Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 09

 

                 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                                      

                  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг би нэхэмжлэгч “К” ХХК-ийн “Э” ТӨҮГ-ын ТҮХ-д холбогдуулан гаргасан “Э” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202101548 дугаартай “Автосамосвалын хөдөлгүүрийн сэлбэг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт дахин үнэлгээ хийхгүй байгаа ТҮХ-ы эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, дахин үнэлгээ хийхийг ТҮХ-д даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан “Нэхэмжлэлээсээ татгалзах тухай” хүсэлтийг 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь “Э” ТӨҮГ-аас 2021 оны 01 сарын 15-ны өдөр зарласан ЭҮТӨҮГ/202101548 дугаартай "Автосамосвалын хөдөлгүүрийн сэлбэг" нийлүүлэх тендер шалгаруулалтад оролцсон бөгөөд “Э” ТӨҮГ-аас 2021 оны 03 сарын 09-ний өдрийн ДҮ-112-12/917 дугаартай тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг системээр илгээсэн.

Энэхүү мэдэгдлийг 2021 оны 03 сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад Сангийн яаманд “Э” ТӨҮГ-ын 2021 оны 03 сарын 09-ний өдрийн ДҮ-112-12/917 дугаартай мэдэгдэл болон манай компанийн тендерийг шаардлага хангаагүй гэж үзсэн үнэлгээний хорооны дүгнэлт, шалгарсан “Э” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай үнэлгээний хорооны шийдвэр, захиалагч “Э” ТӨҮГ-ын гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгож, манай компанитай гэрээ байгуулахыг “Э” ТӨҮГ-т, манай компанийн тендер шаардлага хангасан дүгнэлт болон гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж гаргаж, захиалагчид хүргүүлэхийг “Э” ТӨҮГ-ын дугаартай "Автосамосвалын хөдөлгүүрийн сэлбэг" нийлүүлэх ЭҮТӨҮГ/202101548 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд тус тус даалгах гомдлыг гаргасан.

Уг гомдлыг Сангийн яамнаас хянаж үзээд “Э” ХХК-ийн тендерт үйлдвэрлэгчийн олгосон R.С.di Осторуска Саса компани камминсын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг болохыг нотлох баримтыг ирүүлээгүй байх тул захиалагчийн 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн “Э” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгасан шийдвэрийг тус яамны төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 03 сарын 26-ны өдрийн 6-1/1381дугаартай албан бичгээр шийдвэрлэсэн байна.

Уг албан бичгийг “Э” ТӨҮГ-т 2021 оны 03 сарын 29-ний өдөр хүргүүлсэн байх ба манай компани нь Сангийн яамны хариу ирэхийг хүлээж байсан боловч ирээгүй тул 2021 оны 04 сарын 19-ний өдөр Сангийн яамны бичиг хэргийн ажилтнаас хуулбарлаж авсан. Эх хувь болон нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгөх боломжгүй байна.

Сангийн яамны шийдвэрийг биелүүлж, тендерийн үнэлгээг дахин хийх талаар бичгээр болон амаар хүсэлт гаргасан боловч холбогдох албан тушаалтнууд тодорхой хариу өгөхгүй байгаа ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана: 55.3.1-т энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх; 55.3.3-т зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах гэж тус тус заасны дагуу гарсан Сангийн яамны шийдвэрийг биелүүлэхгүй хууль бус эс үйлдэхүйг үнэлгээний хороо гаргаад байна. Сангийн яамны шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй юм.

“Э” ТӨҮГ-ын 2021 оны 03 сарын 09-ний өдрийн “Э” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгаж, тендерийн хүчинтэй хугацааг 15 хоногоор сунгаж өгсөн байхад үндэслэлгүйгээр өнөөдрийг хүртэл тендерийн үнэлгээ хийхгүй байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т Тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж аль болох богино хугацаанд хийнэ. 29 дүгээр зүйлийн 29.1-т Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ гэж заасныг тус тус ноцтой зөрчиж байна.

ТҮХ-ны Сангийн яамнаас гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй, дахин үнэлгээ хийгээгүй эс үйлдэл нь тендерт шалгарах боломжтой буюу хамгийн сайн тендер хүргүүлсэн оролцогч манай компанийн эрх, ашигт шууд нөлөөлж, хохирол учруулж байгаа бөгөөд хууль бус эс үйлдэхүй юм.

2.Дахин үнэлгээ хийхийг ТҮХ-д даалгах,

“Э” ТӨҮГ-ын 2021 оны 03 сарын 09-ний өдрийн ДҮ-112-12/917 мэдэгдэлд манай компанийн тендер нь тендерийн баримт бичиг заасан шаардлагыг бүрэн хангасан боловч үнийн хувьд өндөр байна гэх үндэслэлээр татгалзсан тухай дурьдсан ба “Э” ХХК-ийн тендерийг хамгийн сайн гэж үнэлсэн үнэлгээ хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 03 сарын 26-ны өдрийн 6-1/1381 дугаартай албан бичгээр хүчингүй болгож, “Э” ХХК-ийн шалгарсан тендер нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй болохыг тогтоосон. Энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Үнэлгээний хорооны дахин үнэлгээ хийхгүй байгаа эс үйлдэхүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ. 28 дугаар зүйлийн 28.1-т Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ. 47.2.Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна:47 дугаар зүйлийн 47.2.2,-т тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх гэж тус тус заасныг зөрчиж байна.

