгөөд ажлын хөлс болох нийт 5.400.000 төгрөг төлөөгүй тул нэхэмжилж байна. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй ба ажлын даалгавар, гүйцэтгэл цахим хэлбэрээр “Т И”  ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Б-ийн албаны цахим хаяг руу явсан. Уг компани руу төлбөр төлөхийг анхааруулсан албан бичиг, Е.mail зэргийг явуулсан боловч шийдэж өгөөгүй болно. Иймд ажил гүйцэтгэсэн төлбөр болох 5.400.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т И”  ХХК нь хувь хүн болон хуулийн этгээд, аж ахуйн нэгж байгууллагатай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, тайлан тооцоонд зайлшгүй тусгаж хэвшсэн. Invest.b…[email protected] хаягийг “Т И”  ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Б би нэхэмжлэгч Б.Б-тай 2014 оны 01 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд гэр бүлийн дотно харилцаатай байхдаа Б.Б-д зориулсан ажлын байрыг өөрийн компанидаа бий болгох зорилгоор төслийн нүүрийг хийж саналаа солилцож байхаар тухайн хаягийг “Т И”  ХХК-ийн гүйцэтгэх захирал би 2015 оны 4 дүгээр сарын 04-нийг хүртэл түр хугацаагаар нээж өгч байсан ба Б.Б  нь өөрийн хийсэн, миний даалгасан, зөвлөсөн зүйлсийг энэ хаягт илгээдэг байсан. Иймд манай компанийн шийдвэрээр ямар нэгэн албан тушаал хашиж байгаагүй, сайн дураараа дотны харилцаатай байсан уг компанийн гүйцэтгэх захирал надад тусалж ганц хоёр аж ахуй нэгж байгууллагын төслийн нүүр хийж байсныгаа шунахайн буюу хувийн бусад сэдэлтээр манай компанид ажил гүйцэтгэсэн гэж өөрөө үнэлгээ зохиож нэг нүүрийг 150.000 төгрөгөөр үнэлж нийт 5.4 сая төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Т И”  ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ Б.Б  нь 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “Т И”  ХХК-иас 36/2015 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 5.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэйгээр, 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл зээлсэн. Б.Б  нь өнөөдрийг хүртэл авсан зээлээ төлөөгүй байгаа тул үндсэн зээл 5.000.000 төгрөг, 3 сарын зээлийн хүүнд 150.000 төгрөг, алданги 2.500.000 төгрөг, нийт 7.650.000 төгрөгийг Б.Б-снэхэмжилж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 282 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч “Т И”  ХХК-иас 5.400.000 төгрөг гаргуулах тухай Б.Б-ын үндсэн, Б.Б-сзээлийн гэрээний үүрэгт 7.650.000 төгрөг гаргуулах тухай “Т И”  ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.350 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137.350 төгрөгийг Төрийн сангийн орлогод тус тус хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Б  сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний бие "“Т И” ” ХХК-ийн гэрээт мэргэжилтнээр ажилладаг байсан бөгөөд 2015 онд 5 сая төгрөг зээлж авсан нь үнэн болно. Тус компанийн гүйцэтгэх захирал Э.Б-ийн шаардлагаар 5 сая төгрөгийн зээлийг 2015 оны 12 дугаар сард Хас банк дахь түүний хувийн дансанд бэлэнээр шилжүүлж зээлийг бүрэн төлсөн болно. Зээлийн хүүг тухайн үед гэрээт ажил гүйцэтгэсэн хөлснөөс суутгуулж тооцуулсан болно гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Т И”  ХХК-д ажил гүйцэтгэж, зарим ажлын хөлсөө авч байсныг нотлох баримтаар, зээлийн гэрээг иргэн Б.Б-тай байгуулж байсан нь тухайн үед намайг тус компанид ажил гүйцэтгэдэг, хамааралтай байсныг нотлож байна. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй нь үнэн боловч энэ нь намайг жил орчмын турш нийт 28 ажил хийж гүйцэтгэн хүлээлгэн өгснийг үгүйсгэх хангалттай шалтаг болж чадахгүй. Миний бие “Т И”  ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Б-тай амаар тохиролцон хойшид бичгээр гэрээ байгуулахаар харилцан тохиролцож ажил үүргээ арван нэгэн сарын турш гүйцэтгэж ирсэн нь хөдөлмөрийн эрхийн харилцаа тухайн үеэс үүссэн. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж ажлын даалгаварууд “Т И”  ХХК-иас арван нэгэн сарын хугацаанд ирж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24.3 заалтыг зөрчсөн үйлдэл. Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 4-д “Ажил олгогч”, 4.3-т зааснаар “Т И”  ХХК-д хуульд заагдсан хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Хариуцагч “Т И”  ХХК-ийн төлөөлөгч, гүйцэтгэх захирал Э.Б нь шүүхэд нотлох баримт бүрдүүлэхдээ Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гаргаж өгсөн бөгөөд үүнд Э.Б-н регистрийн дугаар ХН..11861 гэж байгаа нь Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд Э.Б регистрийн дугаараа ХИ..111861 гэж өгсөн нь зөрж байна. Э.Б-н гаргаж өгсөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үнэлэхгүй байх нь хуульд нийцэх төдийгүй иргэн Э.Б нь давхар регистрийн дугаар эзэмшдэг эсэх, мөн хуулийн байгууллагын баримтыг хуурамчаар эсхүл засварлан үйлдсэн эсэхийг харьяалсан газар нь магадлах шаардлагатай. Шүүхийн үйл ажиллагааны явцад “Т И”  ХХК-ийн гүйцэтгэх захирлын заавраар тухайн компанийн инженер байсан Л.Дамдинсүрэн гэгч нь миний хувийн цахим хаяг болох b…[email protected]д зөвшөөрөлгүй халдан намайг ажил гүйцэтгэсэн талаарх эд мөрийн баримтгүй болгох зорилгоор нууц үгийг сольсон нь Л.Дамдинсүрэнгийн мэдүүлгээр, мөн хууль бусаар зөвшөөрөлгүй утасны яриа бичиж аван шүүхийн танхимд нэхэмжлэгчийн эсрэг нотлох баримт болгон ашиглахыг оролдсон зэрэг нь бодит байдалтай болсон. Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйл, 13.8 дугаар зүйлийг зөрчсөн үйлдэл болж миний эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа бөгөөд хуульд заасан арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр Ажлын хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн талаарх анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн талаарх шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Т И”  ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Б.Б , “Т И”  ХХК-ийн инженер Л.Дамдинсүрэнтэй утсаар ярьсан бичлэгийг нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлэхдээ хууль бус аргыг хэрэглээгүй бөгөөд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан бичлэгийг шүүхэд гаргаж өгсөн. Шүүх хүралдааны явцад тухайн зээлийн төлбөрийг буцаан төлөөгүй талаарх тайлбаруудыг хангалттай тайлбарладаг, мөн талууд тухайн Зээлийн гэрээг байгуулсантай огт маргадаггүй байхад “Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг шүүхээс нотлох баримтаар үнэлээгүйтэй холбоотойгоор зээлийн хүү авах шаардлагыг алдсан” гэж дүгнэсэнд гомдолтой байна. Иймд Б.Б-сзээлийг гэрээний үүрэг 7.650.000 төгрөг гаргуулах тухай “Т И”  ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон” хэргийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.Б  нь хариуцагч “Т И”  ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 5.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг  хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт 7.650.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан гэрээний тохиролцоо хийгдсэн гэж үзэх үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.

 Үзлэг хийсэн тэмдэглэлээр Б.Б-ын цахим хаягаас Э.Б*н цахим хаягт мэдээллүүд илгээсэн байх боловч энэ нь гэрээ байгуулах санал, эсхүл саналыг нөгөө тал хүлээн авснаа илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй. /хх-ийн 118/

Мөн талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсэн гэж үзэх үндэслэл буюу “ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог” хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээгээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Харин нэхэмжлэгч Б.Б , “Т И”  ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Б нарын хооронд 2014-2016 оны хооронд гэр бүлийн дотно харилцаа байсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байх бөгөөд энэ хүрээнд Э.Б-н зарим ажил хэрэгт Б.Б-ын зүгээс санал солилцох зэргээр харилцаж байсан явдлыг тэдгээрийн хооронд хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй болно. /хх-ийн 18-20/

Иймд шүүх нэхэмжлэгч Б.Б  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д тус тус зааснаар өөрийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэж,  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

  Харин шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэлт хийсэн боловч тооцооны алдаа гаргасан байна.

 Нэхэмжлэгч Б.Б , хариуцагч “Т И”  ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй зээлдүүлж, хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож төлөхөөр тус тус тохиролцож, “Т И”  ХХК нь 5.000.000 төгрөгийг Б.Б-д шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон. /хх-ийн 32-33/

Анхан шатны шүүх зээлдэгч Б.Б  зээлдүүлэгч “Т И”  ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Б-н Хас банк дахь 5000831660 тоот дансанд 5.050.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлснийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2 дах хэсэгт тус тус зааснаар үүргийг гүйцэтгэсэнд тооцсон нь зөв болжээ.  /хх-ийн 107/

 Харин зээлийн гэрээний үүргийг 5.115.000 төгрөг гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.8, 283 дугаар зүйлийн 283.2 дах хэсэгт заасантай нийцээгүй байхаас гадна “хэрэгт авагдсан зээлийн гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй”, “... зээлийн хүү үлдэгдэл 65.000 төгрөгийг шаардах эрхээ алдсан” гэж  тус тус дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Б  5.150.000 төгрөгийг төлөх үүрэгтэй, үүнээс 5.050.000 төгрөгийг төлсөн тул үлдэх 100.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.