Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2020/01851

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Х б ХХК /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулангийн 0 тоот хаягт оршин суух, Олхонууд овогт Н.М /рд:0/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулангийн 0 тоот хаягт оршин суух, Ганган буурал овогт М.А /рд:0/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 61,654,649.38 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч Н.М, М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.                                

 ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Н.М, М.А нар нь Хас банктай 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1020026183 дугаартай зээлийн гэрээ байгуулан 66,500,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй 216 сарын хугацаатайгаар орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Н.Мгийн Хас банк дахь ******* дугаар дансанд шилжүүлж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. 1050026183 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан 1050026183-01 дугаартай барьцааны гэрээгээр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 0 дүгээр байр, 0 тоот хаягт байрлалтай ГД-0 гэрчилгээний дугаартай, Ү-0 тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай 43 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалуулсан. 1050026183 дугаартай зээлийн гэрээний дагуу хариуцагч нар нь үндсэн зээлд 7,580,381.33 төгрөг, зээлийн хүүнд 18,885,801.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,196.88 төгрөг буюу нийт 26,475,379.99 төгрөгийг төлсөн. Хариуцагч нар нь 1050026183 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээл, хүүгийн төлбөрийг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш төлөлгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 189 хоног хугацаа хэтрүүлээд байна. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг хариуцагч нараас удаа дараа шаардаж, гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлж байсан ч хариуцагч нар нь банкны шаардлагыг биелүүлээгүй бөгөөд хариуцагч Н.М холбогдох бүрт утсаа авахгүй, ажилтай байна гэсэн шалтгаанаар уулзахаас зайлсхийдэг байсан. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Зээлийн гэрээний 5.1 дэх заалтыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон 1050026183 дугаартай зээлийн гэрээг нэг талын санаачлагаар гэрээг цуцалж төлөгдөөгй төлбөр болох үндсэн зээл 58,919,618.67 төгрөг, хүү 2,730,691.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,339 төгрөг нийт 61,654,649.38 төгрөгийг хариуцагч Н.М, М.А нараас гаргуулж өгнө үү. Хариуцагч нар нь сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 0 дүгээр байр, 0 тоот хаягт байрлалтай ГД-0 гэрчилгээний дугаартай, Ү-0 тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай 43 мкв 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэв.

Хариуцагч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

66 сая төгрөгийн зээлийг 9 сараас хойш төлөөгүй. 2019 оны 9 сард манай нөхөр осолд орж, дараа сар нь ээж миний нас барсан тул 5-6 сар зээлээ төлөөгүй. Тухайн үед ганцаараа ажил эрхэлдэг байсан. Одоо охин М.А Монгол шуудан компанид ажилд орсон, 550,000 төгрөгийн цалин гар дээрээ авдаг. Манай нөхөр Мэндбаяр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Би Монгол шуудан компанид 750,000 төгрөгийн цалинтай ажил хийдэг. 6,000,000 төгрөгийн зөрчлөө арилгаад зээлээ үргэлжлүүлэн төлөөд явах саналтай байна. Газар зарах гэж байгаа тэрийгээ зараад мөнгөө төлнө гэв.

Хариуцагч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ээжтэйгээ адил саналтай байна гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х б ХХК нь хариуцагч Н.М, М.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 61,654,649.38 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн 1050026183 дугаар гэрээгээр зээлдүүлэгч Х б ХХК нь зээлдэгч Н.М, М.А нарт 66,500,000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 216 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлдүүлж, мөн өдрийн Барьцааны 1050026183-01 гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй,  дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 9 байр, 0 тоот хаягт 0 байршилтай, 43 м.кв талбайтай , 3 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаангүй байна.

Орон сууцны зээлийн гэрээний 4.1-т ...үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх, 5 дугаар зүйлийн 5.1.1-т зээлийн төлбөрийг хугацаанд нь хэсэгчлэн болон бүрэн төлөөгүй бол банк гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардах эрхтэй гэж талууд тохиролцжээ.

Зээлдэгч нар нь зээлийн төлбөрт үндсэн зээлд 7,580,381.33 төгрөг, хүү 18,885,801.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,196.88 төгрөг, нийт 26,475,379.99 төгрөг төлсөн ба 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн байна.

Зээлдэгч нар зээлийн төлбөр төлөх хуваарийг зөрчиж байсан тул зээлдэгч нарт 2016-2019 онуудад зээлийн төлбөрийг төлөхийг мэдэгдэж, зөрчлөө арилгахгүй бол гэрээ цуцлах талаар шаардах хуудас, мэдэгдэх хуудас удаа дараа хүргүүлж, хугацаа хэтэрсэн зээлийг төлүүлэх ярилцлагын тэмдэглэл үйлдэж байжээ. /хх-28-38 тал/

Гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар нэхэмжлэгч Х б ХХК-ийн санаачилгаар гэрээг цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар нэхэмжлэгч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй юм.

Хэрэгт авагдсан зээл, зээлийн хүүгийн тооцоолол баримтаас үзэхэд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар хариуцагч нар нь зээл 58,919,619 төгрөг, зээлийн хүү 2,730,692 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,339 төгрөг, нийт 61,654,649 төгрөг төлөх үүрэгтэй байна. /хх-39 тал/

Хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу гэрээний үүргийн зөрчлөө арилгаагүй учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх боломжгүй гэсэн тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч Н.М, М.А нараас зээлийн гэрээний үүрэгт зээл 58,919,619 төгрөг, зээлийн хүү 2,730,692 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,339 төгрөг, нийт 61,654,649 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х б ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хариуцагч Н.Мгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй, 0 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 0 байр, 0 тоот хаягт байршилтай, 43 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Н.М, М.А нараас зээл 58,919,619 төгрөг, зээлийн хүү 2,730,692 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,339 төгрөг, нийт 61,654,649.38 /жаран нэгэн сая зургаан зуун тавин дөрвөн мянга зургаан зуун дөчин есөн төгрөг гучин найман мөнгө/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х б ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 17.1-д зааснаар хариуцагч Н.М, М.А нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Н.Мгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй,  дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо,  дугаар хороолол, 0 байр, 0 тоот хаягт байршилтай, 43 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 536,423.25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 536,423.25 /таван зуун гучин зургаан мянга дөрвөн зуун хорин гурван төгрөг хорин таван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.ЦЭРЭНДУЛАМ