Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2020/0591З |
Дугаар | 128/ШШ2021/0054 |
Огноо | 2021-01-22 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2021/0054
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н /РД:*******/,
Хариуцагч: Батлан хамгаалахын сайд,
Гуравдагч этгээд: А /РД:ДЕ7310****/,
Нэхэмжлэлийн шаардлага: Батлан хамгаалахын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/** тушаалын Баянзүрх дүүрэг, Монгол цэргийн музейн хашаанд байрлах 51а байрны ** тоот орон сууцыг Г олгох-оор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгох, С хууль ёсны төлөөлөгч Э 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гаргасан гомдлыг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 51а байрны ** тоот орон сууцыг С олгохыг даалгах
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., түүний өмгөөлөгч Э., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
С хууль ёсны төлөөлөгч Э шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Монгол Улсын иргэн Б, Б овогт Э О нар 2001 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болж, 2002 оны 7 дугаар сарын 23-ны өдөр охин С мэндэлсэн. Г нь Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллаж байх хугацаандаа энхийг сахиулах ажиллагаанд явж ирсэн бөгөөд үүнээс хойш хугацаанд бие нь өвдөж улмаар 2012 онд нас барсан. Монгол Улсын Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах яамны зүгээс талийгаач Г ар гэрт нөхөн төлбөрт зориулж, Баянзүрх дүүрэг, Монгол цэргийн музейн хашаанд байрлах 51а тоот байрны ** тоот орон сууцыг хөнгөлөлттэй үнээр буюу 20,000,000 төгрөгөөр олгохоор шийдвэрлэсэн гэж үзэхийн сацуу уг орон сууцыг талийгаач Г төрсөн эгч болох Г олгохоор Батлан хамгаалахын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/3*** тушаалаар шийдвэрлэж, дээрх орон сууцны ашиглалтын гэрээг Г. байгуулсан байгааг талийгаачтай хамт ажиллаж байсан сайн санаат шударга иргэн 2020 оны 5 дугаар сард надад хэлсний дагуу миний бие мэдэж, энэ асуудлаар 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Батлан хамгаалан яаманд хүсэлт гаргасан боловч хуулийн хугацаанд албан ёсоор хариу ирүүлээгүй тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна.
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу нас барагчийн ар гэрт олгогдох тэтгэмжийг түүний эхнэр, нөхөр, төрүүлсэн болон үрчилж авсан хүүхэд тэргүүн ээлжинд авах эрхтэй юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу Батлан хамгаалахын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/345 тушаалын Баянзүрх дүүрэг, Монгол цэргийн музейн хашаанд байрлах 51а байрны ** тоот орон сууцыг Г олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, С олгохыг даалгах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Батлан хамгаалах сайдын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/3** дугаартай тушаалын хавсралтад заасан Баянзүрх дүүрэг, Монгол цэргийн музейн хашаанд байрлах 300 айлын орон сууцны 51/А байрны *-** тоот хаягт орших 2 өрөө орон сууцыг Г. олгосон хэсгийг хүчингүй болгуулж, С олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Э энэ асуудлыг 2020 оны 05 дугаар сард мэдэж, Батлан хамгаалах яаманд өргөдөл гаргасан. Энэ өргөдлийг өнөөдрийг хүртэл хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарт өргөдөл гаргагчийн өмгөөлөгчид утсаар мэдэгдсэн гэж үндэслэлгүй тайлбар гаргасан. Мөн 2013, 2014 онд Г. нь уг орон сууцыг миний дүүгийн төрсөн ганц охин С олгож өгнө үү гэсэн хүсэлтийг өгсөн байдаг. Гэтэл Батлан хамгаалах яамнаас өргөдөл гаргасан Г. олгохоор шийдвэрлэсэн. Энэ асуудлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1, 106.3.4-т зааснаар шийдвэрлүүлэхээр шаардлагаа тодруулж байна.
Г, Э нар нь 2001 оны 09 сарын 01-ний өдөр гэр бүл болж, 2002 оны 07 сарын 23-ны өдөр охин С төрсөн. Г нь Зэвсэгт хүчний жанжин штаб, цэргийн төв эмнэлэгт их эмчээр ажиллаж байх хугацаандаа энхийг сахиулах ажиллагаанд явж, улмаар дэлбэрэлтэд өртөж тархины гэмтэл авсан гэх шалтгаанаар эмчлүүлж байгаад нас барсан. Баянзүрх дүүрэгт байрлах 300 айлын орон сууцнаас Г 2 өрөө байрыг олгохоор шийдвэрлэсэн байдаг. Г. нь өвчний улмаас 2012 оны 09 сарын 19-ний өдөр нас барсан. Талийгаач Г амьд сэрүүн байхад олгосон албан тушаалын 2 өрөө орон сууцыг талийгаачийн төрсөн эгч Г. олгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-д заасныг үндэслэн Батлан хамгаалахын сайдын 2015 оны 11 сарын 25-ны өдрийн А/345 дугаартай тушаалын хавсралтад заасан 2 өрөө орон сууцыг Г. олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, талийгаач Г. охин С. олгохоор шийдвэрлэж өгнө үү.
Г хувьд ажиллагаанд явж ирснийхээ дараа зан ааш нь өөрчлөгдөж Г. гар хүрдэг болсон учраас салсан. Э салах үед талийгаачийн өвчин илрээгүй, мэдээгүй байсан.
Хэдийгээр Батлан хамгаалахын сайдаас чиглэл өгч тус байрыг Г олгохоор шийдвэрлэсэн боловч хэрэгт авагдсан баримтаас харахад гуравдагч этгээдийн зүгээс хариуцагч байгууллагад хандаж тус байрыг талийгаач Г. төрсөн охин С. олгуулахаар хүсэлт гаргаж байсан байна. Тухайн үед Батлан хамгаалах яам хүсэлтийг хүлээн авч, энэ асуудлыг шалгаж байгаад талийгаачийн охин С олгохдоо асран хамгаалагчаар тогтоосон захирамж, шийдвэр байгаа эсэхийг шалгаж талийгаачийн охинд нь буюу асран хамгаалагчид нь олгохоор шийдвэрлэсэн. Гэвч өнөөдрийн байдлаар захиргааны байгууллага нь тавьсан шаардлагаа зөрчиж, тухайн өргөдөл гаргасан этгээдэд байрыг олгосон нь хууль зөрчиж байна. Мөн гуравдагч этгээдийн тайлбартай холбоотой талийгаачийн охин С итгэмжлэл олгох талаар ярьж байна. С өнөөдрийг хүртэл төрсөн эх Э асрамжид байсаар ирсэн. гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч тайлбартаа: Батлан хамгаалахын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/345 дугаартай тушаалаар тус байрыг Г олгосон шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2-т бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн бол уг акт хууль бус хүчингүй болгох гэх заалтыг зөрчсөн. Мөн хуулийн 43.1-д Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж заасныг зөрчсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1, 106.3.4-т заасныг үндэслэн шийдвэр гаргах үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн асран хамгаалагчаас гадна хууль ёсны өвлөгчийн тухайд Иргэний хуулийн дагуу 1, 2 дугаар өвлөгчийн талаар огт шалгаагүй байдаг. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх хууль ёсны өвлөгч байна гэж заасан. Мөн хуулийн 520.1.2-т энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ өвлөгч байна гэж заасныг тус тус зөрчсөн учраас уг тушаал хууль бус байна.
Мөн Батлан хамгаалахын сайдаас 2012 оны 02 сарын 12-ны өдрийн тушаал гаргахдаа үндэслэх хэсэгт Монгол улсын төсвийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийн 27.1.5-д заасныг баримтлан тушаал гаргасан байдаг. Уг тушаалыг хүчингүй болгосон 2014 оны 12 сарын 04-ний өдрийн А/259 дугаартай тушаалд 2011 оны Төсвийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийн 27.1.5 буюу мөн төрийн албан хаагч нарыг орон сууцаар хангах заалтыг барьсан. Энэ тушаалыг хүчингүй болгосон 2015 оны 11 сарын 27-ны өдрийн А/545 дугаартай тушаалын үндэслэх хэсэгт Засгийн газрын тухай хуулийн 24.2, Монгол улсын Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн 27.1.5, Цэргийн албан хаагчдын орон сууцны хөтөлбөрийг заасан байдаг. Цэргийн албан хаагчдыг орон сууцаар хангах хөтөлбөрийн 4.1-д орон сууцтай болохын тулд ямар материал бүрдүүлэх, юуг журамлан байр олгох талаар маш тодорхой заасан байдаг.
Мөн гэрчүүдийн мэдүүлгээс харахад Э тухайн үед байрны асуудлаар хөөцөлдөж байгаагүй, Г. л хөөцөлдөж байсан талаар ярьж байна. Тиймээс Э энэ талаар мэдэгдээгүй, хөөцөлдөх боломж олгоогүй гэдэг нь харагдаж байна. Г, Э нар амьдарч байх хугацаанд Э ажил хийлгэдэггүй, гар хүрдэг байсан. Тухайн үед Г эрүүл мэндийн шалтгааны улмаас сэтгэцэд нь өөрчлөлт орсон гэдгийг хэн ч мэдээгүй байсан. Гэвч хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбараар Э нь талийгаачийг өвчтэй, хэвтэрт байх үед нь орхиж явсан мэтээр өрөөсгөл тайлбар хэлж байна. Э хувьд гэрлэлтээ цуцлуулаагүй, өөр хүнтэй гэр бүл болоогүй, хамтран амьдарч байсан байрыг өөрт болон охин С олгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагүй, охиндоо тэтгэмж тогтоолгож байгаагүй, энэ байдлыг ялгаж салгаж ойлгоосой гэж хүсэж байна.
Мөн тухайн байрыг талийгаачийн эмчилгээний зардалд өгсөн боловч өнөөдөр эмчилгээтэй холбоотой зорилго байхгүй болсон. 2020 оны 05 сард Батлан хамгаалах яаманд ажилладаг хүн Э холбоо барьж уг байрыг талийгаачийн төрсөн эгч Г олгохоор шийдвэр гаргах гэж байна. Намайг гэрчээр асууж болохгүй, намайг хэлсэн гэж болохгүй шүү гэж хэлсэн байдаг. Учир нь Г Нийслэлийн прокурорын орлогч дарга н. нар, манай дарга нар дарамталсан гэдэг. Энэ талаар бид Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар гомдол гаргасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд нэхэмжлэгч С хууль ёсны төлөөлөгч Э. Батлан хамгаалахын сайдыг хариуцагчаар татаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол цэргийн музейн байрлалд баригдсан Цэргийн алба хаагчдын албан тушаалын 300 айлын орон сууцыг анх 2012 онд барьж эхэлсэн бөгөөд 2015 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулсан байдаг.
Тухайн орон сууцыг барьж ашиглалтад хүлээлгэж өгөх 2012-2015 оны хооронд Албан тушаалын орон сууцыг хуваарилах тухай Батлан хамгаалахын сайдын нийт 4 тушаал шийдвэр гарчээ. 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/21 дүгээр Албан тушаалын орон сууцыг хуваарилах тухай тушаал бөгөөд уг тушаалын 2, 3 дугаар хавсралтад "Батлан хамгаалах яам, харьяа аж ахуйн нэгж, байгууллагуудад ажиллаж байгаа болон Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний анги байгууллагуудад ажиллаж байгаа орон сууцанд орох офицер, ахлагч албан хаагчдын нэрсийг баталсан байна. Тушаалын хавсралтад байгаа албан тушаалтнуудын нэрст талийгаач Г нэр байхгүй байжээ.
Харин 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/261 дүгээр тушаалын хавсралтын 8 дугаарт дэслэгч Г Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталын их эмч гэж бичигдсэн байна. 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/259 дүгээр тушаалаар 300 айлын орон сууцанд орох цэргийн албан хаагчдын нэрсийн жагсаалтыг дахин баталж тушаалын хавсралтад 51А байрны * давхрын ** тоот 2 өрөө 40,28 м.кв байрыг талийгаач Г эгч Г гэжээ. 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/345 дугаар Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тушаалаар 300 айлын орон сууцад орох цэргийн албан хаагчдын нэрсийн жагсаалтыг баталж, тушаалын хавсралтын 51А байрны * давхрын** тоот 2 өрөө 40,28 м.кв байрыг талийгаач Г. гэж дахин шийдвэрлэжээ.
Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас 2020 онд цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдний ажиллаж амьдрах ая тухтай нөхцөл боломжоор хангах ажлын хүрээнд Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний жанжин штабын байгууллагын мэдлийн орон сууцнуудад хөнгөлөлттэй үнээр худалдаж шилжүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэсэн. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 58 дугаар Орон сууц хувьчлах тухай тогтоолын 1-д Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд байгаа албан тушаалын орон сууцнуудыг одоо ашиглаж байгаа оршин суугчдад нь хувьчлах орон сууцны жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар, оршин суугчдад нь хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх орон сууцны жагсаалтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталж, 2-т албан тушаалын орон сууцнуудыг ашиглаж байгаа оршин суугчдад хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх болон хувьчлан ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж Батлан хамгаалахын сайдад даалгасугай гэжээ.
Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд батлан хамгаалахын сайдын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/82 дугаар Журам батлах тухай байгуулллагын эзэмшлийн Албан тушаалын орон сууцыг хувьчлах болон хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх түр журам тушаал, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/95 дугаар Тогтоолын хэрэгжилтийг хангах тухай байгууллагын эзэмшлийн орон сууцыг хувьчлах болон хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх түр журам тушаалууд тус тус батлагдан ажлын хэсэг ажиллаж байгаа болно. Өөрөөр хэлбэл Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн дагуу орон сууцны үнийг тогтоох асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.
Батлан хамгаалах яаманд хандаж 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчээс гаргасан хүсэлт нь тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын мэргэжилтэн, хошууч Д. хуваарилагдаж, Д нь хүсэлтийг судалж үзээд өргөдөл, гомдол шийдвэрлэх хуудаст Ажлын хэсгийн хурлаар оруулж, хэлэлцүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн, хүсэлтийн талаар холбогдох хариуг утсаар Э өмгөөлөгчид мэдэгдсэн гэж тэмдэглэсэн байна.
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны нэг удаагийн тэтгэмж гэсэн тэтгэмжийн төрлүүд тусгагдсан бөгөөд тус хуульд нас барагчийн ар гэрт үзүүлэх орон сууцны тэтгэмжтэй холбоотой зохицуулалт тусгагдаагүйг дурдах хэрэгтэй.
Батлан хамгаалахын сайдын 2015 оны А/345 дугаар тушаал нь орон сууцанд орох цэргийн алба хаагчдын нэрсийг баталсан, байрны үнэ тогтоогоогүй тушаал гэдгийг дахин дурдах нь зүйтэй бөгөөд Батлан хамгаалахын сайдаас хууль тогтоомжийн дагуу өөрт олгогдсон эрхийн хүрээнд гаргасан Захиргааны ерөнхий хуулийн 37, 47, 48 дугаар зүйлд заасан хууль бус, эрх зүйн зөрчилтэй акт биш тул уг тушаалын Монгол цэргийн музейн хашаанд байрлах 51А байрны ** тоот орон сууцыг Г. олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, С олгохыг даалгах тухай шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.
Шүүгч тухайн асуудлыг хянан хэлэлцэхдээ дараах асуудлыг анхаарч шийдвэрлэх шаардлагатай байна. Үүнд:
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 56 дугаар Орон сууц хувьчлах тухай тогтоолд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын эзэмшилд байгаа албан тушаалын орон сууцнуудыг одоо ашиглаж байгаа оршин суугчдад нь хувьчлах гэж заасан. Өөрөөр хэлбэл Засгийн газрын энэхүү тогтоол шийдвэрт Орон сууцыг хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэхдээ одоо ашиглаж байгаа оршин суугчдад нь гэж нарийвчлан заасан асуудал. Маргаж буй орон сууц нь нэхэмжлэгч тал болон одоо ашиглаж байгаа этгээдийн аль альных нь өмчлөлийн байр биш, байгууллагын мэдлийн орон сууц юм. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Г. нь Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний төв госпитальд их эмчээр ажиллаж байсан бөгөөд биеийн байдал нь муудаж, эмнэлэгт хэвтэж байх үед гуравдагч этгээд буюу талийгаачийн төрсөн эгч Г нь Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, сайдад хандаж байсан. Энэ талаар Батлан хамгаалахын сайдын туслах н., нийгмийн хамгааллын асуудал буюу орон сууцны асуудал хариуцаж байсан дэд хурандаа Б нар тухайн үед хариуцаж, сайдын зөвлөлийн хуралдаанд Г хүсэлтийг оруулж байсан. Үүний дагуу орон сууцыг Г олгохыг Б үүрэг болгосон байдаг. Г эмчилгээний зардалд мөнгөн тусламж хүсэж байсан боловч Батлан хамгаалах яамнаас мөнгөн тусламж үзүүлэх боломжгүй байсан учраас орон сууцны дэмжлэг үзүүлэх хариуг Төрийн нарийн бичгийн дарга өгсөн. Тухайн үед орон сууцны талаар талийгаачийн төрсөн эгч Г л Батлан хамгаалах яаманд өргөдөл гаргаж, хөөцөлдөж байсан. Түүний эхнэр Э.О******* хөөцөлдөж байгаагүй. Г эхнэр талийгаачийг өвчтэй байх хугацаанд орхиж явсан учраас хувь хүний ёс зүйн хувьд тааламжгүй үйлдэл гаргасан байсан. Мөн тус орон сууц нь байгууллагын эзэмшлийн орон сууц, өмчлөлийн асуудал яригдаагүй, өнөөдрийн байдлаар тус орон сууцанд амьдарч байгаа хүмүүс орон сууцаа өмчилж авсан зүйл байхгүй. 2020 оны Засгийн газрын 56 дугаар тогтоолоор тухайн орон сууцанд амьдарч байгаа оршин суугчдад олгохоор шийдвэрлэсэн. Батлан хамгаалах сайдын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/345 дугаартай тушаал хуулийн дагуу гарсан гэж үзэж байна.
Тухайн байрны асуудлаар талийгаачийн төрсөн эгч Г л хөөцөлдөж байсан, эхнэр Э хөөцөлдөж байгаагүй. Тухайн үед Э, Г. нар Батлан хамгаалах яаманд байрны асуудлаар хандаж байсан бол мэдээж талийгаачийн эхнэрт нь өгөх байсан. Гэвч Э нь талийгаачийг асран хамгаалж байгаагүй, мөн анх өргөдөл гаргасан хүн түүний төрсөн эгч Г. байсан. Тус байрыг С олгохыг даалгах тухай шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл байхгүй. Г нь Э зодож байсан, гэр бүлийн хүчирхийлэлтэй талаар бид мэдэх боломжгүй. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьж байна талийгаачийн эхнэр рүү нь залгахаар утсаа авдаггүй, хүүхдээ ч уулзуулдаггүй гэж ярьж байна. Бид Төрийн албаны хууль болон Засгийн газрын тогтоолыг үндэслэн тушаал гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С. нэхэмжлэлтэй, хариуцагч Батлан хамгаалахын сайдад холбогдох Батлан хамгаалахын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/345 тушаалын Баянзүрх дүүрэг, Монгол цэргийн музейн хашаанд байрлах 51а байрны ** тоот орон сууцыг Г олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, С олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Г би бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа билээ.
Дээрх нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр тайлбарыг гаргаж байна.
Нэг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Цэргийн албан хаагчиин тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар гэж тодорхойлжээ. Гуравдагч этгээдийн хувьд Батлах хамгаалахын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/345 дугаартай тушаалын Баянзүрх дүүрэг, Монгол цэргийн музейн хашаанд байрлах, 51-А байрны ***** тоотод орон сууцтай холбоотой хэсэг тухайн цаг үедээ, тухайн нөхцөл байдалдаа хууль ёсны, үндэслэлтэй гарсан шийдвэр, нэхэмжлэгчийн аливаа эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна. Учир нь:
А. Нэхэмжлэгчид шийдвэрийг мэдэгдээгүй гэсэн нөхцөл байдлын талаар.
Миний дүү Г. АУИС-ийн эмчилгээний ангийг их эмчээр төгсөж, Батлан хамгаалах яамны харъяа Цэргийн нэгдсэн эмнэлэгт анестезиологич их эмчээр ажиллаж байгаад, 2003 онд Иракийн эрх чөлөө энхийг сахиулах ажиллагаа-ны 2 дугаар ээлжинд их эмчээр ажиллахаар явсан. Дурдсан цэргийн ажиллагааны үеэр дэлхий нийтэд мэдээлэл нь түгсэн монгол цэрэг Г олон орны цэрэг эрсийн амийг аварсан буудлага дэлбэрэлт болж, энэ дэлбэрэлтийн улмаас дүү маань толгойдоо гэмтэл авснаар, 2005 оноос ажлаасаа гарч мөн оноос эхнэр нь орхин явж, эрүүл мэнд, гэр бүлийн асуудалтай шаналж яваад, 2012 онд нас барсан.
Энэ хугацаанд миний бие дүүгээ асарч, халамжилж байсан, дүү маань хүнд нөхцөлд, өвчиндөө шаналан миний гар дээр өнгөрсөн. Мөн дүүг маань амьд байхад аав, ээж хоёр нас барсан. Харин 2005 онд эхнэр Э. орхиж явснаас хойших бүх цаг хугацаанд ханиа эргэж тойрч, асууж сураглаж байгаагүй юм. Бид дүүгээ эруул саруул болгохын төлөө 4-5 жил Монгол Улс дахь боломжит бүх эмнэлгүүдээр явж, амжилт муутай байсан тул Батлан хамгаалах яаманд хандаж, гадаад улсад эмчлүүлэхэд тусламж үзүүлээч гэсэн асуудал тавьж, 2012 онд дүүгээ амьд байхад хүсэлт гаргасан. Тухайн үед Батлан хамгаалах яамны зүгээс Энхийг сахиулах ажиллагаанд оролцож ирээд, миний дүүтэй ижил нөхцөл байдалд хүрсэн 5-6 хүн байгаа талаар дурдаж, энэ хүн бүрт мөнгөн тусламж өгөхөд төсөв мөнгөний асуудал хүнд байгаа тул албан тушаалын орон сууц баригдахаар түүнээс өгөх шийдийг ярилцана гэж хэлсэн. Батлан хамгаалах яам эдгээр цэргийн албан хаагчдын нөхцөл байдлын талаар судалж, ОХУ, БНЭУ-д эмчлэх боломжтой байдаг гэсэн мэдээллийг бидэнд өгч, ОХУ-д эмчлүүлэхээр явах шийдэлд хүрч байсан юм. Энэ талаар би дүүдээ хэлэхэд төсөв хэцүү байгаа нь үнэн байх, байр өгвөл зөвшөөрье гэж хэлсэн.
Ингээд 2012 оны хавар Батлан хамгаалахын сайд байсан Ж. туслах над руу залгаж Сайдын зөвлөлийн хурал орох гэж байна. Таны хүсэлтийг хэлэлцэх тул ирнэ үү гэж дуудсаны дагуу би очиход 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй сайдын зөвлөлийн хурал болж, энэ хурлаас сайд хэлэхдээ бид дүүгийн чинь талаар судалсан, эцэг эх нь өөд болсон, одоо ажилгүй, хүнд өвчтэй, гэр бүлийн хүн нь орхин явсан, таны халамж, асрамж, анхааралд байдаг юм байна, байрны асуудлыг шийдэж өгнө гэж мэдэгдсэн. Үүний дараа 2012 оны 8 дугаар сард гадагшаа эмчилгээнд явах бүх бэлтгэл хангагдаж, ОХУ-аас хэдний өдөр ир гэх хариуг хүлээж байтал дүү маань нас барсан. Бид дүүгээ оршуулаад байж байтал намайг яамнаас дуудахаар очтол Төрийн нарийн бичгийн дарга н. гэдэг хүн нөгөө байр баригдаж эхэлсэн, та урьдчилгаа 5,000,000 төгрөгийг хийх хэрэгтэй, та дүүгээ асарч байсан тул өөрийнхөө нэрээр гэрээ байгуулж, төлбөрөө шилжүүлээрэй гэж хэлэхэд нь төлбөрийг би төлсөн. Ар гэрийн хүн нь та нартай холбоотой байна уу гэхэд холбоо тасарсан талаар хэлсэн.
Миний зорилго бол нэгэнт дүүг маань амьд байх үед Батлан хамгаалах яамнаас орон сууцны дэмжлэг үзүүлэх шийд гарсан байсан учраас дүү маань надад захиж үлдээсэн ганц охин гэдэг үүднээс Э хандсан. Нөгөө талаас нэгэнт салаад явсан Э өөр амьдрал зохиосон, охин С насанд хүрээгүй байсан учраас хамтран эзэмшигчээр би болон талийгаач дүүгийн охин С. оролцуулах зорилгоор охиныхоо нэр дээрээ надад итгэмжлэл хийгээд өгөөч, би хамт нэрийг нь оруулъя гэж утсаар ярьсан юм. Гэтэл би хуулийн зөвлөгөө аваад хэлье гээд хэд хоног холбогдохгүй болохоор нь дахин утсаар нь холбогдож асуухад Манай хуулийн зөвлөх хэрэггүй гэж байна. Тэгвэл чи охиныхоо бүх эрхээс татгалзах болно гэж хэлсэн, ийм учраас итгэмжлэл өгөхгүй гэсэн хариулт өгсөн. Миний хувьд энэ итгэмжлэл зөвхөн байрны хувьд хамтран эзэмшигчээр орох асуудалд итгэмжлэл авах байсан. Надтай тэгвэл тэр хуульч хүнээ яриулаач гэж учирлаж тайлбарласан боловч яриулах боломжгүй" гээд утсаа таслаад, түүнээс хойш өнөөдрийг хүртэл холбоо бариагүй. Иймээс энэ бүх асуудлын талаар Э. мэдээгүй, 2020 оны 5 дугаар сард Батлан хамгаалах яаманд ажилладаг, сайн санаат хүнээс сонссон гэдэг нь худлаа юм. Xарин намайг утсаар ярьж мэдээлэл өгөхөд татгалзсан хариу өгөх үедээ энэ байрны тухай мэдсэн. Бид ямар нэгэн байдлаар хэлж мэдэгдэхгүйгээр, нууж хаасан зүйл огт үгүй, талийгаачийн эгч, дүүс бидний хэний ч гар утасны дугаар энэ олон жилийн хугацаанд солигдож, өөрчлөгдөөгүй.
Ийм учраас тухайн цаг үед бий болсон энэ нөхцөл байдлын талаар Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга н мэдэгдэж, сайдын тушаал асарч байсан эгч Г. миний нэр дээр гарсан.
2. Батлан хамгаалахын сайдын тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар
Захиргааны хэргийн шүүх иргэний эрх зөрчигдсэн эсэхийг хянан шийдвэрлэдэг. Гэтэл Батлан хамгаалахын сайдын тушаалыг тухайн цаг үедээ, тухайн нөхцөл байдалдаа иргэний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж гаргаагүй. Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хурлаас орон сууцыг миний дүүд хуваарилах шийдвэрийг 2012 онд гаргах үед дүү маань амьд байсан боловч асран хамгаалж байсны хувьд хожим миний нэрээр шийдвэрийг гаргасан байдаг. Орон сууцны эзэмшигчийг тогтоож, хуваарилах тухай Батлан хамгаалахын сайдын шийдвэр 2015 онд гарах үед талийгаач дүүгийн охин С 18 насанд хүрээгүй, өөрийн мэдлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг бие даан захиран зарцуулах эрх зүйн чадамжгүй байсан тул, түүний хууль ёсны асран хамгаалагч төрсөн эх Э урьд дурдсанчлан мэдэгдсэн боловч Э байрны хамтран эзэмшигчээр оруулах миний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан тул, сайдын зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрт тулгуурлаж миний нэр дээр эзэмшигчийг тогтоосон. Энэ нь тухайн цаг хугацаандаа, тухайн нөхцөл байдалд нийцсэн шийдвэр байсан гэж үзэж байна.
Дараах зүйлсийг онцолж мэдэгдэхийг хүсэж байна.
1. Батлан хамгаалахын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/345 дугаар тушаалын Баянзүрх дүүрэг, Монгол цэргийн музейн хашаанд байрлах, 51А байрны ** тоотод орон сууцтай хэсэг нь төрийн захиргааны төв байгууллагын хувьд өөрийн мэдлийн орон сууцыг эзэмшүүлэх, хуваарилах шинжтэй шийдвэр байсан.
2. Хэдийгээр талийгаач дүүгийн маань эхнэр байсан Э бидэнтэй уулзахаас татгалзаж, итгэмжлэл өгч, охиныгоо байрны хамтран эзэмшигчээр оролцуулахаас татгалзаж байсан боловч төрсөн дүүгийнхээ захисан, хэлсэн зүйлийг биелүүлж, охины хойшдын амьдралд туслахаар амласан, бодож төлөвлөсөн зүйл олон байгаа ч охиныг насанд хүрэхийг хүлээж, өөрийн гэсэн бие даасан үзэл бодол, чадвар төлөвшихийг хүлээж байгаа цаг хугацааны хүлээлт бидэнд бий. Энэ нь зөвхөн хүн ёсны асуудал бөгөөд уг үүргээс бид хэзээ ч татгалзаагүй, цаашид ч татгалзахгүй.
3. Нэгэнт Батлан хамгаалахын сайдын тушаал зөвхөн орон сууцны эзэмшигчийн асуудлыг тогтоосон шийдвэр байсан ба хувь хүний өв залгамжлал, цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн асуудалд хамааралгүй, хэн нэгний эрх ашгийг тухайн цаг үед зөрчиж гараагүй тул энэ нөхцөл байдлыг анхааран үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: манай ах Г нь Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн нэгдсэн эмнэлэгт их эмчээр ажиллаж байгаад 2003 онд Иракын эрх чөлөө энхийг сахиулах ажиллагаанд их эмчээр ажиллахаар явсан. Уг ажиллагааны үеэр дэлбэрэлтийн улмаас тархиндаа гэмтэл авч, энхийг сахиулах ажиллагаанд явж ирээд хэсэг хугацааны дараа буюу намраас бие нь өвдөж эхэлсэн. Эмчлүүлж байх хугацаанд түүний эхнэр Э нь орхин явж, эрүүл мэнд, гэр бүлийн асуудалтай шаналж явсаар 2012 онд нас барсан. Өвтэй байх хугацаанд нь эхнэр Э нь орхиж явснаас хойш ханиа эргэж тойрч, асууж сураглаж байгаагүй. Тухайн үед Батлан хамгаалах яамны зүгээс энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан хүн бүрт мөнгөн тусламж өгөхөд төсөв мөнгөний асуудал хүнд байгаа тул орон сууц баригдахаар өгөх эсэхийг шийдэх талаар ярилцана гэж хэлсэн. Энэ талаар Г хэлэхэд төсөв хэцүү байгаа нь үнэн байх, байр өгвөл зөвшөөрье гэж хэлсэн. Ингээд 2012 оны хавар Батлан хамгаалах яамны сайд байсан Ж туслах миний эгч Г холбогдож байрны асуудал шийдэж өгнө гэсэн. Үүний дараа 2012 оны 8 дугаар сард миний ах Г нас барсан. Бид талийгаач ах Г оршуулаад байж байтал яамнаас миний эгч Г дуудсан. Төрийн нарийн бичгийн дарга нгэдэг хүн байр баригдаж эхэлсэн. Урьдчилгаа 5 сая төгрөг хийх хэрэгтэй. Та дүүгээ асарч байгаа тул өөрийнхөө нэрээр гэрээ байгуулж, төлбөрөө шилжүүлээрэй гэсэн. Ингээд барилга баригдаж дуусаж байгаа талаар Батлан хамгаалах яамнаас мэдэгдэх үед Э холбогдож, байрны талаар мэдэгдсэн. Миний төрсөн ах талийгаач Г ганц охин С. насанд хүрээгүй байсан учраас хамтран эзэмшигчээр Г болон С. оролцуулах зорилгоор охиныхоо нэр дээр итгэмжлэл хийгээд өгөөч, хамт нэрийг нь оруулъя гэж утсаар ярьсан. Гэтэл би хуулийн зөвлөгөө аваад хариу хэлье гэж хэлээд сураггүй болсон. Хэд хоногийн дараа дахин холбогдож асуухад манай хуулийн зөвлөх хэрэггүй гэсэн гээд итгэмжлэл өгөхөөс татгалзсан. Гэр бүлийн тухай хуулийн дагуу Э нь Г өвчтэй байх хугацаанд нь асран хамгаалах үүрэгтэй байсан боловч өвчтэй зовлонтой байх үед нь орхиж, хүн чанаргүй байдал гаргаж байсан. Нас барсных нь дараа ч ирж байгаагүй. Манай гэр бүлийн зүгээс талийгаач ахынхаа төрсөн ганц охин С гадаадад сургуульд явуулах талаар хэлэхэд ганц ч удаа хариу өгч байгаагүй. Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хурлаас орон сууцыг миний ах Г хуваарилах шийдвэрийг 2012 онд гаргах үед, амьд сэрүүн байсан боловч асран хамгаалж байсны хувьд Г олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2005 онд Э салсан боловч гэрлэлтээ батлуулаагүй, эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага гаргаж байгаагүй гэж тайлбарлаж байна. Бидний зүгээс төрсөн ахынхаа ганц охинд тусалж дэмжих зорилгоор гадаад руу сургуульд явуулж өгье гэхэд өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй. Бид С ээжид нь мэдэгдэлгүй нууцаар мөнгө төгрөг өгч тусалдаг. Талийгаач ах маань 2012 оны 09 сард нас барсан. Г өвчтэй байх хугацаанд миний эгч Г л асардаг байсан. Э. миний ахыг өвчтэй байх хугацаанд ганц удаа ч эм тариа авч байгаагүй, нас барахад нь ч ирж байгаагүй. Уг байрыг миний ах Г эмчилгээний зардалд зориулж улсаас өгсөн. Энэ байрны асуудлаар охин С олгуулахаар итгэмжлэл хийгээд өгөөч гэхэд хариу хэлэлгүй сураггүй алга болсон. гэв.
Гэрчээр Батлан хамгаалах яамны нийгмийн бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Б. мэдүүлэхдээ: 2005-2018 оныг хүртэл Батлан хамгаалах яамны нийгмийн бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжлтнээр орон сууц хуваариалахтай холбоотой чиг үүргийг хариуцан ажилласан, Орон сууц хуваарилах тов комиссын нарийн бичгийн даргаар албан тушаалын чиглэлийн дагуу ажиллаж байсан. Г Цэргийн төв эмнэлэгт ажиллаж байсан Иракийн энхийг сахиулах ажиллагаанд оролцох үедээ хүнд гэмтэл авснаас шалтгаалан эрүүл мэндийн шалтгааны улмаас манай эмнэлэгт хэвтэж байсан, гадашгшаа явж эмчлүүлэх шаардлагатай байна, төлбөрт дэмжлэг үзүүлэх хүсэлтээ гаргаж байсан. Дарга нар хэлэлцээд эмчилгээний төлбөрт мөнгөн хэлбэрээр дэмжлэг үзүүлэх боломжгүй, албан тушаалын орон сууцаар хангах байдлаар дэмжлэг үзүүлэхээр шийдэж байсан. Албан үүргээ гүйцэтгэж яваад гэмтэл авсан учир удирдлагууд тухайн албан хаагчид хүндэтгэлтэй хандаж, эргэж тойрч байсан.
Гүйцэтгэгч компанийн санхүүгийн асуудлаас шалтгаалан байр ашиглалтад орох боломжгүй болж, байрыг ашиглалтад оруулахад 1 тэрбум гаруй төгрөг шаардлагатай болсон тул байранд хуваарилагдсан албан хаагчдад орон сууцыг хөнгөлөлттэй үнээр худалдах, орон сууцны зээлд хамруулах дэмжлэг үзүүлэх болж, орон сууц хуваарилагдсан иргэдээс урьдчилгаа 5 сая төгрөг аваад байрыг ашиглалтад оруулахаар болсон. Албан тушаалын орон сууц хуваарилах асуудал Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн хуульд хамаарахгүй. Тухайн үед албан тушаалын орон сууцыг үнийг төлүүлж эзэмшилд өгөхөөр шийдсэн. Засгийн газрын хувьчлах тогтоол гараагүй байсан.
Албан тушаалын орон сууцыг албан хаагч талийгаач болсон учраас ар гэрт нь өгөхөөр шийдсэн, тухайн үед эгч Г. өөр хөөцөлдөж явсан хүн ар гэрээс нь байгаагүй. Талийгаачийг эгч Г. нь асарч хамгаалж байсан. Охин нь тухайн үед насанд хүрээгүй, гэр бүлийн маргаантай, эхнэр нь салсан, хамт амьдардаггүй байсан. Эхнэр нь надтай уулзаж байр хөөцөлдөж байгаагүй. Тухайн үед харж асарч байсан ар гэр нь гэж үзээд төрсөн эгчид нь өгсөн. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С хууль ёсны төлөөлөгч буюу түүний эх Э анх нэхэмжлэл гаргаж, улмаар С насанд хүрснээр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, итгэмжлэлээр төлөөлүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаан дээр тодруулснаар Батлан хамгаалахын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/345 тушаалын Баянзүрх дүүрэг, Монгол цэргийн музейн хашаанд байрлах 51а байрны *** тоот орон сууцыг Г олгох-оор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгох, С хууль ёсны төлөөлөгч Э 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гаргасан гомдлыг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, 51а байрны *** тоот орон сууцыг С олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаар хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь нас барсан албан хаагчид хуваарилсан орон сууцыг түүний гэр бүлд буюу хууль ёсны эхний ээлжийн өвлөгч, төрсөн охинд хуваарилна гэсэн үндэслэлээр төрсөн эцэг талийгаач Г хуваарилагдсан Баянзүрх дүүрэг, Монгол цэргийн музейн хашаанд байрлах 51а байрны ** тоот орон сууцыг түүний эгч Г. олгохоор шийдвэрлэснийг хүчингүй болгуулахаар, хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор, уг орон сууцыг өөрт олгохыг даалгуулах-аар маргасан.
Батлан хамгаалахын сайд Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9-д зааснаар албан хаагчдын эдийн засаг, нийгмийн баталгааг бүрдүүлэх арга хэмжээ авах, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т зааснаар батлан хамгаалахын хүний нөөцийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх, цэргийн алба хаагч, түүний гэр бүл, бэлтгэл болон чөлөөнд байгаа офицер, ахлагчийн нийгмийн хамгаалал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй.
Нэхэмжлэгч С эцэг Г нь Зэвсэгт хүчний клиникийн төв эмнэлгийн их эмчээр дэслэгч цолтой ажиллах хугацаандаа 2003 онд энхийг сахиулах ажиллагаанд оролцож, энэ үеэр авсан гэмтлийн улмаас эмчлүүлж байгаад 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр нас барсан байна.
Түүнийг эмчлүүлж байх явцад 2012 оны 4 дүгээр сарын 18-нд түүний эгч Г Батлан хамгаалахын сайдад Иракийн эрх чөлөө-2 ажиллагаанд оролцож байхдаа дэлбэрэлтэд өртөж, улмаар сэтгэл мэдрэлийн өвчтэй болсон дүү Г. орон сууцтай болгох асуудлыг шийдвэрлүүлэх өргөдөл гаргаж, яамны удирдлага бүх талын дэмжлэг үзүүлж, 2 өрөө орон сууц олгохоор шийдвэрлэсэн, улмаар Батлан хамгаалахын сайдын 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/2** дүгээр тушаалаар яам, харьяа нэгж байгууллагад ажиллаж байгаа офицер, ахлагч, албан хаагчдад албан тушаалын орон сууц олгохоор шийдвэрлэхэд Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталын их эмч дэслэгч Г багтжээ.
Харин түүнийг нас барсны дараа төрсөн эгч Г дүү Г. нараас Батлан хамгаалахын сайдад болон яамны Төрийн нарийн бичгийн даргад хандаж талийгаачийн 10 настай охинд нь байрыг шилжүүлэн өгөх өргөдөл гаргаж, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн хуудсанд охины асран хамгаалагчийг судалж тогтоох, холбогдох баримт бүрдүүлэх шаардлагатай гэж цохсон байдаг ч Батлан хамгаалахын сайдын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/259 дүгээр тушаалаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж буй 300 айлын орон сууцанд орох цэргийн албан хаагчдын нэрсийн жагсаалтыг дахин баталж, гэрээ байгуулан байрны үнийг төлүүлэх, урт хугацааны орон сууцны зээлд хамруулахад дэмжлэг үзүүлэхээр болоход 51А байрны * давхрын ** тоот 2 өрөө 40,28 м.кв байрыг талийгаач Г эгч Г.-д олгохоор болж, 2015 оны 3, 4 дүгээр сард 5,000,000 төгрөгийг орон сууцны урьдчилгаанд төлүүлжээ.
Уг орон сууц ашиглалтад орохоор болсноор Батлан хамгаалахын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/345 дугаар тушаалаар 300 айлын орон сууцанд орох цэргийн албан хаагчдын нэрсийн жагсаалтыг дахин баталж, орон сууцанд орох иргэдтэй гэрээ байгуулж, байрны үнийг төлүүлэх, урт хугацааны орон сууцны зээлд хамруулахад дэмжлэг үзүүлэхээр болсон бөгөөд 51А байрны 8 давхрын ** тоот 2 өрөө 40,28 м.кв байрыг талийгаач Г эгч Г. олгох шийдвэр хэвээр батлагдаж, түүнтэй 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр албан тушаалын орон сууцанд оршин суугчийн гэрээ байгуулж эзэмшилд нь шилжүүлжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Монгол цэргийн музейн байрлал дахь 300 айлын албан тушаалын орон сууцыг оршин суугчдад нь хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэхээр шийдвэрлэж, Батлан хамгаалахын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/95 дугаар тушаалаар худалдан шилжүүлэх байрны үнийг тогтоосон, маргаанд хамаарах 51А байрны 40,28 м.кв 2 өрөө орон сууц 26,376,537.79 төгрөгөөр тогтсон бөгөөд байрны үлдэгдэл төлбөр 21,377,000 төгрөгийг Г 2020 оны 5 дугаар сарын 27-нд төлжээ.
Худалдан шилжүүлсэн албан тушаалын энэхүү орон сууцанд өмчлөх эрх үүсээгүй буюу өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаагүй байна.
Батлан хамгаалахын сайдын 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/213 дугаар тушаалаар албан тушаалын орон сууцыг худалдан шилжүүлэх оршин суугчдын нэрсийг шинэчлэн батлахад маргаанд хамаарах 51А байрны ** тоот 2 өрөө орон сууцны эзэмшигч, оршин суугчийн асуудлыг шийдвэрлээгүй үлдээсэн бөгөөд хариуцагч тал үүнийг 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр С хууль ёсны төлөөлөгч Э гомдол гаргаж, улмаар шүүхэд 51а байрны ** тоот орон сууцыг С олгохыг даалгуулахаар нэхэмжлэл гаргаж маргаан үүссэнтэй холбож тайлбарлан, тухайн орон сууцыг худалдан шилжүүлэх асуудлыг хүсэлтээ гарган яамны Орон сууц хуваарилах төв комиссын хуралдаанаар шийдвэрлүүлэх боломжтой гэдэг.
С хууль ёсны төлөөлөгч Э 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Миний бие Э Г гэр бүл бөгөөд 51А байрны *** тоот орон сууцыг охин С нэр дээр хувьчилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан, хүсэлтийг Орон сууц хуваарилах төв комисст шилжүүлэхээр цохсон, яамны Барилга захиалагчийн алба мөн өдөр 167 тоот албан бичгээр өргөдлийг Орон сууц хуваарилах төв комисст шилжүүлсэн, өргөдөл гомдлыг шийдвэрлэх хуудсаар Ажлын хэсгийн хурлаар оруулж хэлэлцүүлэх шаардлагатай. Энэ тухай утсаар С өмгөөлөгчид мэдэгдсэн хэмээн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр тэмдэглэсэн байдаг ч энэ талаараа хариуцагч нотлоогүй болно. Уг өргөдлийг хүлээн авсан өргөдөл гомдол шийдвэрлэлтийн хуудсанд өргөдөл гаргагч С.О 99**** дугаарын утсыг тэмдэглэсэн /нэхэмжлэлд мөн энэ дугаарын утсыг тэмдэглэсэн/, өөр дугаар, тухайлбал өмгөөлөгчийн гэх утасны дугаар тэмдэглээгүй бөгөөд өргөдөлд ямарваа байдлаар хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус гэж маргажээ.
Харин түүний өмгөөлөгч Ц 2020 оны 5 дугаар сарын 29-нд Батлан хамгаалах яаманд тушаал, гэрээг хуулбарлан гаргуулах-аар хүсэлт гаргасан гэх /хүсэлтдээ 9***** дугаартай утас тэмдэглэсэн/ бөгөөд уг хүсэлтийг хүлээн авсан, хүсэлтийг шийдвэрлэсэн, хариу өгсөн баримт үгүй байна.
Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч, өргөдөл гаргагч С. 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гаргасан дээрх өргөдлийг ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн хэдий ч хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлээгүй, энэ талаар ямарваа хариу өгөөгүй байх тул өргөдлийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
Харин С дээрх өргөдөлд тусгагдсанаар 51А байрны *** тоот орон сууцыг С нэр дээр хувьчлах-ыг даалгах үндэслэлгүй юм. Учир нь Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр уг байрыг оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчлахаар биш, хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэхээр шийдвэрлэсэн, уг тогтоолыг хэрэгжүүлж Батлан хамгаалахын сайдын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/259, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/345 тушаалаар маргаанд хамаарах орон сууцыг тогтоосон хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэхээр шийдвэрлэж, байрны үнийг бүрэн төлүүлсэн байх тул уг байрыг хувьчлах байдлаар С олгох үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл уг байрыг нас барсан албан хаагчийн гэр бүлд тогтоосон үнээр худалдан шилжүүлэхдээ төрсөн эгч, төрсөн охин хоёрын хэнд нь олгох байсан гэх маргаан л үүсэхээс бус хувьчлах ойлголт яригдахгүй. Түүнчлэн уг маргааныг шийдвэрлэхэд байрны төлөгдсөн үнийг мөн шийдвэрлэх учиртай.
Хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбараас үзэхэд эмчилгээний зардалд мөнгөн тусламж үзүүлэх төсөв байхгүйгээс баригдах албан тушаалын орон сууц буюу албан үүргээ хэрэгжүүлж байх хугацаандаа амьдран суух зориулалт бүхий байр, орон сууц хуваарилах байдлаар амьдралд нь дэмжлэг үзүүлэхээр яамны зүгээс шийдвэрлэж, тухайн орон сууцыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5-д заасан төрөөс орон байраар хангагдах баталгааны дагуу хуваарилсан байх хэдий ч барилгын санхүүжилтын тодорхой шалтгааны улмаас урьдчилгаа төлүүлж, хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэхээр болсон байдаг.
Тодруулбал хуваарилсан албан тушаалын орон сууцыг албан хаагчийг нас барсны дараа гэр бүлд нь худалдан шилжүүлсэн энэ харилцаа Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа биш юм.
