Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2026/0140

 

 

 

 

 

 

 

 

“Э ТӨҮГ” ААТҮГ-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Зоригтбаатар

          Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, П.О, Д.Э

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч “Э ТӨҮГ” ААТҮГ

          Хариуцагч Оюуны өмчийн газар

          Хариуцагч Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл

          Гуравдагч этгээд Д.Э, Т.Т, Л.М, О.Э

         

          Нэхэмжлэлийн шаардлага: Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай” ** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/*** дугаар тушаалаар Л.М, О.Э, Д.Э, Т.Т нарт олгосон **** дугаартай Шинэ бүтээлийн патент болон А/*** дугаар тушаалын хавсралтын Л.М, О.Э, Д.Э, Т.Т нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2025/0868 дугаар шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, П.О, Д.Э

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, Б.О

          Гуравдагч этгээд болон гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч

          Хэргийн индекс: 128/2025/0298/З

ТОДОРХОЙЛОХ нь

          1. Нэхэмжлэгч “Э ТӨҮГ” ААТҮГ нь Оюуны өмчийн газар, Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд тус тус холбогдуулан “Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай” ** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/*** дугаар тушаалаар Л.М, О.Э, Д.Э, Т.Т нарт олгосон **** дугаар Шинэ бүтээлийн патент болон А/*** дугаар тушаалын хавсралтын Л.М, О.Э, Д.Э, Т.Т нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 868 дугаар шийдвэрээр Патентийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3, Патентын тухай /2006 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.2-т заасныг тус тус баримтлан “Э” ТӨҮГ-ын Оюуны өмчийн газар болон Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд холбогдуулан гаргасан “Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ** дугаартай Гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэрийг хүчингүйд тооцуулах, Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/*** дугаар тушаалаар Д.Э, Т.Т, Л.М, О.Э нарт олгогдсон **** дугаартай патентыг болон Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/*** дугаар тушаалын хавсралтын Д.Э, Т.Т, Л.М, О.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн.

          3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, П.О, Д.Э нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          3.1 “...Нэхэмжлэгчээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн тайлбар, нотлох баримтыг шүүхэд хүргүүлж, шүүх хуралдааны явцад хууль зүйн үндэслэлийг гарган тайлбарлаж, мэтгэлцсэн ч шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхээс хэрхэн үнэлж дүгнэсэн талаар тодорхой тайлбар, хууль зүйн дүгнэлт гаргасангүй. Анхан шатны шүүх болон Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн шийдвэртээ баримталж буй хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалт, түүнд хариу өгөх зөвлөлийн ажиллах журмын заалтууд нь зөвлөл гомдлыг хүлээн аваад ажлын 5 өдрийн дотор хариу өгөхтэй холбоотой зохицуулалт бөгөөд Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл нь бидний гомдлыг хүлээн авсан атлаа шийдвэрлэлгүй хууль, журамд заасан хугацаа өнгөрсний дараа буюу 128 хоногийн дараа түдгэлзүүлсэн шийдвэр гаргаж, улмаар үүний дараагаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар дүгнэлт байгааг шүүх анхаарч үзсэнгүй.

          3.2 Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус зөвлөлийн маргааныг хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, маргааныг түдгэлзүүлсэн хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох хууль тогтоомж, журмын дагуу шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийг гарган, түүнийг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж, эцсийн шийдвэр гараагүй (Улсын дээд шүүхээс асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй) байхад гомдол гаргагч талыг Маргаан шийдвэрлэх зөвлөлийн хуралд оролцох боломжоор хангалгүй, хүсэлттэй холбоотой гаргасан тайлбарыг хэрхэн үнэлж, дүгнэж байгаа талаар тогтоолдоо дурдалгүй, гомдол гаргагч талын хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, хууль бусаар түүний эзгүйд маргаан бүхий асуудлыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

