Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1136

 

          

 

 

 2023        11         13                                      2023/ШЦТ/1136

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,

Улсын яллагч Э.Билгүүн,

Шүүгдэгч И.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ихбаярын Өсөхбаярт холбогдох эрүүгийн 2209027812177 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...... оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .... дүгээр гудамжны .... тоотод оршин суух хаягтай, Урьд

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...... оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан Б овогт И-ын Ө /РД:0000000000/,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч  И.С нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн 33 дугаар гудамжны 6 тоотын гадна хохирогч С.Бтэй гал асуусан гэх шалтгаанаар маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхинд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.   

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:          

Шүүгдэгч И.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй ...” гэжээ.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч И.С нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн 33 дугаар гудамжны 0 тоотын гадна хохирогч С.Бтэй гал асуусан гэх шалтгаанаар маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхинд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Бийн өгсөн “...Би тухайн өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-6 дугаар гудамжны ........тоотод байх гэрийнхээ гадна ганцаараа шар айраг ууж байтал танил дүү болох М ирээд бид 2 юм ярилцаад сууж байсан. Тэгээд бид 2-ын хажуугаар 4 залуу, 1 охино явж өнгөрөхөөр нь буугаад гал асуутал нэг залуу нь “Би энд саяхан нүүж ирсэн мэнд ус мэдэлцэхгүй шууд гал асуулаа” гээд ээлжлэн ирж миний толгой хэсэг рүү цохисон. Яг хэн нь хэд цохьсон талаар сайн мэдэхгүй байна. Ингээд би түргэн дуудаж үзүүлээд толгойныхоо зургийг авхуулаад нүдний дээд талын зовхин дээрээ оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Э-ийн өгсөн “...Тухайн үед гэртээ байж байтал танил дүү гэрт орж ирээд Б ахыг хэдэн залуучууд зодчихлоо гэж хэлсэн. Тухайн үед цагдаа дуудсан боловч тэдгээр залуучууд зугтаагаад явчихсан. Би болон манай нөхөр цагдаа нартай хамт ойр орчмын дэлгүүрийн хяналтын камерын бичлэг үзэж байгаад зодсон гэх залуучуудыг олсон. Тэгээд цагдаа нараас салаад явж байтал манай нөхрийг зодсон гэх залуу өөр нэг залуутай гудамж өгсөөд явж байсан. Тэгэхээр нь барьж аваад цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34/-р тал,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №0000 дугаартай “...С.Б-ийн биед баруун нүдний дээд зовхинд шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 37-38/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 57/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч И.Сын яллагдагчаар өгсөн “...Би Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/-р тал зэрэг болно.

Бусдыг үл хүндэтгэх, нэр хүнд, эрх чөлөө, нийгмийн болон хувийн өмчийн эрхэнд нь зөвшөөрөлгүйгээр халдах, бусдын болон нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулах, байгууллагын болон хувь хүний эрх чөлөөнд халдах зэрэг нь танхайрах зөрчлийн шинжийг илэрхийлэхийн зэрэгцээ бусдыг үл хүндэтгэсэн аливаа доромж үг хэллэг хэрэглэхгүй байх нь ёс суртахууны болон зан заншлын хэмжигдэхүүнийг тогтоох учиртайн дээр дурдсан ёс суртахууны болон зан заншлын хэм хэмжээг зөрчиж хүний биед аливаа хэлбэрээр халдаж гэмтэл учруулах нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуульд заасан тусгай ангид заасан хүний халдашгүй байдлын эсрэг үйлдэгдэж буй гэмт үйлдэл мөн.

Шүүгдэгч И.С нь дээр дурдсан бүх нийтээр дагаж мөрдвөл зохих ёс зүйн болоод зан заншлын хэм хэмжээг зөрчиж, олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж, бусдын биед халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудаа хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл дээр дурдсан шүүгдэгч И.Сын хууль бус шууд чиглэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогч С.Бийн эрүүл мэндэд хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.

 Шүүгдэгч И.С нь тухайн үед үүссэн үл ойлголцлыг туйлд нь хүргэлгүйгээр харилцан ярилцаж, зөвшилцөх замаар асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан ч бүх нийтээр дагаж мөрдвөл зохих ёс зүйн болоод зан заншлын хэм хэмжээг зөрчиж бусдын эрүүл мэндэд халдан, зодож улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.   

Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд,

Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэн нь “...хохирогч С.Б-ийн биед баруун нүдний дээд зовхинд шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдсоныг Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтийг гаргасан байх бөгөөд прокуророос шүүгдэгч И.Сын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тус тус тохирсон байна.

Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч И.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирогч С.Бийн зүгээс тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож баримтаар хохирол нэхэмжлээгүй ч мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Гомдолтой байна, хохирлоо нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлгийг гаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө бусад эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...” гэж,

Мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж заасан бол 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлнэ...” гэж тус тус заажээ. 

Хуулийн дээрх заалтуудаас харвал шүүх гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг холбогдох нотлох баримтад тулгуурлан тодорхойлж нөхөн төлүүлэх талаар арга хэмжээ авах бөгөөд харин ирээдүйд гарах зардлыг урьдчилан тооцоолж мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй болохыг дурдвал зохино.

Өөрөөр хэлбэл хохирогч С.Б нь тухайн гэмт хэргийн улмаас үүдэлтэйгээр эмчилгээ, сувилгаа хийлгэсэн эсэх талаарх холбогдох баримт хавтас хэрэгт авагдаагүй, энэ талаар нотолсон аливаа баримт материалыг шүүхэд ирүүлээгүй байгаа энэ тохиолдолд шүүх хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг тогтоох боломжгүй юм.

Иймд шүүгдэгч И.Сыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн хохирогч С.Б гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд болох И.Саас жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч И.Ст  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” саналыг гаргасан бол шүүгдэгч И.Сын зүгээс эрүүгийн хариуцлагын талаар “...миний бие биеийн эрүүл мэндийн байдлын хувьд унаж татдаг, мөн тодорхой эрхэлсэн ажилтай, сарын тогтмол орлого олдог зэргийг харгалзан үзэж торгуулийн ял шийтгэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус заажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болдог.

Шүүхээс шүүгдэгч И.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Ст 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.С нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.С нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

Шүүгдэгч И.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэж байна.

Гурав. Бусад асуудлаар.

Шүүгдэгч И.С нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт И-ын Ө-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Ст 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /Таван зуун мянга/-н төгрөгийн торгуулийн ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Ст оногдуулсан 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.С нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүгдэгч И.С нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,  хохирогч С.Б нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд болох И.Саас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ДАРЬСҮРЭН