Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1013

 

 

 

 

 

 

  2023         10           09                                           2023/ШЦТ/1013           

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,

Улсын яллагч Б.Оргилболд,

Шүүгдэгч Э.С , түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.С т холбогдох эрүүгийн 2309001670336 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.С  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мини маркет дэлгүүр дотор хохирогч З.М гийн эзэмшлийн “Samsung A52” загварын 348.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

  1. Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Э.С  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мини маркет дэлгүүр дотор хохирогч З.М гийн эзэмшлийн “Samsung A52” загварын 348.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

Хохирогч З.М гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 15-ны орой 19 цагийн үед өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Мини маркет" гэх нэртэй дэлгүүрт үйлчлүүлж байсан ба куртикны халааснаасаа Самсунг А52 загварын гар утсаа хулгайд алдсан. Тухайн дэлгүүрээс гарч яваад утсаа алдсанаа мэдээд 5 орчим минутын дараа тухайн дэлгүүр дээр очиж хүмүүстэй нь уулзахад манай эхнэр бас гар утсаа алдсан талаараа хэлсэн ба хяналтын камерыг нь шүүж үзэхэд хөх өнгийн ноосон малгай, хар өнгийн куртиктай, 165-170 орчим өндөртэй, 35-40 орчим насны эрэгтэй хүн миний халааснаас хулгайлж буй бичлэг үлдсэн байсан юм. Би тухайн дэлгүүрт зогсож байхад хулгайлсан гэх хүн эмэгтэй хүний хамт байсан ба тухайн хулгай хийсэн хүнийг С  гэж дуудаж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/,

 

Гэрч Б.О ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би яг тэр өдрийг бол тодорхой санахгүй байна. Э.С ын ярьж байснаар бид хоёр Улиастайд хадам эхийн гэрт очиж хоночхоод ирсэн өдөр юм шиг байна лээ. Тухайн үед Монгол 3 дугаар сургуулийн автобусны буудал дээр буугаад дахиж автобус дамжиж суух гээд явж байтал Э.С ын найз бүдүүн З той таарсан юм. Тэгтэл З  мөнгө байвал ганц юм аваад өгчихөөч гэхээр нь нь Монгол 3 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр баруун талд нь байх 7 буудал явах зам дагуу байсан хүнсний дэлгүүр лүү нөхөр Э.С ын хамт орсон. З  гадаа байрны буланд бөөлжлөө гээд үлдсэн. Тэгээд нөхөр Э.С  бид хоёр дэлгүүрээс Хараа нэртэй 0.33 литрийн савлагаатай архи, бууз аваад гарч ирсэн юм. Бид гурав тухайн газрын ойролцоох байрны орцонд ороод тэр шил архиа хувааж уугаад салса. Би тухайн үед дэлгүүрээс юм аваад гарсан болохоос Э.С ыг хулгай хийсэн гэж огт мэдээгүй. Э.С  ч надад хэлээгүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30-31 дүгээр тал/,

 

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13 дугаар тал/,

 

Шүүгдэгч Э.С ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улиастайд ээжийндээ хоночхоод 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 17-18 цагийн үед найзтайгаа уулзах гээд 100 айл дээр очоод найз З тай уулзаад ганц шил архи авч өгөөч гээд байхаар нь ойролцоох дэлгүүр рүү эхнэр О ын хамт орсон. З  дэлгүүрийн гадна эхнэр бид хоёрыг хүлээж байсан. Тэгээд тэр дэлгүүрээс 0,5 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи аваад үүдний хэсэгт очоод манай эхнэр тооцоо хийж байх хооронд би ард нь зогсож байсан охин гар утсаа зүүн гар талын халаасандаа хийхээр нь тухайн гар утсыг халааснаас нь нууцаар авчихсан. Тухайн үед миний эхнэр мэдээгүй, тооцоогоо хийж дуусахаар нь би эхнэрийн хамт дэлгүүрээс гарсан. Бид гурав ойролцоох нэг байрны орцонд орж архийг нь хувааж уучхаад салсан. Би эхнэрийгээ хүүхдээ ав гэж явуулчхаад нөгөө хулгайлсан гар утсаа Ард кино театрын тэнд байх Тэди худалдааны төвийн гадна гар утас авна гэсэн танихгүй эрэгтэй хүнд 120,000 төгрөгөөр зарчихсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.С аас: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Э.С  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мини маркет дэлгүүр дотор хохирогч З.М гийн эзэмшлийн “Samsung A52” загварын 348.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Э.С , түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нар нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Э.С  нь хохирогч З.М гийн 348,000 төгрөгийн үнэ бүхий  Samsung A52” загварын гар утсыг хулгайлсан байх бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.С ыг Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч З.М д 348,000 төгрөгийн хохирол учирсан байна.

Шүүхээс шүүгдэгч Э.С ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа хохирол нөхөн төлөх үндэслэлээр завсарлага авах хүсэлт гаргасныг хүлээн авсан бөгөөд тус хугацаанд шүүгдэгч Э.С ын эх Д.Э нь хохирогч З.М д 350,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Э.С ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагчаас: “…Шүүгдэгч Э.С т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 700 цаг нийтэд тустай ажил ялын 8 цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож, нийт 87 хоног буюу  02 сар 27 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 01 жил 02 сар 27 хоногийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбаатараас: ...Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Энэ талаар мөн улсын яллагч тодорхой дурдсан. Шүүгдэгчийн хувьд Ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийн 6 дугаар ангид суралцдаг 12 настай бага насны охинтой. Гэр бүлийн хүн нь өөрийн дагавар охиноо аваад явсан. Шүүгдэгчийг цагдан хоригдож байх хугацаанд шүүгдэгчийн охин нь эмээтэйгээ Улиастайд байдаг газраасаа Хайлаастын 49 дүгээр сургууль руу явдаг. Цаг агаарын нөхцөл байдал, өвлийн улирал болж хүүхэд хичээл сургуульд явахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа. ...Энэ гэмт хэргийн хувьд ялын санкц нь сонголттой байгаа. Шүүгдэгч нь хохирол төлбөрөө төлж барагдуулсан учраас хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Шүүгдэгч өмнө нь шүүхээс авсан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээ эдлээгүй, уг ял шийтгэлд хорих ял авахад татгалзах зүйлгүй. Харин энэ удаагийн шүүх хуралдаанаар улсын яллагчийн гаргасан ялын санал дээр хохироос өөр төрлийн ял шийтгэлийг оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Э.С ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр тал/, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 51-55, 61-62 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Э.С т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Э.С т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, удаа дараа Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогдож байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Э.С  нь урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялыг биелүүлээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Э.С т энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 87 хоногийг буюу 02 сар, 27 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 8 сар, 27 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С ын 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 49 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Э.С ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С т энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 /долоо зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 87 /наян долоо/ хоногийг буюу 02 /хоёр сар, 27 /хорин долоо/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 8 /найм/ сар, 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С ын 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.С т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.БАТСАЙХАН