Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2020/02034

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2020/02034

Улаанбаатар хот

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Дунд голын гудамж, Гранд вилла хотхон 0 байр, 0 тоот хаягт оршин суух, Боржигин овогт В.Б /рд: 0/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консулын 0 гудамж, 0 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Ч.Б /рд: 0/-д холбогдох,

 

5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагч Ч.Б, хариуцагчийн өмгөөлөгч Л.Б /Ү-/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

В.Б миний бие 2019-10-09-нд Ч.Бөд өөрийн эзэмшлийн 23-13 УБП улсын дугаартай Toyota Harier маркийн машинаа заруулахаар харилцан тохиролцож хүлээлгэн өгсөн. Миний машиныг 16,000,000 төгрөгөөр 01 сарын дотор зарж өгнө гэж тохирсон. 2019-10-14-нд машин зарсан мөнгө гэж 11,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж үлдсэн мөнгө болох 5,000,000 төгрөгийг удахгүй өгнө гэж утсаар хэлсэн. Түүнээс хойш холбоо барихгүй удахаар нь утсаар ярих гэж олон удаа залгасан боловч утсаа огт авахгүй болохоор нь түүний ажилладаг машины зах дээр очиж уулзахад мөнгийг чинь 2019 ондоо багтааж өгнө гэсэн. Ингээд 2020 оны 01-р сард дахин очиж уулзахад 2020 оны 02-р сарын 25-нд мөнгийг чинь өгнө, дахин худлаа хэлэхгүй гэж гар бариад салсан. Ингэж тохирсон хугацаанаас хойш нэг удаа утсаар ярихад өөдөөс хэл амаар доромжилж одоо хүртэл утсаа ч авахгүй, уулзахгүй байгаа тул арга буюу шүүхэд хандаж байна. Ч.Б нь Да хүрээ зах дээр байнга машин зардаг төлбөрийн чадвартай нэгэн боловч миний мөнгийг өгөхгүй байгаа тул Ч.Бөөс 5,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талууд 10 жилийн өмнөөс ажил хэргийн журмаар танилцсан. Нэхэмжлэгч Приус маркийн машин засварын газар ажиллуулдаг байхад хариуцагч машин засуулдаг байсан. Б хуучин машин засч зардаг. Нэхэмжлэгч 2019 оны зун Toyota Harier маркийн машин 21 сая төгрөгөөр худалдаж авсан боловч асуудалтай байсан тул зарахаар шийдэж хариуцагчид 20 сая төгрөгөөр заруулахаар хандсан. Хариуцагч 20 сая төгрөгөөр зарж чадахгүй 18 сая төгрөгөөр зарж өгье гэж амаар тохирч 2019.10.10-ны өдөр итгэмжлэл хийж өгсөн. Нэхэмжлэгч БНХАУ-ын Эрээн хот руу яваад иртэл Замын-Үүдэд байхад машиныг чинь 5 сая төгрөгт Toyota Harier маркийн машин оролцуулж зарахаар болсон талаар хэлсэн ба нэхэмжлэгч зөвшөөрөөгүй. Гэтэл хариуцагч 2019.10.12-ны өдөр Отгонцэцэг гэх хүнд нэхэмжлэгчийн Toyota Harier маркийн машиныг 12,200,000 төгрөгийг бэлнээр, 5 сая төгрөгт Nissan XTrail маркийн машин оролцуулж зарсан болох нь тогтоогдсон. О Nissan XTrail маркийн эвдрэлгүй машин байсан талаар мэдүүлсэн. Хариуцагч 2019.10.14-ний өдөр 11 сая төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн. Нэхэмжлэгч Nissan XTrail маркийн машин авахгүй гэж хэлсэн боловч хариуцагч удахгүй үлдсэн мөнгийг шилжүүлнэ гэж хэлсэн боловч мөнгө өгөөгүй тул шүүхэд хандсан. Хариуцагч 16 сая төгрөгөөр машин зарсан гэж бодож байтал Отгонцэцэгтэй холбогдоход 13,200,000 төгрөг бэлнээр өгч, 5 сая төгрөгт Nissan XTrail маркийн машин оролцуулж нийт 18,200,000 төгрөгөөр Toyota Harier маркийн машиныг зарсан болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмсэн. ИХШХШТХ-ийн 38.1-д заасны дагуу нотлох баримт цуглуулах явцад Ч.Б нь 2019 оны 10-р сарын 12-ны өдөр иргэн Д.О-т миний машиныг худалдахдаа түүнээс 13,200,000 төгрөгийг өөрийнхөө ХААН банкны дансаар шилжүүлж аваад дээр нь миний зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн 29-92 УНА улсын дугаартай Nissan XTrail маркийн машиныг 5,000,000 төгрөгөөр тооцож авснаар нийт 18,200,000 төгрөгөөр зарсан боловч надад уг машиныг оролцуулаад 16,000,000 төгрөгөөр зарсан мэтээр худлаа хэлж 2019.10.14-ны өдөр миний данс руу 11,000,000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэлд шаардсан 5,000,000 төгрөг дээрээ 2,200,000 төгрөг нэмж нийт 7,200,000 төгрөгийг хариуцагч Ч.Бөөс нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч В.Б бид нар нь танилууд бөгөөд намайг тээврийн хэрэгслийн худалдаа борлуулалтын ажил хийдгийг мэддэгийнхээ хувьд өөрийнхөө өмчлөлийн 23-13 УБП улсын дугаартай Toyota Harier маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулаад өгөөч гэсэн санал тавьсны дагуу 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нотариатаар орж 6 сарын хугацаатай итгэмжлэл хийж өгсөн юм. Уг итгэмжлэлд тухайн тээврийн хэрэгслийг яг төдөн төгрөгөөр, нэг сарын хугацаанд, заавал бэлэн мөнгөөр гэж тусгайлан заагаагүй болно. Ингээд уг тээврийн хэрэгслийг итгэмжлэл олгосноос хойш 2 хоногийн дараа хүн худалдан авахаар болж ингэхдээ 11,000,000 төгрөгийг бэлнээр, 5,000,000 төгрөгт 29-92 УНА улсын дугаартай Nissan XTrail маркийн тээврийн хэрэгслийг зөрүүнд нь өгөх санал тавьсан. Энэ үед миний бие В.Бтай холбогдож машиныг чинь худалдан авах хүн дээрх нөхцөлөөр худалдан авах санал тавьж байна, яах вэ? гэж асуухад болж байна. Харин Nissan XTrail маркийн тээврийн хэрэгслийг 5,000,000 төгрөгт нь худалдан борлуулаад өгөөрэй гэж хэлсэн. Иймд миний бие 29-92 УНА улсын дугаартай Nissan XTrail маркийн тээврийн хэрэгсэлийн өмчлөгч иргэн Д.О-ээс 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр захиран зарцуулах эрхийг итгэмжлэлээр хүлээн авч, В.Бд 11,000,000 төгрөгийг нь дансаар шилжүүлсэн. Харин 29-92 УНА улсын дугаартай Nissan XTrail маркийн тээврийн хэрэгсэл нь өнөөдрийг хүртэл худалдан борлуулагдаагүй байгаа бөгөөд нэхэмжлэгч нь энэ тухай өөрөө маш сайн мэдэж байгаа. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Nissan XTrail маркийн тээврийн хэрэгсэл худалдан борлуулагдаагүй байгаа хугацааны хадгалалт, хамгаалалтын төлбөрийг нэхэмжлэгчээс нэхэх нөхцөл байдал үүсээд байна. Иймд миний бие нэхэмжлэгчид ямар нэгэн өргүй бөгөөд хүсвэл зөрүүнд нь авч намайг борлуулж өгөхийг хүссэн 29-92 УНА улсын дугаартай Nissan XTrail маркийн тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй болно. Тухайн үед Toyota Harier маркийн машин 18 сая төгрөгийн үнэтэй байгаагүй. 16 сая төгрөгөөр зарах талаар Батсайхантай ярилцаж тохирсон. Отгонцэцэгийн Nissan XTrail маркийн машин эвдрэлтэй байсан тул нэмж 2,200,000 төгрөг авсан. 2 жилийн хугацаанд машиныг арчлахад зардал гарсан. Nissan XTrail маркийн машин авахдаа Батсайхантай ярьж тохирч, асууж байж авсан. 11 сая төгрөгийг би шилжүүлж өгсөн. Машин зарагдаагүй байгаа тул 5 сая төгрөгийг өгөөгүй. Шүүхийн тогтоол гарсан тул машиныг зарж чадаагүй. 5 сая төгрөгт зарагдах боломжтой байсан. Машин эвдрэлтэй сэлбэг хэрэгслүүд сольж хийх шаардлагатай байсан тул 2,200,000 төгрөг нэмж авсан юм. Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Ч.Бөд 16 сая төгрөгөөр тээврийн хэрэгсэлээ худалдан борлуулахаар өгсөн гэж тайлбарлаж байсан боловч нэмэгдүүлсэн шаардлага дээрээ 18 сая төгрөгөөс доошгүй үнээр зарж өгөөч гэж итгэмжилсэн гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь олгосон итгэмжлэл дээрээ огт дурдаагүй, хоорондоо харилцан тохиролцоогүй зүйлсээ анхны нэхэмжлэлдээ дурдаж шаардаж байсан боловч өнөөдөр иргэн Д.Отгонцэцэгээс нотлох баримтын шаардлага хангахгүй өргөдөл гэх материалыг хэрэгт хавсарган нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар, мэдүүлэг өгөх үүрэгтэй гэснийг ноцтой зөрчиж байна. Миний бие В.Бы тээврийн хэрэгслийг нь иргэн Д.О-т худалдан борлуулсан, мөн уг иргэнээс 5 сая төгрөгт бодон 29-92 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөрүүнд нь тооцсон гэдэг нь хэн алиных нь тайлбар, нотлох баримтаар нотлогддог бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл нь өнөөдрийн байдлаар худалдан борлуулагдаагүй байгаа, Д.О-ээс олгосон итгэмжлэлийн хугацаа дуусахад энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие өөрийн нэр дээр шилжүүлсэнтэй холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгсөн зэргийг эрхэм шүүх бүрэлдэхүүн анхааран үзнэ үү. В.Бы зөвшөөрлөөр Д.О-ээс 29-92 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөрүүнд нь бодож тооцохдоо уг тээврийн хэрэгслийг цааш нь худалдан борлуулахын тулд тодорхой хэмжээнд сэлбэг, засвар, үйлчилгээ хийлгэх, өгнө үзэмжийг нь сайжруулах үүднээс наад зах нь угаалгах, худалдан борлуулах, хадгалалт, хамгаалалтыг нь бодож зогсоолд байрлуулах зэрэг зардлууд гарсан бөгөөд эдгээр зардпууд нь нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын үнийн дүнгээс хэдийнээ даваад байгааг дурьдах нь зүйтэй байна. Мөн нэхэмжлэгч В.Б нь Ч.Б намайг иргэн Д.О-с 5 сая төгрөгт бодож 29-92 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг тооцохдоо өөрт нь мэдэгдээгүй, тэр үед би гадаадад байсан гэж тайлбарлаж байгаа боловч гадаад паспортын штампыг харахад Замын-Үүдийн боомтоор 2019.10.12-2019.10.13-ны өдөр газраар хил нэвтэрсэн болохыг анхаарч үнэлнэ үү. Учир нь замын үүдийн боомтоор БНХАУ-д хил нэвтрэхэд Монгол Улсын үүрэн холбооны хэрэгсэлийн сүлжээ барьдаг бөгөөд магадгүй миний бие В.Бтай утсаар холбогдоход хил гараагүй байсныг үгүйсгэхгүй юм. Гэтэл нэхэмжлэгч нь энэ мэтчилэн нотлох баримт бүрдүүлэх боломжгүй асуудлуудад намайг гүтгэж өөрийнх нь тээврийн хэрэгслийг нэг төгрөгийн зөрүүгүй худалдан борлуулж өгөх ёстой байсан мэтээр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь В.Б нь хариуцагч Ч.Бөд холбогдуулан худалдах- худалдан авах гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 2,200,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 7,200,000 төгрөгийг нэхэмжилжээ. 

 

Хариуцагч нь нэхэмжлэгч В.Бы машиныг 16,000,000 төгрөгөөр зарахаар тохирч, 5,000,000 төгрөгт Nissan XTrail маркийн машиныг тооцож авсан, 11,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн одоо 5,000,000 төгрөгт нь уг машиныг өгөх боломжтой гэсэн тайлбар гарган мэтгэлцэж байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч машин оролцуулахыг зөвшөөрөөгүй тул мөнгөө нэхэмжилнэ гэсэн тайлбар гаргаж байна. 

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч В.Б нь хариуцагч Ч.Бөд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3108 дугаартай итгэмжлэл олгож, ACU300095157 арлын дугаартай, 23 13 УБП улсын дугаартай, Toyota Harier маркийн суудлын автомашиныг худалдах, бэлэглэх, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, нэр шилжүүлэх үйлдэл хийх бүрэн эрхийг төлөөлөгчид олгож, итгэмжлэлийн хугацааг 6 сараар тогтоожээ. /хх-4 тал/

 

Хариуцагч Ч.Б уг итгэмжлэлийн дагуу автомашиныг бусдад худалдсан ба автомашины үнэд 13,200,000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авч, нэхэмжлэгч В.Бд 11,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт зохигчийн тайлбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Зохигч талууд итгэмжлэл олгохдоо автомашиныг хэдэн төгрөгөөр зарах талаар үнийн дүнг тусгаагүй ба нэхэмжлэлд бичсэнээр 16,000,000 төгрөгөөр заруулахаар тохирч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн дансанд машины үнэ 13,200,000 төгрөг орсныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснээс үзэхэд хариуцагч автомашиныг 16,000,000 төгрөгөөр зарахаар тохирсон гэсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан Б.Б, В.Б нарын нэхэмжлэлтэй, Б.З-д холбогдох арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Приус 41 маркийн УНИ 79-62 дугаар машин, 4,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/02065 шийдвэр нь энэ хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байна.

Мөн 5,000,000 төгрөгт Nissan Xtrail маркийн автомашиныг оролцуулахыг нэхэмжлэгч зөвшөөрсөн гэсэн хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болох ба мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүсэх юм.

Нэхэмжлэгч нь хариуцагчид Nissan Xtrail маркийн автомашиныг бусдад худалдах хэлцэл хийх эрхийг итгэмжлэлээр олгосон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэж байна. 

Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-т зааснаар Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй, итгэмжлэл олгохдоо талуудын тохиролцсон үнэ болох 16,000,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Үүнээс машины үнэд шилжүүлсэн 11,000,000 төгрөгийг хасч үлдэх 5,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Ч.Бөөс 5,000,000 /таван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч В.Бд олгож, нэхэмжлэлээс 2,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн 101/ШЗ2020/06083 дугаартай захирамжийн 4-т заасан хариуцагч Ч.Бийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчинтэй байхыг дурдсугай.

 

       4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                         Ц.ЦЭРЭНДУЛАМ