Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 70

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

            Улсын яллагч М.Амарзаяа,

            Шүүгдэгч М.Төгөлдөр, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч М.Төгөлдөрт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2016 2601 2289 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, компьютерийн инженер мэргэжилтэй, ам бүл-5, ээж, эмээ, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо тоосгоны 9-159 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Балдмаа овогт Мөнх-Эрдэний Төгөлдөр РД:УШ95012231,    

             

Үйлдсэн хэргийн талаар: 

Шүүгдэгч М.Төгөлдөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 16-60 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Б.Амгаланг зодож, мөн түүний ээж болох И.Ганбатын биед баруун хөлний шаант ясны дотор хавчаарын далд хугарал, баруун хөлний тавхай, шилбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын шуу, зүүн гарын 5 дугаар хуруунд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:           

 

           Тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:    

Шүүгдэгч М.Төгөлдөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 16-60 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн Б.Амгаланг зодож, мөн түүний ээж болох И.Ганбатын биед баруун хөлний шаант ясны дотор хавчаарын далд хугарал, баруун хөлний тавхай, шилбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын шуу, зүүн гарын 5 дугаар хуруунд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:       

           - хохирогч Б.Амгалангийн:...гэр хороолол ордог уулзвараар эргэх гээд түгжрээд байж байтал 2 дугаар эгнээнээс суудлын машин хажуунаас дарж орсон. Араас нь дагаад явж байтал явж ядаад байхаар нь Содон хорооллын арын шороон зам дээр түгжрэхээр нь хажууд нь очоод “чи одоо яаж яваад байгаа юм бэ” гэтэл уг машинаас 3 залуу бууж ирсэн. Урд сууж явсан 2 залуу намайг зуураад татсаар байгаад колонкын хашаа руу ороод заамдалцаад байж байтал 1 нь араас татаад унагаасан. Тэгэхээр нь би хэд хоногийн өмнө зүүн талын толгойн хэсэгтээ хагалгаанд орсон учир тэрийгээ хамгаалаад хэвтэж байтал толгойн баруун тал руу 2 удаа өшиглөсөн. Намайг нэг харахад ээж биднийг салгах гээд байж байсан ба хүн түлхсэн үү эсхүл татаж унагасан эсэхийг сайн мэдэхгүй байна. Ээж газар уначихсан байж байсан. Би ээж дээр очоод босгох гэтэл ээж босч чадахгүй байсан ба ээжийг арай гэж өргөөд колонкын хашааны доод талд нь байдаг довжоо шиг юман дээр суулгаад байж байтал нэг эгч ирээд та хоёрыг зодсон залуучууд цагдаад баригдчихсан байна гэсэн...гэх мэдүүлэг /хх-26/,

         - хохирогч И.Ганбатын:...2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 10 цаг өнгөрч байхад хүү Амгаланг Хатанбаатар элэг судлалын төвөөс аваад харих гээд 1 дүгээр хорооллын арын замаар явж байгаад хойшоо 21 дүгээр хороолол ордог гэр хорооллын голоор байдаг шинэ засмал зам руу дохио өгөөд эргэх гэтэл, гэнэт цагаан өнгийн жижиг машин 2 дугаар эгнээнээс дараад намайг шахаад ортол миний ард явсан машин сигналдтал намайг гэж бодоод над руу дунд хуруугаа гаргаад байсан. Дээшээ өгсөх гээд миний урд явж байхдаа намайг өдөөд байгаа юм шиг хэд хэд огцом тооромслоод байсан. Тэгж явсаар байгаад 21 дүгээр хороолол руу ордог Содон хорооллын арын шороон зам дээр ирэхэд би хажуухан талд нь хальт зогсоод энэ машин дотор ямар хүмүүс яваад байгааг харах гэтэл манай хүү машинаас гараад нөгөө машины жолоочийн тал дээр очсон. Нөгөө машинд байсан 3 залуу гарч ирээд манай хүүг түлхэж унагаачихаад хар өнгийн савхин куртиктэй залуу манай хүүг 2-3 удаа толгой руу нь өшиглөсөн. Тухайн үед манай хүү чихний хагалгаанд орчихоод оёдолтойгоо явж байсан. Тиймээс би хүүгээ хамгаалах гэж тухайн зодоонд орсон. Хар өнгийн нимгэн цамцтай залууг нь би “хүүхэд аллаа болиоч ээ” гээд цамцнаас нь татахад намайг зөрүүлээд газар шидсэн. Тэнд байсан колонкын ах салгах гэтэл тэр 3 залуу зодох гээд байсан. Тэгээд машиндаа суугаад яваад өгсөн. Тэгтэл колонкын нэг эмэгтэй хүрч ирээд таныг зодсон залуу тэр зам дээр цагдаад баригдчихсан байна гэж хэлсэн...миний шагайны дээд талд байх яс хугарсан, зүүн гар хөхөрсөн байсан...би маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-28-29/,

         - гэрч Х.Сүхбаатарын:...би тухайн өдөр ээлжинд гарч байсан ба гадаа хүмүүс хашгиралдаад байх шиг байхаар нь гарсан чинь хэсэг хүмүүс хэрэлдээд байх шиг байсан болохоор нь нэг их тоолгүй машинд бензин хийчихээд байж байтал дахиад шуугилдаад байхаар нь гартал хэсэг бүлэг залуучууд хоорондоо барьцалдчихсан байсан. Тэгтэл нэг эмэгтэй ямар хувцастай хүн байсныг мэдэхгүй байна, нэг залуугийнх нь гарнаас салгах гээд л байгаа юм уу татаад байгаа юм уу нэг юм болоод байсан. Тэр эмэгтэйн татсан гараас хойш нь саваад дугтрах шиг болсон чинь тэр эмэгтэй уначихсан. “хүн аллаа” гээд л орилоод байсан. Би очоод салгатал нөгөө залуучууд машиндаа суугаад яваад өгсөн, тун удалгүй нөгөө залуучуудыг цагдаа нар бариад ирчихсэн байсан. Ямар залуу байсныг нь сайн санахгүй байна. Нэг харахад л гараас зуурчихсан байсан ба нэг харахад дугтарсан мэт харагдсан...гэх мэдүүлэг /хх-30/,

        - гэрч Ч.Ариунцэцэгийн:...Сүхбаатар бид 2 дотор байж байтал гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь Сүхбаатар гүйгээд гарсан ба буцаад ороод ирэхэд нь “юу болсон” талаар асуутал 3 залуу нэг залуутай л зодолдож байна уу гэмээр хоорондоо зууралдчихсан байна гэсэн. Тэгээд бид 2 байж байтал дахиад шуугилдаад байхаар нь Сүхбаатар түрүүлээд гарсан ба би араас нь гараад хартал нэг залуу газар уначихсан 3 залуу зогсчихсан нэг эмэгтэй нэг залуугаас зууртал тэр эмэгтэйг өөрөөсөө салгах гээд л гараа авсан чинь унах шиг болсон. Тэр 3 залуу согтуу байсан учраас яваад өгсөн...өөр зүйл хараагүй...гэх мэдүүлэг /хх-31/,

       - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 12721 дугаартай шинжээчийн:...И.Ганбатын биед баруун хөлний шаант ясны дотор хавчаарын далд хугарал, баруун хөлний тавхай, шилбэн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын шуу, зүүн гарын 5 дугаар хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тэл гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...гэх дүгнэлт /хх-42/,

       - шинжээч эмч М.Отгонбаатарын:...Ганбатын биед учирсан баруун хөлний шаант ясны дотор хавчаарын далд хугарал тавхай шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь тусдаа мохоо зүйлийн нэг удаагийн хүчин зүйлээр үүсгэгдэх бөгөөд, хатуу гадаргуутай зүйлээр цохих, хүний хөлөөр өшиглөх, шагайн үеэр гадагш тавхайгаар хөшиж унах зэргийн үед үүсэх боломжтой. Харин зүүн гарын шуу, зүүн гарын тавдугаар хурууны зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн тус тусдаа нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...гэх мэдүүлэг /хх-51-52/,

       - М.Төгөлдөр ял шалгах хуудас /хх-96/,

       - жолоочийн согтуурлыг багажаар шалгасан...УШ 95012281 регистрийн дугаартай, Мөнх-Эрдэнэ овогтой Төгөлдөрийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драгер багажаар шалгахад 1.56 хувийн тоот үзүүлэлт илэрсэн...гэх тэмдэглэл /хх-76/,

       - шүүгдэгч М.Төгөлдөрийн:...2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр найз Тэмүүлэн Солонгосоос ирээд Намсрай, Дөлгөөн бид 3 тосч авчихаад орой нь Солонгосоос авч ирсэн вискиг өлөн байхдаа хувааж уугаад дуусгалгүй гарч бид нар хороололд LUX гэх баарны хажууд байрлах нэрийг нь мэдэхгүй нэг бааранд шөнийн 02 цагийн үед ороод нөгөө хэд болох Дөлгөөн, Намсрай, Тэмүүлэн нар нэг нэг 0.5 литрийн шилтэй Сэнгүр пиво уусан ба би уг бааранд пиво уугаагүй ба пиво уухаар дотор өвдөөд айдаг болохоор зүгээр ус уусан. Тэгээд 03 цаг өнгөрөөд бараг 04 цаг болж байхад баарнаас гараад буудалдаа очиж үлдсэн вискигээ хувааж уучихаад унтсан. Хэдэн цагт унтсанаа санахгүй байна. Өглөө нь Дөлгөөн, Намсрай бид 3 харих гээд явж байсан. Би 1 дүгээр хорооллын арын замаар 2 дугаар эгнээгээр явж байсан. Нэгдүгээр хорооллоор дээшээ эргэх гэтэл машинууд их байсан болохоор нэг машиныг дагаад эргэтэл нөгөө машин сигналдахаар нь эмэгтэй хүн байна гэж мэдэлгүй дунд хуруугаа гаргаад шууд яваад өгсөн. Тэгээд Содон хорооллын арын шороон зам дагуух колонкын хажууд явж байсан чинь нэг улаан өнгийн приус машин зүүн талаас шахаад орж ирээд зогссон. Машинаас нэг залуу бууж ирээд “яаж яваад байгаа пизда вэ” гээд миний нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон. Тэгээд би машинаараа буутал намайг боож унагаагаад дахиад нэг удаа баруун хацар луу гараараа нэг удаа цохисон. Би тэр залуу зууралдаад намайг боож газар унагахад нь нөгөө залуу хамт газар унасан ба энэ үед Намсрай, Дөлгөөн 2 машинаас бууж ирээд бид 2-ыг салгаад байж байтал нөгөө залуутай хамт явж байсан ээж нь гэх эмэгтэй машинаас бууж ирэнгүүтээ орилоод тэр залуу намайг заамдаад тавихгүй болохоор нь би бас заамдчихсан байсан чинь тэр заамдалдчихсан байсан гар нь дээр дараад байсан ба бид 2-ын хэн хэн нь тавихгүй байсан болохоор тэр эгч түлхэгдээд уначихсан. Би тэрийг нь харсан ба тухайн үед уначихаад зүгээр босоод ирсэн ба босчихоод бид 2-ыг салгасан. Намсрай Дөлгөөн 2 намайг салгаад Намсрай намайг аваад машинд суугаад эргээд хартал нөгөө залуу Дөлгөөнтэй заамдалдчихсан Дөлгөөнөөг нэг цохиж байсан...гэх мэдүүлэг /хх-59-60/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч М.Төгөлдөрийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах  үндэслэлтэй байна.    

Шүүгдэгч нь танхайн сэдэлтээр, бүдүүлэг, догшин авирлах аргаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн байх тул тус гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд зөв болно.  

Хохирогч нар нь шүүгдэгчээс 2.950.000 төгрөг хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болохоо мэдүүлсэн, бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.   

Шүүгдэгч М.Төгөлдөр нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.                

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, тухайн ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.      

Уг хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.     

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:    

 

1. Шүүгдэгч М.Төгөлдөрийг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч М.Төгөлдөрийг 4 жил 1 сар хорих ялаар шийтгэсүгэй.     

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.Төгөлдөрийн эдлэх 4 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.      

 

4. Шүүгдэгч нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.  

         

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч М.Төгөлдөрт оногдуулсан 4 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.         

 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

 

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.         

 

8. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Төгөлдөрт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.ГАНБААТАР