Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2020/01950

 

 

 

 

 

 

 

                                                              2020        05          27

                            101/ШШ2020/01950

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжин 0 дугаар гудамж, 0 тоотод оршин суух, Боржигон овогт Д.Б /РД:0/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел 0 дугаар гудамж, 0 тоотод оршин суух, Олохонуд овогт Ч.Б /РД:0/-т холбогдох

 

           Г.Д, Ч.Б нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан 2644 тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр байгуулагдсан 2791 тоот хэлцлийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2, 58.3.3-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А-Ө, хариуцагч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Аав Г.Д нь 1930 онд төрсөн, одоо 88 настай бөгөөд хүү Д.Б миний асрамжид амьдардаг. Түүний нэр дээр манай гэр бүлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнж 0 тоот хаягт байрлах, 0 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 0 дугаартай 680 м.кв талбайтай газар эзэмших эрх бүртгэлтэй байдаг. Энэ газрыг эзэмших болсон шалтгаан нь аав Г.Д, ээж Т.Н бид гурав ярилцаад ирээдүйд гэр бүлийнхээ хэрэгцээнд амины орон сууц барих, аж ахуй хамтран эрхлэх зорилгоор хамт очиж үзсэн, тухайн үед аав завтай байсан болохоороо газрыг хөөцөлдөхөөр болсон. Тэгээд түүний нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан. Хэрэв тухайн үед ээж, бид хоёр завтай байсан бол бидний нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гарах байсан. Аав маань арьсны хавдартай, үүнээс болж сэтгэл санаа нь их тогтворгүй болдог ба 2017 оны хавар аавын хууч хөдөлж, эмчилгээнд мөнгө шаардлагатай болсон. Яг энэ үед надад мөнгө байгаагүй. Үүнээс шалтгаалан бидэнтэй мууддаг байсан. Би аавын эмчилгээнд зориулж тодорхой хэмжээний мөнгө өгдөг байсан. Нэг өдөр аавын халааснаас газрын үнэд 6,000,000 төгрөг шилжүүлсэн гэсэн баримт гарч ирсэн. Энэ талаар асуухад ямар нэгэн тайлбар хэлээгүй. Тухайн үед түүнд уг баримтаас өөр баримт бичиг байгаагүй. Би уг мөнгө шилжүүлсэн баримтыг аваад Баянзүрх дүүргийн газрын албан дээр очиж асуухад 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Ч.Б гэж хүнтэй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан болохыг олж мэдсэн.           Энэхүү газар анхнаасаа л гэр бүлийн хэрэгцээнд зориулан хувийн орон сууц барих, аж ахуй эрхлэх зорилгоор аав, ээж, бид гурав хамтран ярилцан тохиролцож, ээж бид хоёр 4,000,000 төгрөгийн зардал гарган хашаа барьж, 2,000,000 төгрөгөөр вагончик худалдан авч байрлуулсан. Дулааны үедээ тэндээ амьдарч байсан. Аав маань өвчиндөө шаналж бухимдахдаа гэр бүлийн гишүүдийн хамт эзэмшин ашиглаж байсан газраа 6,000,000 төгрөгөөр үнэлж Ч.Бт зарсан, ингэхдээ Ч.Бийн зөвлөсний дагуу эхлээд “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулаад дараа нь газрын үнэ 6,000,000 төгрөгийг хүлээн авсан баримт үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Нэгэнт мөнгөөр илэрхийлж болох, үнэлж болох тохиолдолд энэ нь хөрөнгөд хамаарах боломжтой бөгөөд энэ тохиолдолд түүнийг захиран зарцуулахдаа адил эрхтэй гэр бүлийн гишүүдтэйгээ харилцан тохиролцох ёстой байсан гэдгээ ойлгож байгаа бөгөөд ингэхдээ хашаагаа үнэлээгүй, хашаатай газраа эзэмшихэд зориулж авсан вагончикийг хэрхэх асуудлыг шийдвэрлээгүй байна. Ийнхүү тэрээр хэлцлийн үнийг тодорхойлоход ач холбогдолтой эд зүйлийн талаар болон хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн нь өөрийнхөө болон гэр бүлийнхээ гишүүдийн эрхийг зөрчих үндэслэл болсон гэж үзэж байна. Ч.Б нь 6,000,000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Ч.Д-ийн Төрийн банкны 0 тоот дансанд шилжүүлсэн байсан бөгөөд уг мөнгөө одоо ч тухайн дансандаа байгаа. Гэр бүлийн хамтын хэрэгцээнд эзэмшиж ашиглаж байсан газрыг бидэнтэй тохиролцолгүйгээр дур мэдэн бусдад зарсан нь гэр бүлийн гишүүдийн эрхийг ноцтой зөрчсөний зэрэгцээ хэлцлийн зүйлийг агуулгыг тодорхойлоход ач холбогдол бүхий хашаа, вагончик гэх хөрөнгөнүүдийн талаар болон хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн байх тул Ч.Д-ийн 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Ч.Б-тэй байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх 2644 тоот гэрээ, түүний үүргийн гүйцэтгэлд 6,000,000 төгрөг хүлээн авсан 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 2791 тоо хэлцлийг тус тус Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2, 58.3.3-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай аав өндөр настай хүн байсан. 2014 онд гэр бүлийн зориулалттай газар эзэмшиж авсан. Тухайн үед тоггүй газар байсан, бид мөнгө гаргаж хашаа барьж, вагончик тавьж зундаа ашиглаж байсан. Гэтэл аав минь бид нарт хэлэлгүй газраа зарсан байсан ба би энэ талаар 2017 оны 05 сард мэдсэн. Газар авсан гэрээндээ хашаа, вагончикийг буулгаж хүргэж өгнө гэсэн атлаа өгөөгүй байсан. Аав маань бидэнтэй зөвшилцөхгүй зарсан учир миний эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж байна. Газраа буцааж авах хүсэлтэй тул газар эзэмших эрх шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Б нь Г.Д гуайг Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Дэнж 0 тоот хашааг зарах гэж байгааг сонсоод утсаар холбогдон асуутал зарна гэж хэлсэн. Г.Д гуай өөрөө ирж бидэнтэй уулзсан, нүд муудаад хагалгаанд ороход 6,000,000 төгрөг хэрэгтэй байна гэж байсан. Ингээд хашааг тухайн үеийн ханш 6,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн газрын албанд очиж эрх шилжүүлэн авах тухай материалаа хууль ёсны дагуу бүрдүүлэн өгч түүний Төрийн банкны 10220001322 тоот дансанд газрын үнэ 6,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Г.Д гуайтай хэд хэдэн удаа уулзахад ухаан санаа нь хэвийн бус санагдаж байгаагүй, харин ч эрүүл саруул өөрийгөө мэдэх чадвартай хүн шиг байсан. Тэрээр тухайн үедээ болж буй үйл явдлын талаар, өөрийн өнгөрсөн амьдрал, хүүхдүүдийнхээ талаар ярьж байхдаа маш эмх цэгцтэй, зөв сайхан ярьж байсан. Тухайн үед хүүхдүүдтэй чинь уулзъя, та дур мэдэн энэ газраа зарж болох юм уу гэж асуухад энэ миний өөрийн газар, манай хүүхдүүдэд ямар ч хамаа байхгүй гэж байсан. Мөн дүүргийнхээ газрын албанд материалаа өгч байхдаа тухайн хорооны газар зохион байгуулагчаас хүүхдүүдийг нь дуудах шаардлага байгаа юу хэмээн асуухад энэ газар энэ хүний нэр дээр байгаа өөрөө байхад болно гэж хэлсэн. Г.Д гуай эхнэр, хүүхдээсээ тусдаа амьдардаг гэж хэлж байсан. Энэхүү газарт хамтран эзэмшигч байгаагүй зөвхөн Г.Д гуайн нэр дээр түүний эзэмшилд байсан болно. Хашаанд байгаа вагончик бидэнд хэрэггүй, яах бэ гэхэд  дахиад нэг хашаа авах гэж байгаа, тийшээгээ та нараар зөөлгөнө гэж хэлсэн. Д гуайн өөрийнх нь хүсэлтээр худалдаж авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ч.Б-т холбогдуулан Г.Д, Ч.Б нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 2644 тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр байгуулагдсан 2791 тоот хэлцлийг Г.Д нь “насны доройтлоос үүдэн орчин тойрондоо болж байгаа үйл явдалд үнэлэлт, дүгнэлт өгөхдөө муу, сэтгэл санаа тогтворгүйтдэг” үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага гаргажээ.

 

            Нэхэмжлэгч нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулгадаа уг шаардлагаа дэмжсэн тайлбар гаргажээ. /хх-224 тал/

        Харин шүүх хуралдаанд нэхэмжлэгийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Г.Д энэ газрыг худалдсанаар гэр бүлийн гишүүдийн эрх ашиг хөндөгдсөн, хариуцагч газрыг 6,000,000 төгрөгөөр худалдан авч хашааг үнэлээгүй гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцоогүй, хашааны газрыг 19,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ хэрэгт байгаа гэтэл хариуцагч хашааны газрыг 6,000,000 төгрөгөөр үнэлж авахдаа гэр бүлийн гишүүдийн саналыг аваагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар өгсөн авсныг харилцан буцааж өгнө үү гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлж байна.

 

Нэхэмжлэгч Д.Б нь тус шүүхэд 2017 оны 11 сарын 06-ны өдөр өөрийн нэрээр нэхэмжлэл гаргаж, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн талаар нэхэмжлэлд дурдаж, тайлбар гаргасан байна. Хавтаст хэргийн 3 дахь талд авагдсан Г.Д-оос Д.Бт олгосон итгэмжлэлийн дагуу Д.Б нь бүрэн эрхийг хэрэгжүүлээгүй, өөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргасан гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Г.Д нас барсан байна. /хх-197 тал/

 

            Хариуцагч Ч.Б нь Г.Д-ийн нэр дээрх эзэмшлийн газрыг түүнтэй үнийг тохирч авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Г.Д нь түүнд Баянзүрх дүүргийн засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/270 тоот захирамжаар 5 жилийн хугацаатай, иргэний ахуйн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнж 0 тоот хаягт байрлах, нэгж талбарын 0 дугаартай, 680 м.кв талбайтай газрыг эзэмших эрхийг хариуцагч Ч.Б-т 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан гэрээний дагуу шилжүүлжээ.

 

Мөн дээрх гэрээний талууд 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хэлцэл байгуулан газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан Ч.Б нь Г.Д-т гэрээний төлбөрт 6,000,000 төгрөгийг түүний Төрийн банк дахь 0 тоот дансанд нь шилжүүлэн өгч уг хашаан дах 9 метр урттай, 3 метрийн өргөнтэй вагончик болон 4х4 харьцаатай модон амбаарыг Ч.Б өөрийн зардлаар тээвэрлэн Г.Д-т хүргэж өгөхөөр тохирсон бөгөөд уг хөрөнгө хариуцагч талд байгаа гэсэн болно.

 

Газар эзэмших эрхээ шилжүүлсэн болон гэрээний төлбөрт 6,000,000 төгрөг төлсөн талаар талууд маргахгүй байгаа болохыг дурдлаа.

 

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар газар эзэмших эрхийг бусдад шилжүүлж болох ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 38.6-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж тус тус заасан байна.

 

Хэлцлээр шилжүүлсэн газар эзэмших эрх нь Ч.Б-т шилжсэн болох хэрэгт авагдсан Ч.Б-ийн нэр дээрх газар эзэмших эрхийг гэрчилгээний хуулбар, газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-140-151 тал/

 

Нэхэмжлэгч тал газар эзэмших эрхийг гэр бүлийн хэрэгцээнд олгосон тул гэр бүлийн гишүүдийн эрх зөрчигдсөн гэж байгаа боловч газар эзэмших эрх Г.Д-ийн нэр дээр байгаа тул Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т заасан зохицуулалтын дагуу гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлийг бичгээр авч, нотариатчаар гэрчлүүлэх шаардлагагүй юм.

 

Түүнчлэн нэхэмжлэгч тал газрын үнийг Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тайлангаар “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнж 0 тоот хаягт байрлах, 680 м.кв талбайтай газар нь зах зээлийн өнөөгийн үнэлгээгээр 19,600,000 төгрөг байна” гэсэн баримт гаргасан боловч газрын үнэд 6,000,000 төгрөг шилжүүлсэн хэлцэл хийсэн талууд өөрсдөө хүсэл зоригоо илэрхийлж газрын үнийг 6,000,000 төгрөгөөр тогтоосныг үгүйсгэх баримт болохгүй.

 

            Иймд дээрх үйл баримтаас үзэхэд Г.Д, Ч.Б нарын байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хуульд нийцэж байгаа тул Ч.Б-т холбогдох “Г.Дашдондог, Ч.Б нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан 2644 тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 2791 тоот хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд биеийн байдлаас шалтгаалан ирээгүй болохыг дурдав.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ч.Бт холбогдох Г.Д, Ч.Б нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 2644 тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 2791 тоот хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч Ч.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Дэнж 0 дугаар гудамж, 0 тоотод байршилтай, нэгж талбарын дугаартай, газар эзэмших эрхийн 0 дугаар бүхий гэрчилгээтэй газрыг эзэмших эрхийг бусдад шилжүүлэхгүй байхыг хариуцагч Ч.Б-т даалгасан тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 20872 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ЦЭРЭНДУЛАМ