Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2026/0180

 

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2026/0180

Улаанбаатар хот

 

 

 

 

                                       “А” НҮТББ-ын нэхэмжлэлтэй

                                                    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Л.Одбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Одмаа,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.О,

Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 111 тоот тогтоолыг илт хууль бусад тооцуулах,

Нэхэмжлэгч: “А” НҮТББ,

Хариуцагч: Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Гуравдагч этгээд: “Т” ХХК,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 117/ШШ2026/0001 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д,

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан,

Хэргийн индекс: 117/2024/0010/З.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “А” НҮТББ-аас “Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 111 тоот тогтоолыг илт хууль бусад тооцуулах”-аар маргасан.   

2. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 117/ШШ2026/0001 дүгээр шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /1992 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн /1996 оны/ 58 дугаар зүйлийн 58.1, 77 дугаар зүйлийн 77.1, 77.2, 77.2.3, 77.3, 77.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Т хувьцаат компанийн “Орон нутгийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг шилжүүлэх тухай” 111 тоот тогтоолыг илт хууль бусад тооцож” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

    1. Анхан шатны шүүх нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг нэхэмжлэлийг хүлээн авахын өмнө урьдчилан тогтоогоогүй. Нийтийн эрх ашиг гэдгийг иргэдийн субьектив гомдолтой андуурсан. Шийдвэрт дурдагдсан иргэдийн мэдүүлэг нь тухайн иргэдийн амьдрах орчинд үзэгдэж буй өөрчлөлтийн талаарх хувийн үнэлгээ, ирээдүйд болзошгүй эрсдэлийн талаарх таамаг шинжтэй бөгөөд хууль зүйн утгаар нийтийн эрх ашиг бодитоор зөрчигдсөнийг нотолсон баримт биш.
    2. Захиргааны акт ба нийтийн эрх ашиг зөрчигдсөн гэх дүгнэлтийн хооронд шалтгаант холбоо тогтоогоогүй. Анхан шатны шүүхийн үндэслэл болгосон нөхцөлүүд нь ихэвчлэн 2024-2025 онд уурхайн үйл ажиллагаа өргөжсөн гэх байдал, иргэдийн одоогийн нөхцөл байдлын талаарх тайлбарууд байх бөгөөд эдгээр нь 2003 онд гарсан маргаан бүхий 111 дүгээр тогтоолын эрх зүйн үр дагавартай шууд холбоогүй.
    3. Маргаан бүхий захиргааны акт болоод Засгийн газрыг 1997 оны 160 дугаар тогтоолын хувьчлах процесстой холбоотой үйл баримтыг нэгтгэн дүгнээгүй, маргаанд ач холбогдох бүхий үйл баримтыг дутуу тогтоосон.
    4. Шинжээчийн дүгнэлтийн агуулга, үндэслэлийг бодитоор үнэлээгүй.
    5. Иргэдийн байршил, нөлөөллийн бүс болон төрийн бус байгууллагад хүсэлт гаргасан эсэхийг тодорхойлоогүй. Гэрчийн мэдүүлэг өгсөн зарим иргэд нь уурхайн 1-5 км орчмын нөлөөллийн бүсээс гадуур амьдардаг байхад энэхүү нөхцөл байдлыг шүүх үнэлээгүй. Гомдол гаргасан гэх зарим иргэд төрийн бус байгууллагад гаргасан гомдолд гарын үсэг зураагүй, иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдийн гарын үсгийг шууд ашигласан, энэ талаарх гуравдагч этгээдийн тайлбарыг шүүх дүгнээгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

4. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

4.1 Анхан шатны шүүх маргаанд холбогдох эрх зүйн харилцаа, маргааны объектыг оновчтой тодорхойлоогүй, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийн шалгуурыг үндэслэлгүйгээр хүлээн зөвшөөрч, “илт хууль бус захиргааны акт” гэх онцгой ангиллыг буруу тайлбарлан хэрэглэж, 2003 онд үүссэн харилцааг хожим хүчин төгөлдөр болсон хууль зүйн ойлголтоор үнэлсэн, гуравдагч этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд дүгнэлт өгөөгүй.

4.2 Өмчийн ангиллыг буруу хэрэглэж, компанийн хувьцаа, хөрөнгийг орон нутгийн нийтийн зориулалттай өмч гэж үндэслэлгүй дүгнэсэн. “Олон хүн ашигладаг” гэх шинжээр аливаа эд хөрөнгийг дангаар нь нийтийн зориулалттай өмч гэж ангилах эрх зүйн үндэслэл хуульд байхгүй.

4.3 2003 оны захиргааны акт болон 2024-2025 оны нөхцөл байдлын хооронд шалтгаант холбоо тогтоогоогүй.

4.4 Захиргааны актын шинж, эрх зүйн тогтвортой байдлыг үл харгалзан маргааныг нийтийн ашиг сонирхлын хүрээнд өргөжүүлэн дүгнэсэн нь үндэслэлгүй.

    1. Хууль буцаан хэрэглэсэн, эрх зүйн шалгуурыг буруу тогтоосон буюу илт хууль бус захиргааны актын шалгуурыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж, давж заалдах гомдлыг эсэргүүцэж байна.

     ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй, түүний үндэслэлд хамаарах нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч “А” НҮТББ-аас Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 111 тоот тогтоолыг илт хууль бусад тооцуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж,

түүний үндэслэлээ “...Дундговь аймгийн хэсэг иргэдээс тус нутгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Т” ХХК-ийн үйл ажиллагаа нь байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, тус үйл ажиллагаанаас болж нутгийн малчин иргэдийн амьдрах орчин үгүй болох, бэлчээр ус үгүй болох эрсдэл үүсээд байна гэх мэдээллийг ирүүлсэн ... нутгийн удирдлагын байгууллагын чөлөө цагт үйл ажиллагаа явуулж байсан Тэргүүлэгчид хуулиар олгогдоогүй эрх хэмжээг эдэлж, орон нутгийн өмчийг хууль бусаар хувьчилсан, ... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3-д заасан тогтоол гаргаж, төрийг хохироосон...” зэргээр тайлбарлан маргасан.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Т” хувьцаат компанийн “Орон нутгийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг шилжүүлэх тухай” 111 тоот тогтоолыг илт хууль бусад тооцож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтүүдийг хийсэн. Үүнд:

- маргаан бүхий тогтоол нь Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар баталсан гэрээний биелэлт дүгнэсэн материалыг үндэслэсэн атлаа хувьчлах аргын нэг төрөл болох Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 58 дугаар зүйлийг баримталсан нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл захиргааны байгууллага хувьчлах аргын төрлийг сонгон тухайн харилцааг эхлүүлэх тухай гэж ойлгохоор байх боловч дуусгавар болгож, “Т” ХХК-ийн нийт хувьцааны 70,8 хувьтай тэнцэх орон нутгийн өмчийн мэдлийн хувьцааг иргэн Н.Ба-д эзэмших эрхийг шилжүүлсэн нь Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэт илэрхийлэгдээгүй,

- Үнэт цаасны хорооны 1998 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Нэмж гаргах хувьцааг бүртгүүлэхийг зөвшөөрөх тухай 111 тоот тогтоолоор “... төрийн мэдлийн хувьцааны тоог 649447 ширхгээр буюу нийт гаргасан хувьцааны 74,8 хувь байхаар тогтоосон”, ... маргаан бүхий актад дурдсан” Т” ХК-ийн нийт хувьцааны 70,8 хувь гэсэн тоо нь дээрх албан бичгээр тодорхойлсон тооноос илтэд зөрүүтэй, ... “Т” ХХК өнөөдрийн байдлаар хувьцааны 100 хувь эзэмшиж байгаа гэж тайлбарлах ба энэ тохиолдолд тухайн тооны зөрүүнээс шалтгаалан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөр байна,

- Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тухайн үед үйлчилж байсан хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, маргаан бүхий тогтоолыг гаргасан нь Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /1992 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн /1996 оны/ 77 дугаар зүйлийн 77.1, 77.2, 77.2.3, 77.3, 77.4-т заасантай тус тус нийцэхгүй,

- Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд дээрх асуудлыг хэлэлцэх эрхийг олгож, эрх шилжүүлсэн тогтоол, шийдвэр гаргаагүй болох нь 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр явуулсан үзлэгийн тэмдэглэл, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдоогүй тул мөн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлээгүй гэж үзнэ” зэрэг дүгнэлтийг хийжээ.

          5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж ... нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд ... үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 18 дугаар зүйлийн 18.3-д Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй...”, 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана”, 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5.5-д “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй”, 106 дугаар зүйлийн 106.3.10-д “захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоох” хэмээн тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргах хуулийн шаардлага хангасан этгээд нь хүрээлэн буй орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж гаргах үүрэгтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх, хариуцагчийн татгалзал хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

6. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч төрийн бус байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д заасан хүрээлэн байгаа орчин”, “нийтийн эрүүл мэнд”-ийг хамгаалах агуулгаар буюу “Т” ХК-ийн үйл ажиллагаа нь байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, тус үйл ажиллагаанаас болж нутгийн малчин иргэдийн амьдрах орчин үгүй болох, бэлчээр ус үгүй болох эрсдэл үүсээд байна” хэмээн тодорхойлж маргасан.

Үүнтэй холбогдуулан шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилж, гуравдагч этгээдийн үйл ажиллагаа хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлж буй асуудлаар дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг хийсэн ч тухайн үндэслэлээр бус харин

“... иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн орон нутгийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байх тул түүний өөрийн онцгой эрхэд хадгалан шийдвэрлэх асуудлын хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах, бусдад шилжүүлэх эрхийг тусгайлан олгосон байна. Гэвч Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тухайн үед үйлчилж байсан хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, маргаан бүхий тогтоолыг гаргасан нь Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /1992 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн /1996 оны/ 77 дугаар зүйлийн 77.1, 77.2, 77.2.3, 77.3, 77.4-т заасантай тус тус нийцэхгүй байна” хэмээн нэхэмжлэгчийг орон нутгийн өмчийн хөрөнгийг хамгаалах агуулгаар маргасан гэж дүгнэсэн.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн /1996 оны/ 77 дугаар зүйлийн 77.З-т “Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ” хэмээн заасантай холбогдуулан нотолбол зохих үйл баримт болох маргаан бүхий Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 111 дүгээр тогтоол гаргасан цаг хугацаа нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чөлөөт цаг байсан эсэх асуудлыг тогтоогоогүй. Энэ талаарх нотлох баримтыг цуглуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

7. Иймд, анхан шатны шүүхийн дээр дурдсан зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх, маргааны үйл баримт, шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулах, маргаан бүхий үйл баримтыг бүрэн тогтоосны үндсэн дээр нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 117/ШШ2026/0001 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн гуравдагч этгээд талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                      ШҮҮГЧ                                                 Л.ОДБААТАР

 

 

                              ШҮҮГЧ                                                 Ц.ОДМАА

 

                   ШҮҮГЧ                                                  Г.МӨНХТУЛГА