Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар  2023/ШЦТ/640

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зунчив овогт Оросоогийн Түвшинбаяр,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон Мэндсайханы Мэнд-Амар нарт холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Баярмаа /Сүхбаатар дүүргийн прокурор/, шүүгдэгч О.Түвшинбаяр, М.Мэнд-Амар, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Баяншанд, 6 дугаар гудамжны 19 тоотод оршин суух хаягтай боловч Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Уяачдын гудамжны задгай тоотод түр оршин суудаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Зунчив  овогт Оросоогийн Түвшинбаяр /РД:ДА89013017/,

2. Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Премиум бьюлдинг материалс” ХХК-д механик инженер ажилтай, Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Мишээл, 89 дүгээр байрны 37 тоотод оршин суух, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Мэндсайханы Мэнд-Амар /РД: СЖ88021734/,

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

1. Шүүгдэгч О.Түвшинбаяр нь 2022 оны 10 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын 2 дугаар давхарт байрлах “Талын шонхор” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг ажилчдын оффисын хаалганы цоожийг цахилгаан дриллээр өрөмдөж буюу учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж хууль бусаар нэвтрэн 900.000 төгрөгийн үнэ бүхий “Dell” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, 1.135.000 төгрөгийн үнэ бүхий “Asus” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, 427.650 төгрөгийн үнэ бүхий “Canon” брендийн принтер 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 2.462.560 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг,

2. Шүүгдэгч М.Мэнд-Амар нь О.Түвшинбаярын хулгайлах гэмт хэрэг үйлдэж олж авсан “Dell” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, “Дэлл” загварын зөөврийн комьютер 1 ширхэг, “Asus” загварын зөөврийн компьютер 1 ширхэг зэргийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнээс авч Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 89 дүгээр байрны 37 тоотод 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуудлагын засварчин дуудаж уг компьютерын кодыг тайлуулж, хууль ёсны мэт болгож эргэлтэд оруулсан буюу ломбардад тавих нөхцөлийг хангаж захиран зарцуулах боломжийг бий болгож, хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийг тус тус үйлдсэнд  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч О.Түвшинбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад болосн хэрэг явдлын талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хэргийн зүйлчлэл гэм буруугийн асуудлаар маргахгүй, хүлээн зөвшөөр байна. Хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлыг биеь байдлаар нь нөхөн төлсөн байгаа. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүгдэгч М.Мэнд-Амарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Маргах зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн.” гэсэн мэдүүлэг,

 

Гурав. Эрүүгийн ............. дугаартай хэргээс:

 

1. Хулгай орсон гэх хэргийн газарт үзлэг хийсэн тухай 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 3-7 дахь тал),

 

2. 2022 оны 10 сарын 29-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хэргийн 8-15 дахь тал),

 

3. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт баримтууд (хэргийн 19, 28-30 дахь тал),

 

4. 2022 оны 11 сарын 04-ний өдрийн эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хэргийн 22-23 дахь тал),

 

5. Камерийн бичлэг бүхий Сидинд бичлэгт үзлэг  хийсэн тухай 2022 оны 10 сарын 28-ны өдрийн й тэмдэглэл ( хэргийн 24-25 дахь тал),

 

6. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн үнэлгээчийн 2022 оны 11 сарын 01-ний өдрийн СБ1-2349 дугаартай “...үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 10 сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 2.462.560 /хоёр сая дөрвөн зуун жаран хоёр мянга таван зуун жар/ төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн үнэлгээний тайлан, дүгнэлт (хэргийн 44-45 дахь тал),

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч “Талын шонхор” ХХК-ийг төлөөлж, тус компанийн ажилтан М.Шаравжамцын хохирогчоор өгсөн:

“…Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Талын шонхор” компанийн шинээр барьж буй орон сууцны барилгын 2 давхарт байрлах ажилчдын оффиёын өрөөнд 2022 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө хулгай орж эд зүйл алдагдсан байсан. 2022 оны 10 дугаар сарын 19-ны өглөө ажил дээр ирээд харахад манай оффисын өрөөний хаалганы цоожийг өрөмдөж ороод, дотор нь байсан манай байгууллагын ажилчдын Dell, Asus загварын зөөврийн компьютер болон Canon брендийн принтерийг хулгайлсан байсан. Тэгээд ойр орчмын хяналтын камерыг шүүж үзэхэд эрэгтэй хүн ороод авч гараад, хар өнгийн Соната 6 загварын машинд суугаад яваад өгсөн байсан. Dell i5 загварын хар өнгөтэй зөөврийн компьютер, Asus i7 загварын хөх саарал өнгийн зөөврийн компьютер, Canon загварын хар принтер зэрэг эд зүйлс алдагдсан. Тухайн эд зүйлсийг манай компани 2019 онд анх худалдан авч байсан бөгөөд зах зээлийн үнээр нь үнэлнэ.

...Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоон манай байгууллага хохирлоо бүрэн барагдуулж авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Ажлын зав, цаг бага байдгаас шалтгаалж шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 51, 237 дахь тал),

 

8. Нэр бүхий шүүгдэгч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар шүүхэд бигээр гаргасан хүсэлт (хэргийн 167-168 дахь тал),

 

9. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол (хэргийн 243-244 дэх тал),

 

10. Шүүгдэгч О.Түвшинбаярын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Su-Peng гэсэн бичиглэл бүхий баттеррей дроиллийг хэрэгт Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 123-125 дахь тал),

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Түвшинбаярын яллагдагчаар өгсөн:

“…Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтолтой танилцсан. Ойлгож, хүлээн зөвшөөрч байна.

2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өөрт маань мөнгөний хэрэг гараад өмнө ажиллаж байсан газрынхаа буюу “Талын шонхор” ХХК-ийн оффист шөнө нь очсон. Өмнө нь би Талын шонхор компанид арматурчин ажил эрхэлж байхдаа тухайн содон өнгөтэй бүргэд хаалгыг харж байсан юм. Тэгээд тэр хаалганы цаана ямар нэгэн эд зүйл байгаа байх гэж бодоод 2022 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 02 цагийн орчим очсон. Очихдоо ганцаараа очоод, тэр бүргэд хаалгыг өөрийнхөө цахилгаан дриллээр хаалгыг цоожны түлхүүр хийдэг нүх рүү нь өрөмдөөд хаалгыг нээсэн. Тэгээд уг өрөөнд ороход нөүтбүүк, принтер гэх мэт зүйлс байхад нь шууд аваад гарсан.

“... Тэгээд маргааш нь билүү нөгөөдөр нь Мэнд-Амар гэдэг найздаа тухайн нөүтбүүкнүүдийн кодыг нь гаргаад форматлаад өгөөч гээд өгсөн. Би өгөхдөө Мэнд-Амарын гэрт нь аваачиж өгсөн. Тэгсэн чинь Мэнд-Амар кодыг гаргачихлаа гээд над руу холбогдсон. Тэгэхэд нь би Мэнд-Амараас 1 ширхэг нөүтбүүкийг нь аваад 19-р хорооллын автобусны буудал дээр байх ломбардад 500.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Мэнд-Амар харин нөгөө нөүтбүүкийг нь хадгалж байсан юм шиг байна лээ. Миний өмнө авсан цалингийн зээлийн хугацаа хэтэрсэн байсан учир мөнгө олох зорилгоор тухайн хаалгыг нээж ороод эд зүйлсийг нь хулгайлан авсан.  ” гэсэн мэдүүлэг (хэргийн 87-88, 220-221 дэх тал),

 

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Мэнд-Амарын яллагдагчаар өгсөн:

“...Прокурорын яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа хүлээн зөвшөөрч байна. О.Түвшинбаяр нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны орчим гэртээ байж байхад орой 18 цагийн орчим манай гэрийн гадаа өөрийнхөө машинтай ирсэн. Тэгээд намайг дуудаж гэрийн гадаа уулзахад надад 2 ширхэг зөөврийн компьютер байна, кодыг нь гаргаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхэд нь би ямар учиртай зөөврийн компьютер болох талаар асуухад “Надад мөнгөний хэрэг гараад байна, надад кодыг нь гаргаад өгч туслаач” гэж хэлсэн. Тэгэхэд нь би дуудлагаар  зөөврийн компьютер янзалдаг дуудлагын Ай ти гэртээ дуудсан. Тэгэхэд дуудлагаар 25 орчим насны эрэгтэй хүүхэд ирсэн бөгөөд манай гэрт байж байгаад уг зөөврийн компьютерүүдын кодыг гаргаж өгсөн. Тэгэхэд нь би тэр хүүхдэд 55.000 төгрөгийг ХААН банкны даснаар төлсөн.

...Түвшинбаяртай 2007 оноос эхлэн оюутан байхаасаа л бие биенээ мэддэг байсан.

Намайг гэртээ байхад буюу Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Мишээл хотхон 98-37 тоотод байхад Түвшинбаяр манай гэрт ганцаараа 2022 оны 10 сарын 20-ны өдөр ирсэн.

...Дараа нь намайг ажил дээр байхад Түвшинбаяр манай гэрт очоод хоёр зөөврийн компьютерийн нэгийг нь авч яваад миний регистрийн дугаараар барьцаалан зээлдүүлэх газарт байрьцаалсан байсныг мэдсэн.”  гэсэн мэдүүлэг  (хэргийн 89-90, 223-224 дэх тал) болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 107,108 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа баримтууд (хэргийн 109, 115 дахь тал), оршин суугаа газрын хаягийн лавлагаа ( хэргийн 110, 116 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа баримтууд (хэргийн111, 118 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт баримтууд (хэргийн 113, 119-121 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Түвшинбаяр, М.Мэнд-Амар нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт: 

 

Нэг. Шүүгдэгч О.Түвшинбаяр нь:

2022 оны 10 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын 2 дугаар давхарт байрлах “Талын шонхор” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг ажилчдын оффисын өрөөний хаалганы цоожийг цахилгаан дриллээр өрөмдөж хууль бусаар нэвтрэн орж, уг оффисын өрөөнд байсан тус компанийн эд хөрөнгө болох 900.000 төгрөгийн үнэ бүхий “Dell” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, 1.135.000 төгрөгийн үнэ бүхий “Asus” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, 427.650 төгрөгийн үнэ бүхий “Canon” брендийн принтер 1 ширхэг зэргийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 2.462.560 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 3-7 дахь тал),

- 2022 оны 10 сарын 29-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хэргийн 8-15 дахь тал),

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт баримтууд (хэргийн 19, 28-30 дахь тал),

- 2022 оны 11 сарын 04-ний өдрийн эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хэргийн 22-23 дахь тал),

- Камерийн бичлэг бүхий Сидинд бичлэгт үзлэг  хийсэн тухай 2022 оны 10 сарын 28-ны өдрийн й тэмдэглэл ( хэргийн 24-25 дахь тал),

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн үнэлгээчийн 2022 оны 11 сарын 01-ний өдрийн СБ1-2349 дугаартай “...үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 10 сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 2.462.560 /хоёр сая дөрвөн зуун жаран хоёр мянга таван зуун жар/ төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн үнэлгээний тайлан, дүгнэлт (хэргийн 44-45 дахь тал),

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч “Талын шонхор” ХХК-ийг төлөөлж, тус компанийн ажилтан М.Шаравжамцын хохирогчоор өгсөн:

“…2022 оны 10 дугаар сарын 19-ны өглөө ажил дээр ирээд харахад манай оффисын өрөөний хаалганы цоожийг өрөмдөж ороод, дотор нь байсан манай байгууллагын ажилчдын Dell, Asus загварын зөөврийн компьютер болон Canon брендийн принтерийг хулгайлсан байсан. Тэгээд ойр орчмын хяналтын камерыг шүүж үзэхэд эрэгтэй хүн ороод авч гараад, хар өнгийн Соната 6 загварын машинд суугаад яваад өгсөн байсан. Dell i5 загварын хар өнгөтэй зөөврийн компьютер, Asus i7 загварын хөх саарал өнгийн зөөврийн компьютер, Canon загварын хар принтер зэрэг эд зүйлс алдагдсан. Тухайн эд зүйлсийг манай компани 2019 онд анх худалдан авч байсан бөгөөд зах зээлийн үнээр нь үнэлнэ.

...Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоон манай байгууллага хохирлоо бүрэн барагдуулж авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Ажлын зав, цаг бага байдгаас шалтгаалж шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 51, 237 дахь тал),

- шүүгдэгч О.Түвшинбаярын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Su-Peng гэсэн бичиглэл бүхий баттеррей дроиллийг хэрэгт Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 123-125 дахь тал),

- шүүгдэгч О.Түвшинбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн зэрэг бусад нотлох баримуудаар хангалттай нотлогдож  тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь тус тус Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.  

 

Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох материаллаг болон хэлбэрийн шинжтэй байхаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан. юм.

 

Түүнчлэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болон учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааж хуульчилсан.

 

Хэргийн шүүгдэгч О.Түвшинбаярын 2022 оны 10 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын 2 дугаар давхарт байрлах “Талын шонхор” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг ажилчдын оффисын өрөөний хаалганы цоожийг цахилгаан дриллээр өрөмдөж хууль бусаар нэвтрэн орж, уг оффисын өрөөнд байсан тус компанийн эд хөрөнгө болох 900.000 төгрөгийн үнэ бүхий “Dell” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, 1.135.000 төгрөгийн үнэ бүхий “Asus” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, 427.650 төгрөгийн үнэ бүхий “Canon” брендийн принтер 1 ширхэг зэргийг шууд санаатай, шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч “Талын шонхор” ХХК-ийн эд хөрөнгөд 2.462.560 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь “Хулгайлах“ гэмт хэргийг ...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, ...учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч О.Түвшинбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг тус тус өгсөн болно.

 

Прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, шүүгдэгчийн гэмт үйлдэлд нь тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч О.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зөвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон ба мөн зүйлийн 4 дэх хэсэгт “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, “үлэмж хэмжээний хохирол” гэж арван  мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тус тус тооцох, нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар хуульчилан тогтоосон.

 

Дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч “Талын Шонхор” ХХК-ийн оффисоос алдагдсан эд зүйлсийн үнэлгээг нийт дүнгээр 2.462.560 /хоёр сая дөрвөн зуун жаран хоёр мянга таван зуун жар/ төгрөг гэж тогтоосон Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 44-45 дахь тал) хэрэгт авагдсан ба дээрх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд хэргийн хохирогч болон шүүгдэгч талууд маргаагүй болно.

 

Хэргийн шүүгдэгч О.Түвшинбаяр нь хохирогч байгууллагад учирсан хохирол болох “Dell” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, “Asus” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, “Canon” брендийн принтер 1 ширхгийг тус тус ямар нэгэн эвдрэл гэмтэлгүйгээр, биет байдлаар нь хүлээлгэн өгсөн талаар хэргийн 22-23 дахь талд “Эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай” тэмдэглэл баримттай, хохирогч байгууллагын төлөөлөгч М.Шаравжамц нь мөрдөн шалгах ажиллаганы явцад: “...Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоон манай байгууллага хохирлоо бүрэн барагдуулж авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Ажлын зав, цаг бага байдгаас шалтгаалж шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 237 дахь тал) баримттай тул  шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг арилгасан гэж үзнэ.  

 

Шүүгдэгч О.Түвшинбаяр нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар хэрэгт урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 107 дахь тал) баримт авагдсан. 

 

Шүүх, шүүгдэгч О.Түвшинбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлж арилгасан, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй түүний хувийн байдал болон хохирогч нь “хохирол нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэснийг журамлан хэрэглэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Хоёр. Прокуророос шүүгдэгч М.Мэнд-Амар нь “О.Түвшинбаярын хулгайлах гэмт хэрэг үйлдэж олж авсан Dell” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, “Asus” загварын зөөврийн компьютер 1 ширхэг зэргийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнээс авч, Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 89 дүгээр байрны 37 тоотод 2022 оны 10 сарын 20-ны өдөр дуудлагын засварчин дуудаж, уг компьютерын кодыг тайлуулж, хууль ёсны мэт болгож, эргэлтэд оруулсан буюу ломбардад тавих нөхцөлийг хангаж, захиран зарцуулах боломжийг бий болгож хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан” хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлсэн.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мөнгө угаах гэмт хэргийн шинжид хамаарах “...гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ...түүний хууль бус үүсгэврийг нуун далдалсан” гэдэгт хөрөнгө, орлого хууль бус болохыг мэдсээр байж түүний гарал үүслийг нуун далдлах, халхавчлах, илт хууль бус хөрөнгө орлогыг мэдсээр байж хууль ёсны болгох зорилгоор эргэлтэд оруулах, хувиргах зэргээр гэмт этгээдийг хариуцлагаас зайлсхийхэд нь туслах зорилго агуулж хэлэлцэн тохиролцсон шинжтэй идэвхитэй үйлдлээр илэрнэ.

 

Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч М.Мэнд-Амар нь О.Түвшинбаярын хулгайлах гэмт хэрэг үйлдэж олж авсан Dell” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, “Asus” загварын зөөврийн компьютер 1 ширхэг зэргийг гэмт хэрэг үйлдэж олж авсан эд зүйлс гэдгийг мэдсээр байж авч, улмаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 89 дүгээр байрны 37 тоот дахь өөрийн гэртээ 2022 оны 10 сарын 20-ны өдөр дуудлагын засварчин дуудаж, дээрх зөөврийн компьютерын кодыг тайлж гаргуулснаар зөөврийн компьютерыг барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд тавьж, захиран зарцуулах боломж нөхцөлийг бий болгох замаар хууль ёсны мэт болгож, эргэлтэд оруулж, хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан болох нь эд зүйл хураан авсан тэмдэглэл (хэргийн 16 дахь тал), барьцаат зээлийн гэрээ баримт (хэргийн 29 дэх тал), шүүгдэгч М.Мэнд-Амарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 89-90, 223-224 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд тэрээр өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй. (шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан)

 

Шүүгдэгч М.Мэнд-Амарын дээрх үйлдэл нь “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ...хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан” гэх  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжтэй гэмт үйлдэл байна.

 

Иймд шүүгдэгч М.Мэнд-Амарыг “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийн мэдсээр байж авсан, ... хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн 108 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар шүүгдэгч М.Мэнд-Амар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол хор уршигт тооцон төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч А.Мэнд-Амарын хувьд анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй. 

 

Шүүх, шүүгдэгч М.Мэнд-Амарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол хор уршгийн нөхөн төлбөрт тооцон төлөх төлбөргүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэсэн зохицуулалтыг журамлан хэрэглэх боломжтой гэж дүгнэв. 

 

Нэр бүхий шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүх,

1. Шүүгдэгч О.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зөвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул

эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн,  гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан оногдуулах ялыг хөнгөрүүлж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэн, уг ялыг нээлтэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

2. Шүүгдэгч М.Мэнд-Амар нь анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол хор уршгийн нөхөн төлбөрт тооцон төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  М.Мэнд-Амарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх”  үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч тус тус шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч О.Түвшинбаяр, М.Мэнд-Амар нарыг 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай Мөрдөгчийн тогтоолоор 2022 оны 10 сарын 29-ний өдрөөс баривчилсан ба 2022 оны 11 сарын 01-ны өдрөөс мөрдөгчийн тогтоолоор тус тус хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан, улмаар  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 сарын 02-ны өдрийн 859, 860 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч нарт Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан баримттай байна. (хэргийн 67-69, 75-76, 83-84, 101-103, 104-105 дахь талууд)

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч О.Түвшинбаярын 2022 оны 10 сарын 29-ний өдрөөс 2022 оны 11 сарын 01-ны өдрийг хүртэл хойшлуулашгүйгээр сэжигтнээр баривчлагдсан 48 цаг буюу 02 /хоёр/ хоногийг түүний эдэлбэл зохих хорих ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг CD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Түвшинбаярын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Su-Peng гэсэн бичиглэл бүхий баттеррей дрийллийг (хэргийн 123-125 дахь тал) Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан журмын улсын орлогод оруулахаар хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзэв. 

 

Энэ хэрэгт шүүгдэгч М.Мэнд-Амар нь хойшлуулшгүйгээр 48 цаг буюу хоёр хоног баривчлагдсан ба нэр бүхий шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ”Талын шонхор” ХХК, түүний төлөөлөгчөөс “хохирлл нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:

 

1. Боржигон Зунчив овогт  Оросын Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглаж үйлдсэн гэм буруутай болохыг,

- Боржигон овогт Мэндсайханы Мэнд-Амарыг  гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ”Мөнгө угаах”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар О.Түвшинбаярт 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр М.Мэнд-Амарыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар О.Түвшинбаярт оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус зааснаар М.Мэнд-Амарт ял оногдуулахыг тэнссэн 02 /хоёр/  жилийн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх”  үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар М.Мэнд-Амар нь тэнссэн 02 /хоёр/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх эхсэгт зааснаар О.Түвшинбаярын 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр хойшлуулшгүйгээр баривчлагдсан 48 цаг буюу хоёр хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

8. Энэ хэргийн улмаас М.Мэнд-Амар нь 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр хойшлуулшгүйгээр 48 цаг буюу хоёр хоног баривчлагдсан болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан О.Түвшинбаярын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг хэрэгсэл болох Su Peng гэсэн бичигтэй улаан, хар өнгийн нэг ширхэг баттерей дриллийг улсын орлого болгох хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авч, уг арга хэмжээний хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий нэг ширхэг СD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

11. Энэ хэрэгт О.Түвшинбаяр, М.Мэнд-Амар нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, тэдгээрээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ”Талын шонхор” ХХК-ийн   төлөөлөгч М.Шаравжамцаас “хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөн гомдол саналгүй,  нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба О.Түвшинбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс буюу 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

13. Ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

14. Эрх бүхий давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Түвшинбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, М.Мэнд-Амарт авсан хувийн баталгаа гаргах болон Монголулсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.   

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.БАЗАРХАНД