Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2026/0154

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Т-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Зоригтбаатар

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

          Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

 

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч  Э.Т

          Хариуцагч С******* дүүргийн Засаг дарга

 

          Нэхэмжлэлийн шаардлага: С******* дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Э.Т-г хорооны Засаг даргын албан тушаалаас огцруулах тухай” Б/** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2025/0760 дугаар шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л

          Хариуцагчийн өмгөөлөгч Г.Б

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х

          Хэргийн индекс: 128/2025/0689/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч С******* дүүргийн Засаг даргад холбогдуулан “С******* дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Э.Т-г хорооны Засаг даргын албан тушаалаас огцруулах тухай” Б/** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 760 дугаар шийдвэрээр “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5, 65 дугаар зүйлийн 65.1.3, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4, 11 дүгээр зүйлийн 11.1.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Т-ийн С******* дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С******* дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/** дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг С******* дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгаж” шийдвэрлэсэн байна.

          3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

          3.1 “...Нутгийн захиргааны байгууллагын нэгдсэн ERP системийн тайлангаар Э.Т нь ажлын 9 өдөр ажилдаа хүрэлцэн ирээгүй, 1770 минут ажлаас хоцорсон, 99 минут ажлын цаг дуусахаас өмнө эрт гарсан нь тогтоогдсон байдаг. Харин нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа зарим төрийн байгууллагаас дурдсан хугацаанд ажиллаж байсан тухай тодорхойлолтыг өгсөн байдаг боловч, энэ тухайгаа түүний томилох эрхтэй дээд шатны захиргаа болон дүүргийн Засаг дарга болон эрх бүхий этгээдэд мэдэгдэж байгаагүй. Тодруулбал байгууллагын дотоод журамд заасны дагуу албан хаагч нь албан үүргийнхээ хүрээнд гадуур ажиллах боломжтой ба ингэхдээ тус системд гадуур ажиллах тухайгаа бүртгүүлэх ёстой байсан. Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны нэгдсэн удирдлагын ERP систем нь гадуур ажилласан цагийг мөн адил бүртгэдэг тул ажилтан гадуур гарахаасаа өмнө түүнийгээ системд бүртгүүлэх бүрэн боломжтой байсан. Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд маргаад байгаа тус ажил тасалсан гэх өдрүүдэд гадуур ажилласан гэж байгаа боловч бодит байдал дээр тэр нь тогтоогдохгүй байна. Мөн эдгээр нотлох баримт нь тодорхой, цаг, өдөр заагаагүй болохыг анхаарах шаардлагатай.

          3.2 Байгууллагын дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй шиг байнга тог тасарч, системд бүртгүүлэх боломжгүй байсан бол гадуур ажлын дэвтэрт бүртгэсэн эсэхийг тодруулах шаардлагатай. Мөн 2025 оны эхний хагас жилийн биелэлтийг дүгнэх илтгэх хуудсанд нэхэмжлэгч нь ирц бүрэн биш шалтгаанаар оноо хасуулж 79 оноо авсан бөгөөд өөрийн гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байна. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг зөрчсөн байна.

          3.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргасан. Шүүхийн зүгээс тухайн хүсэлтийг шийдвэрлээгүй орхисон байдаг. Энэхүү хүсэлт нь нэхэмжлэгчид сонсох ажиллагааны мэдэгдэл очсон эсэх, мэдэгдлийг хүлээн авсан тохиолдолд тухайн чатаар дамжуулан тайлбараа хүргүүлэх боломжтой байсан эсэх, аливаа хязгаарлалт байсан эсэх зэрэг үйл баримтыг тодруулах зорилгоор үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргасан боловч энэхүү хүсэлтийг шийдвэрлээгүй. Тус үзлэгээр нэхэмжлэлийн агуулга, үндэслэлд дурдагдаж буй Захиргааны ерөнхий хуулийн 24-28 дугаар зүйлд заасныг зөрчсөн эсэхийг тогтоох чухал ач холбогдолтой байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй байна.

          3.4 Иймд давж заалдах гомдлыг хангаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 760 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү” гэв.  

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

          2. Дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

          Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд;

          3. С******* дүүргийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/** дүгээр захирамжаар “Дүүргийн * дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаас * дугаар хорооны Засаг даргад нэр дэвшиж, олонхын санал авсан Э.Т-г 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн * дугаар хорооны Засаг даргаар” томилсон байна.

          4. С******* дүүргийн Засаг дарга М.А нь 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “...цагийн бүртгэлээ бүртгүүлээгүй, ажлаас хоцорсон, хүндэтгэн үзэх шалтгаангүй, удирдах ажилтанд мэдэгдээгүй ажил тасалсан, ажлын цаг ашиглалт хангалтгүй ажилласан...” гэж 2025/** дугаар “Сонсох ажиллагааны мэдэгдэл”-ийг мөн өдрийн 15 цаг 25 минутад нэхэмжлэгчид хүргүүлсэн.

          5. Улмаар дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/** дугаар захирамжаар “Дүүргийн * дугаар хорооны Засаг дарга Э.Т-г 2025 оны эхний хагас жилийн албан хаагчдын ирцийн бүртгэлийн тайлангаар ажлын 9 хоногийн цагийн бүртгэлээ бүртгүүлээгүй, 1720 минут хоцорсон, 99 минутын өмнө явсан, хүндэтгэн үзэх шалтгаангүй удирдах ажилтанд мэдэгдээгүй ажил тасалсан, ажлын цаг ашиглалт хангалтгүй ажиллаж хууль, тогтоомжоор хүлээлгэсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн нь холбогдох баримтаар нотлогдож байх тул 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс хорооны Засаг даргын албан тушаалаас огцруулж” шийдвэрлэжээ.

          Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

          6. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна”, 64.2.5-д “энэ хуулийн 65.1.3-т заасан үндэслэлээр”, 65 дугаар зүйлийн 65.1.3-д “хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн” гэж заасан.

          7. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, С******* дүүргийн Ахмадын хорооны 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгээр “2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Өв соёлоо түгээн дэлгэрүүлье арга хэмжээг ахмадын хорооны байранд зохион байгуулахад * дугаар хорооны Засаг дарга Э.Т нь ахмадуудтайгаа оролцсон болно” гэх, тус дүүргийн Улаан загалмай хорооны 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ** дугаар албан бичгээр “2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, анхны тусламжийн нөлөөллийн ажлын хөтөлбөрийн хүрээнд * дугаар хорооны Засаг дарга оролцсон нь үнэн болно” гэх, дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/** дугаар тушаалаар “...2025 оны цэрэг татлагын ажлыг 2025 оны 05 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд зохион байгуулж, уг ажилд * дугаар хорооны Засаг дарга ажилласан” гэх, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан Муур, нохой устгах ажиллагаанд 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тус тус ажилласан болох нь тогтоогдсон байна.

          8. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх хэсэгт зааснаар бүх шатны Засаг дарга нь улс төрийн албан тушаалын ангилалд хамаарах ба хорооны Засаг дарга нь дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгавар, шийдвэрийг биелүүлж ажиллаагүй, ажлын хариуцлага алдсан тохиолдолд дүүргийн Засаг дарга нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар сахилгын шийтгэл ногдуулах, огцруулах бүрэн эрхтэй бөгөөд Э.Т өмнө нь сахилгын шийтгэл хүлээж байгаагүй байна.

          9. Нэхэмжлэгч Э.Т нь Хорооны Засаг даргын хувьд харьяалах нутаг дэвсгэрийнхээ хүрээнд хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж дүүргийн Цэрэг штаб, Ахмадын хороо, Улаан загалмайн хороо, Онцгой байдлын хэлтсийн ажилд дэмжлэг үзүүлж ажилласан байхад, мөн нийтээр тэмдэглэх баярын өдрүүд (шинэ жил, цагаан сар)-ийг оролцуулан нийт 9 хоног ажил тасалсан гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

          10. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.21-д “дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах” гэж заасны дагуу С******* дүүргийн Засаг дарга нь Э.Т-тэй байгуулсан 2025 оны эхний хагас жилийн гэрээний биелэлтийг “хэвийн” гэж дүгнэсэн байх тул дүүргийн * дугаар хорооны Засаг даргыг хууль тогтоомжоор хүлээлгэсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэхгүй.

          11. Иймээс хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Э.Т-г “хүндэтгэн үзэх шалтгаангүй, удирдах ажилтанд мэдэгдээгүй ажил тасалсан, ажлын цаг ашиглалт хангалтгүй ажиллаж хууль, тогтоомжоор хүлээлгэсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэдэг нь хангалттай нотлогдохгүй байх тул маргаж буй Б/** дугаар захирамж хууль бус байх бөгөөд нэхэмжлэгчийг хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...нэхэмжлэгчид сонсох ажиллагааны мэдэгдэл очсон эсэх, мэдэгдлийг хүлээн авсан тохиолдолд тухайн чатаар дамжуулан тайлбараа хүргүүлэх боломжтой байсан эсэх зэрэг үйл баримтыг тодруулах зорилгоор үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргасан боловч энэхүү хүсэлтийг шийдвэрлээгүй. ...нэхэмжлэлийн агуулга, үндэслэлд дурдагдаж буй Захиргааны ерөнхий хуулийн 24-28 дугаар зүйлд заасныг зөрчсөн эсэхийг тогтоох чухал ач холбогдолтой байсан” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

          13. Сонсох ажиллагааны мэдэгдлийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр үйлдэж, улмаар “...Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2-27.4.6-д заасан хэлбэрээр 2025 оны 06 дугаар сарын 17-ны дөрийн 0900 цагийн дотор тайлбараа ирүүлэх” Мэдэгдлийг нэхэмжлэгчид мөн өдрийн 15 цаг 25 минутад хүлээлгэн өгсөн атлаа маргааш нь буюу 17-ны өдрийн 0830 цагт Б/** дугаар захирамжийг гаргасан зэргээс үзэхэд нэхэмжлэгчид нөхцөл байдлын талаар тайлбар гаргах хангалттай хугацаа олгоогүй болох нь тогтоогдож байна.

          14. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасан, энэ тохиолдолд хариуцагч нь сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй, шийдвэр нь бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх тусгай зарчмыг зөрчсөн байна.

          15. Анхан шатны шүүхийн “...Сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж, маргаан бүхий захиргааны акт гаргасан нь хэлбэрийн шаардлага хангах боловч нэхэмжлэгчид тайлбар гаргаж өгөх боломжит хугацааг олгоогүй, ...албан тушаалаас хүлээлгэж өгсөн ямар ажил, даалгаврыг дутуу хийсэн, чанарын шаардлага хангаагүй, эсхүл хугацаанд нь амжилтгүй биелүүлээгүй нь тогтоогдоогүй” гэх дүгнэлт үндэслэлтэй.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 760 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Л-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                           Э.ЗОРИГТБААТАР

 

                                    ШҮҮГЧ                                           А.САРАНГЭРЭЛ

 

                                ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА