Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 1152

 

                                                                 О.О болон “А-С” ХХК-ийн                                                                   

     нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/00274 дүгээр шийдвэртэй

1.Нэхэмжлэгч О.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “М”  ХХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д тус тус холбогдох,

“М”  ХХК болон О.О нарын хооронд байгуулсан 2008 оны 9 сарын 04-ний өдрийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 01 тоот гэрээнд заасан шугам, тоног төхөөрөмжөөс түүний зөвшөөрөлгүйгээр холбогдсон гуравдагч этгээдтэй байгуулсан дулаанаар хангах гэрээнүүдийг цуцлахыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д даалгах, О.О нь дулааны төвийн шугамнаас ЦТП буюу дулаан дамжуулах төв хүртэлх 2 шугамын 50 хувийг эзэмших эрхтэйг тогтоолгох тухай  нэхэмжлэлтэй,

“М”  ХХК-ийн 2008 оны 9 сарын 04-ний өдрийн 01 тоот хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний 4.5, 4.12 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2008 оны 9 сарын 04-ний өдрийн 01 тоот хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг цуцлах тухай хариуцагч “М”  ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй,

2. “А-С” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “М”  ХХК-д холбогдох  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны дулаан дамжуулах төвд суурилуулсан дулаан солилцуурын иж бүрдэл, дагалдах тоног төхөөрөмж, дулаан дамжуулах төвийн насос, ЦПТ-ээс Хөх тэнгэр хороолол хүртэлх дулааны ирэх буцах хос шугам, худгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох  тухай нэхэмжлэлтэй,

3.Гуравдагч этгээд “Ж-У” ХХК-ийн Хөдөө аж ахуйн их сургуулийн зүүн талын дулааны төв шугамаас салбарлан Зайсан толгойг тойруулан татсан дулааны шугам, дулаан дамжуулах төвийг барьж байгуулахад хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоолгох, Дулаан дамжуулах төв буюу ЦТП-д өөрийн хөрөнгөөр суурилуулсан дулааны ялтсан бойлерийг ашиглах, хамгаалах эрхэд саад учруулж буй О.О-ийн үйлдлийг таслан зогсоож, уг хөрөнгийг эзэмших, ашиглах, өмчлөхөд саад учруулахгүй байхыг даалгуулах тухай бие даасан шаардлагатай,

иргэний хэргийг нэхэмжлэгч “А-С” ХХК, хариуцагч “М”  ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “А-С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, хариуцагч “М”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, хариуцагч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Галбаатар, гуравдагч этгээд “С т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дөлгөөн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч О.О  , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн О.О  , “М”  ХХК-ийн хооронд 2008.09.04-ний өдөр Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 01 тоот гэрээ байгуулагдаж, үүний дагуу манайх газраа өгч, “М”  ХХК нь дулааны шугам татах асуудлыг шийдэж, Зайсанд ЦТП буюу дулаан дамжуулах төвийг барьсан. Гэтэл хариуцагч “М”  ХХК гэрээний 4.3, 4.7 дахь заалтуудыг зөрчиж бидний зөвшөөрөлгүй гуравдагч этгээдээс хөрөнгө оруулалт авч, дулаан дамжуулсан байна. О.О  , “М”  ХХК-ийн 2 талын зөвшөөрлийг авсан “Ж-У” ХХК, “Эс девелопмент” ХХК, “Сипоко” ХХК, “Инэл” ХХК, Америк сургууль зэрэг компаниуд байгаа, бусад нь зөвшөөрөл аваагүй. Хоёр тал ЦТП-г өөрсдийн л эрэлт хэрэгцээндээ ашиглахаар барьж байгуулсан бөгөөд гуравдагч этгээд, бусдад дулаан дамжуулах гэж эхнээсээ хийгээгүй. Иймд “М”  ХХК болон О.О нарын хооронд байгуулсан 2008.09.04-ний өдрийн Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 01 тоот гэрээнд заасан шугам, тоног төхөөрөмжөөс О.О-ийн зөвшөөрөлгүйгээр холбогдсон гуравдагч этгээдтэй байгуулсан дулаанаар хангах гэрээнүүдийг цуцлахыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д даалгуулах, О.О нь дулааны төвийн шугамаас ЦТП буюу дулаан дамжуулах төв хүртэлх 2 шугамын 50 хувийг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох 2 нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч “М”  ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: О.О нь гэрээний 3.1-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 178 тоот техникийн нөхцөл нь хүчингүй болсон, гэрээний 3.2-т заасан ЦТП-ийн барилгын зургийг хийлгээгүй, гэрээний 3.3-т заасан ЦТП-ийн барилгыг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах үүргээ огт биелүүлээгүй. Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 01 тоот гэрээний 2 дугаар зүйлд зааснаар дулааны шугам сүлжээ, ЦТП-гийн тоног төхөөрөмжийг суурилуулах үүрэг нь манай компанид байсан бөгөөд бид энэ үүргээ давуулан биелүүлсэн. Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны 01 тоот гэрээний 4.5, 4.12-т  маргаан үүсгэхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байхаар заасан нь Үндсэн хууль, Иргэний хуульд нийцэхгүй байна. Иймд эдгээр заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү. 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээний 3.1, 3.2, 3.3-т үүргийг О.О биелүүлээгүй, гэрээ бодитоор хэрэгжээгүй тул гэрээг цуцлах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Алтанцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрчим хүчний газрын Техникийн нөхцөл олгох комиссын 2009 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 07/2009 тоот техникийн нөхцөл, зургийн дагуу гадна дулаан шугам, тоног төхөөрөмжийн монтаж угсралтын үеийн техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, барилгын норм дүрмийн дагуу хийж байгаа эсэхэд манай байгууллагын инженер, техникийн ажилчид ажил үүргийнхээ дагуу хяналт тавьж ажилладаг. Гуравдагч этгээдүүдийг дулааны эрчим хүч хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбосон нь хууль зөрчөөгүй тул компани, иргэнтэй байгуулсан дулааны эрчим хүчээр хангах гэрээгээ цуцлах, тэдгээрийн хууль ёсны эрх ашгийг хөндөх, зөрчих эрх бидэнд байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Ж-У” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч шаардлагадаа дурдаад байгаа дулааны шугам, дулаан дамжуулах төвийг барьж байгуулахад манай компани хөрөнгө оруулсан болох нь гэрээгээр нотлогдож байгаа. Түүнчлэн уг дулаан дамжуулах төвийн барилгын 1 дүгээр давхар нь “М”  ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн барилга бөгөөд бид энэхүү барилгад өөрийн хөрөнгөөр дулааны ялтсан бойлер суурилуулсан дулаанаар хангахад ашиглаж байна. Техникийн нөхцөлийн дагуу 7 Гкал/ц бүхий дулааны хэрэглээг зөвшөөрсөн, үүнээс хариуцагч болон гуравдагч этгээд компаниуд салбарлан авсан. Гэтэл иргэн О.О нь 2010 онд авсан 35/2010 тоот Гкал/ц дулааны хэрэглээ зөвшөөрсөн техникийн нөхцөлийг үндэслэн дулаан авахаар зүтгэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд Хөдөө аж ахуйн их сургуулийн зүүн талын дулааны төв шугамаас салбарлан Зайсан толгойг тойруулан татсан дулааны шугам, дулаан дамжуулах төвийг барьж байгуулахад манай компани хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоолгох, Дулаан дамжуулах төв буюу ЦТП-д манай компанийн өөрийн хөрөнгөөр суурилуулсан дулааны ялтсан бойлерийг ашиглах, хамгаалах эрхэд саад учруулж буй О.О-ийн үйлдлийг таслан зогсоож, уг хөрөнгийг эзэмших ашиглах өмчлөхөд саад учруулахгүй байхыг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гүндалай сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлагын талаарх тайлбартаа: Бид хүчин төгөлдөр гэрээний дагуу шаардаж байгаа учир сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. Харин бие даасан шаардлага нь хууль болон гэрээнд заагаагүй шаардлага байна. Манай нэхэмжлэлд хамаагүй. “Ж У” ХХК нь манайхаас зөвшөөрөл аваагүй байж байгаад сүүлд бид тохиролцож, манайд 100.000.000 төгрөг төлж, манайхаас дулаан авах зөвшөөрлийг өгчихсөн байгаа гэжээ.

Нэхэмжлэгч “А-С” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Манайх “М”  ХХК-тай 2008, 2009 онд 4 гэрээ байгуулсан. Манайх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, дулааны шугам сүлжээ, ЦТП-гийн тоног төхөөрөмжийг угсарч бүрэн хүлээлгэн өгсөн. Иймд Хөх тэнгэр хотхоны дулаан дамжуулах төвд суурилуулсан Systherm фирмийн 11630 kW ялтаст дулаан солилцуурын иж бүрдэл, дагалдах тоног төхөөрөмж, дулаан дамжуулах төвийн насос, ЦТП-гээс Хөх тэнгэр хороолол хүртэлх дулааны хос шугам, худгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Манай шүүхэд гаргасан энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцач “М”  ХХК нь маргахгүй бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул манайтай холбоотой нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч “М”  ХХК, түүний төлөөлөгч Г.Жанчив “А-С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “М”  ХХК нь “А-С” ХХК-тай гэрээ байгуулж, тоног төхөөрөмж, туслах материалын хамт нийлүүлэх ажлыг тус тус хийж гүйцэтгүүлсэн. Ажил 1.734.442.700 төгрөгийн өртөгтэй байсан. Манайх 516.398.210 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 1.218.044.490 төгрөгийг төлөөгүй, төлж чадахгүй байгаа учир дээрх тоног төхөөрөмж, угсрагдсан зүйлийг “А-С” ХХК-ийн өмч болохыг тогтоохыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзахгүй гэжээ.

Гуравдагч этгээд “С т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дөлгөөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.О болон “А-С” ХХК, “М”  ХХК-иуд нь маргаан бүхий 114.2 метр дулаан шугам, тоног төхөөрөмжийг анх барихдаа манай компанийн эзэмшлийн газар дээгүүр дур мэдэн үйл ажиллагаа явуулж, хөндлөн байрлалаар хос 2 шугам явуулж хааснаас бид өөрийн газартаа бүтээн байгуулалт хийх боломжгүй болсон ч тохиролцсон. Манай компанид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Маргаан бүхий шугам явсан газар нь манай компанийн эзэмшилд байгаа тул дулаанаар хангах гэрээг цуцалсан тохиолдолд зөвшөөрөлгүй явсан шугам хоолойн тухай асуудал сөхөгдөх болно. Анх дулаан дамжуулах төв нийтийн эрх ашгийн төлөө барьж байгаа гэхээр нь манай компани зөвшөөрсөн. Гэтэл одоо хувийн эрх ашгаа бодож өмчийн маргаан үүсгэж байна. Гуравдагч этгүүдийн эрх ашгийг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэхийг хүсэж байна гэжээ.

Гуравдагч этгээд “М-Си-Эс проперти” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Банзрагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М”  ХХК нь шаардлагатай дулаанаар хангах үүрэгтэй, бид хөрөнгө оруулалт хийж, Эрчим хүчний яамнаас техникийн нөхцөлөө гаргуулсан. Нэхэмжлэгч талаас хэлсэнчлэн манай компани Америк сургуулийн эсрэг талд үйл ажиллагаа явуулж байгаа, манай компани хууль зөрчсөн зүйл байхгүй. Эрчим хүчний яамнаас зохих баримт бичгийг бүрдүүлэн хуулийн дагуу техникийн нөхцөлөө аваад төслөө хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Манай эрх ашгийг үл хөндөж хэрэг маргааныг шийдвэрлэнэ үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.2, 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.1-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дахь Аялал жуучлалын цогцолборын дулааны төвийн шугамаас ЦПТ буюу дулаан дамжуулах төв хүртэлх 2 шугамын 50 хувийг О.О эзэмших эрхтэй болохыг тогтоож, “М”  ХХК болон О.О нарын хооронд байгуулсан 2008 оны 9 сарын 04-ний өдрийн 01 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-нд заасан шугам, тоног төхөөрөмжөөс О.О-ийн зөвшөөрөлгүйгээр холбогдсон гуравдагч этгээдтэй байгуулсан дулаанаар хангах гэрээнүүдийг цуцлахыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар “М”  ХХК болон О.О нарын хооронд байгуулагдсан 2008 оны 09 дүгээр 04-ний өдрийн 01 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний 4.5, 4.12 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.1-т зааснаар “М”  ХХК болон О.О нарын хооронд 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан 01 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-г цуцлах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.2-т зааснаар О.О-д  холбогдох Хөдөө аж ахуйн их сургуулийн зүүн талын дулааны төв шугамаас салбарлан Зайсан толгойг тойруулан татсан дулааны шугам, дулаан дамжуулах төвийг барьж байгуулахад хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоолгох, Дулаан дамжуулах төв буюу ЦТП-д манай компани өөрийн хөрөнгөөр дулааны ялтсан бойлер худалдан авч суурилуулан ашиглаж байхад уг дулаан дамжуулах төвийг хамтран эзэмшдэг болсон гэх иргэн О.О нь харуул хамгаалалт тавьж дулааны төв рүү оруулж гаргахгүй, өөрийн өмч хөрөнгөө ашиглаж, хамгаалах эрхэд саад учруулсан үйлдлийг таслан зогсоож, цаашид манай компани өөрийн өмч хөрөнгөө эзэмших, ашиглах, өмчлөхөд саад учруулахгүй байхыг даалгуулах тухай “Ж-У” ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т зааснаар ”М”  ХХК-д холбогдох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны дулаан дамжуулах төвд суурилуулсан Швед улсад үйлдвэрлэгдсэн Systherm фирмийн 11630 кW ялтаст дулаан солилцуурын иж бүрдэл, дагалдах тоног төхөөрөмж, дулаан дамжуулах насос, ЦТП-ээс Хөх тэнгэр хороолол хүртэлх дулааны ирэх буцах хос шугам, худгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох ”А-С” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч О.О-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.533.352 төгрөг, нэхэмжлэгч “А-С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 8.830.163,50 төгрөг, “Ж-У” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагч “М”  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М”  ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 1.533.352 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.О-д  олгож, нэхэмжлэгч О.О-с улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж “М”  ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “А-С” ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хөх тэнгэр хороолол хүртэлх дулааны ирэх буцах хос шугам, худгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг гаргаж “М”  ХХК нь бидний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталсан захирамж гаргах үндэслэлтэй байтал шүүх энэ хуулийг хэрэглээгүй. “А-С” ХХК нь “М”  ХХК-тай ажил гүйцэтгэх болон тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх, угсрах ажлыг хийж гүйцэтгэхээр дараах ажил гүйцэтгэх болон бараа бэлтгэн нийлүүлэх гэрээнүүдийг байгуулан, бараа бүтээдэхүүн, болон угсарч суурьлуулах ажлын нийт хөлс нь                     1.734.442.700 төгрөг болсон ба үүнээс хариуцагч нь 516.318.210 төгрөгийг төлөөд, үлдэх  1.218.094.410 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Тоног төхөөрөмжийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрхийг захиалагчид шилжүүлэхээр харилцан тохиролцож, талууд гэрээнүүддээ тусгасан. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын хооронд байгуулагдсан гэрээний нөхцөл зэргийг харгалзан үзэлгүйгээр ийнхүү хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “М”  ХХК-ийн төлөөлөгч Г.Жанчив давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2008 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн "Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ"-нд заасны дагуу нэхэмжлэгч нь ЦТП-ын барилга барих газрыг эзэмших, ашиглах эрхийг өөрийн нэр дээр байлгах өөрөөр хэлбэл өөрийн эзэмших, ашиглах эрх бүхий газар дээр гэрээнд заасан ЦТП-ын барилгыг бариулах, ЦТП барих техникийн 178 дугаар нөхцөлөөр хангах үүргийг хүлээсэн байдаг ба үүний хариуд хариуцагч "“М” " ХХК-ийн барьж гүйцэтгэсэн ЦТП-ын барилга, дулааны шугамны тоног төхөөрөмжийн 50 хувийг эзэмших эрхтэй байхаар гэрээг байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь 1-р хавтаст хэргийн \53-р тал\-д авагдсан 07\2009 дугаар техникийн нөхцөл, \108-р тал\-д авагдсан "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2\1687 тоот албан бртчиг, 8-р хавтаст хэргийн \30-р тал\-д авагдсан газар чөлөөлүүлэх мэдэгдэл, \216-р тал\-д авагдсан "GEO MASTER" ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 17\т\122 дугаар тодорхойлолт, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1504 дүгээр захирамж зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байгаа. “М”  ХХК нь О.О-г  гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.5, 4.12 дахь заалтууд Үндсэн хууль болон Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудыг зөрчсөн гэж үзэн тус заалтуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргасан билээ. Маргаан бүхий хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй "Хан бэлчир, “Фүюушин”, "Эх газрын эрдэнэс", “Америк сургууль”, "Инэл", "Койнвол" "Далай омбо", "Гантулга бор" "Рома инвестмент", "Бөхбат", "Софт трейд" "М-Си-Эс проперти" "Эс девелопмент", "Номин констракшн" "Зайсанмаксим" "Сипоко" "Ж-У" ХХК-иудыг гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэсэн. Гэвч гуравдагч этгээд нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчим зөрчигдсөн үйлдэл боллоо. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

1. 1/ Нэхэмжлэгч О.О нь хариуцагч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д холбогдуулж “М”  ХХК болон О.О нарын хооронд байгуулсан 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-нд заасан шугам, тоног төхөөрөмжөөс түүний зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдүүдтэй холбож дулаанаар хангах гэрээг цуцлахыг даалгах, хариуцагч “М”  ХХК-д холбогдуулан дулааны төвийн шугамаас ЦТП буюу дулаан дамжуулах төв хүртэлх 2 шугамын 50 хувийг О.О эзэмших эрхтэйг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, 2/ хариуцагч “М”  ХХК нь 2008 оны 09 дүгээр 04-ний өдрийн 01 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний 4.5, 4.12 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг гэрээг цуцлах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

2.Нэхэмжлэгч “А-С” ХХК нь  ”М”  ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны дулаан дамжуулах төвд суурилуулсан Швед улсад үйлдвэрлэгдсэн Systherm фирмийн 11630 кW ялтаст дулаан солилцуурын иж бүрдэл, дагалдах тоног төхөөрөмж, дулаан дамжуулах насос, ЦТП-ээс Хөх тэнгэр хороолол хүртэлх дулааны ирэх буцах хос шугам, худгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

3.Гуравдагч этгээд “Ж-У” ХХК нь ХААИС-ийн зүүн талын дулааны төв шугамаас салбарлан Зайсан толгойг тойруулан татсан дулааны шугам, дулаан дамжуулах төвийг барьж байгуулахад хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоолгох, өөрийн хөрөнгөөр дулааны ялтсан бойлер суурилуулсан дулаан дамжуулах төв буюу ЦТП-д оруулахгүй, хөрөнгөө ашиглаж, хамгаалах эрхэд саад болж байгаа О.О-ийн үйлдлийг таслан зогсоож, цаашид саад учруулахгүй байхыг түүнд даалгах бие даасан шаардлагыг гаргажээ.

            1.1 Нэхэмжлэгч О.О  , хариуцагч “М”  ХХК-ийн хооронд 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 01 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдаж,  уг гэрээгээр талуудын хэн алины Зайсан дахь аялал жуулчлалын цогцолборын барилгыг дулаанаар хангах, дулааны  төв магистрал шугам татах, түүнд зориулагдсан тоног төхөөрөмж болон ЦТП-гийн барилга барих зэрэг ажлуудыг хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр хамтран гүйцэтгэж, хамтран эзэмших, гэрээнд заасан ажлуудыг хийж гүйцэтгэхэд хоёр талын хөрөнгө оруулалт, үүрэг хариуцлага нь 50:50 хувь байхаар тохиролцсон байна.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 978 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 609 дүгээр магадлалд өөрчлөлт оруулсан Улсын Дээд шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 674 дүгээр тогтоолоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан дахь Аялал жуулчлалын цогцолборын Дулаан дамжуулах төв /ЦТП/ болон түүнд суурилагдсан тоног төхөөрөмжийг тус тус “М”  ХХК 50 хувь, О.О 50 хувийг өмчилж, эзэмших эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний 4.1-д А тал буюу “М”  ХХК-ийн гүйцэтгэх дулааны төвийн шугамаас ЦТП хүрэх буцах шугам, ЦТП доторх тоног төхөөрөмжийг 2 талын нийт хөрөнгө оруулалтын 50 хувь гэж хүлээн зөвшөөрнө гэж заасан болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтаас үзэхэд гэрээний талууд дулааны төвийн шугамаас ЦТП буюу дулаан дамжуулах төв хүртэлх 2 шугамыг 50, 50 хувиар эзэмших эрхтэй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-д заасныг зөв тайлбарлаж,  2 шугамыг ЦТП-ийн бүрдэл хэсэг гэж үзэж,  ХААИС-ийн дулааны төвийн шугамаас Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан дахь ЦТП буюу дулаан дамжуулах төв хүртэлх 2 шугамын 50 хувийг эзэмших эрхтэйг тогтоолгох тухай нэхэмжлэгч О.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь  үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч О.О нь гэрээний 3.1-д заасан “...дулааны техникийн нөхцөл..., ЦТП барих газрын зөвшөөрөл зэргийг О.О-ийн нэр дээр бэлэн байлгана” , 3.2-т заасан “ЦТП-ийн барилгын зургийг хийлгэнэ” , 3.3-т заасан “ЦТП-ийн барилгыг өөрийн хөрөнгөөр барьж гүйцэтгэнэ”  гэсэн үүргээ огт биелүүлээгүй тул шаардах эрхгүй гэж маргаж байгаа боловч дээр дурдсан хүчин төгөлдөр шийдвэрээр ЦТП-ийн барилгын маргаан шийдвэрлэгдсэн тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч О.О  , хариуцагч “М”  ХХК-ийн хооронд 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 01 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ гэрээний 4.3-т “Уг дулаан шугам болон ЦТП-ээс гуравдагч этгээд дулаан авах хүсэлт гаргасан тохиолдолд 2 тал харилцан зөвшилцөж, санал нэгдсэн тохиолдолд протокол үйлдэн гуравдагч этгээдэд дулаан авах зөвшөөрлийг авна” гэж, 4.7-д “ЦТП-ээс А тал руу татах дулааны шугамыг А тал, Б тал руу татах дулааны шугамыг Б тал тус тус өөрсдийн хөрөнгөөр хийнэ. Энэхүү шугамуудаас гуравдагч этгээдэд аль нэг тал дангаараа дулаан өгөхөөр тохиролцож дулаан өгч болохгүй. Гуравдагч этгээдэд дулаан өгөх тохиолдолд 2 тал харилцан зөвшилцөж, санал нэгдсэн тохиолдолд протокол үйлдэн гуравдагч этгээдэд дулаан авах зөвшөөрлийг өгнө”  гэж тус тус тохиролцсон байхаас гадна гэрээний эдгээр заалттай холбоотой маргааны талаар мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байна.

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 793 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 523 дугаар тогтоолоор “М”  ХХК нь иргэн О.О  тэй байгуулсан 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот гэрээний 4.3, 4.7 дахь заалтуудыг зөрчиж, О.О-ийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдүүдтэй гэрээ байгуулж дулаан өгсөн болохыг тогтоож, гэрээний заалтуудыг биелүүлэхийг “М”  ХХК-нд даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр  хүчин төгөлдөр болжээ.

Анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт  нийцсэн байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т зааснаар нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх нь зүйтэй гэж үзэж О.О-ийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдүүдтэй байгуулсан дулаанаар хангах гэрээг цуцлахыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ гуравдагч этгээдийг нэр заан өөрчилсөн буюу нэмэгдүүлсэн шаардлага гаргаагүй тул шүүх гэрээний заалт болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дах хэсэгт заасан шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байна.

Маргаан бүхий дулаан дамжуулах төв /ЦТП/ болон дулааны шугамын хамтран өмчлөгч О.О  , “М”  ХХК нар нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10.-т зааснаар эрчим хүч хэрэглэгч нь түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэй боловч хариуцагч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.7.-д зааснаар дулаан дамжуулах төв /ЦТП/ болон дулааны шугамын өмчлөгч буюу хэрэглэгчтэй “урьдчилан тохиролцсоны үндсэн дээр... тухайн хэрэглэгчийн шугамаас бусад хэрэглэгчийг холбох үүрэгтэй” байх тул  хариуцагчийн хариу тайлбар үндэслэлгүй байна.

Нөгөө талаар Эрчим хүчний яамнаас болон “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас олгосон техникийн нөхцлүүдэд “ шугамын трасс сонголт, холболтыг хийхдээ салаа шугам эзэмшигч байгууллага, шугамын трасс дагуух газар эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага, иргэдтэй урьдчилан зөвшөөрөлцөх” гэж заасныг хэрэгжүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй  болохыг дурдах нь зүйтэй. /хх-ийн 87-95/

             1. 2 Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 01 тоот гэрээний 4.5, 4.12 дах заалтууд  шүүхээр эрхээ хамгаалуулах хуульд заасан эрхийг хязгаарласан, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх, үүргийг ямар нэг хязгаарлалтгүй хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах Иргэний хуульд заасан зарчимд нийцээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрт хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй болно.

Талуудын хооронд хийгдсэн хамтран ажиллах гэрээ хэрэгжиж дууссан, энэ талаар хүчин төгөлдөр шийдвэрүүд гарсан, нэхэмжлэгч О.О нь гэрээний үүрэг зөрчсөний улмаас гэрээ цуцлах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх уг гэрээг цуцлах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

2. Нэхэмжлэгч “А-С” ХХК-иас хариуцагч “М”  ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны дулааны дамжуулах төвд суурилуулсан Швед улсад үйлдвэрлэгдсэн Systherm фирмийн 11630 kW ялтаст дулаан солилцуурын иж бүрдэл, дагалдах тоног төхөөрөмж, дулаан дамжуулах төвийн насос, ЦПТ-ээс Хөх тэнгэр хороолол хүртэлх дулааны ирэх буцах хос шугам, худгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “М”  ХХК хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа боловч энэ  талаар нэхэмжлэгч шаардлага гаргаж маргаж байгаа тохиолдолд хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах заалтад нийцэхгүй юм.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр маргааны зүйл болох дээрх эд хөрөнгийг О.О 50 хувь, “М”  ХХК 50 хувийг өмчлөх, эзэмших эрхтэй болохыг тогтоосон бөгөөд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгээр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно гэж заасан тул нэхэмжлэгч “А-С” ХХК-ийн эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 Анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэгч “А-С” ХХК нь “М”  ХХК-иас  гэрээний дагуу 1 218 044 490 төгрөгийг шаардах  эрхтэй болохыг дурдсан нь буруу биш байна.  

3. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан толгойн баруун хойд хэсэгт баригдсан дулааны шугам, дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмжийн өмчлөлийн асуудлыг шүүх шийдвэрлэсэн тул гуравдагч этгээд “Ж-У” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг хангах үндэслэлгүй байна. 

Гуравдагч этгээд нь Хөдөө аж ахуйн их сургуулийн зүүн талын дулааны төв шугамнаас салбарлан Зайсан толгойг тойруулан татсан дулааны шугам, дулаан дамжуулах төвийг барьж байгуулахад оруулсан хөрөнгийн хэмжээгээ тодорхойлоогүй, мөн дулаан дамжуулах төв буюу ЦТП-д “Ж-У” ХХК-ийн хөрөнгөөр суурилуулсан дулааны ялтсан бойлерийг ашиглах, хамгаалахад О.О саад болж буй үйлдлийн талаар баримтгүй байна.

Анхан шатны шүүх гуравдагч этгээдийн төлөөлөгчдийг хэргийн материалтай танилцуулах, мэтгэлцэх боломжоор хангах үүднээс удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж байсан,   төлөөлөгч нар шүүх хуралдаанаас өмнө хэргийн материалтай танилцах боломжтой байхад эрхээ хэрэгжүүлээгүй, ийнхүү хэрэгжүүлээгүйд шүүхийн буруутай ажиллагаа тогтоогдоогүй байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.-д зааснаар шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй тул "Хан бэлчир”, “Фүюушин”, "Эх газрын эрдэнэс", Америк сургууль, "Инэл", "Койнвол" "Далай омбо", "Гантулга бор" "Рома инвестмент", "Бөхбат", "С т" "М-Си-Эс Проперти", "Эс девелопмент", "Номин констракшн" "Зайсанмаксим" "Сипоко", "Ж-У" ХХК-ууд холбоотойгоор эрх нь зөрчигдсөн гэж үзвэл шаардлага гаргах эрхийг нь энэ шүүрхийн шийдвэр хязгаарлахгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч “А-С” ХХК, хариуцагч “М”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.