Тодруулбал “Э” ХХК-иас ирүүлсэн үйлдвэрлэгч /борлуулагчийн итгэмжлэлийг судалж үзэхэд үйлдвэрлэгч, борлуулагч гэх Итали Улсын R.С.di Осторуска Саса компани нь 2020.03.11-ний мэдэгдэлээр камминс хөдөлгүүрт зориулсан төрөл бүрийн сэлбэгийн үйлдвэрлэгч/ борлуулагч өөрсдийн түнш “Э” ХХК-ийн онцгой эрхт албан ёсны борлуулагч/ төлөөлөгч болохыг тодорхойлсон байх ба үүнээс R.С.di Осторуска Саса компани нь үйлдвэрлэгч биш болох нь харагддаг. Уг итгэмжлэл нь үйлдвэрлэгчийн итгэмжлэл биш болох нь дараахь баримтаар тогтоогдсон.

1.Италийн Камминс компанийн 2021 оны 02 сарын 11-ний өдрийн албан бичгээр “R.С.di Осторуска Саса компанийг камминсын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэггүй, мөн албан ёсны борлуулагч биш" талаар тодорхойлолт ирүүлсэн.

      2.R.С.di Осторуска Саса компани өөрийн албан ёсны и-мэйлээр Камминсын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэггүй, “Э” ХХК-д итгэмжлэл, албан ёсны зөвшөөрөл олгоогүй болохоо мэдэгдсэн.

“Э” ХХК нь худал баримт гаргаж өгч, түүнийг үнэлгээний хороо нь үйлдвэрлэгчийн итгэмжлэл гэж үнэлсэн нь тендерийн баримт бичгийн ТОӨЗ 18.1 (а)-ийн Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл: Зөвхөн үйлдвэрлэгчийн зөвшөөрөл шаардлагатай. Үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг Маягт № ТШМ 4-ийн дагуу бэлтгэж эх хувиас хуулбарлан нотариатаар баталгаажуулан ирүүлнэ гэж заасан шаардлагыг хангахгүй байна. 

Зөвхөн үйлдвэрлэгчийн зөвшөөрөл ирүүлэх шаардлагатай байхад худал баримтуудыг үнэлж, шалгаруулсан нь хууль бус байсан. Итали Улсын R.С.di Осторуска Саса компани нь камминс-ын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч гэх ямар ч баримтгүй бөгөөд камминсын бараа тэмдэгийг манай компанийн толгой компани болох АНУ-ын Камминс инк компани эзэмшиж байхад хууль бусаар барааны тэмдэгийг ашигласан байдаг.

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана гэж заасны дагуу “Э” ХХК-ийн тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж, татгалзах үүрэгтэй байсан боловч хууль зөрчиж, үнэлгээ хийж, шалгаруулсныг Сангийн яам тогтоосон тул тендерийн үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, шаардлага хангасан манай компанийн тендерийг хамгийн сайн гэж үзэж үнэлэх шийдвэр болон гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэр гаргаж, захиалагчид хүргүүлэх үүрэгтэй юм.

Үнэлгээний хорооны дахин үнэлгээ хийж, манай компанийг шалгаруулахаас зайлсхийж байгаа хууль бус эс үйлдэхүйн улмаас манай компанийн тендерт шалгарч, бараа нийлүүлж, ашиг, орлого олох эрхийг зөрчиж байна. 

Иймд үнэлгээний хорооны үнэлгээ хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болох нь бүрэн тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасныг үндэслэн дахин үнэлгээ хийхийг ТҮХ-д даалгах хууль зүйн үндэслэлтэй” гэжээ.

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.С шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Манай компани нь танай шүүхэд "Э” ТӨҮГ ЭҮТӨҮГ/202101548 дугаартай “Автосамосвалын хөдөлгүүрийн сэлбэг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт дахин үнэлгээ хийхгүй байгаа ТҮХ-ны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, дахин үнэлгээ хийхийг ТҮХ-д даалгах нэхэмжлэлийг гаргасан.

Уг нэхэмжлэлийг гаргасны дараа “Э” ТӨҮГ-ын 2021 оны 05 сарын 2-ны өдрийн Дү-112-12/2123 дугаартай гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэрийг хүлээж авсан ба гэрээнд гарын үсэг зурж хүргүүлсэн болно.

Иймд "Э” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202101548 дугаартай "Автосамосвалын хөдөлгүүрийн сэлбэг" нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт дахин үнэлгээ хийхгүй байгаа ТҮХ-ны эс үйлдэхүй хууль болохыг тогтоолгох, дахин үнэлгээ хийхийг ТҮХ-д даалгах нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул захиргааны хэрэг үүсгэхээс өмнө нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсан шүүгчийн захирамж гаргаж өгнө үү гэжээ.

                                                           

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “К” ХХК нь “Э” ТӨҮГазрын ТҮХ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-ийн “Э” ТӨҮГазрын ТҮХ-д холбогдуулан гаргасан “Э” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202101548 дугаартай “Автосамосвалын хөдөлгүүрийн сэлбэг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт дахин үнэлгээ хийхгүй байгаа ТҮХ-ны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, дахин үнэлгээ хийхийг ТҮХ-д даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

            5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

ШҮҮГЧ                    П.УУГАНЦЭЦЭГ