Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/318

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч Д.Цэлмэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт Даваанямын Цэлмэгт холбогдох эрүүгийн 2321003440333 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машины оператор мэргэжилтэй, “Сарт түргэн хонгор” ХХК-д оператор ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг Наран гэх газарт оршин суух үндсэн хаягтай, одоо Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 55-53 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бодонгууд овогт Даваанямын Цэлмэг. /РД: ЖА98082012/

Шүүгдэгч Д.Цэлмэг нь Toyota Harrier маркийн 00-54 ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг сумын төвийн гудамжинд 2023 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Toyota prius-30 маркийн 51-24 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын хэсэгт Toyota Harrier маркийн 00-54 ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр мөргөж, улмаар хохирогч Ж.Нэргүйгийн биед баруун гарын богтос ясны зөрөөгүй хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч Д.Цэлмэгийн шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлж барагдуулсан” гэв.

  Шүүгдэгч Д.Цэлмэг нь 2023 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг сумын төвийн гудамжаар Toyota Harrier маркийн 00-54 ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Toyota prius -30 маркийн 51-24 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Ж.Нэргүйгийн биед баруун гарын богтос ясны зөрөөгүй хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.Цэлмэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2023 оны 09 дүгээр сарын 09-ний орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн Баяндун сумын 100-н жилийн баярын арга хэмжээ болж байсан наадмын талбайд 10 жилийн найзуудын хамт очсон. Би тухайн баярын арга хэмжээн дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 10-ны шөнө 00 цаг өнгөрч байхад баярын арга хэмжээ дуусаж ...би өөрийн Toyota Harrier маркийн 00-54 ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан. Ингээд наадмын талбайгаас уруудаж сумын төв рүү орох хороолол дунд төв замаар явж байхдаа урд явж байсан машин удаан явж байгаа юм шиг санагдсан тул тухайн машиныг гүйцэж түрүүлээд буцаж замдаа орох үедээ гүйцэж түрүүлсэн машины урд байсан Toyota prius -30 маркийн машиныг мөргөсөн. Тухайн үед бороо их орсон шавар ихтэй үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Би тоормос гишгэсэн боловч зогсож чадалгүй араас нь мөргөсөн...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч Ж.Нэргүйгийн “...Миний хувьд тодорхой хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учраас жолоо барихгүй гээд архи хэрэглээгүй найз Бямбацэцэгээр машинаа бариулаад сумын төв рүү гэр рүүгээ хөдөлсөн. ...Гэтэл сумын төвийн хороолол дунд шороон замаар явж байхад гэнэт араас машин мөргөх шиг болсон бөгөөд би хэсэг ухаан алдсан. ...Би ухаан ороод манай машины араас мөргөсөн машиныг харахад Toyota Harrier маркийн машин байсан ба жолооч нь Цэлмэг гэх залуу байсан. Тухайн үед жолоочийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг багажаар цагдаа нар шалгахад Цэлмэг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. ...2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн төвд ирж биеэ үзүүлэхэд миний баруун гарын бугалга хэсгийн богтос яс хугарсан байсан. ...Би Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 12 дугаар сард “Дорнын билэг” ББСБ-аас зээлээр авсан. Тухайн ослын улмаас миний тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учирсан тул би энэ машиныг авахгүй шинэ машин авна эсхүл тухайн машинтай дүйцэх мөнгө авна гэдгээ хэлээд машины түлхүүрийг Цэлмэг гэх залууд өгсөн. Цэлмэг нь миний машиныг шинээр худалдан авч өгнө гэж хэлсэн. Машинаа бүрэн бүтнээр нь авах юм бол надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ц.Өлзийсайханы “...Манай байгууллага барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг. ...Уг тээврийн хэрэгслийг барьцаалан зээлдэгч Ж.Нэргүй нь манай байгууллагад төлөх ёстой мөнгөн дүнгээ цаг тухайд нь төлөөд явж байгаа учраас ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Манай байгууллага нь тус тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтэлтэй холбоотой ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 507 тоот “...Ж.Нэргүйгийн биед баруун гарын богтос ясны зөрүүгүй хугарал, тархи доргилт, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар баруун гарын богтос ясны зөрүүгүй хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр ...зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт, Д.Цэлмэгийн амьсгал дахь спиртийн агууламж 1,52 промиль гарсан тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шинжилгээний дүгнэлт, хохирол төлбөр төлсөн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

  Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

   Шүүгдэгч Д.Цэлмэг  нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх та түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Шүүгдэгч Д.Цэлмэгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Нэргүйгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.Цэлмэг нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорын хохиролд нийт 24,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байх ба хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч Д.Цэлмэгийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

  Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Бодонгууд овогт Даваанямын Цэлмэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгчийг 6 сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, Д.Цэлмэгт хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бодонгууд овогт Даваанямын Цэлмэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Даваанямын Цэлмэгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэлмэгийг 6 /зургаа/ сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэлмэг нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цэлмэгт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

   7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Цэлмэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА