Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 15

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,  

Шүүх хуралдаанд:

Прокурор                                               Д.Сүрэнхор

Шүүгдэгч                                               Л.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч                      Х.Ундрах-Оргил

Нарийн бичгийн дарга                          Т.Батсайхан нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолтой Л.О ад холбогдох 1915005510292 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргилын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 43 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ... силессер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар Булган ... оршин суух, урьд урьд ял шийтгэлгүй, Т овогт Л.О .

Шүүгдэгч Л.О  нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Бугат сумын нутаг “Нартын хавтгай” гэх газраас шинэс төрлийн 2.691 м3 хэмжээтэй түлээний мод бэлтгэж, **-** БУЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр Булган аймгийн Бугат сум руу тээвэрлэж байгаль экологид 76694 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч Т овогт Л.О ыг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.О  гэмт хэрэг үйлдэж олсон 2.691 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн 1 ширхэг шар өнгийн цахилгаан хөрөө, **-** БУЛ улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлийн үнэ болох 4.200.000/ дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг тус тус шүүгдэгчээс албадан гаргуулан худалдан борлуулж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, **-** БУЛ дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл, БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг эзэмшигч Г овогтой Э т тус тус буцаан олгож,

5. Шүүгдэгч Л.О  нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурьдаж,

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.О аас 230082 төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газарт олгож,

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.О ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил давж заалдах гомдолдоо: “...Л.О ын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 76694 төгрөгийн шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар "модны экологи эдийн засгийн үнэлгээ"-г гурав нэмэгдүүлж, 230082 төгрөгийг нэхэмжилсэн ба хэргийг шалгах явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлж барагдуулж, бусдад төлөх төлбөргүй болох нь хэргээс харагдаж байна. Гэтэл Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ...Л.О ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 4.200.000 төгрөгийг түүнээс албадан гаргуулахаар шийдвэрлэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд... гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохиролыг нөхөн төлүүлэх зорилгоор... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах бүхий ойлголт, өөрөөр хэлбэл бусдад учруулсан хохирол, гэм хорыг арилгаагүй тохиолдолд л энэ заалт үйлчлэх ёстой атал хэт туйлширч шийдвэрлэж байгаа нь шүүгчдэгчийн эрх зүйн байдлыг дордуулхаар байна. Нөгөө талаас: **-** БУЛ улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийг үнэлгээний газраар үнэлүүлэхдээ эзэмшигчээс тухайн тээврийн хэрэгслийн эд ангийн бүрэн бүтэн байдал, илэгдэл хорогдол, эзэмшиж байгаа хугацаа, явах эд ангийн нөхцөл байдлыг тодруулаагүйн зэрэгцээ нүдээр үзэж, үнэлгээг гаргаагүй, ерөнхий байдлаар үнэлж 4.200.000 төгрөгийн үнэлгээг гаргуулсан нь шүүгдэгчийн хувьд хэт өндөр байгаагаас гадна, эд зүйлийн үнэлгээ нь өөрөө эргэлзээ бүхий гарсан байгаа болно. Хавтаст хэргийн 38-42 талд авагдсан мэргэшсэн үнэлгээчин Д.Отгонцагааны дүгнэлтээс үзвэл... / хүснэгт / тээврийн хэрэгслийн тооцлолыг зах зээлийн судалгааны түвшинд үзсэн байх бөгөөд дээрх нөхцөлийг анхаарч үзээгүй болох нь харагдана. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл / ХХ-09-10/ ...үзлэгийг хийхдээ ерөнхий байдлаар / өнгө үзэмж талаас / явуулсан ингэхдээ уг тээврийн хэрэгсэл нь ерөнхийдөө дундаж элэгдсэн тээврийн хэрэгсэл байв гэж дурьдсан, өөрөөр явах эд анги хэвийн ажиллагаатай байсан эсэх, ямар элэгдэл хорогдол байгааг нарийн тогтоогоогүй, тээврийн хэрэгслийн зургийг модтой байхад нь авсан, тусад нь нарийн үзлэгийг явуулаагүй нь буруу болжээ. Иймд Л.О  нь ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд тухайн иргэн нь хөгжлийн бэрхшээлтэй, өрхийн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, хувийн байдал зэргийг харгалзан хөрөнгө, орлогыг албадан гаргуулах тухай заалтыг хүчингүй болгож, эсхүл үнэлгээг багасгах байдлаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгөхийг хүсч, Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч боолон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Л.О ад холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзэв.

Шүүгдэгч Л.О ыг 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Бугат сумын нутаг “Нартын хавтгай” гэх газраас шинэс төрлийн 2.691 м3 хэмжээтэй түлээний мод бэлтгэж, **-** БУЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр Булган аймгийн Бугат сум руу тээвэрлэж байгаль экологид 76694 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх Л.О ыг зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 2.691 м3 хэмжээтэй мод бэлтгэж байгаль экологид 76694 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, хассан, шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Л.О ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.О  нь зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн модны байгаль экологид учруулсан хохирол төлбөрийг хуульд заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж буюу 230082 төгрөгийг төлж барагдуулсан, түүний хууль бусаар бэлтгэсэн шинэс төрлийн модыг нь хураан авч улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашиглсан 1 ширхэг хөрөө болон **-** БУЛ улсын дугаартай хөх өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлийн үнэ 4.200.000 төгрөгийг албадан гаргуулж  шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байгаа боловч Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэснийг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын  хэмжээнд хохирлыг нөхөн төлсөн, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, ар гэрийн ахуй амьдралын байдал зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд шүүгдэгч Л.О ыг тээврийн хэрэгслийн үнэ 4.200.000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх зайлшгүй шаардлагагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргилын давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх  нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргилын давж заалдах гомдолыг хүлээн авч,  Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолын 4 дэхь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.О  гэмт хэрэг үйлдэж олсон 2.691 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн 1 ширхэг шар өнгийн цахилгаан хөрөө, **-** БУЛ улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлийн үнэ болох 4.200.000/ дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг тус тус шүүгдэгчээс албадан гаргуулан худалдан борлуулж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, **-** БУЛ дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл, БНХАУ-д үйлдвэрлэсэн шар өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг эзэмшигч Г овогтой Э т тус тус буцаан олгож” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.О  гэмт хэрэг үйлдэж олсон 2.691 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн 1 ширхэг шар өнгийн цахилгаан хөрөөг тус тус шүүгдэгчээс албадан гаргуулан худалдан борлуулж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, **-** БУЛ дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлийг эзэмшигч Г овогтой Э т тус тус буцаан олгож” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан шатны шүүхэд хэргийг очтол шүүгдэгч Л.О ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.ХҮРЭЛБААТАР

                              ШҮҮГЧИД                                  С.ЦЭЦЭГМАА

                                                                                Ё.БЯМБАЦЭРЭН