          3.3 Тус үйлдвэрийн газрын эрх бүхий ажилтнууд болох Д.Э, Т.Т, Л.М, О.Э нар нь энэхүү шинэ бүтээлийн ажлын талаар ажил олгогчтой нэмэлт гэрээ байгуулан, тодорхой хугацааны туршид нэмэгдэл, урамшууллыг авч байсан бөгөөд ажил олгогчид мэдэгдэлгүйгээр хууль, журмын шаардлагыг зөрчиж патент гаргуулах мэдүүлэг гаргуулсан, энэхүү, хууль журмын шаардлагыг хангаагүй мэдүүлгийг хууль журамд заасан хянан шалгах, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Оюуны өмчийн асуудал хариуцсан байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтнууд нь зөрчсөн байдаг. Тодруулбал дээр дурдсан хууль журмын заалтуудаар ажилтан нь ажил олгогчдоо мэдэгдэх, Оюуны өмчийн асуудал хариуцсан байгууллага нь хуулийн хэрэгжилтийг хангуулж, ажлын байранд бүтээгдсэн оюуны өмчийн асуудлаар хянан шалгах чиг үүрэг байсан гэж үзэж байна. Гэтэл шүүхээс энэхүү асуудалд хэт нэг талыг баримтлан нотлох баримтад тулгуурлан дүгнэлт гаргасангүй. Анхан шатны шүүхээс холбогдох нотлох баримтад хуулийн үндэслэл бүхий тодорхой тайлбар өгч, үнэлэлт дүгнэлт өгөөгүй атлаа нэхэмжлэгч талаас патент хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн зохиогч хэн болох талаар маргасан мэтээр тайлбарлаж, дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж байна.

          3.4 Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

          2. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, П.О, Д.Э нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

          Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;

          3. Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг улсын бүртгэлд бүртгэж, патент олгох тухай” А/*** дугаар тушаалын 1 дэх заалтаар “Шаардлага хангасан патентыг улсын бүртгэлд бүртгэж, эзэмшигчдэд патент олгох”-оор шийдвэрлэж, Нэгдүгээр хавсралтын 1-д “******************************** урвалж” шинэ бүтээлийн **** дугаартай патентыг Л.М, О.Э, Д.Э, Т.Т нарт олгожээ.

          4. 2023 оны 05 дугаар сард Л.М, О.Э, Д.Э, Т.Т нараас “Э ТӨҮГ” ААТҮГ-т холбогдуулан Патент эзэмшигчдийн патентыг ашиглаж “Э ТӨҮГ” ААТҮГ-ын олсон нэмэлт орлого буюу патентын үр шим болох 78,474,000,000 төгрөгөөс патент ашигласны төлбөрт 15% буюу 11,771,100,000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн **** дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

          5. 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Э ТӨҮГ” ААТҮГ-аас ГЁ-117-12/**** дүгээр албан бичгээр “...2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/*** дугаар тушаалаар Л.М, О.Э, Д.Э, Т.Т нарт олгогдсон **** дугаартай Шинэ бүтээлийн патентыг хүчингүйд болгуулах”-аар Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд гомдол гаргасан.

          6. Гомдлын дагуу Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл (цаашид Зөвлөл гэх)-ийн гишүүн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “...маргаан үүсгэх үндэслэлтэй...” гэсэн санал үйлдэж, маргаан шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх ба тус Зөвлөл 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” ** дугаар албан бичгээр “...иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж дуусах хүртэл хугацаанд танайхаас гаргасан маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж байна. ...түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц ажиллагааг сэргээн хянан шийдвэрлэх болно” гэж мэдэгджээ.

          7. “Э ТӨҮГ” ААТҮГ-аас дээрх “...маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн”-ийг эс зөвшөөрч гомдол гаргасан бөгөөд тус Зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэсэн тухай” ** дугаар тогтоолоор “...зөвлөлийн ажиллах журмын 2.17.8-д заасан түдгэлзүүлсэн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн” байна.

          8. Мөн Зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай” ** дугаар тогтоолоор “...“Э” ТӨҮГ-аас гаргасан **** дугаартай “********************** урвалж” нэртэй шинэ бүтээлийг хүчингүй болгуулах тухай хүсэлт (ГЁ-117-12/**** дүгээр албан бичгээр гаргасан) болон тус хүсэлтийн дагуу Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн гишүүнээс гаргасан санал, Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ** дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

          9. Зөвлөлийн дээрх 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ** дугаар тогтоолыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс энэхүү нэхэмжлэлийг гаргасан байна.

          10. Өмнөх шүүхийн шийдвэртэй хэргийн тухайд: “Э” ТӨҮГ-аас ГЁ-117-12/**** дүгээр албан бичгээр (5-д дурдсан) гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхгүй байсан тул 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Зөвлөлд холбогдуулан нэхэмжлэл гаргасан, уг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.Э, Т.Т, Л.М, О.Э нар гуравдагч этгээдээр оролцсон.

          11. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 665 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “...Зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” ** дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Э” ТӨҮГ-ын (ГЁ-117-12/**** дүгээр албан бичиг) гомдлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Оюуны өмчийн тухай хууль, Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх  зөвлөлийн ажиллах журамд нийцүүлэн нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхийг хариуцагч ...Зөвлөлд даалгаж” шийдвэрлэжээ.

          12. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 720 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

          13. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар тогтоолоор “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 720 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 665 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж” эцэслэн шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.  

          Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

          14. Оюуны өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д “Оюуны өмчийн байгууллагын дэргэд аж үйлдвэрийн өмчийн эрхийн хамгаалалтын талаарх өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл ...ажиллана”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Аж үйлдвэрийн өмчийн эрхийн асуудлаар дараах гомдлыг Маргаан шийдвэрлэх зөвлөл хянан шийдвэрлэнэ”, 25.1.5-д “бүртгэгдсэн аж үйлдвэрийн өмчийн эрхэд хамаарах бүтээлийн эрхийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай хүсэлт”, 25.4-д “Маргаан шийдвэрлэх зөвлөл энэ хуулийн 25.1-д заасан гомдол нь үндэслэлтэй эсэхийг хянаж, маргаан гарах үндэслэл болсон шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл хүчингүй болгох шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна” гэж,

          15. Патентын тухай хуулийн 49 дүгээр зүйл “Патентыг хүчингүйд тооцох”, 49.1-д “Хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн этгээд патентыг хүчингүйд тооцуулах хүсэлтийг дараах тохиолдолд Оюуны өмчийн тухай хуулийн 11.3-т заасан Маргаан шийдвэрлэх зөвлөлд гаргаж болно”, 49.1.1-д “патент авах эрхгүй этгээдэд патент олгосон”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Патентын эрхийн асуудлаар мэдүүлэг гаргагчийн гаргасан дараах гомдол, хүсэлтийг Маргаан шийдвэрлэх зөвлөл хянан шийдвэрлэнэ”, 54.1.2-т “патентын эрхийг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүчингүйд тооцуулах тухай сонирхогч этгээдийн хүсэлт”, 54.4-д “Маргаан шийдвэрлэх зөвлөл нь энэ хуулийн 54.1-д заасан гомдол, хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш гурван сарын дотор хянан шийдвэрлэж, хариуг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ” гэж тус тус хуульчлан зохицуулсан.

          16. Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмын 1.1-д “Энэ журмын зорилго нь Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан аж үйлдвэрийн өмчийн эрхийн хамгаалалтын талаарх гомдол, эсэргүүцэл, хүсэлт ...-ийг хянан шийдвэрлэх эрх бүхий Маргаан шийдвэрлэх зөвлөл ...-ийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, иргэн, хуулийн этгээдээс аж үйлдвэрийн өмчийн эрхийн хамгаалалт зөрчсөнтэй холбогдуулан гаргасан  маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино”, 3.8-д “Маргааныг хүлээн авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор шалгаж шийдвэрлэнэ”, 3.9-д “Энэ журмын 3.8-д заасан хугацааг Зөвлөлийн дарга нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус журамлажээ.

          17. Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай” ** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

          18. Хариуцагч нь гуравдагч этгээд О.Э-ын “...түдгэлзүүлсэн шалтгаан арилсан гэж үзэх боломжтой байгаа тул хэлэлцэн эцсийн шийдвэр гаргаж өгнө үү” гэх гомдлын дагуу 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хуралдаж, ** дугаар тогтоолоор “...“Э” ТӨҮГ-аас гаргасан **** дугаартай “******************** урвалж” нэртэй Шинэ бүтээлийн патентыг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг Патентын тухай хуулийн 54.3-д ...гэж заасан. Патентыг хүчингүй болгуулах хөөн хэлэлцэх хугацаа 2018.05.25-ны өдрөөр дуусгавар болсон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус байна.

19. Учир нь, шүүхийн (11, 12-д дурдсан) 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 665 дугаар шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болоогүй байхад хариуцагч 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хуралдаж ** дугаар тогтоолыг гаргасан нь үндэслэлгүй бөгөөд Патентын тухай хууль, Оюуны өмчийн тухай хууль болон Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журамд зааснаар Зөвлөл нь хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн этгээдээс патентыг хүчингүйд тооцуулах хүсэлтийг хянан шалгах, гомдол үндэслэлтэй эсэх талаар эцэслэн шийдвэрлэх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хуульд үндэслэх зарчмыг зөрчжээ.

20. Тодруулбал, нэхэмжлэгчээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 720 дугаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргаж, Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаас хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, улмаар 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гомдлыг хянан хэлэлцүүлэхээр товлосон байхад хариуцагч нь дээрх хуралдаан болохоос 24 хоногийн өмнө буюу 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хуралдаж “...Патентын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-д заасны дагуу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар болсон байна...” гэх үндэслэлээр “Гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай” ** дугаар тогтоолыг гаргасан нь холбогдох хууль болон маргаан шийдвэрлэх журамд нийцэхгүй байна.

21. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар тогтоолд “...90 хоногийн дотор гомдол үндэслэлтэй эсэх талаар шийдвэр гаргахыг хэлбэрэлтгүй зохицуулсан байхад хариуцагчийн зүгээс тогтоосон хугацаанд гомдол үндэслэлтэй эсэх талаар шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан нь хууль бус байх... Мөн нэхэмжлэгчийн гаргасан патентыг хүчингүйд тооцуулах хүсэлтийг хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж хүлээн авч, маргаан үүсгэсэн атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...патентыг 2017 онд гуравдагч этгээдэд олгосон тул Патентийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-д “Энэ хуулийн 54.1.2-т заасан хүсэлтийг патент олгогдсон шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварыг албан ёсны тогтмол хэвлэлд нийтэлсэн өдрөөс хойш нэг жилийн дотор Маргаан шийдвэрлэх зөвлөлд гаргана” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй” гэж дүгнэжээ.

22. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган, түүнийг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж, эцсийн шийдвэр гараагүй (Улсын дээд шүүхээс асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй) байхад гомдол гаргагч талыг Маргаан шийдвэрлэх зөвлөлийн хуралд оролцох боломжоор хангалгүй, хүсэлттэй холбоотой гаргасан тайлбарыг хэрхэн үнэлж, дүгнэж байгаа талаар тогтоолдоо дурдалгүй, гомдол гаргагч талын хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, хууль бусаар түүний эзгүйд маргаан бүхий асуудлыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.

          23. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйл “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх”, 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж зааснаар хүн, хуулийн этгээд, захиргааны байгууллага, албан тушаалтан нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй.

          24. Иймээс Улсын дээд шүүхийн тогтоолд дүгнэсэнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан гомдол, хүсэлтийг хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж хүлээн авч, маргаан үүсгэсэн атлаа захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх үндэслэлээр маргааныг эцэслэн шийдвэрлэх чиг үүргээ хэрэгжүүлээгүй буруутай, мөн (11, 13-д дурдсан) хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоол өнөөдрийг хүртэл биелэгдээүй үйл баримтууд тогтоогдож байх тул маргаж буй Зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ** дугаар тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

          25. Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/*** дугаар тушаалаар Л.М, О.Э, Д.Э, Т.Т нарт олгосон **** дугаартай Шинэ бүтээлийн патент болон А/*** дугаар тушаалын хавсралтын Л.М, О.Э, Д.Э, Т.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

          26. Патентын тухай хууль (2006 оны)-ийн 4 дүгээр зүйл “Шинэ бүтээлийн патент олгох зүйл, шалгуур”, 4.1-д “Шинэ бүтээлийн түвшин агуулсан, үйлдвэрлэлд ашиглах боломжтой, үйлдвэрлэх шинэ арга ажиллагаа болон шинэ бүтээгдэхүүн зохиогч, түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээдэд патент олгоно” гэж зааснаас үзэхэд Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь шинэ бүтээлийн патент олгох зүйл нь шинэ бүтээлийн түвшин агуулсан шинэ шийдэл эсэх, патент буюу гэрчилгээ авахаар мэдүүлж байгаа мэдүүлэг гаргагч нь зохиогч болон түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээд мөн эсэх зэргийг шалгах чиг үүрэгтэй гэж үзнэ.

          27. Анхан шатны шүүхийн “...хариуцагч Оюуны өмчийн газар нь зөвхөн шинэ бүтээлийн патент олгох шалгуурыг хангасан эсэхийг шалгах чиг үүрэгтэй байх ба харин шинэ бүтээлийн зохиогч хэн болохыг тогтоох чиг үүрэг хүлээгээгүй байна” гэх дүгнэлт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...манай байгууллага нь патентыг хэнд олгохыг шалгахгүй, харин юунд, ямар зүйлд олгохыг шалгах чиг үүрэгтэй, ...зөвхөн шинэ бүтээл мөн эсэхийг шалгах, мөн чанарын шүүлтийг л хийдэг” гэх тайлбарууд үндэслэлгүй байна.   

          28. Хууль болон журамд заасны дагуу хариуцагч Зөвлөл нь патентын мэдүүлгийг хуульд заасан шалгуур, шаардлагыг хангаж буй эсэх, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/*** дугаар тушаалаар Л.М, О.Э, Д.Э, Т.Т нарт **** дугаартай Шинэ бүтээлийн патент олгосон нь хуульд нийцсэн эсэхийг нягтлан шалгах үүргээ дахин хэрэгжүүлэх шаардлагатай байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх”-ээр заасны дагуу маргаан бүхий актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэв.

          29. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан нь цаашид зайлшгүй тодруулах шаардлагатай нөхцөл байдал нь маргааны үр дагаварт голлох ач холбогдолтой байхын зэрэгцээ шүүх нотлох зарчмыг бүрэн хэрэгжүүлсэн боловч тэрхүү тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх урьдчилсан нөхцөлийг шаардана.

          30. Мөн зайлшгүй тодруулах ажиллагааг шүүх бус харин захиргааны байгууллага хийх нь илүү үр дүнтэй (онцгой мэргэшлийн цар хүрээтэй, цаг хугацаа, зардал мөнгөний хувьд талуудад илүү үр ашигтай) бөгөөд боломжтой байхаас гадна хэргийн оролцогч нарын ашиг сонирхолд нийцсэн тохиолдолд шүүх уг зохицуулалтыг хэрэглэнэ.

          31. Иймээс хариуцагч нь эхлээд шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчийн (5-д дурдсан) ГЁ-117-12/**** дүгээр албан бичгээр гаргасан гомдлын дагуу нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн тодруулж, маргааныг өөрийн эрх хэмжээний хүрээнд хянан шалгаж, эцэслэн шийдвэрлэсний дараа **** дугаартай Шинэ бүтээлийн патентын хүчин төгөлдөр байдлыг шийдвэрлэх нь зүйтэй.

          32. Өөрөөр хэлбэл, хариуцагч Зөвлөл нь нэхэмжлэгчийн ГЁ-117-12/**** дүгээр албан бичгээр гаргасан гомдлыг эцэслэн шийдвэрлээгүй байгаа энэ тохиолдолд гуравдагч этгээд Л.М, О.Э, Д.Э, Т.Т нарт олгосон **** дугаартай Шинэ бүтээлийн патентын хүчин төгөлдөр байдал болон А/*** дугаар тушаалын хавсралтын Л.М, О.Э, Д.Э, Т.Т нарт холбогдох хэсэгт шүүх дүгнэлт өгөх боломжгүй юм.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, П.О, Д.Э нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 868 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.5, 25.4, Патентын тухай хууль (2006 оны)-ийн 4 дүгээр зүйл, 4.1, Патентын тухай хууль (2021 оны)-ийн 54 дүгээр зүйлийн 54.1.2 дахь заалтуудад тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Э ТӨҮГ” ААТҮГ-ын гаргасан “Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ** дугаар тогтоолыг хүчингүй болгож, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/*** дугаар тушаалаар Л.М, О.Э, Д.Э, Т.Т нарт олгосон **** дугаартай Шинэ бүтээлийн патент болон А/*** дугаар тушаалын хавсралтын Л.М, О.Э, Д.Э, Т.Т нарт холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, 2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/*** дугаар тушаалаар Д.Э, Т.Т, Л.М, О.Э нарт олгосон **** дугаартай Шинэ бүтээлийн патент хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалтыг нэмж, Тогтоох хэсгийн “2, 3” дахь заалтыг “3, 4” болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, П.О, Д.Э нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э ТӨҮГ” ААТҮГ-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                          

 

 

                                    ШҮҮГЧ                                           А.САРАНГЭРЭЛ

 

                                    ШҮҮГЧ                                           Э.ЗОРИГТБААТАР

 

                                ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА