| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2023/0154/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/180 |
| Огноо | 2023-10-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Б /цахимаар/,
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг,
Шүүгдэгч М.А, Э.Ү, Б.Э, Х.М
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун, Ч.Атарболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ү, Х.М, М.А, Б.Э нарт холбогдох эрүүгийн ....... дугаартай хэргийг 2023 оны 10 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М.А
Монгол Улсын иргэн,Э.Ү: ...,
Монгол Улсын иргэн,Ө.Э
Монгол Улсын иргэн, Х.М ...
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч М.А, Э.Ү, Б.Э, Х.М нар нь гэмт хэргийг санаатай нэгдэж бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ... ХХК-ний өмчлөлийн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах .... дугаар шонгийн дэргэдээс АС-150 маркийн хөнгөн цагаан утсыг ... ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан шунахай сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 11,774,400 (арван нэгэн сая долоон зуун далан дөрвөн мянга дөрвөн зуу) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Агын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 12 дугаар сарын 06-ны өдөр Э над руу хотоос залгасан, Айрагт очиж идэш хийх гэсэн юм машин байна уу гээд тухайн үед би аавтайгаа цуг түүхий эд авдаг, манай аав портертой шинэ зууны гадаа өдөр болгон зогсдог түүхий эд авдаг ажил хийдэг байсан. 12 дугаар сарын 07-ний өдөр явахаар болоод аавынхаа машиныг аваад явах гэтэл аав маань машинаа хэрэглэдэг учраас хуурай ахынхаа машиныг гуйж аваад явсан. Шандаас гараад Айраг орох замд Айргийн наад талд 64 дүгээр точикийн тэнд машины ус халаад болохгүй байхаар нь тэнд зогсоод Эыг дуудсан, Э түрүүлж ирээд дээр нь М ах, Ү ах нар ирээд М ах машиныг үзээд хамт янзлалцаад тухайн өдөр тэндээ нэлээд шөнө, орой болтол байсан учраас хоносон. 10 дугаар сарын 08-ны өглөө цааш хөдлөөд замдаа явж байсан, цас их орсон байсан болохоор хоосон машин учраас шарваад, халтираад явахгүй байсан. Төөрч будилаад явж байтал шонгийн мод таарсан. Мэдүүлэгт өгсөн 2 шонгийн хооронд гэж яриад байгаа юм болохоор 2 тийшээ салсан 2 шонгийн утас байсан, аль сум руу явдаг 2 шон байсныг мэдэхгүй. Аль аль талаасаа 400-500 метр зайтай гол нь овоолоод хаячихсан төмөр утас байсан. Очоод бөөнөөрөө бууж ирж ярилцаад хөнгөн цагаан утас байсныг харсан, би өөрөө түүхий эд авдаг учраас мэднэ, тэгээд машиныхаа ачаан дээр хүндрүүлэх зорилгоор ачаад аваад явсан, цааш явж байтал машины ус нь халаад явахгүй байсан, бүр зогсоод би эхний айлд өөрөө очоод ус гуйсан, гадаа хонуулчихсан, дотор жоохон ус байгаа гээд ундааны саванд ус хийж авч яваад машиндаа хийгээд гайгүй болоод хөдлөөд явж байтал дахиад зогсчихсон, өөр айлаас ус авч ирээд дахиад хийсэн боловч машин маань бүр болохоо байсан. Хэдүүлээ яах вэ гэж хоорондоо яриад Э цааш явж айл руу очиж утсаар ярьж ирээд хэдүүлээ жижиг тэрэгтэй явж машин олж ирье гээд машинаа чирч авч явъя гээд тухайн өдөр Шанд руу орж ирсэн, ирэхдээ жижиг тэрэгний нь дугуй эвдрээд замд үлдээд би чирүүлж явж байсан учраас Шанд руу орж ирээд тухайн ачаатай портер машиныг хүний машин, нэгэнт эвдчихсэн юм чинь янзлуулж өгнө гээд аавынхаа хашаанд ачаатай чигт нь орхиод жижиг машин унаад энэ хэдэд дугуй аваачиж өгөөд бөөнөөрөө наашаа ирсэн. 12 дугаар сарын 09-ний өглөө Ү, М ах хоёр буцаад, Э бид хоёр Шандад үлдсэн, орой нь ийм хэрэг болчихлоо ингэсэн, тэгсэн гэсэн. Ер нь бол хулгайн сэдэлттэй тэрийг ачиж яваагүй, ачаагаа хүндрүүлэх зорилготой хүндрүүлж авч явсан нь ийм хэрэг болчихоод байгаа. Тэрэндээ гэмшиж байна. Хэрэв хулгайн сэдэлттэй явсан бол айлуудаар ороод мах чанаж идээд, ус энэ тэр гуйгаад явахгүй байх байсан. Өөр хэлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Э.Үгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ хэрэг түрүү жилийн 12 сард болсон манай дүү Э хотоос яриад идшээ авъя та үхэр олоод өгөх боломж байна уу гээд залгасан, би байгаа Айраг хавьд хямд үхэр байхгүй, Алтанширээ хавьд гайгүйхэн хямд үхэр зардаг отрын айлууд байгаа гээд манай ажлын хүмүүс ярьж байсныг хэлсэн. Айрагт үхэр 900,000-1,000,000 төгрөгийн үнэлгээтэй байсан. Алтанширээд 500,000-600,000 төгрөгөөр зарж байна гэж ажил дээр хүмүүс ярьж байсныг сонссоноо би Э дүүдээ хэлсэн, яах вэ гэсэн тэрийг чинь авъя гэсэн, би бас идэш авна гээд, тэгвэл хамт авъя гэсэн, ингээд манай дүү Сайншандаас найзыгаа дуудаад унаа олоод очьё, 2 үхэр юм чинь гэсэн. Маргааш нь манай дүү хотоос ирсэн, би ажил дээрээ байсан, үхрээ гаргах төхөөрөх хүн байна уу гээд М ахыг Айргаас авсан, бид 3 маргааш нь буюу 12 дугаар сарын 07-ны өдөр байсан байх, тэгээд бид хэд өдөр гарсан. Э над руу залгаад Шандаас ирж байсан найзын машин нь Айргийн наана 64 гээд газар байдаг, тэнд эвдэрчихлээ, ус нь халаад эвдэрчихлээ гээд залгасан би түрүүлээд явлаа гээд Э утсаар залгасан. Тэгээд би би хойноос нь М ахтай очиход машин нь эвдэрчихсэн, ус нь халчихсан байж байсан. Тэнд нь шөнөжингөө янзлаад үүрээр 7-8 цагийн үед гараад явсан, 12 дугаар сарын 08-ны өдөр байсан. Тэгээд Алтанширээ сумын зүг рүү зүүн тийш гарч давхиад төөрсөн. Бид хэд зам мэдэхгүй болохоор төөрч давхисан. Хэрэг болсон гэх газар нь болохоор километрийг нь сайн санахгүй байна. Төөрч очоод нэг шон таарсан, тэнд 2 шонгийн мод явдаг юм байна лээ, 2 салаа шон таарсан, цагдаа нар намайг шонгийн доороос авсан гэж намайг буруутгаад байгаа, ер нь бол 2 шонгийн голд, бид хэд төөрч явж байгаад шон таарсан тэр зам нь шонгийн голоор таарсан. Бид хэд явж байсан чинь овоолоотой таслаад хаячихсан жоохон юм байхаар нь бууж үзсэн, юу вэ гэсэн Ага цайр юм уу, төмөр юм уу мэдэхгүй л юм байна гэсэн. Тэр үед цас их шуурч байсан, манай хоосон портер дугуй нь их халтираад байсан, цасанд халтираад дугуй нь явахгүй, их муу машин байсан. Халтираад байгаа юм чинь хэдүүлээ ачаагаа хүндрүүлье, ямар ч гэсэн одоо ингээд болохгүй бол үхрээ олохоороо буцаад буулгачихъя гээд, хүндрүүлээд ачсан машин гайгүй явж эхэлсэн. Үхэрээ олоод буулгачихъя гээд цааш явж байтал нөгөө машин маань дахиад эвдэрсэн, утаа гараад, ус нь халаад, тургиад эхэлсэн, хэдүүлээ ус хийхгүй бол энэ явахаа байлаа гээд замаар явж байтал 2-3 айл таарсан. Эхний нь айлд Ага буугаад ус гуйсан, ус нь гадаа хөлдчихсөн яах вэ дотроос жоохон ус авбал ав гээд гэрээсээ ус өгсөн. Тэр усыг нь хийгээд 5-10 км явж байгаад дахиад бүр явахаа байгаад зогссон. Э бид хоёр дараагийн айлаас ус асуусан, идшинд явж байгаад эвдэрчихлээ тусламж байна уу гээд тухайн үед өдөр байсан. Тэр айл хоол унд хийж өгье та нар идчихээд яваарай гээд тэгье гээд бид хэд хоол унд идсэн. 2-3 цаг тэр айлд байсан. ...хэдүүлээ машин эвдрээд байна, Айргаас болохгүй бол машин дуудъя, машин янзлах хүн байхгүй гээд бид 2 айлд очиж утсаар ярьсан. Машинаа янзлуулъя, болохгүй бол чирүүлье гэсэн. Машин олдохгүй байж байж Э гээд хүн Айргийн замын хажууд бид нарыг шөнө ороход явж байсан. Тэр нэлээд хэдэн цаг болсон. Э ах ирж бид нарыг Шанд руу чирч авч ирсэн, тэгээд Шандад машинаа янзлуулчихаад буцаад үхэртээ явъя гэсэн, машин бүр эвдрээд бид хэд замын хажууд 33 хавьд машинаа хаячихсан. Бид жижиг машинтайгаа явсан, жижиг машины дугуй бас хагарсан, шөнөдөө машин эвдэрч эвдэрч маргааш нь болсон. Ага чирэгдсэн машинтайгаа Шанд руу ороод машинаа янзлуулчихаад эргээд гаръя гэсэн машин мотор нь цохисон байна найдваргүй гээд за тэгвэл наад машин чинь бүтэхгүй юм байна гээд М ах бид 2 Айраг руу буцаад явсан. Э Шандад үлдсэн. Энэ хэрэг нь 2 шонгийн голоос биш хоорондын зай биш, салаа гол нь гэсэн үг, бид хэд өдөр явж байсан болохоор шон нь харагддаг юм байна лээ. Бид хэд энийг хулгай гэж мэдээгүй, хуулиа мэдэхгүй учраас ачаагаа хүндрүүлэх зорилгоор аччихсан нь бид нарын буруу болоод байгаа юм. Бид хэд тэрийг хулгай гэж мэдсээр байж, хулгай хийх зорилгоор явсан бол тийм олон айлуудаар орж явахгүй байх байсан. Хуулиа мэддэг байсан бол бид хэд тэрийг авахгүй байсан. Машин халтираад байсан учраас хүндрүүлэх зорилгоор авсан, бид хэд тэрийг зарж үрээгүй, зарна ч гэж бодоогүй, хүндрүүлээд машинд аччихсан юм. Тэрэндээ маш их гэмшиж байна гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би болоод бид хуулийг дээдэлдэг, хууль дор захирагдан амьдардаг хүмүүс байгаа. Өдийг хүртэл нэг ч хууль зөрчиж үзээгүй, хууль зөрчих сэдэл гаргаж байгаагүй. Өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр явж ирсэн. Ковидоос хойш нэлээд хүнд хэцүү байсан, олон бизнес дампуурсан. Ковидоос хойш өнгөрсөн жил эхнэр бид 2-ын эрхэлдэг бизнес арай гайгүй ашигтай байгаад, 2 жоохон хүүхэдтэй, энэ жил идэш идье гээд хөдөө явсан. Ү ахтай яриад идэш хийчихээр айл байна уу гэсэн тухайн үед Айрагт малын өвчин гарсан гээд Айраг сумын тэр хавиар мал зарахаа больчихсон байсан. Ү ахтай ярьсан чинь тэнд отрынхон байдаг, их хямд өгдөг гээд би Ага найз руугаа яриад аавынхаа машиныг аваад ирээч ээ би идэш хийх гээд явж байна гэсэн, за гэж тохироод ирэхээр болсон. Ирж байх замдаа Айргийн наана машин эвдэрчихлээ хүрээд ир гээд би ганцаараа очсон, мэдэх юм байхгүй болохоор нь Ү ах руу залгасан, засварчин энэ тэр хэрэгтэй гэсэн, за М ахыг аваад очъё гээд бид хэд машинаа янзлаад хамт байж байгаад идэш хийх болоод өглөө эрт гараад явцгаасан. Тухайн үед цасан шуургатай, хүйтэн, зузаан цастай, портер машин шарваад явахгүй байсан, бид хэд хэдэн удаа машин дээрээ зогсоод цаснаас гаргаад явж байсан, явсаар байгаад 1 шон таарсан, одоо бодоход 1 шон нь уурхай руу, 1 шон нь Алтанширээ сум руу 2 тийшээ салж явж байгаа маш өндөр цахилгааны утаснууд /тухайн үед бид нар цахилгааны утас гэж мэдэхгүй/ хоорондоо 2 км зайтай утаснууд байсан, яг 2 салаалсан шонгийн голд овоолчихсон, цасанд дарагдсан байдалтай хаягдал байсан. Бид нар өө энэ хаягдчихсан юм биш үү, хүн хаяагүй бол юу гэж энд байхав дээ ачаад явчихъя, портероо хүндрүүлчихье гэж ярилцаад явсан. Тэрнээс өмнө бид нар портероо хүндрүүлчих боломж байсан, яагаад хүндрүүлээгүй гэхээр битүү цас, зузаан цас байсан, тухайн газраас хэлтэрхий чулуу ч олдоогүй, бид нар өөрсдөө дээр нь гарч нааш цааш болгож байгаад замаа ольё гээд тод замаа дагаад явж байгаа нь тэр Тод зам дагаж явсаар байгаад тэр шонтой нийлж байгаа нь тэр, тэрнээс биш бид нар урьдчилаад тэнд утас, уурхай байна, ухна гэж бодож яваагүй. Хэрэв бид хулгай хийх зорилгоор явсан бол тусгай багаж бэлдээд сайн машин техник аваад явна. Тухайн хулгайлсан утас гээд байгаад тооцоолбол 2,000,000 төгрөг л юм байна лээ. Эдийн засгаа бодсон ч бид тийм газар луу 2 машинтай явахгүй, нэг машиндаа чихэж аваад л тусгай багаж, техник бэлдээд явна. Бид нар цааш явж байгаад тод зам нь шонгийн хажуугаар юм байна лээ. Шонгийн хажуугаар явж байгаад дахиад баруун тийшээ явж байгаад машин маань эвдрээд айл олж ус хийе гээд ус хайж яваад айлд очсон, айл ус байхгүй хөлдүү байна гээд жоохон ус авч ирсэн, тэрийгээ хийгээд явж байсан дахиад эвдэрсэн, бид нар гол зам дээрээ л зогсоод байгаа, хүн олдоосой, таарвал юм гуйгаад машинаа босгоод явчих юмсан гээд хүйтэн, цасан шуургатай, хөлдөж үхэх шахаад бид нар машин асахгүй, машинаасаа ч гарч чадахгүй, хэцүү байдалтай явж байсан. Дахиад айл амьтан хайя гээд явж байсан, 2 гэртэй 1 айл олдсон. Бид идэш хийх гээд явж байсан төөрөөд машин эвдрээд хойно суучхаад танд туслах машин байна уу, гэсэн бид нар отроор явдаг айл машин тэрэг байхгүй гээд эгч бид нарыг хараад өрөвдсөн үү, та хэд ийшээ сууж бай эгч нь мах чанаж өгье гээд бид нар буцаж нөгөө хоёрыгоо авч ирсэн, хоол хийж өгье гэж байна гээд тухайн үед бид тэр айлд бараг 4 цаг болсон. Би бие муутай болохоор олигтой хөдөлж чадахгүй, нөгөө айлдаа суугаад байж байсан. Тэр айлд 1 эгч, 1 охин нь, нярай хүүхэдтэй байсан. Нярай хүүхэдтэй болохоор би хүүхдийг нь тэврээд би өөрөө 2 хүүхэдтэй болохоор хүүхдэд аягүй ойрхон байсан, хүүхдийг нь тэврээд айлын 2 хүн маань бидэнд хоол, цай өгөөд бид хийсэн хоолыг нь идчихээд баярлалаа, талархлаа болоод гарч явсан. Гарч яваад тухайн өдөр би Мөнх од конкрит гэх компанид бараа нийлүүлэх ёстой байгаад бараа маань урдаас ирчихсэн байсан, нөгөө компани нь төлбөр мөнгөө шилжүүлчихсэн бараагаа нийлүүлээчээ гээд би зайлшгүй утсаар ярих шаардлагатай болоод айл хайж явсан, тухайн өдөр тэр хээр талаар ямар ч сүлжээ байхгүй байсан, бид нар айл хайж яваад олсон, утсаар эхнэр лүүгээ ярьсан, ажлынхаа талаар яриад бид хэд суучихлаа машин тэрэг олдох боломж байна уу, хайгаач, Айргаас яг хаана гэдгийг нь мэдэхгүй байна гэж утсаар ярьчихаад тухайн айлаас машин тэрэг асуусан, манайд машин тэрэг байхгүй гээд тэр айлаас 1 ч хүн бидэнтэй гарч ирж уулзаагүй, гэрт нь орж утсаар ярьчихаад л гараад явсан. Гарч яваад энэ машин ерөөсөө асахгүй юм байна, Айраг сум руу явж чирэх машин олж ирье гээд Айрагт Ү ах машин хайж, хүнээс асуугаад олдоогүй, энд нэг таньдаг хүн таарлаа гээд тэр хүнээр чирүүлэхээр болоод чирүүлээд явсан. Бүр орой нөгөө машин нь ирээд нөгөө газраа олох гэж явсаар байгаад бүр орой болчихож байгаа юм. Шөнө замдаа явж байхад жижиг машин маань замдаа дугуй нь хагараад цасан шуурганд нөгөө машинаа олоод явж байтал буцаад жижиг машин маань эвдэрчихсэн, бид нар тэр хавьдаа жижиг машинаа наана, цаана болгож сэлбээд явж байгаад хар замтай нийлсэн, жижиг машин маань дахиад эвдэрчихсэн, бид нар яачихсан өдөр вэ? гэж бодоод жижиг машиндаа унтаад үлдсэн, Ага том машиндаа чирүүлээд портерынхоо үрүүлийг жолоодоод цааш явсан, буцаж ирээд бид хэдэд дугуй авч ирж өгөөд Сайншанд ороод М ах машинаа дахиж янзлуулаад бид хэд портер нь эвдэрчихсэн, таних айл байхгүй юм чинь гээд Агын аавынх нь хашаанд аваачиж тавьсан, орой нь цагдаа ирсэн та нар юм хулгайлсан байна хүрээд ир гээд. Бид хэд юу ч хулгайлаагүй юу болсон гээд очсон, та нар цайр хулгайлсан байна гэсэн, бид нар цайр аваагүй, замдаа олсон юм аа ачсан Агын хашаанд байгаа, гээд дагуулаад очсон, цагдаа бид нараас эхлээд дугуй нэхсэн, та нар машины дугуйгаа сольсон байна гаргаад ир гээд бид нар дугуй байхгүй, бид машин эвдрээд юун дугуй солих машин эвдрээд хөлдөж үхэх гээд бараг амьд гардаг юм бол гэж баярлаад бид нар олдсон хүнтэй нь таараад ирлээ гэсэн чинь та нар дугуйгаа гаргаад ир, сольсон байна, хээ нь таарахгүй байна гэж байсан. Бид нар дугуй сольсон юм байхгүй. Бид нар чирч орж ирээд энэ портерыг хаана хаясан яг тэр газартаа байгаа гээд хэлсэн. Цагдаа бид нараас мэдүүлэг авсан, гэхдээ бид нарын ярьж хэлж байгааг тоодог ч үгүй юм байна лээ. Шинжээчтэй хамт дагуулж явсан, дагуулж явахдаа бид нарыг өмгөөлөгчтэй авч яваагүй, 2 цагдаа дагуулж явсан. Салсан зам чинь аль вэ гээд энэ гэхээр наана зогс гээд зураг авсан, тэгээд салаад явж байхдаа өндөр шонгуудын бараг 10 метр орчим шонгуудын хажууд очсон, наанаа заа гээд энд зааж яах юм бэ гэхээр алга болсон утаснууд нь энэ шонгуудынх байгаа гээд энэ шонгууд чинь бид нарт ямар ч хамаагүй ш дээ гэхээр үгүй алга болсон утас чинь энэ шонгуудынх та нар чинь ямар муу санаатай юм бэ гээд зургаа авахуулчих гээд авахуулсан. Тэр алга болсон гэх утаснууд шонгуудаас нь нэлээд хол байсан, та нар чинь ямар муу санаатай юм бэ, шоронд хийчихэв гэж гээд инээж бариад яваад байсан, шинжээч нь очоод шалгаж үзээд эндээс энгийн хүмүүс авах боломж байдаггүй юм байна, та нар хүний авч байсан юмны араас орчихсон байна, ийм өндөр юмнаас яаж авах юм бэ? гээд шинжээч нь хүртэл хэлж байсан. Би нэг юм дээр эргэлзээд гайхаад байгаа Ч гээд мэдүүлэг өгсөн хүн, ... ... гээд приус машин энэ кабелийг таслаад аваад явсан гэж мэдүүлэг өгсөн байгаа. Тухайн үед бидэнтэй ... ... гэх машинтай хэн ч таараагүй, бид хэд хүн амьтантай таараасай гээд төв зам дээрээ л зогсоод байсан, хэн ч таараагүй. Тэгэхэд бидэнд мах чанаж өгсөн айлын эгч 1 удаа махаа авах гэж гарч ирсэн. Тэгэхдээ бид нарын приүс машиныг харсан байх, дараа нь мэдүүлэг авах гээд цагдаа тэр айл руу орсон, гарч ирээд бичиг, үсэг мэддэггүй хүмүүс байна, мэдүүлэг авах боломжгүй байна гэчихээд явсан. Тэгэхэд тэр харуул хамгаалалтынхан бид 12 дугаар сарын 08-ны өдөр тэр хавиар явсан, гэтэл 12 дугаар сарын 09-ны өдөр утас хулгайд алдагдсан байна гэсэн, бид нар 12 дугаар сарын 09-ний өдөр Шандад орж ирсэн, 12 дугаар сарын 09-ний өдөр ... ... гэдэг машин аваад явсан гэж мэдүүлэг өгч байгаа. Тэгэхээр яаж ... ... цэнхэр приус тэр утсыг таслаад авч явсныг тэр хамгаалагч нар нь яаж мэдээд байгаа вэ? Айраг сумаар битүү цэнхэр өнгөтэй приүс 20 машин байгаа. Хаа сайгүй приүс 20 машин байгаа тэгэхэд дугаарыг нь хэлээд өнгийг нь хэлээд яг нэг араас дагаж яваад өөрсдөө цэвэр үлдээд бид нар дээр тохох гэж байгаа юм шиг тэгж мэдүүлэг өгсөн байгаа нь надад их сонин байгаа. Би цагдаад хэлсэн, нөгөө газраа сайн шалгаад өгөөчээ, тэд нар өөрсдөө авчихаад ингээд байгаа юм биш үү, бид нарт хулгайн ямар ч сэдэл байхгүй, бид нар бүгдээрээ хувийн бизнестэй, би хүртэл ажил хийнэ, хажуугаар нь хувиараа бизнес эрхэлдэг, манай Ү утасны бизнесээ 6-7 жил хийж байгаа, Ага ч гэсэн Солонгост ажиллаж амьдарч байгаад ирсэн, эндээ аавтайгаа хөрөнгөө нийлүүлээд ажиллаж байгаа. Манай М ах ч гэсэн хуулийнхаа дагуу татвар, даатгалаа төлөөд зөв шударгаар хөдөлмөрлөөд амьдарч байгаа. Би шалгаад өгөөчээ гээд зөндөө хэлж байхад ер шалгасан юм байхгүй, та нар л авсан байх ёстой, та нар тэрийг байнга авдаг ухааны юм яриад ийм сонин байдалд хүргээд байгаа. Би гуйж явснаараа ах, дүү нараа хэцүү асуудалд оруулчихсан маш их хэцүү байна. Хэрэг явдал иймэрхүү л юм болсон байгаа. Прокурор болохоор та нар энийг хулгайлаад өөртөө завших санаатай, энэ тэр гээд байгаа. Тэгэх ямар ч шаардлага байхгүй. Миний нэр дээр 2 байр, 2 машин байгаа, тэр жижиг кабелийг аваад миний амьдралд ямар ч тус дэм болохгүй. Тийм зүйл авах ямар ч шаардлага надад байхгүй гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Х.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дүү идшинд яваад өгөөчээ гээд Э дүү хотоос ирсэн үхэр янзалчихдаг болохоор намайг аваад явсан. Би ажлаасаа буугаад 15 хоног амарч байсан, 7-ны өдрийн 15 цагийн үед за явъя урдаас нэг машин ирж байна гээд портер маркийн машин ирж байгаа гээд намайг гэрт байж байхад дуудаад, би Үг гэрээс нь очиж аваад явсан. Очиход машин нь тургичихсан байж байсан. Машиныг үзээд арай гайгүй болгоод өглөө нь бид хэд цаашаа Алтанширээ сумын зүгт хөдөлсөн. Би замдаа архи энэ тэр айлд өгнө гэсэн байснаас уучихсан, хойно нь унтаад явж байсан. Явж байхад дуудахаар нь буугаад очсон, цасанд дараатай 2 тийш салсан шонгийн модны голд 400 метрийн зайд 2 хуваагаад овоолсон цайран утас байсан. Энийг нь хүндрүүлэх зорилгоор хэдүүлээ аччихъя гээд, угаасаа тэр үед цас ихтэй байсан, халтирч гулгаад байна аччихъя, тэртэй тэргүй хүний хаягдал юм чинь гээд ачаад явсан, ийм хэрэгт орчихсон гэсэн мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 12 дугаар сард бид хамгаалалтын албаа шинээр тавихдаа бүх утсыг явж үзээд, хаана ямар утас алдагдсан, ямар утас алдагдаагүй талаар тодорхой болгож байсан. Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 09-нд ээлжит эргүүл хийж явж байхад ... дугаар шонгийн хооронд 3 эгнээ 7 утас буюу 6.3 км утас, 41,580,000 төгрөгийн хохирол бүхий утас хулгайд алдагдсан байсан, энэ талаар бид холбогдох байгууллагад гомдол гаргаж мэдээлэл өгсний дагуу Сайншандын цагдаагийн газар шуурхай ажиллаж хэрэгтнийг олсон гэж ойлгож байгаа. ... дугаар шонгийн хооронд нийт хэмжээ 6,3 км урт гэж ярьж байгаа, 41,6 сая төгрөгийн утасны үнэлгээ тогтоосон хохирол байдаг. Гэтэл шүүгдэгч нарын портер дээрээс 1 метрийн урттай 1,1 тонн утас нь гарч ирсэн, үүний үнэлгээ нь 11,7 сая төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байгаа. ... дугаар шонгийн хооронд нийт 6,3 км утас буюу 41,580,000 төгрөгийн хохирол байгаа. Утас зөвхөн алдагдсан утсаар биш нийтэд нь шулуунаар нь солих боломжтой учраас нийт хохирол мань 41,580,000 төгрөг болж байгаа. Энэ үнэлгээг тооцохдоо АС-150 утас нь тонноор зарагддаг тонн нь 11 сая төгрөг орчим байдаг, 1 км утас нь 600 орчим кг болдог. Эндээс тооцоолоод 41,580,000 төгрөг болж байгаа гэсэн мэдүүлэг,
Гэрч Т.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дэлгэрэх сумын нутаг дэвсгэрт байрлах ... ХХК-ийн объектууд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын чиглэлийн өндөр хүчдэлийн шугамын дахин шалгаж байх үед 332-оос 325 дугаар шонгийн хооронд 3 эгнээ 7 шонгийн 6,300 (зургаан мянга гурван зуу) метр цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн утас хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 59-60 дугаар тал),
Гэрч Ш.Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дэлгэрэх сумын нутаг дэвсгэрт байрлах ... ХХК-ий объектууд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын чиглэлийн өндөр хүчдэлийн шугамыг дахин шалгаж явж байх үед ... дугаар шонгийн хооронд 3 эгнээ 7 шонгийн 6,300 (зургаан мянга гурван зуу) метр цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн тог үгүй утас хулгайд алдагдсан... тэр хүмүүс ... гэсэн приус маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан гэж ярьсан..." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 67-68 дугаар тал),
Гэрч Ш.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...боонгоо портер маркийн өндөрлөгөөтэй, цагаан өнгийн автомашин дотроо хүнгүй эвдэрсэн байдалтай байсан... нэг их овойж оцойсон ачаатай биш, тэвшний доогуур ачаатай байсан. Даавуу шиг юмаар бүтээсэн байсан. Юу ачсаныг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 100 дугаар тал),
Хас Үнэлгээ ХХК-ий 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1217 дугаартай шинжээчийн “...үнэ цэнийг 11,774,400 (арван нэгэн сая долоон зуун далан дөрвөн мянга дөрвөн зуу) төгрөг гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт(1 дүгээр хавтаст хэргийн 121-124 дүгээр тал),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 8-19, 25-29 дүгээр хуудас), 11.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 20-24 дүгээр тал),
Хас үнэлгээ ХХК-ий 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 61 дугаартай “...Bongofrontier маркийн автомашины... зах зээлийн дундаж үнийг 7,500,000 (долоон сая таван зуун мянга) төгрөгөөр тогтоов...' гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 129-132 дугаар тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( 2-р хавтаст хэргийн 29-42 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Аймгийн прокурорын газраас М.А, Э.Ү, Б.Э, Х.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.А, Э.Ү, Б.Э, Х.М нар нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ... ХХК-ний өмчлөлийн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах ... дугаар шонгийн дэргэдээс АС-150 маркийн хөнгөн цагаан утсыг авч 11,774,400 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь шүүгдэгч М.А, Э.Ү, Б.Э, Х.М нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Бий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн, гэрч Т.М, Ш.Ч, Ш.Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн, шүүгдэгч нар нь бүлэглэн бусдын эзэмшлийн эд хөрөнгийг нууцаар, хууль бус аргаар авч өөрсдийн мэдэлд шилжүүлж, захиран зарцуулах бодит бололцоо олгосон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан, түүний улмаас үүсэн гарах үр дагаврыг мэдсэн байх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Аливаа тээврийн хэрэгслийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан болохыг тогтоохдоо автомашин ашиглан зөөж тээвэрлэсэн үйлдэл бүрийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулах эсэхийг хэргийн нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэх нь зүйтэй. Шүүгдэгч М.А, Э.Ү, Б.Э, Х.М нар нь Алтанширээ сумын нутагт оторлож байсан оторчдоос өвлийн идэшний үхэр авах зорилгоор явж байсан гэх үйл баримт нотлох баримтаар үгүйсгэгдэж няцаагдаагүй, шүүгдэгч нар нь өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах утасны хөнгөн цагаан утсыг авах зорилгоор зориуд тээврийн хэрэгсэл бэлтгэн явсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй учир хохирогчийн эд зүйлийг авах сэдэлт, санаа уг хөнгөн цагаан утсыг харснаар тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул хэрэг маргааны төгсгөл, үр дагаварт тулгуурлан үйл баримтыг дүгнэн хүндрүүлэн шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс: хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй, хэрэгт авагдсан нотлох баримт хангалттай биш байх тул хэргийг прокурорт буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх,
Шүүгдэгч нар бэлэн тасалж орхисон байсан төмөр утсыг авсан байгаа, энэ нь хулгайн хэрэг мөн үү, гээгдэл эд хөрөнгө авсан субъект байж болох уу гэдэг асуудал гарч байгаа юм. Хуулийн зүйлчлэл өөрчлөгдөх боломжтой гэж мэтгэлцэж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлахад шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн талаар бүрэн дүүрэн үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугийн талаар эргэлзээтэй гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д зааснаар хэргийг хянан хэлэлцэхийг хойшлуулах үндэслэл тогтоогдохгүй байна.
Хулгайлах гэмт хэрэгт эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авдаг ба энэ нь идэвхтэй үйлдэл байх ёстой.
Харин завших, ашиглах гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн хяналтад хууль, гэрээний дагуу шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах санаа гэмт этгээдэд бий бол...ороо ,Гээгдэл эд хөрөнгө гэдэг нь эд хөрөнгийн эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас өөрийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар хаягдаж орхигдсон эд зүйл байдаг онцлогтой юм.
Хохирол болон бусад төлбөрийн талаар:
Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс, хэсэг хэсгээр таслагдсан байсан цахилгааны утсыг авсан, хохирлыг тооцохдоо цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн утсыг ашиглагдах байдлаар үнэлж тогтоосон нь буруу, цайр хөнгөн цагаан утасны зах зээлийн үнэлгээгээр тогтоох ёстой гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч нараас ... ХХК-д учруулсан хохирлыг Хас Үнэлгээ ХХК-ны 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1217 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 1161 ширхэг 1784 метр цайр хөнгөн цагаан тогны утасны үнэлгээг 11,774,400 төгрөгөөр тогтоосныг үндэслэлтэй гэж үзэж хохирлыг гаргуулан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1.3-т зааснаар гэм буруугийн шүүх хуралдааныг 1 цагийн хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргаж завсарласан хугацаанд ... ХХК-д 11,774,400 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.Бгад 900,000 төгрөгийг тус тус төлсөн байна.
Иргэний нэхэмжлэгч М.Бга олох байсан орлого 6,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй.
Шүүгдэгч нарт “машин механизм ашиглаж” гэж хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг шүүхээс хөнгөрүүлэн өөрчилсөн хэдий боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас гаргуулж улсын төсөвт оруулахаар хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5-д ... гэмт хэрэг үйлдэж олсон орлого / гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл / нь хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд ногдох, хураан авах хуулиар хориглоогүй, хөрөнгө орлогоос албадан гаргуулахаар заасан тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ... ... улсын дугаартай “Bongofrontier” маркийн тээврийн хэрэгсэл нь иргэн М.Бгын өмчлөлийн хөрөнгө болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 7,500,000 төгрөгийг хувь тэнцүүлэн /нэг шүүгдэгчээс 1,875,000/ шүүгдэгч нараас гаргуулан улсын төсөвт оруулахаар,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох Дорноговь аймгийн Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хадгалагдаж байгаа 1161 ширхэг 1784 метр урттай АС-150 маркийн хөнгөн цагаан утсыг зах зээлийн үнээр зарж, үнийг улсын төсөвт оруулахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас: Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгч нарын хувийн байдал гэмт хэрэгт учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 161 ширхэг, нийт 1784 метр урттай АС-150 маркийн хөнгөн цагаан утсыг улсын орлого болгох,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг үндэслээд мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг үндэслээд 3 жилийн хугацаанд тэнсэн харгалзаж өгөөч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун: Гэмт хэрэг үйлдсэн арга, хэлбэр, учруулсан хохиролдоо хандаж байгаа хандлага, хувийн байдал зэргээс нь харахад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Эд мөрийн баримтаар хураагдсан хөнгөн цагаан утасны хувьд үнэлээгүй байгаа, нэгэнт 11,740,400 төгрөгийн хохирлыг компанид төлчихсөн учраас шүүгдэгч нарт буцаан олгож, зарж үрэх боломж олгож өгөөч гэсэн саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал,учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд шүүгдэгч М.А, Э.Ү, Б.Э, Х.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.А, Э.Ү, Б.Э нар нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй болох нь, шүүгдэгч Х.М нь 2 удаагийн ял шийтгэлтэй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /2-р хх-ийн 29-42/ тогтоогдож байна.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. Хэрэгт компакт диск хавсаргагдаж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Г, Э.Ү, Ө.Э, Х овогт Х М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Лүү жамц овогт Мөнхсүхийн Ага, Э.Ү, Ө.Э, Х овогт Х М нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.А, Э.Ү, Б.Э, Х.М нарыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болон санаатай гэмт хэрэг үйлдсэн бол албадлагын арга хэмжээ авагдсан уг шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгч М.А, Э.Ү, Б.Э, Х.М нарт анхааруулсугай.
5.Шүүгдэгч М.А, Э.Ү, Б.Э, Х.М нарт ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар, Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, Э.Ү, Б.Э, Х.М нараас тус бүр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1,875,000 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Дорноговь аймгийн Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хадгалагдаж байгаа 1161 ширхэг, 1784 метр урттай АС-150 маркийн хөнгөн цагаан утсыг шийдвэр биелүүлэх үеийн зах зээлийн үнээр зарж улсын орлого болгохыг Дорноговь аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8.Иргэний нэхэмжлэгч М.Бга нь 6,000,000 төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,хавсарган ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А, Э.Ү, Б.Э, Х.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН