| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2020/0204/И |
| Дугаар | 221 |
| Огноо | 2020-06-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 221
Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Ц би нэхэмжлэгч Н.Д-н нэхэмжлэлтэй, хариуцагч С.Х-д холбогдох худалдах, худдалдан авах гэрээний үүрэг 3,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад, 2020 оны 06 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2018 оны 08 сарын 24-ний өдөр С.Х-тай худалдах худалдан авах гэрээ хийж 3,100,000 төгрөгийн борц зээлээр наймаалцсан. Ингээд заасан хугацаанд 1,000,000 төгрөг төлж үлдсэн 2,100,000 төгрөгийг төлөөгүй намайг хохироож байгаа учир алданги 1,050,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн хамт 3,150,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороонд оршин суух Х овогт Н.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Х-с 3,150,000 төгрөг нэхэмжилсэн. 3,150,000 төгрөгний 150,000 татгалзаж, 3,000,000 төгрөгийг сард 400,000 төгрөгөөр төлж байхаар тохиролцсон. 7 сараас эхлэн төлөхөөр тохиролцсон гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 3 дугаар багт оршин суух Д овогт С.Х нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д гэдэг хүнээс 2018 оны 08 сарын 24-нд борц авсан. 3,100,000 төгрөгөөр авсан. Одоо үлдсэн 3,000,000 төгрөгийг сард 400,000 төгрөгөөр төлнө. Д надаас 3,150,000 төгрөг нэхэмжилснээс хасагдаад 3,000,000 төлөхөөр эвлэрсэн. 7 сараас эхлээд 400,000 төгрөгөөр төлөхөөс эвлэрсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч С.Х-д холбогдуулан 3,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч С.Х нь нэхэмжлэгч Н.Д-тай 2018 оны 08 сарын 24-ний өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж 3,100,000 төгрөгийн үнэ бүхий борцыг зээлээр худалдан авсан байх ба хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй борцны үлдэгдэл үнийг одоог хүртэл төлөөгүй болох, худалдах худалдан авах гэрээний хуулбар, нэхэмжлэл, нэхэмжлэгч хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Д нь нэхэмжлэлийн шаардлагаас 150,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч С.Х нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгийг 2020 оны 07 сараас эхлэн сар бүр 400,000 төгрөгөөр төлж барагдуулах талаар тайлбараа шүүхэд тус, тус ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Д-н нэхэмжлэлтэй, хариуцагч С.Х-д холбогдох худалдах, худдалдан авах гэрээний үүрэг 3,150,000 төгрөг тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь 150,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч С.Х нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгийг 2020 оны 07 сараас эхлэн сар бүр 400,000 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 65,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3,000,000 төгрөгийн улсын хураамж 62,950 төгрөгийн 50 хувь буюу 31,475 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 31,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Ц