| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 221/2025/0046/З |
| Дугаар | 221/ШШ2026/0003 |
| Огноо | 2026-02-23 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 221/ШШ2026/0003
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүгч З.Ганзориг, Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Х нар
Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн сайд
Нэхэмжлэлийн шаардлага: Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/06 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Нотариатчийн Мэргэшлийн хорооны ажиллах журмын 4.14, 7.2 дахь заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
Хэргийн индекс: 221/2025/0046/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Х нар нь Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/06 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Нотариатчийн Мэргэшлийн хорооны ажиллах журмын 4.14, 7.2 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч “Б.Х нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
2.1. Б.Х бид 2021 онд улсын хэмжээнд зохион байгуулагдсан нотариатын мэргэшлийн шалгалтад Нийслэлийн тойрогт өрсөлдөж Б.Х миний бие 102,8 оноогоор, Э.М миний бие 100,2 оноогоор Нотариатчийн мэргэшлийн хорооны ажиллах журмын 4.5.11-д “Сорилго, бодлого, ярилцлагын нийт онооны нийлбэр 170 байх бөгөөд нийлбэр дүнгээр 90 ба түүнээс дээш оноо авсан хүнийг шалгалтад тэнцсэн гэж үзнэ” гэж зааснаар тус шалгалтад тэнцсэн билээ.
2.2. Нотариатын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Дараах шаардлагыг хангасан Монгол улсын иргэн нотариатын үйл ажиллагаа эрхлэх эрхтэй” гээд 6.1.1-д хуульд заасан хуульчийн мэргэжлийн болон энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэргэшлийн шалгалтад тэнцсэн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулсан мэргэшлийн шалгалтад тэнцсэн тохиолдолд олгоно”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангасан иргэнд Мэргэшлийн хорооны саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоно” гэж тус тус тодорхой заасан байтал Хууль зүй, дотоод хэргийн сайд “Нотариатчийн мэргэшлийн хорооны ажиллах журам”-ын 4.14-т заасныг баримтлан 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Нотариатчийн нөөцөд бүртгэх тухай” А/290 дүгээр тушаал гарган уг тушаалын хавсралтын 31-т Б.Х намайг, 36-д Э.М намайг Нийслэлийн тойрогт нотариатчийн нөөцөд бүртгэсэн байдаг.
2.3. Хууль зүй, дотоод хэргийн сайд 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/165 дугаар тушаалаар “Нотариатчийн мэргэшлийн хорооны ажиллах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахдаа тус журмын 4.14-т “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, нотариатын тойрог шилжихтэй холбогдсон шалгалтад тэнцсэн иргэний шалгалтын дүн 3 жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд уг хугацаанд тухайн тойрогтоо нөөцөд байна”, 7.2-т “Шалгалтад тэнцсэн боловч зарласан тойргийн орон тоонд багтаагүй, нөөцөд байгаа иргэнийг бусад тойргийн зарласан сул орон тоонд тусгай зөвшөөрөл олгох, тойрог шилжүүлэх эсэх асуудлыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ” гэж хууль зөрчсөн хэм хэмжээг буюу Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх”, 60.1,2-т “тусгайлан эрх олгосон тухай хуулийн агуулга, зорилго. хүрээнд нийцсэн байх”, 60.1.5-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглэх”, 60.1.6-д “Хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх” гэсэн захиргааны хэм хэмжээний актад тавигдах хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн нэмэлт заалтуудыг оруулсанд гомдолтой байна.
2.4. Хууль зүй, дотоод хэргийн сайд 2017 онд дээрх хууль зөрчсөн заалтыг захиргааны хэм хэмжээний актад тусгаснаас үүдэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Нотариатчийн нөөцөд бүртгэх тухай” А/290 дүгээр тушаал гаргасан бөгөөд тухайн тушаалын хавсралтад заасан нотариатын мэргэшлийн шалгалтад тэнцсэн хуульч бидний нотариатын үйл ажиллагаа эрхлэх боломж Нотариатын мэргэшлийн хорооны ажиллах журмын 4.14-т зааснаар 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр дуусгавар болсон байдалтайгаар бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна.
2.5. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ ...шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж тодорхой заасан ба дээр дурдсанчлан Нотариатын тухай хуульд зааснаар нотариатын мэргэшлийн шалгалтад тэнцсэн хуульч бүр тэгш эрхтэйгээр нотариатын үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байтал шалгалтад тэнцсэн бусад хуульчдын хуулиар тогтоосон субьектив эрхийг хязгаарласан хэм хэмжээг тусгасан нь үндэслэлгүй байна.
2.6. Нотариатын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д “Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална ” гэсний дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд 2016 оны А/06 дугаар тушаалын хавсралтаар “Нотариатчийн мэргэшлийн хорооны ажиллах журам”-ыг баталсан ба тус журмын 1.1-д “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, нотариатын тойрог шилжихтэй холбогдуулж мэргэшлийн шалгалт явуулах, нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинд дүгнэлт гаргахад энэхүү журмыг баримтална” гэж Нотариатын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан Мэргэшлийн хорооны чиг үүргийн хүрээнд уг журмын зорилгыг тодорхойлсон байтал 2017 онд журамд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хуулиар олгогдоогүй, хуулиас давсан, журмын зорилгод хамаарахгүй гажуудуулсан хэм хэмжээг тогтоосон байна.
2.7. Иймд “Нотариатчийн Мэргэшлийн хорооны ажиллах журам”-д 2017 онд нэмэлтээр орсон тус журмын 4.14-т “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, нотариатын тойрог шилжихтэй холбогдсон шалгалтад тэнцсэн иргэний шалгалтын дүн 3 жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд уг хугацаанд тухайн тойрогтоо нөөцөд байна” , 7.2-т “Шалгалтад тэнцсэн боловч зарласан тойргийн орон тоонд багтаагүй, нөөцөд байгаа иргэнийг бусад тойргийн зарласан сул орон тоонд тусгай зөвшөөрөл олгох, тойрог шилжүүлэх эсэх асуудлыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ” гэж заасныг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.
3. Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
3.1. Нотариатын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д “Мэргэшлийн шалгалтыг нотариатын тойрог, нотариатчийн орон тоо, хэрэгцээг харгалзан улсын хэмжээнд гурван жил тутам явуулах бөгөөд нотариатч ажиллаагүй тухайн тойрогт мэргэшлийн шалгалт явуулах эсэхийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухай бүр шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулсан мэргэшлийн шалгалтад тэнцсэн тохиолдолд олгоно” гэж тус тус хуульчилсан.
3.2. Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох асуудлыг дээрх хуульд зааснаас өөр нарийвчилсан зохицуулалт байхгүй тул шалгалт хоорондын хугацаанд төрийн гэрчлэх чиг үүргийг бэхжүүлэх, нотариатын үйлчилгээний хэрэгцээ, шаардлага, иргэдэд хүртээмжтэй байдлыг хангах үүднээс Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны А/06 дугаар тушаалаар баталсан “Нотариатчийн мэргэшлийн хорооны ажиллах журам”-д мөн сайдын 2017 оны А/165 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулж, нотариатчийн мэргэшлийн шалгалтын босго оноо давсан хуульчдыг нотариатчийн нөөцөд бүртгэж, нотариатын сул орон тоо гарсан тохиолдолд нөөцөөс томилох зохицуулалтыг тусгасан болно.
3.3. Нотариатын тойрог, нотариатчийн орон тоо, хэрэгцээг харгалзан нотариатчийн мэргэшлийн шалгалтыг 2021, 2022 онуудад зохион байгуулж, тухайн шалгалтаар нотариатчийн сул орон тоонд багтаагүй боловч босго оноо давсан хуульчдыг “Нотариатчийн нөөцөд бүртгэх тухай” Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/290 дүгээр тушаалаар, мөн сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/299 дүгээр тушаалаар 3 жилийн хугацаагаар тус тус нөөцөд бүртгэсэн.
3.4. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/290 дүгээр тушаалаар бүртгэгдсэн хуульчдын нөөцөд байх хугацаа 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр, мөн сайдын 2022 оны А/299 дүгээр тушаалаар бүртгэгдсэн хуульчдын нөөцөд байх хугацаа 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөр дуусгавар болсон бөгөөд нөөцөд байх хугацаанд нийт 33 хуульч нөөцөөс томилсон, нотариатын үйлчилгээний хүртээмж, хэрэгцээ, шаардлагыг хангаж, төрийн гэрчлэх чиг үүргийг хэрэгжүүлж ирсэн.
3.5. Цаашид нотариатчийн мэргэшлийн хорооны ажиллах журмаар зохицуулсан харилцаа, зайн гэрчлэлт зэрэг асуудлыг Нотариатын тухай хуульд тусгахаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгасан болно.
3.6. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны А/06 дугаар тушаалаар баталсан “Нотариатчийн мэргэшлийн хорооны ажиллах журам”-ын 4.14-т заасан нотариатчийн нөөцөд бүртгэх, 7.2-т заасан нотариатчийн нөөцөд байгаа хуульчийг сул орон тоонд томилох зохицуулалтыг журмын төслийг шинэчлэн, илүү боловсронгуй болгохоор ажиллаж байна.
3.7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан шалгалтад тэнцсэн иргэдийг нөөцөд бүртгэх асуудлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэрэв нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангаж шийдвэрлэсэн тохиолдолд нөөцөөс томилогдсон 33 хуульчийн эрх зүйн байдал дордох юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Анх нэхэмжлэгч Б.Х, Э.М нараас Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/06 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Нотариатчийн Мэргэшлийн хорооны ажиллах журам”-ын 4.14, 7.2 дахь заалтуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхийн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны А/06 дугаар тушаалаар батлагдсан “Нотариатчийн Мэргэшлийн хорооны ажиллах журам”-д 2017 оны А/165 дугаар тушаалаар нэмэлтээр орсон тус журмын 4.14 “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, нотариатын тойрог шилжихтэй холбогдсон шалгалтад тэнцсэн иргэний шалгалтын дүн 3 жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд уг хугацаанд тухайн тойрогтоо нөөцөд байна”, 7.2 “Шалгалтад тэнцсэн боловч зарласан тойргийн орон тоонд багтаагүй, нөөцөд байгаа иргэнийг бусад тойргийн зарласан сул орон тоонд тусгай зөвшөөрөл олгох, тойрог шилжүүлэх эсэх асуудлыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ” гэсэн заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд шүүх нэхэмжлэгч нарын анх шүүхэд гаргасан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/06 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Нотариатчийн Мэргэшлийн хорооны ажиллах журам”-ын 4.14, 7.2 дахь заалтуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
3.1. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэж тус тус зааснаас үзэхэд захиргааны хэм хэмжээний акттай холбогдуулан маргаж буй этгээдийн хувьд “хүчингүй болгох” эсхүл “хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж болохоор хуульчилсан байх боловч “хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагын хувьд маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлд зааснаар “хүчин төгөлдөр болоогүй” гэдгийг тогтооход чиглэгддэг нэхэмжлэлийн шаардлагын төрөл юм.
3.2. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий журмыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тохиолдолд шүүх бүрэлдэхүүн маргааныг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасан хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болох шаардлагыг хангасан эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй бөгөөд маргаан бүхий Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны А/06 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Нотариатчийн Мэргэшлийн хорооны ажиллах журам”-ыг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлийн 5452 дугаарт бүртгэгдсэн болох нь эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд нийтэд илэрхий байдлаар байршсан байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч нар захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн төрлийг гаргах боломжгүй.
3.3. Харин нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-гаас дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн хэдий ч анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа уг журмын 4.14 буюу “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, нотариатын тойрог шилжихтэй холбогдсон шалгалтад тэнцсэн иргэний шалгалтын дүн 3 жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд уг хугацаанд тойрогтоо нөөцөд байна”, 7.2 буюу “Шалгалтад тэнцсэн боловч зарласан тойргийн орон тоонд багтаагүй, нөөцөд байгаа иргэнийг бусад тойргийн зарласан сул орон тоонд тусгай зөвшөөрөл олгох, тойрог шилжүүлэх эсэх асуудлыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ” гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах гэж тодорхойлсон бөгөөд уг журмыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад хязгаарлагдалгүйгээр журмын холбогдох заалтыг нь хүчингүй болгож шийдвэрлэв.
3.4. Нэхэмжлэгч нараас хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “маргаан бүхий журмын холбогдох заалтууд нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх”, 60.1.2-т “тусгайлан эрх олгосон тухай хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх”, 60.1.5-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглэх”, 60.1.6-д “Хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх” гэсэн захиргааны хэм хэмжээний актад тавигдах хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн ... Нотариатын тухай хуульд зааснаар нотариатын мэргэшлийн шалгалтад тэнцсэн хуульч бүр тэгш эрхтэйгээр нотариатын үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байтал шалгалтад тэнцсэн бусад хуульчдын хуулиар олгосон субьектив эрхийг хязгаарласан хэм хэмжээг тусгасан нь үндэслэлгүй гэж тайлбарлан маргажээ.
3.5. Хариуцагчаас дээрх хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны А/06 дугаар тушаалаар баталсан “Нотариатын мэргэшлийн хорооны ажиллах журам”-ын 4.14-т заасан нотариатын нөөцөд бүртгэх, 7.2-т заасан нотариатын нөөцөд байгаа хуульчийг сул орон тоонд томилох зохицуулалтыг хуульд нийцүүлэхээр журмын төслийг шинэчлэн боловсруулж байна” гэсэн тайлбар ирүүлсэн байна.
3.6. Нотариатын тухай хуулийн 13 дугаар зүйлд Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхийг заасан бөгөөд 13.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн нотариатын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 13.1.1-д “нотариатчийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, журам, заавар, аргачлал батлах;”, 13.1.4-д “нотариатчийн мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах;”, 13.1.5-д “нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулсан мэргэшлийн шалгалтад тэнцсэн тохиолдолд олгоно”, 15 дугаар зүйлийн 15.6-д “Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангасан иргэнд Мэргэшлийн хорооны саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоно” гэж тус тус хуульчилжээ.
3.7. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайд нь нотариатчийн мэргэшлийн шалгалтад тэнцсэн, санаатай гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй, нотариатын үйлдэл хийх ажлын байртай иргэнд Мэргэшлийн хорооны саналыг үндэслэн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох бүрэн эрхтэй байх боловч ийнхүү хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Нотариатын тухай хуульд заагаагүй “сул орон тоонд багтаагүй шалгалтад тэнцсэн иргэдийг 3 жилийн хугацаанд нөөцөд бүртгэх” талаар Мэргэшлийн хорооны ажиллах журамд тусгасан нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн, хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаагүй, иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байх;”, 60.1.2-т “тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх;”, 60.1.6-д “хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх;” гэсэн захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагад нийцээгүй байна.
3.8. Өөрөөр хэлбэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд нь нотариатчийн мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдэд нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох эрхтэй ч ийнхүү нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохдоо нотариатчийн мэргэшлийн шалгалтад тэнцсэн эсэх, санаатай гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй эсэх, нотариатын үйлдэл хийх ажлын байртай эсэх нөхцөл байдлыг шалгуур үзүүлэлт болгоно. Нотариатын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулсан мэргэшлийн шалгалтад тэнцсэн тохиолдолд олгоно” гэж заасан нь хуульд заасан журмын дагуу зохион байгуулсан мэргэшлийн шалгалтад тэнцсэн тохиолдолд нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох агуулгатай байхад маргаан бүхий журмаар “нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох шалгалтад тэнцсэн иргэний шалгалтын дүн 3 жилийн хугацаанд хүчинтэй байна” гэж хуулиас давсан хэм хэмжээ тогтоосон нь үндэслэлгүй болжээ.
3.9. Хэдийгээр Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангасан иргэнд Мэргэшлийн хорооны саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоно” гэж заасны дагуу хариуцагч нотариатын мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнд нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох бүрэн эрхтэй байх боловч “шалгалтад тэнцсэн иргэний шалгалтын дүн 3 жилийн хугацаанд хүчинтэй байх”-аар журамд тусгайлан нэмэлт өөрчлөлт оруулсан нь Нотариатын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д хориглоогүй асуудлаар хязгаарлалт тогтоосон байх тул “хариуцагч 2017 онд журамд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хуулиар олгогдоогүй, хуулиас давсан, журмын зорилгод хамаарахгүй гажуудуулсан хэм хэмжээг тогтоосон” гэх агуулгаар маргаж буй нэхэмжлэгч нарын тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй.
3.10. Мөн тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд сонгогдсон иргэдийн төлөөлөгч Ш.Э-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мөн хэргийн оролцогчдоос иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн санал гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д “Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно” гэж заасны дагуу иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж, хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8, 106.3.12, 112 дугаар зүйлийн 112.1, 112 дугаар зүйлийн 112.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2, 60.1.6, Нотариатын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 13 дугаар зүйлийн 13.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1, 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Х нараас Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/06 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Нотариатчийн Мэргэшлийн хорооны ажиллах журмын 4.14, 7.2 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА