Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1333

 

 

 

 

 

 

   2023        10          27                                   2023/ШЦТ/1333

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.ОюунА даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ, улсын яллагч Г.Чанцалдулам, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

         

          Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн “2306 00000 2792” дугаартай хэргийг шүүх 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, хувиараа тээврийн хэрэгсэл засварын ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо хх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Б.Б /РД: хх00000000/

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах 496 байрны гараашинд "хувийн зогсоол дээр машин байрлуулсан" гэсэн шалтгааны улмаас иргэн Ш.Гын эзэмшлийн 2673 УБД улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн зүүн гар талын урд карланаас хойд гүпер хүртэл түлхүүрээр зурж гэмтээн бусдад 795.000 төгрөгийн хохирол учруулан "Эд хөрөнгө устгах, гэмтээх" гэмт хэрэг үйлдсэн болох нь

 

Дуудлагын лавлагааны хуудас, /хавтаст хэргийн 06 дахь тал/,

 

2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 28-30 дахь тал/,

 

2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ш.Гын өгсөн "... Би 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн найз болох А болох найзындаа 20 цаг өнгөрч байхад ирээд уулзсан. Уулзахад манай найз А гэрийнхээ доод гараашинд оруулаад миний энэ зогсоол дээр машинаа байрлуулчих гэж хэлсэн. Тэгээд би өөрийн эзэмшлийн 26-73 УБД улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслээ байрлуулаад 1 цаг 30 минутын дараа найзындаа засвар хийж дуусаад гараад иртэл миний машины урд карланаас хойд гүпер хүртэл зурчихсан байсан. Би хяналтын камер шүүж үзэхэд Цагаан өнгийн Акуа машины эзэн зогсож байгаад миний машиныг түлхүүр шиг зүйлээр зураад явчихсан байсан. Би хохирлыг нь асуухад бүтэн будаг хийлгэнэ. 800,000 төгрөг болно гэж байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

 

2023 оны 10 дугаар сарын 10-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.М  "...би эхнэрийн дүү болох Ш.Гад 2022 оны 12 дугаар сард 7.500.000 төгрөгөөр зарж байсан. Зарснаас хойш би огт нэр шилжүүлж өгөөгүй байгаа. Тухайн машины эзэмшигч нь Ш.Г боловч би нэрээ шилжүүлж өгөөгүй байгаа. Одоо тухайн машин надад хамааралгүй..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

 

2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сүлд үнэлгээ хөрөнгө үнэлгээний тайлан, /хавтаст хэргийн 16-17 дахь тал/

 

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, /хавтаст хэргийн 33 дахь тал/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.  

Иймд шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Ш.Г нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохиролд нэхэмжилсэн 795.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б төлж барагдуулсан болох нь хохирогчийн Баянзүрх дүүргийн Прокурорын газар гаргасан хүсэлт болон шүүгчийн туслах шүүх хуралдааны тов мэдэгдэхэд дурдсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

 

4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ОЮУНТУНГАЛАГ