Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан,

улсын яллагч Б.Түвшинтөр,

хохирогчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан,

шүүгдэгчийн  өмгөөлөгч М.Энхзаяа, Ж.Дорждэрэм

хохирогч Ж.Д,

шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Н-д холбогдох 2316000000155 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,  халх, **** оны **** дугаар сарын ****-ний өдөр Говь-Алтай аймгийн ******** сумд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ***** сумын ********* баг ********* тоотод  оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ДД******** регистрийн дугаартай, У овогт Д-н Н.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Н-н 2023 оны 07  дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн ***** сумд орчиндоо аюул учруулж болох амьтан буюу нохойгоо зохих хамгаалалтгүй байлгаж, улмаар тус нохой нь Ж.Д-г хазаж, түүний биед баруун шуу ясны хугарал, баруун чамархай, дагз, хүзүү, баруун шуунд сорив гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “орчиндоо аюул учруулж болох амьтан буюу нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

2023 оны 07  дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн ******* сумын ******** баг ****** тоот хашаан дотор шүүгдэгч Д.Н-н эзэмшлийн нохой нь хохирогч Ж.Д-г урж, ноцон түүний биед баруун шуу ясны хугарал, баруун чамархай, дагз, хүзүү, баруун шуунд сорив буюу хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь:

1. Хохирогч Ж.Д-н шүүх хуралдаанд өгсөн “... 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 09 цаг өнгөрөөд 10 цаг болж байсан. Д.Н-нх хүнсний дэлгүүртэй болохоор юм авах гээд очтол цоожтой байсан. Хашааны хаалга нь онгорхой байхаар нь хүн байгаа юм байна гээд хашааны үүдээр ороод дотогш 2 алхсан. Тэгсэн нохой хажуугаас харайж ирээд дарж унагаагаад, цус асгарсан. Хүн байна уу гээд хашхирсан чинь Д.Н-н хүүхэд гарч ирсэн. Аав ээж нь байгаа юм уу гэсэн чинь “аав ээж өглөө эрт хот явсан, унтаж байсан хүн орилоод нохой дуугарахаар нь гарч ирлээ” гэсэн. Тэр хүүхэд нэлээн зовж байж салгасан. Би аргал түлшээ түүчихдэг, хэдэн хүүхдээ зовоодоггүй байсан. Одоо хэдэн хүүхдийнхээ мөнгийг дуусгалаа... Гар дээшээ өргөгдөхгүй унжуулаад явж байна. Яс нь цуурсан. Их гүн шархтай. Эмнэлгээр үзүүлж байгаа. Өдөр болгон даралт үзэж байна...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдаан тэмдэглэлээс/

2. Шүүгдэгч Д.Н-н шүүх хуралдаанд өгсөн “... 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр би Улаанбаатар хот явчихсан байсан. Нохойгоо хашаандаа сул тавиад хаалгыг нь хаагаад орхичихсон байсан. Хот явж байх замд манай хүүхэд эмээг нохойд хазуулчихлаа гэж хэлсэн. Манай дэлгүүр хашааны гадна талд байдаг. Эмээ хашаан дотор хазуулсан байсан... Би олон хоногоор явсан болохоор хашаан дотроо сул тавьчихсан байсан... Хохирогчтой бараг нэг дор. Нэг гудамжны зайтай байдаг... Эмчилгээний төлбөр дээр өгөхөөс татгалзсан зүйл байхгүй. Нэг дор байдаг хүмүүс болохоор сайн эмчлүүлээд ирээсэй гээд манай эхнэр утсаар яриад хэлсэн. Хүүхдүүдэд нь бас хэлсэн ... ” гэх мэдүүлэг. / шүүх хуралдааны тэмдэглэлээс/

3. Гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 07 дугаар сарын 20-ны өглөө 09-10 цагийн хооронд Говь-Алтай аймгийн ****** сумын төвд Н гэдэг айл нь хүнсний дэлгүүр ажиллуулдаг бөгөөд тухайн дэлгүүрээс юм худалдаж авахаар явж байгаад Н-н хашааны хаалга нь онгорхой байсан чинь хашаан дотроос нь нохой нь гарч ирээд нохойнд бариулсан... Манай буурал ээж болох Ж.Д-н баруун гарт 4 ширхэг соёны шарх, толгойны орой хэсэгт соёгоор урсан урт шархтай, зүүн гүрээний хажуу хэсэгт соёны шархтай, баруун гүрээний хэсэгт хоёр соёны шархтай, баруун чихний ар хэсэгт хуйхны арьс урсан шархтай, мөн ар дагз хэсэгт соёоны язарсан шархтай байсан бөгөөд нийтдээ 40 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/

4. Гэрч Б.Ө-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ажил дээрээ байж байсан чинь өдөр 11 цагийн үед манай ажил дээр нохойд хазуулсан гээд Д гэдэг хүнийг хүү Л тэврээд орж ирсэн. Өөрөө явж чадахгүй байна гэж хэлсэн. Би өвчин намдаах, цус тогтоох, шингэн сэлбэх эмчилгээ хийсэн. Тухайн үед өвчтөн цочмог их хэмжээний цус алдалттай, их өвчтэй байсан. Шархны анхны цэгцлэлт хийсэн. Үзлэг хийхэд толгойн орой хэсгээс дагз хэсэг хүртэл хуйх урагдсан, баруун чихний ар хэсэгт тэр чигтээ хуйх нь урагдаад хойшоогоо хуйх нь иргээд наалдсан байдалтай байсан. Толгойн дээр 2 том шарх байснаас тусдаа 3 ширхэг 2 см хиртэй урагдсан шархтай, хүзүүний хоёр талд гүрээний судас орчим 2 талдаа 2, 2 соёо гүн орсон байсан. Соёоны гүн нь 1,5 сантиметр байсан. Баруун гарт шуу сарвуу орчим 6 ширхэг соёо орсон байсан. 1 соёо нь нэлээн гүн 4 сантиметр орчим орж урагдсан байдалтай байсан. Уг шархнуудыг цэвэрлэж хэсгийн мэдээ алдуулж оёдол тавьсан. Нийт 30 орчим оёо тавьсан. Чихний ар талын шарханд вений судас гэмтсэн байсан учир даралттай боолт тавьж Говь- Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт тээвэрлэж хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/

5. Гэрч Б.Л-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би хөдөө гэртээ байж байгаад өглөө 10 цаг өнгөрч байх үед ээж Д-н гэрт ирсэн. Тэгээд ээж цай хийж өгчихөөд “...би дэлгүүр ороод талхан дээр түрхэх юм аваад ирье...” гэж хэлээд гэрээс гарч явсан... Н-н хүүхэд утсаар яриад Д эгчийг манай нохой хазчихлаа гэж хэлсэн. Намайг яваад очиход манай ээж Н-н нохойд хазуулсан байдалтай хашааных нь үүдэнд дааман хаалганы дотор талд газарт сууж байсан. Хажууд нь Н-н хүүхэд Т зогсож байсан. Ээж газарт сөхрөөд суучихсан өөрөө босч чадахгүй толгой, шилэн хүзүү, баруун гар зэргийг нь хазсан бололтой битүү улаан хүрэн цус болчихсон байсан. Би сандраад машиндаа суулгаад ***** сумын эмнэлэгт авчиран цэвэрлэгээ хийлгэж оёо тавиулсан. Баруун чихний ар талын арьс хууларчихсан цус нь тогтохгүй аймгийн төв рүү эмнэлгийн машин авч явсан. Яг хэдэн оёо тавьсныг би сайн мэдэхгүй байна... Нийслэлхүүгийн нохой том хар монгол банхар байдаг юм...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/

6. Хохирогч Ж.Д-н өвчний түүхийн хуулбар. /хавтаст хэргийн 30-61 дүгээр хуудас/

7. Яаралтай тусламжийн 4815 дугаартай хуудасны хуулбар. /хавтаст хэргийн 62-75 дугаар хуудас/

8. Хохирогч Ж.Д-н гэмтлийг харуулсан гэрэл   зургийн үзүүлэлтүүд. /хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас/

9. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Батбаярын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 782 дугаартай “... Ж.Д-н биед баруун шуу ясны хугарал, баруун чамархай, дагз, хүзүү, баруун шуунд сорви гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх агуулга бүхий дүгнэлт. /хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Орчиндоо аюул учруулж болох амьтан гэдэгт өөрөө дайрч довтлон бусдын амь нас, эрүүл мэндэд бодит хохирол учруулж чадах байгалиас заяасан чадвартай гэрийн тэжээмэл амьтныг хамааруулан ойлгох бөгөөд ийм төрлийн гэрийн тэжээмэл амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дээрх гэмт хэргийн шинж хангагдана. Тодруулбал хазаж ноцон хүн, амьтныг гэмтээх, хороох байгалийн чадвартай гэрийн тэжээмэл амьтныг олон нийтийн газар авч явахдаа тухайн амьтны төрөл, биеийн хэмжээнд тохирсон хүзүүвч, хөтөлгөө хошуувчтай авч явах, орон сууц, хашаа зэрэг өөрийн эзэмшлийн бүсэд байгаа тохиолдолд хараа хяналтгүй гарахгүй байх, бусад хүн амьтан санамсаргүй байдлаар орохгүй байх нөхцлийг бүрдүүлэх, тасарч алдуурахааргүй байдлаар уях, зориулалтын торонд байлгах, түүнчлэн дээрх төрлийн амьтныг харуул манааны зориулалтаар ашиглаж байгаа тохиолдолд олон нийтийн болон бусдын эзэмшил газар луу чөлөөтэй нэвтрэх боломжийг хааж хашаа, хаалгаа бэхлэх үүргийг амьтан эзэмшигч хүлээх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас түүний эзэмшилд байдаг амьтан хүний биед халдан хүндэвтэр хохирол учруулсан бол орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

Иймд шүүгдэгч Д.Н нь өөрийн эзэмшлийн бусдын амь нас, эрүүл мэндэд бодит хохирол учруулж чадах байгалийн чадвартай гэрийн тэжээмэл амьтан болох нохойгоо дээрх шаардлагыг хангаагүй буюу хашааны хаалга онгорхой орчинд уялгүйгээр сул үлдээсний улмаас хохирогч Ж.Д-г урж ноцон хүндэвтэр гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн тухайд хашаанаасаа нохойгоо гарахгүй байх эсвэл гаднаас хүн болон бусад амьтан санамсаргүй байдлаар нэвтрэх боломжгүй болгон хаалга, хашаагаа бэхлэх, цоожлох үүргээ биелүүлээгүй тул түүний өмгөөлөгч нарын гаргасан “...шүүгдэгч хашаагаа хамгаалуулах зорилгоор нохойгоо хашаан дотроо сул орхиж, хашааны хаалгаа хаасан байсан ... хохирогч хашаан дотор орж нохойд хазуулсан тул гэмт хэргийн шинж хангагдахгүй...” гэх агуулга бүхий дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй шүүх дүгнэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал нөхөн төлөх хохирлын хэмжээг тогтоох зорилгоор урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 140 дүгээр хуудас/, мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн зүгээс гаргаж өгсөн хохиролтой холбоотой 494,850 (дөрвөн зуун ерэн дөрвөн мянга найман зуун тавь)  төгрөгийн баримт /хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/, шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд, хохирогчийн Баян-Өндөр мед эмнэлэгт үзүүлсэн рентген зургийн дүгнэлт, шүүгдэгчийн хохиролд 500,000 (таван зуун мянга) төгрөг төлсөн ХААН банкны 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Н-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

 Хохирогч Ж.Д-н нэхэмжилсэн 4,345,124 (дөрвөн сая гурван зуун дөчин таван мянга нэг зуун хорин дөрөв) төгрөгийн нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангасан баримтаар нотлогдсон 1,846,124 (нэг сая найман зуун дөчин зургаан мянга нэг зуун хорин дөрөв) төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үүнээс шүүгдэгчийн төлсөн 500,000 (таван зуун мянга) төгрөгийг хасаж, үлдсэн 1,346,124 (нэг сая гурван зуун дөчин зургаан мянга нэг зуун хорин дөрөв) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, шүүхийн хэлэлцүүлгээр шууд тогтоох боломжгүй, дансны хуулгаар нэхэмжилсэн 999,000 (есөн зуун ерэн есөн мянга) төгрөг болон өмгөөлөгчийн хөлс 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөг, нийт 2,499,000 (хоёр сая дөрвөн зуун ерэн есөн мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шинжээчид төлөх зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардалд хамаарч байх бөгөөд мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 3 дугаар зүйлийн 3.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн өмнөх шатанд гарсан зардлыг мөрдөгч, прокурор, шүүхийн шатанд гарсан зардлыг шүүгч тус тус тооцож, тухай бүр тэмдэглэл үйлдэн баталгаажуулна. Мөрдөгч, прокурор, шүүгч зардлыг баталгаажуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоос бичгээр гаргасан нэхэмжлэлийг харгалзаж болно.” гэж, 3.2-т “Мөрдөгч, прокурор, шүүгч энэхүү журмын 3.1-д заасан тэмдэглэлийг үндэслэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын маягтыг бөглөн тухайн байгууллагын санхүүгийн асуудал хариуцсан нэгжийн дарга, эсхүл дээд шатны даргаар хянуулан баталгаажуулж, хавтаст хэрэгт хавсаргана” гэж, 3.3-т Мөрдөгч, прокурор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаарх баримт, маягтыг энэхүү журмын 3.2-т заасны дагуу хавтаст хэрэгт хавсарган прокурор, шүүхэд шилжүүлнэ” гэж, 3.6-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зардал тооцоогүй, эсхүл хавтаст хэрэгт тусгаагүй тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нэхэмжлэх эрх үүсэхгүй” гэж, 3.7-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг буруутай этгээдээс гаргуулах тухай шийдвэрийг гаргахдаа энэхүү журмын 3.1, 3.2-т заасан мөрдөгч, прокурор, шүүгчийн тэмдэглэл, маягт, тэдгээрт хавсаргасан нотлох баримтын эх сурвалжид үндэслэнэ.” гэж тус тус зохицуулсан байна. Үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан бол мөрдөгч, прокурор дээрх баримтуудыг үйлдэн хэрэгт хавсаргахаар, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад гаргасан бол шүүгч хийхээр зохицуулсан гэж ойлгоно. Гэтэл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь хохирогч, өмгөөлөгч нарын хооронд байгуулагдаагүй, өмгөөлөгчийн хөлсийг түүний татварын байгууллагад бүртгэлтэй банкны дансаар төлсөн баримт байхгүй, дээрх зардлыг тус шүүхийн тамгын газраас гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй тул шүүх хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 500,000 (таван зуун мянга) төгрөг төлсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч, хохирогч нарын өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтуудыг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  У овогт Д-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д 1,000(нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Н-д сануулсугай. 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хохирогч Ж.Д-н нэхэмжилсэн 4,345,124 (дөрвөн сая гурван зуун дөчин таван мянга нэг зуун хорин дөрөв) төгрөгийн нэхэмжлэлээс 1,346,124 (нэг сая гурван зуун дөчин зургаан мянга нэг зуун хорин дөрөв) төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, 2,499,000 (хоёр сая дөрвөн зуун ерэн есөн мянга) төгрөгийн нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээ сувилгаатай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 500,000 (таван зуун мянга) төгрөг төлсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч, хохирогч нарын өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтуудыг хэрэгт хавсаргасугай.    

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА