| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2020/00325/И |
| Дугаар | 138/ШШ2020/00433 |
| Огноо | 2020-04-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 138/ШШ2020/00433
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, шүүгч Т.Байгалмаа, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* ******* байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай ******* овогт *******н *******ий нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* ******* байрны 17 тоотод оршин суух, регистрийн дугаартай овогт гийн д холбогдох
Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсны хохирол 2 558 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Чинзориг, иргэдийн төлөөлөгч Д.Энхцэцэг, нэхэмжлэгч О.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 01 сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө *******ын ******* байрны 17 тоотоос ус алдаж бүх өрөөнүүд усанд автаж, хана шал, тааз норж обой, шал хууларсан. Бас өлгөөтэй байсан хувцас бүгд норж хэрэглэх боломжгүй болсон. Тухайн үед СӨХ-ны захирал орж ирж үзсэн болно. Үүний дараа уг айлын хүмүүст энэхүү байдлаа үзүүлж зураг авч баталгаажуулсан. Хохирлоо барагдуулах талаар уг айлын хүмүүст уулзаж ярилцсан боловч тохиролцоонд хүрээгүй учир манайд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү. Засвар хийхэд Вендо үнэлгээний газраас гаргасан 1977000 төгрөг, хувцасны үнэлгээ 414000 төгрөг, үнэлгээний үнэ 110000 төгрөг, хивс цэвэрлэгээний 57000 төгрөг, нийт 2558000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагчтай очиж уулзсан. Намайг хэд хоног хүлээчих гэхэд нь хүлээсэн боловч хариу өгөөгүй. Тиймээс үнэлгээний газраар үнэлгээ хийлгэсэн байгаа. Одоо 2 558 000 төгрөгийг нэхэмжилж байна. Сар шинэ болох гэж байсан тул хагас дутуу л засвар хийсэн байгаа гэв.
Хариуцагч Ж. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2020 оны 01 сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө 0100 цагийн үед 00-ын өрөөний цэвэр хүйтэн усны труба нь холбоосоор гэнэт задарч их хэмжээгээр ус алдаж доод айл руу ус алдсан нь үнэн. Тухайн үед ус алдахад миний бие 2 найзынхаа хамт зурагт үзэж сууж байсан бөгөөд нөхөр нь унтаж байсан ба ус шаагих чимээнээр 00-ын өрөө рүү ороход цэвэр хүйтэн усны хоолой нь задарчихсан ус алдаж байхад нь Дорнод Нийтийн аж ахуй ОНӨҮГ-ын яаралтай дуудлагын утас руу залгах гэхээр утасны дугаар нь олдохгүй, тухайн яаралтай утасны дугаарыг олох гэж бусад хүмүүс рүү залгахад утсаа авахгүй байсан ба 30-40 минутын дараа утасны дугаарыг нь олж дуудлага өгөхөд 30 минутын дараа тухайн байгууллагын ажилтан ирээд усыг шууд хаагаагүй, өөдөөс хэрүүл хийгээд усаа хаахгүй зогсож байгаад хэсэг хугацааны дараа хаасан. Тухайн үед ус алдаж байхыг доод айлууд мэдсэн атлаа НАА-н яаралтай дуудлагын утасны дугаарыг мэдэхгүй байсан. Мөн НАА-д дуудлага өгөхөөр дуудлагатай байна гээд ирдэггүй. Задарсан хоолойг харахад эрэг шураг нь зэвэнд идэгдэж, хоолой нь хоорондоо холбогдож болохооргүй байсан зэрэг нь ус алдах нөхцөл байдал үүссэн. Учир нь миний бие энэ чиглэлийн мэргэжлийн хүн биш, тоолуурын байцаагч нь ямар нэгэн зөвлөгөө өгөөгүй, утсаар холбогдож тоолуурын заалт авдаг, мэргэжлийн хүмүүсээр сантехникт үзлэг шалгалт хийддэггүй, хэвлэл мэдээлэл болон бусад мэдээллийн хэрэгслээр урьдчилан сэргийлэх болон яаралтай дуудлагын дугаарыг байршуулж мэдээлэхгүй байдаг нь иргэдийг ихээхэн хохироодог, тухайн үүссэн хохирлыг Нийтийн аж ахуй ОНӨҮГазар барагдуулах ёстой гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ус алдсан асуудал болдог өдөр эхнэрийн маань найзууд хотоос ирсэн, манайд тэд пиво уугаад байж байсан. Би өөрөө тухайн үед гэртээ байсан. Ус гоожих чимээгээр 00-ын өрөө рүү очиж хараад усыг хаах гэж оролдсон боловч даралттай ус тийм ч амархан хаагддаггүй, хааж болохгүй юм байна лээ. Тэр дороо нийтийн аж ахуйн утасны дугаарыг олж залгах гэж 30, 40 минут болж дуудлага өгсөн. Нийтийн аж ахуйн хүн ирэх гэж бас 30-аад минут болсон. Манай гэрийн шал бүхэлдээ ус болсон тэр дор нь доод талын айл руугаа орж харахад үнэхээр бороо орж байгаа юм шиг ус асгарч байсан. Нийтийн аж ахуйн ажилтан ирчихээд усаа хаахгүйгээр хэрүүл хийгээд хэсэг болсон. Арай гэж усаа хаалгасан. Тэр өдөртөө ямартай ч усаа шавхаж авсан. Дараа нь хүмүүсээс болсон явдлын талаар асуусан. Тэгэхэд зэвэрсэн труба өөрөө идэгдээд резво нь алдагддаг гэж хэлж байсан. Маргааш өдөр нь доод талынхаа айл руу орж нөхцөл байдлыг харсан. Энэ асуудал болсны дараа Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮГ-т хүсэлт гаргасан. Бидэнд тухайн эд хөрөнгийг өмчлөгч өөрөө хариуцах ёстой гэсэн тайлбар гаргаж өгсөн. Бид мэргэжлийн хүмүүс биш учраас халуун, хүйтэн усны шугамнаас ус алдах, алдахгүйг мэдэх боломжгүй. Тоолуурын байцаагч нь утсаар тоолуурын заалтаа авдаг, гэрч зөвлөгөө өгдөггүй. Бид Нийтийн аж ахуйн буруутай үйл ажиллагаанаас болж манайх ч гэсэн давхар хохирсон гэж үзэж байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Ж.аас эд хөрөнгөд учруулсан гэм хор хохиролд нийт 2 558 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ж. нь ...ус алдсан нь үнэн боловч нэхэмжилж буй 2558000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, хохирлыг Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮГ барагдуулах ёстой гэж тайлбарлан маргажээ.
Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч О.******* нь Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* байрны ******* тоот орон сууцны өмчлөгч нь мөн бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 17 тоот орон сууцны ариун цэврийн өрөөний цэвэр хүйтэн усны шугам холбоосоороо задарч ус алдсанаас ******* тоот нэхэмжлэгчийн орон сууцны 00-ын өрөө, коридорийн хэсэг болон зочины өрөө, гал тогооны өрөөний таазны эмульс, замаск хуурч шарласан, зочны өрөөний паркетан шал норж хөөсөн, тааз болон хана дагаж норж чийг авч, ханын обой норж урагдсан, гал тогооны өрөөний хана норсон, угаалгын өрөөний ханын замаск хуурсан, коридорийн хэсгийн ханын обой норж хууларсан, зочины өрөөний өлгүүрт байсан Дархан нэхий дээл норж, хатахдаа дарайж толботсон, булган малгай норж хэлбэрээ алдаж, солих шаардлагатай болсон болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Дорнод нийтийн аж ахуй орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан тоот /хх 38 тал/, дээрх орон сууцанд ус алдсаны улмаас эд хөрөнгөд учирсан хохирлыг арилгахад шаардагдах зардлын хэмжээ тогтоосон тухай Хөрөнгийн үнэлгээний ВЕНДО ХХК-ийн дүгнэлт тайлан /хх 7-16, 18-29 тал/ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ ...Задарсан хоолойг харахад зэвэнд идэгдэж, хоолой хоорондоо холбогдож болохооргүй болсон байсан нь ус алдах нөхцөл байдал үүсгэсэн, бид энэ чиглэлийн мэргэжлийн хүн биш, тоолуурын байцаагч нь ямар нэгэн зөвлөгөө өгдөггүй, утсаар холбогдож тоолуурын заалт авдаг, мэргэжлийн хүмүүсээр сантехникт үзлэг шалгалт хийдэггүй, урьдчилан сэргийлэх болон яаралтай дуудлагын дугаарыг байршуулж мэдээлдэггүй зэргээс хугацаа их алдсан, тухайн үүссэн хохирлыг Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮГ барагдуулах ёстой гэж маргадаг.
Гэвч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар тухайн задарсан хүйтэн усны шугам нь сууц өмчлөгчийн өмчлөлийн шугам байх бөгөөд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д зааснаар өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх үүрэг нь сууц өмчлөгчид хамааралтай байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус хуульчилсан байна.
Нэхэмжлэгч О.******* нь ус алдсанаас өөрийн эд хөрөнгөд учирсан хохирол болон засвар үйлчилгээнд гарах зардлыг тооцуулахаар Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-нд хүсэлт гаргажээ.
Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирол болон бусад зардлыг 2 391 515 төгрөгөөр үнэлсэн ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2 391 000 төгрөгөөр тооцож мөн үнэлгээний хөлсөнд төлсөн 110 000 төгрөг, хивс цэвэрлүүлэхэд төлсөн 57 000 төгрөг, нийт 2 558 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хивс цэвэрлүүлэхэд төлсөн гэх 57 000 төгрөгийн баримт нь хуульд заасны дагуу бэхжүүлж аваагүй нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул 57 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2 391 000 төгрөг, үнэлгээний хөлсөнд төлсөн 110 000 төгрөг, нийт 2 501 000 төгрөгийг хариуцагч Ж.аас гаргуулах үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.аас бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 2 501 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 57000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.*******ээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55 878 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.аас улсын тэмдэгтийн хураамж 54 966 /2 501 000 төгрөгт ногдох/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.аас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 2 501 000 /хоёр сая таван зуун нэг мянга/ тєгрєгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 57 000 /тавин долоон мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 55 878 /тавин таван мянга найман зуун далан найм/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.аас улсын тэмдэгтийн хураамжинд 54 966 /тавин дөрвөн мянга есөн зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА
ШҮҮГЧИД Т.БАЙГАЛМАА
Г.УРТНАСАН