Хэдийгээр өв залгамжлалын, өмчлөлийн харилцаа шууд үүсээгүй ч хөнгөлөлттэй үнээр худалдан авснаар өмчлөх эрх үүсэх үр дагавар бүхий эрх, ашиг сонирхлыг хэрэгжүүлэх, эдлэх эрх нас барсан албан хаагчийн гэр бүл-д үүсэх тул энэ ойлголтоор Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан хууль ёсоор өвлөх эрх эдлэх дарааллаар 520.1.1-д зааснаар төрсөн хүүхэд С, тэрээр татгалзвал 520.1.2-т зааснаар төрсөн эгчид нь үүсэхээр байна.
Г., Э. нар 2001 оны 9 дүгээр сарын 01-нд гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 3.1.2-т гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг, 3.1.6-д садангийн хүн гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг ойлгохоор зааснаас үзэхэд Г гэр бүл гэх ойлголтод эхнэр, төрсөн охин хамаарч байна.
Албан хаагчийг нас барсны дараа түүнд нэгэнт хуваарилагдсан байсан албан тушаалын орон сууцыг төрсөн охинд нь олгуулахаар түүний эгч болон дүүгээс өргөдөл, хүсэлт гаргаснаар охины асран хамгаалагчийг тогтоох баримт бүрдүүлж байж шийдвэрлэх-ээр болсон атлаа энэ ажиллагааг хийгээгүй, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох үүргээ хариуцагч байгууллага хэрэгжүүлээгүй нь, улмаар нас барсан албан хаагчийг асарч халамжилж байсан гэх өөр үндэслэлээр 2014 оны А/259 дүгээр тушаалаар орон сууцыг түүний эгчид хуваарилж, 2015 онд хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах тохиолдол бүрийн үндэслэлийг судлах, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй гэж заасанд болон 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.
Г охин С төрсөн эхийн хамт амьдарч байсан тул түүнд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох Гэр бүлийн тухай хуулиар тавигдсан шаардлага үүсээгүй, С 2002 оны 7 дугаар сарын 23-нд төрсөн, 2013 онд охины асран хамгаалагчийг тогтоох баримт бүрдүүлж байж орон сууцыг олгох асуудлыг шийдвэрлэх-ээр болсон үед тэрээр 12 настай байсан, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/345 тушаалаар орон сууцны үнийг төлүүлж шилжүүлэх үед 14 настай байсан бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 23-нд 18 насанд хүрч эрх зүйн бүрэн чадамжтай болжээ.
Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-т зааснаар 7-14 хүртэлх насны этгээд нь эрх зүйн зарим чадамжтай байх бөгөөд тэдгээрийг хууль ёсны төлөөлөгч эцэг, эх нь аливаа /өөрт хохиролгүй, хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцлээс бусад/ хэлцэлд хуулийн дагуу төлөөлнө.
Гуравдагч этгээдийн тайлбараар тэрээр хуваарилагдсан байрыг дүүгийнхээ охин С хамтран эзэмшигчээр, цаашлаад хамтран өмчлөгчөөр бүртгүүлж, түүнийг насанд хүрч эрх зүйн бүрэн чадамжтай болоход орон сууцыг шилжүүлж өгөх хүсэл зоригтой байсан хэдий ч нэхэмжлэгч тал орон сууцыг С. дангаар олгуулах-аар хүсэл зоригоо илэрхийлсэн, харин хариуцагч уг орон сууцыг хуваарилсан шийдвэртэй маргасан тул талуудын хүсэлтээр Орон сууц хуваарилах төв комиссын хуралдаанаар шийдвэрлэх боломжтой, тиймээс ч 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/213 дугаар тушаалаар орон сууц худалдан шилжүүлэх оршин суугчдын жагсаалтыг шинэчлэн гаргахад маргаанд хамаарах орон сууцны хуваарилалтын асуудлыг шийдвэрлээгүй үлдээсэн гэж тайлбарлаж байна.
Албан хаагчийг нас барсны дараа түүнд нэгэнт хуваарилагдсан байсан албан тушаалын орон сууцыг төрсөн охинд нь олгуулахаар түүний ар гэрээс өргөдөл, хүсэлт гаргаснаар охины асран хамгаалагчийг тогтоох баримт бүрдүүлж байж шийдвэрлэх-ээр болсон атлаа охин болон түүний хууль ёсны төлөөлөгч эхэд орон сууц хуваарилж буй талаар мэдэгдээгүй, эрх ашиг сонирхлоо хэрэгжүүлэх эсэхийг тодруулаагүйгээр орон сууцыг нас барсан албан хаагчийн төрсөн эгчид хуваарилж, улмаар 2015 онд худалдан шилжүүлэх шийдвэр гаргасан нь үндэслэл бүхий болоогүй байх тул, нөгөө талаас гуравдагч этгээд нь орон сууцны үнийг бүрэн төлсөн, хариуцагч нь ийнхүү Орон сууц хуваарилах төв комиссын хуралдаанаар шийдвэрлэх боломжтой болохоо илэрхийлж байх тул Батлан хамгаалахын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/345 тушаалын Баянзүрх дүүрэг, Монгол цэргийн музейн хашаанд байрлах 51а байрны ** тоот орон сууцыг Г. олгох-оор шийдвэрлэсэн хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж, нас барсан албан хаагчид хуваарилагдсан байсан орон сууцыг түүний гэр бүлд худалдан шилжүүлэх асуудлыг судалж шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Дээр дүгнэснээр С. хууль ёсны төлөөлөгч Э 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гаргасан гомдлыг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох үндэслэлтэй байна. Харин энэ шаардлагатай хамт гаргасан 51а байрны ** тоот орон сууцыг С олгохыг даалгах шаардлагыг шууд хангах үндэслэлгүй, нас барсан албан хаагчид хуваарилагдсан байсан уг орон сууцыг түүний гэр бүлд худалдан шилжүүлэх асуудлыг судалж шийдвэрлэхийг хариуцагчид даалгах байдлаар буюу маргаан бүхий актыг түдгэлзүүлсэнтэй уялдуулан шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.11, 106.3.13 дахь заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч С нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Батлан хамгаалахын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/345 дугаар тушаалын хавсралтын А4 дүгээр /51А/ байрны * давхрын ** тоот 2 өрөө 40,28 м.кв орон сууцыг талийгаач Г эгч Г. хуваарилсан хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж, С хууль ёсны төлөөлөгч Э 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Г нэр дээр хуваарилагдсан орон сууцыг гэр бүлд нь худалдан шилжүүлэх асуудлыг шийдвэрлэж, дахин шинэ акт гаргахыг Батлан хамгаалахын сайдад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шүүхээс тогтоосон 1 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Батлан хамгаалахын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/345 дугаар тушаалын хавсралтын А4 дүгээр /51А/ байрны * давхрын ** тоот 2 өрөө 40,28 м.кв орон сууцыг талийгаач Г. эгч Г. хуваарилсан хэсэг хүчингүйд тооцогдохыг тайлбарласугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА