Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1309

 

 

 

  2023        10         23                                    2023/ШЦТ/1309

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяча,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

хохирогч П.Л, түүний өмгөөлөгч Б.Э,

шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Л.Бд холбогдох эрүүгийн 230 600000 2405 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь 2023 оны 07 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул тэнгэр 00 дугаар байрны 2 дугаар орцны гадна хохирогч П.Л гийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэрээ нүүлгэж байсан. Хохирогч гэж хүн машин хаагаад тавьсан байхаар нь залгаж гарах талаар хэлсэн. Хохирогч гэж хүн утсаа аваад удахгүй гарлаа гээд их удсан. Удахгүй гээд 2 цаг гаруй болсон. Дахиад залгахад согтуу байсан. Бид нар жолооч нар байна. Түлхүүрээ өгчихөөч бид холдуулъя гэсэн. Хүлээж байгаарай жолооч ирж байгаа гэсэн. Чи сая утсаар намайг доромжлоод байсан хүн мөн үү гэхээр нь тийм байна гээд, тэр үед цохих гэж байна гэж ойлгоод би түрүүлээд нүүр тус газарт нь гараараа 1 удаа цохьсон. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч П.Л шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Уг хэрэг 7 дугаар сарын 1-ний өдөр болсон. Шүүгдэгч 09 цагаас эхэлж залгасан байсан бөгөөд би утсаа авах боломжгүй байсан. Тэгээд дараа нь дахиад залгахад буюу 09 цаг 20 минутын үед залгахад би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна, жолооч дуудсан талаараа хэлсэн. Тэгээд удалгүй дахин нэг дуудлага ирсэн. Магадгүй шүүгдэгч байсан байх. Над руу залгаад пизда минь машинаа гарга, яахаараа хүнд гай болоод байдаг юм пизда минь гэж хэлээд хэд амаар доромжилсон. Тэгэхээр нь би уучлаарай, би машинаа машин зогсоолд тавьсан удахгүй гарлаа гэдгээ хэлсэн. Миний UBcab-аар дуудсан жолооч 10 өнгөрөөгөөд ирсэн. Тэгэхээр нь жолооч руу залгаж машинаа холдуулсан талаараа хэлэхэд намайг байгаа газраа зогсож бай чамайг очиж ална гэж хэлсэн. Байрны хаалт нээгдэхгүй байхаар нь найз руугаа залгаж хэлэх гэтэл шүүгдэгч ирж машины хаалга нээгээд намайг цохисон. Намайг 1 удаа цохисон гэж байна. Намайг шил рүү нэг удаа, хөмсөг хэсэгт нэг удаа нийт 2 удаа цохисон. Хамт байсан хүмүүс нь огт салгаагүй харин дуудлагын жолооч гарч ирж салгасан. Мөн намайг цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөх гээд явж байх үед шүүгдэгчийн хамаарал бүхий этгээд болох гэрчээс дуудлага ирсэн бөгөөд цагдаа байна дараа чамайг дуудна гэж хэлсэн байдаг. Би хариуцсан байцаагчаасаа лавлаж асуухад тийм зүйл болоогүй гэсэн. Тухайн өдөр би машинаа тээврийн хэрэгсэл тавих зориулалт бүхий газар байрлуулсан бөгөөд үүнийгээ шалгуулах хүсэлтийг гаргаж байсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 10 цаг 11 минутаас 10 цаг 14 минутын хооронд болсон асуудал бөгөөд би найзынхаа машиныг зарна гэсэн болохоор Баянзүрх дүүргийн 000 хороо 00 дугаар хороолол Саруул тэнгэр  хотхоны 000 дугаар байрны гадна зогсоол байгаагүй бөгөөд орцны үүдэнд нэг автомашины зогсоол байсан ба тэнд ямар нэгэн автомашин тавихыг хориглосон тэмдэглэгээ байгаагүй учир 0000 маркийн саарал өнгөтэй автомашинаа тавьчихаад найз Я.Б машиныг үзэхээр граш руу нь очоод машиныг нь үзээд тохиролцоо хийгээд би гэрт нь ороод аяга цай уусан. 09 цаг 45 минутад 0000 дугаараас залгаад писда минь машинаа холдуул, чи хэн юм гэж хэлсэн. Удалгүй дахин 3,4 минутын дараа залгаад хэл амаар доромжилсон. Би дуудлагын жолооч дуудсан ба 09 цаг 47 минутад ирсэн. Дуудлагын жолооч ирээд би машинаа хөдөлгөсөн. Тэгээд нөгөө хүн рүү залгаад би хөдөлчихлөө уучлаарай гэж хэлсэн чинь чамайг ална наанаа байж бай гэсэн. Тэгээд би холдоогүй байсан болохоор зогсож байтал машины хаалга онгойлгоод цохиж эхэлсэн. 000 дугаартай дуудлагын жолооч. Дуудлагын жолооч болон хэд хэдэн хүмүүс ирээд салгах гэж оролдсон боловч үгийн зөрөөгүй хэд хэд цохьсон...”  гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/, Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19-р хороо Саруул тэнгэр 000 дугаар байрны 2 дугаар орцны хаалгыг 000 загварын хар саарал өнгийн машин хаагаад тавьчихсан байсан. Тэгэхээр нь 09 цагаас хойш залгаж эхэлсэн. Анх залгаад машинаа холдуулчих гэхэд за гээд гарч ирээгүй. Тэгээд 09 цаг 46 минутын үед дахин 0000 дугаар руу залгаад чи согтуу байгаа бол түлхүүрээ өгчих би холдуулчихья гэтэл одоо гарлаа гээд гарч ирээгүй. Тэгээд хүргэн ах Бд залгаад гарч ирэхгүй байна гэж хэлтэл ах тэр хүн рүү залгаад дуудуулсан. Дараа нь тэр машины жолооч гарч ирээд ахтай хэрэлдээд эхэлсэн. Тэгээд нөгөө 2 чинь цохилцоод эхлэхээр нь би дундуур нь орж салгасан. Тэгээд тэр машины жолооч хэн нь өөрийг нь цохьсоныг мэдэхгүй намайг цохьсон гээд байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 000 дугаар: “1. П.Лгийн биед хамар ясны хугарал, хамрын нуруу, духны хуралт, зүүн харцын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 61-62/, Шүүгдэгч Л.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 07 дугаар сарын 01-ний өглөө 08 цаг 40 минут орчимд гэрийн гадаа очсон ба манай эхнэрийн дүү Б ирсэн байсан. Гэрийн гадаа 1-р орцны шат хаагаад 000 улсын дугаартай 00  маркийн тээврийн хэрэгсэл зогссон байсан. Би дүүдээ энэ машин руу утасдаад холдуулчих гэж хэлээд гэртээ орсон. Тэгээд гэртээ юмаа хийж байтал дүү Б орж ирээд нөгөө машин чинь утсаа авахгүй байж байгаад авсанаа согтуу хүн байна, одоо гарлаа гэж хэлчихээд гарч ирэхгүй юм гэсэн. Үүний дараа эхлээд 2 залгахад аваагүй ба дахин 3 дахь удаагаа 09 цаг 24 минутад залгаад тэр хүн утсаа авсан ба согтуу одоо гарлаа шдээ сүртэй пизда нар вэ гэсэн. Би харин юу гээд хуцаад байгаа юм бэ гээд хэрүүл хийсэн. Тэгээд байж байтал 09 цаг 46 минутад тэр хүн надруу залгаад чиний юу гэх ер нь надад ямар хамаатай юм пизда гээд хэл амаар доромжилж эхэлсэн учир би залгасан. 10 цаг 11 минутад надруу 2 залгасан ба эхний дуудлагыг би аваагүй, дараагийнх нь дуудлагыг авахад би машинаа холдуулчихлаа чаддаг юм бол гараад ир пизда минь гэж хэлэхэд нь за тэгье гээд би гарч явахад дахиад 10 цаг 12 минутад залгахад нь би аваагүй. Тэгээд гарч ирээд дүүгээсээ машинаа холдуулчихсан юмуу гэсэн чинь тэгсэн гэсэн ба би тэр хүнийг хаана байна намайг дуудаад байх юм гэтэл надад хаана байгааг нь зааж өгсөн. Дөнгөж хөдөлгөөд байрны голын зам дээр зогсож байсан ба би тэр хүн дээр очтол тэр хүн өөрөө хаалгаа онгойлгосон. Жолоочийн хажуу талын суудал дээр сууж байсан ба дунд хайрцагнаасаа нэг юм шүүрч аваад босоод ирэхээр нь би хамар тус газар нь нэг удаа цохьсон. Би тэр нүдний шилийг цохиогүй ба тэр хүн цусаа гоожуулаад доош тонгойгоод сууж байхад шил нь унах шиг болсон. Тэр хүн өөрөө гишгэж хагалсан байх гэж бодож байна. Манай дүү тэр хүн рүү зөндөө залгаж дуудсан. Би тухайн үед ачилтын компани дуудах гэснээ өрөвдөөд ачилт дуудаагүй. Тухайн хүн нь согтуу байсан ба машиныхаа түлхүүрийг өгчих холдуулаад өгье гэхэд эсэргүйцсэн. Тухайн үед манай дүү Б, найз М нар байсан. Тухайн хүнийг цохьсоны дараа дүү Б намайг болиулсан ба тэр цохиулсан хүн хойноос чи буруу өдрөө буруу хүнээрээ оролдлоо доо гөлөг минь би өмгөөлөгч хүн гээд байсан ба би гэртээ ороод ажлаа үргэлжлүүлсэн. Тэгээд гэртээ ороод байж байтал Б над руу залгаад намайг цагдаа аваад явчихлаа гэсэн тэгээд би цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 99-101/, Шүүгдэгч Л.Бг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73/, шүүгдэгч Л.Бгийн  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 78/, хохирогчийн гаргаж өгсөн баримтууд 1. Эмнэлэгийн картны дэвтрийн хуулбар 5 хуудас /хх-ийн 14-18/ 2. “Ol” нүдний шилний захиалгийн хуудас 2 ширхэг /хх-ийн 19-20/ 3. Хагарсан харааны шилний зургийг хавсралт /хх-ийн 21/,  4. “А ХХК” төлбөрийн баримт (50,190) /хх-ийн 22/ 5. “М Улсын яллагч: ХХК” төлбөрийн баримт (149,524) /хх-ийн 23/  6.” Н” худалдааны төвийн төлбөрийн баримт (469000) /хх-ийн 24/, 7. “С Ф” төлбөрийн баримт (40.800) /хх-ийн 25/,  8. “Э” төлбөрийн баримт 3 ширхэг (280,000) /хх-ийн 28/,  9. Г банкны төлбөрийн баримт 3 ширхэг (210,000) /хх-ийн 29-31/ 10. “Эмийн сан” төлбөрийн баримт (34,000) /хх-ийн 32/ 11. “Х банк”  төлбөрийн баримт (58,100) /хх-ийн 33/, 12. “М Ф” ХХК төлбөрийн баримт 2 ширхэг (42,800) /хх-ийн 34-35/, 13. “Ө” төлбөрийн баримт (126,500) /хх-ийн 36/ 14. “Автозогсоол” төлбөрийн баримт (1000) /хх-ийн 37/, 15. “А М” эмнэлэгийн төлбөрийн баримт (35,000) /хх-ийн 38/, 16. “О” төлбөрийн баримт (30,000) /хх-ийн 39/, 17. “О” эмнэлэгийн дэвтрийн хуулбар 4 хуудас /хх-ийн 40-43/, 18. “Д А” төлбөрийн баримт (30,000) /хх-ийн 44/ 19. “Э түр карт 3 хуудас /хх-ийн 45-47/ 20. “Э” эмнэлэг шинжилгээний хуудас /хх-ийн 53/ 21. “M” Дүрс оношлогооны шинжилгээний хариу /хх-ийн 52/ 22. “Г с ү төв” баримт /хх-ийн 51/, 23. “К банк” төлбөрийн баримт /хх-ийн 50/, 24. “Д” төлбөрийн баримт (140,000) /хх-ийн 49/, 25. “M”  үзлэгийн хуудас (140,000) /хх-ийн 48/, 26. “М” эмнэлэгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу 1 ширхэг CD нийт /хх-ийн 14-57/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Л.Б нь 2023 оны 07 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул тэнгэр 000 дугаар орцны гадна хохирогч П.Лгийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэм хэргийн улмаас учирсан хохирол хавтаст хэрэгт авагдсан баримтаар 814.000 төгрөг гарсан. Хохирогчийн хагалгаанд орох зардал нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол биш ирээдүйд гарах асуудал учраас уг зардлыг Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналыг гаргаж байна. Хохирогчийн зүгээс өмгөөллийн зардлаа шүүгдэгчээс гаргуулахыг шаардаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг санхүүжүүлэх Засгийн газрын 2018 оны 168 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 2.6-д заасан нөхцөл биш учир шүүгдэгчээс гаргуулах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй” гэх дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн эрхийг заасан бөгөөд шүүгч шүүх хуралдаан эхлэхэд энэ талаар тайлбарлаж өгсөн. Энэ үндсэн дээр миний үйлчлүүлэгч өөрт учирсан хохирол төлбөрөө баримтаар гаргаж өгч нэхэмжилж байгаа. Нүдний шилний тухайд зурагнаас хараад зүүх боломжтой эсэхийг улсын яллагч яаж мэдэх вэ? Бодит байдал дээр зүүх боломжтой байсан бол нүдний шилний рамыг дахин шинээр солиулах шаардлага байхгүй. Өмгөөллийн зардал, хагалгааны зардлыг нэхэмжлэх эрхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан байгаа. Хохирогчийн зөрчигдсөн эрхийг шүүх өнөөдөр хэрхэн хамгаалж байгаа вэ?,  Өмгөөлөгчийн зүгээс хагалгааны зардлыг нээлттэй үлдээж өмгөөллийн хөлс болон нүдний шилний хохирлыг хохиролд тооцож өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “Миний үйлчлүүлэгчийн 11.6 дугаар зүйлд заана гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байгаа учраас гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Энэ гэмт хэрэг гарах шалтгаанд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байгаа. Нүдний шилний тухай ярьж байна. Хэрэгт нүдний шилний үнэлгээг хийлгээгүй байгаа. Тухайн үед би хэрэг мөрдөгч дээр байх үед харсан бөгөөд тэр үед нүдний шил гэмтэлгүй байсан. Өмгөөлөгчийн хувьд нүдний шил гэмтэлгүй учраас үнэлгээ гараагүй байх гэж бодож байсан. Цаашид гарах эмчилгээний төлбөрийг төлнө гэдгээ үйлчлүүлэгч минь илэрхийлсэн. Харин өмгөөллийн хөлсийг гаргуулах саналыг эсэргүүцэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгч Л.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Л.Б нь 2023 оны 07 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул тэнгэр 0000 орцны гадна хохирогч П.Лгийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Хохирогч П.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 10 цаг 11 минутаас 10 цаг 14 минутын хооронд болсон асуудал бөгөөд би найзынхаа машиныг зарна гэсэн болохоор Баянзүрх дүүргийн 0000 дугаар хороолол Саруул тэнгэр 000  байрны гадна зогсоол байгаагүй бөгөөд орцны үүдэнд нэг автомашины зогсоол байсан ба тэнд ямар нэгэн автомашин тавихыг хориглосон тэмдэглэгээ байгаагүй учир 000 саарал өнгөтэй автомашинаа тавьчихаад найз Я.Бмашиныг үзэхээр граш руу нь очоод машиныг нь үзээд тохиролцоо хийгээд би гэрт нь ороод аяга цай уусан. 09 цаг 45 минутад 000 дугаараас залгаад писда минь машинаа холдуул, чи хэн юм гэж хэлсэн. Удалгүй дахин 3,4 минутын дараа залгаад хэл амаар доромжилсон. Би дуудлагын жолооч дуудсан ба 09 цаг 47 минутад ирсэн. Дуудлагын жолооч ирээд би машинаа хөдөлгөсөн. Тэгээд нөгөө хүн рүү залгаад би хөдөлчихлөө уучлаарай гэж хэлсэн чинь чамайг ална наанаа байж бай гэсэн. Тэгээд би холдоогүй байсан болохоор зогсож байтал машины хаалга онгойлгоод цохиж эхэлсэн. 000 дугаартай дуудлагын жолооч. Дуудлагын жолооч болон хэд хэдэн хүмүүс ирээд салгах гэж оролдсон боловч үгийн зөрөөгүй хэд хэд цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/, Гэрч А.Бмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19-р хороо Саруул тэнгэр 2 хотхоны 102 дугаар байрны 2 дугаар орцны хаалгыг приүс 41 загварын хар саарал өнгийн машин хаагаад тавьчихсан байсан. Тэгэхээр нь 09 цагаас хойш залгаж эхэлсэн. Анх залгаад машинаа холдуулчих гэхэд за гээд гарч ирээгүй. Тэгээд 09 цаг 46 минутын үед дахин 000 дугаар руу залгаад чи согтуу байгаа бол түлхүүрээ өгчих би холдуулчихья гэтэл одоо гарлаа гээд гарч ирээгүй. Тэгээд хүргэн ах Б залгаад гарч ирэхгүй байна гэж хэлтэл ах тэр хүн рүү залгаад дуудуулсан. Дараа нь тэр машины жолооч гарч ирээд ахтай хэрэлдээд эхэлсэн. Тэгээд нөгөө 2 чинь цохилцоод эхлэхээр нь би дундуур нь орж салгасан. Тэгээд тэр машины жолооч хэн нь өөрийг нь цохьсоныг мэдэхгүй намайг цохьсон гээд байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 000 дугаар: “1. П.Лгийн биед хамар ясны хугарал, хамрын нуруу, духны цус хуралт, зүүн хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 61-62/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Л.Бгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Л.Бгийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хохирогч П.Лгийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Мөн шүүгдэгч нь хохирогч П.Лгийн нүүрэн тус газар нь гараараа цохисон үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан “...биед хамар ясны хугарал, хамрын нуруу, духны цус хуралт, зүүн хацрын зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Л.Бг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч П.Л нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Л.Бгаас 5,376,280 төгрөгийг нэхэмжилсэн, энэ талаарх хохирлын холбогдох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй ба хохирогч нь зөвхөн уг гэмт хэргийн улмаас үүссэн хохирлоо холбогдох нотлох баримтыг хуульд заасан журмаар бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шүүгдэгчээс цаашид нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Харин шүүгдэгч Л.Б нь хохирогч П.Лд мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар ирүүлсэн 814,014 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгож, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг, хохирогчийн өмгөөлөгч “улсын яллагчийн гаргасан саналтай нэг байна” гэх дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх дүгнэлтийг шүүхэд тус тус гаргасан болно.

 

Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байна. Учир нь хохирогч П.Лг орцны хаалга таглаж байрлуулсан приүс 41 маркийн авто машинаа холдуулах талаар утсаар 9 цаг 10 минутаас хойш гэрч А.Бболон шүүгдэгч Л.Б нар удаа дараа залгахад хохирогч 1 цаг гарангийн дараа гарч дуудлагын жолоочоор машинаа холдуулж маргаан үүсгэх шалтгаан болсон нөхцөл байдал байгаа боловч хохирогч П.Лгийн биед хамар ясны хугарал, хамрын нуруу, духны цус хуралт зүүн хацрын зулгаралт гэмтэл учирсан байх ба хохирогч хамрын хагалгаанд орно, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, гомдол саналтай гэх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Агаргасан шүүгдэгч Л.Бг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Л.Б эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгч Л.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Л.Б нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 сарын дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Л.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө овогт Л.Бг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

5. Хохирогч П.Л нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд Л.Баас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Л.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.СОЛОНГОО