Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2017/0550 

 

2017 оны 07 сарын 17 өдөр         Дугаар 128/ШШ2017/0550             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З.Д, Ц.Б

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн хурлын дарга.

Гуравдагч этгээд: О.Э, Д.Н, С.С, Г.Ч, Г.Т.

Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн нийтийн хурлын 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааныг болон мөн өдрийн хуралдааны “Иргэдийн нийтийн хурлын даргыг сонгон батлах тухай 01, “Иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай” 02, “Хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 03 дугаар тогтоолууд, тус дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/09 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н, нэхэмжлэгч З.Д, нэхэмжлэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Н.А, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн хурлын өмгөөлөгч Г.Н нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “3.Доржсүрэн миний бие Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013,01,21-ний өдрийн №22 захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 27-р хорооны Засаг даргаар томилогдож ажил үүргээ гүйцэтгэж байна.

Гэтэл  Сонгинохайрхан  дүүргийн  27-р хорооны  иргэдийн  Нийтийн  Хурлыг

 Тэргүүлэгчдийн шийдвэргүйгээр, хорооны иргэдэд зарлан мэдээлэлгүйгээр хууль зөрчин хуралдуулан Сонгинохайрхан дүүрэг дэх 27-р хорооны иргэдийн Нийтийн хурлын 2017,01,14-ний өдрийн 03 тогтоол гэгчийг гаргаж, З.Дийг хороон Засаг даргаас чөлөөлүүлэх саналыг дүүргийн Засаг даргад явуулсан байна. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ******* захирамжаар З.Дийг ажлаас чөлөөлжээ.

Иймд Сонгинохайрхан дүүрэг дэх 27-р хорооны иргэдийн Нийтийн хурлын 2017,01,14-ний өдөр хийгдсэн гэх хуралдаан хууль бус тул түүнийг дагаж гарсан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамж нь мөн хууль бус гэж үзнэ.

Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.10-т “...хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн...хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох...” гэж заасан. З.Д, н.Б бид Сонгино- Хайрхан дүурэг дэх 27-р хорооны иргэн мөн бөгөөд дээрх хуульд заасанчлан хорооны Хурлын хуралдаанд оролцох эрхтэй гэж үзнэ. Цаашлаад иргэний хувьд Хурлын дарга, тэргүүлэгч, Засаг даргад нэр дэвшүүлэх, нэрээ дэвшүүлэх эрхтэй.

Гэтэл хорооны иргэний энэхүү эрхийг хангахгүйгээр хорооны иргэдийн нийтийн хурал 2017 оны 01, дүгээр сарын 14-ний өдөр Чингис Соосэ Их сургуулийн оюутнуудыг оролцуулан хуралдсан нь иргэний эрхийг зөрчсөн, Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн үйл ажиллагаа боллоо.

Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш -20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид... хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна,”, 26.2-т “...хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд... нэр дэвшүүлэх эрхтэй...” гэж заасан болно.

Иймд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааныг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/09 захирамжийг хүчингүй болгуулах” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэн Б.Б З.Д нар нь иргэний хувиар хорооны иргэдийн Нийтийн хуралд оролцох эрхтэй юм. Энэ эрхийг хангах үүднээс өөрөө удирдах байгууллага нь хурлаа зарлаж иргэдэд мэдэгдсэний үндсэн дээр хурал болох ёстой атал 01 дүгээр сарын 14-ний өдөр хэн гаргасан нь мэдэгдэхгүй хийсэн байдаг. Тухайн хурлын нарийн бичиг хийж байсан эмэгтэй гэрчийн мэдүүлэг өгөхдөө “Хэдэн хүн байж байгаад хурал зарлавал яасан юм бэ  гэж ярилцаж байгаад, хурлыг товлоод, дараа нь хурлаар хэлэлцээд шийдсэн юм” гэдэг зүйлийг ярьдаг. Өөрөөр хэлбэл ямар нэг хуулийн үндэслэл байхгүйгээр хэдэн хүн цуглаад асуудлыг шийдээд, тамгаа дараад, өөрөө удирдах байгууллагын удирдлагаа томилсон байдаг. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 4 000 /Дөрвөн мянга/ иргэдийн оролцох боломжийг хангах ёстой юм. Өөрөөр хэлбэл хурал товлосон шийдвэр байхгүйгээр хуралдсан тогтоолын хууль зүйн үндэслэл нь хууль зөрчиж гарсан тогтоол юм. Тийм учраас тус хурал нь бүхэлдээ хүчингүй юм.

Мөн хүмүүсийн бүртгэл байдаг. Тус бүртгэл нь хаяг байхгүй зүгээр нэр бичсэн байдаг. Дараа нь янзалж өгөхдөө иргэдийн нэрсийн харалдаа “Ирсэн” гэж бичсэн байдаг. Ийм бүртгэл байж болохгүй юм. Уг нь тухайн ирцийг бүртгэхдээ хаана оршин суудаг хэн болох тухай тэмдэглэсэн байх ёстой юм.  Мөн Тэргүүлэгчдийн шийдвэр байхгүйгээр хуралдсан тогтоол  нь хууль зөрчсөн нь илэрхий байгаа юм. Тийм учраас 01, 02, 03 дугаар тогтоолууд болон хурлыг хүчингүй болгож өгнө үү.  Мөн Засаг даргын гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгож өгнө үү.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд дахиж хурлаа зарлаж, мэдээллэнэ. Шүүх хуралдаан  болоход шүүхийн цахим хуудсанд тавьдаг,  зарын самбарт байдаг, оролцогч нарт мэдэгддэг бөгөөд үүний үндсэн дээр шүүх хуралдаан явагддаг. Ийм үйл ажиллагаа  иргэдийн Нийтийн хуралд явагдах ёстой юм. Тийм учраас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчиж явагдсан тогтоол, шийдвэрүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

Нэхэмжлэгч Б.Б шүүх уралдааны үед гаргасан тайлбартаа: Үйл ажиллагаа  хэвийн явагдаж байсан. 01 дүгээр сарын 14-ний өдрийн хурал бүхэлдээ хууль бус юм. Дүүргийн иргэдийн Нийтийн хурлын дарга н.******* 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бүх хороодыг шинэчлэх нэрийдлээр тамга хурааж авсан. Энэ нь Тамга, тэмдэг ашиглах тухай хуулийг ноцтойгоор зөрчөөд, сар хагасын хугацаанд өгөөгүй, иргэдэд мэлээлэлгүйгээр хурал зарласан нь шүүхэд өгсөн баримтаар нотлогдоно. Уг хорооны иргэдийн Нийтийн хурал нь  2012 оны тайлан зэргийг олон нийтэд ил тод буюу фэйсбүүк хуудсанд байнга тавьдаг байгаа. Ингэсээр байгаад дүүргээс янз бүрийн баримт бичиг бүрдүүлсэн байгаа юм. Хуралд оролцогчдыг ирцийг Чингис сосо сургуулийн захирал н.Д удирдан зохион байгуулсан бөгөөд хурал даргалагчаар н.С томилогдсон. Тэдгээр нь гэр бүлийн хүмүүс юм. Мөн хуралд оролцсон хүмүүс дандаа оюутнууд байсан. Бичлэг харах боломжгүй гэдэг.  Тэгэхээр бичлэг дээр байгаа манай 3 гэрчийн өгсөн мэдүүлгийг үндэслэх нь зөв гэж үзэж байна. Учир нь бичлэг хийсэн иргэд өөрсдийгөө нотолсон мэдүүлэг байгаа юм. 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 тоот иргэдийн Нийтийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоол гаргаад, үүнийгээ дүүрэгт очиж тамгалуулна гэсэн юм. Гэтэл дүүрэг тамгалж өгөхгүй гэсэн. Энэ нь Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийг буюу орон нутгийн бие даасан байдлыг зөрчсөн юм. Мөн 17 дугаар зүйлийн 17.1.2, 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.4-т заасныг тус тус зөрчиж тогтоол гаргасан. Иргэдийн Нийтийн хурал нь хурлын тэмдэглэлийг хийж өгсөн. Бидний мэдэхээр хариуцагч тал ажил хийгээгүй бүтэн 2 жил болсон. Надад нотлох баримт хангалттай байна. Үүнээс гадна 01 дүгээр сарын 06-ны өдөр албан бичиг өгсөн бөгөөд тухайн үед шинэчлэгдсэн тамга дарагдсан байгаа. Энэ нь Үндсэн хуулийн 1 дүгээр бүлгийн 3 дугаар зүйлийн 3.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.2, 17 дугаар зүйлийг тус тус зөрчсөн юм. Үүнийг тухайн үед тамгалж байсан тухайн үеийн иргэдийн Нийтийн хурлын мэргэжилтэн н.М үүрэг өгч шалгуулсан юм. Тэгээд өөрсдөө хүлээн зөвшөөрч тамга дарж өгсөн. Гэтэл дараа нь тамга дарж өгдөггүй. Ялангуяа Амжиргаа дэмжих зөвлөлийн тогтоолд дарж өгөөгүй нь цаанаасаа хуйвалдааны шинжтэй байгаа юм. Цааш нь хүндрүүлж ярьвал эрүүгийн байцаан шийтгэх хуульд хамаарах магадлалтай юм.  Хэрэв хурал болсон бол би сонгогдох эрхтэй бөгөөд сонгогдох магадлал өндөр байсан. Учир нь манай хурал болон Засаг даргын ажлын үзүүлэлт 4 жил дараалан +А үзүүлэлт авч байсан. Тийм учраас гомдолтой байна. Эрхээ сэргээлгэх хүсэлтэй байна” гэв.

Нэхэмжлэгч З.Д шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Миний хувьд Засаг даргаар ажиллаж байсан. Намайг 01 дүгээр сарын 17-нд ажлаас чөлөөлсөн захирамж гаргасан байсан. Тэгээд хаанахын иргэдийн Нийтийн хурал хэзээ, хаана хуралдсан, үндэслэл болсон тогтоол шийдвэрээ үзүүлэхийг шаардахад байгаагүй. Тэнд ажил хүлээлцсэн Захиргаа хэлтсийн хуулийн дарга хууль зөрчигдсөн иргэдийн хурлын тогтоолыг үндэслэж захирамж гарч томилдог. Гэтэл энэ томилолт байхгүй учраас ажилд яваад ирсэн хойгуур бидний хаалга, сейфийг эвдэж орсон байдаг. Энэ нь төрийн хуулийг хүндэлж үзээгүй, дураараа загнасан үйл явдал болсон гэж үзсэн учраас нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа” гэв.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлаас 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хорооны Засаг даргад Г.Тын нэрийг дэвшүүлсэн 03 дугаар тогтоол, тооллогын комиссын тогтоолын хамт дүүргийн иргэдийн Төлөөлөгчдын Хурлын ажлын албаар дамжуулж 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад ирүүлсэн.

Дүүргийн Засаг даргын хувьд иргэдийн  Төлөөлөгчдын Хурлын ажлын албанаас хүчинтэй хэмээн үзэж ирүүлсэн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол, тооллогын комиссын тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26.3-т заасны дагуу бүрэн эрхийн хугацаа дууссан 27 дугаар хорооны Засаг дарга З.Дг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар чөлөөлж 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга М.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хуульд заасны дагуу Тэргүүлэгчид анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах ёстой ч огт зарлаагүй. Иймд иргэд өөрсдөө хүсэлт гаргах замаар хуралдаан хийсэн ба уг хуралдаан нь хуульд заасан ирцтэй байсан. Хэрэв Тэргүүлэгчид анхдугаар хуралдааныг зарлахгүй байвал хэрхэх талаар хуульд зохицуулалт байхгүй байх ба уг хийдлийг ашиглан Засаг даргаар үргэлжлүүлэн ажиллах нь иргэдийн сонголт биш юм. Засаг дарга нь улс төрийн албан тушаал бөгөөд цаашид ажиллах эсэх нь сонгуулийн үр дүнгээс хамаарч байдаг тул З.Дг чөлөөлөх нь хуульд нийцсэн үйлдэл юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн хурлаас 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр  хорооны Засаг даргад н.*******-*******ын нэрийг дэвшүүлсэн тогтоолыг дамжуулж Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба бүх зүйлийг шалгаж үзээд хууль журмын дагуу явагдсан байна гэж үзсэн. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас хүчинтэй гэж үзэж, иргэдийн Нийтийн хурлын 03 дугаар тогтоолыг үндэслэж, бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн 09 дүгээр захирамжийг гаргаж, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож, шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Хууль зөрчсөн зөрчлийг шүүх шийддэг биш юм. Харин зөрчигдсөн эрхийг сэргээдэг байгууллага юм. Энэ тухай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан байдаг.

Нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан үндэслэлийг хангахгүй байгаа юм. Нэхэмжлэл гаргаад байгаа эдгээр хүмүүс хурал хийхэд өөрсдөө байсан бол хуульд заасны дагуу анхдугаар хуралдаанаа зарлах ёстой байсан. Өөрөөр хэлбэл 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө гэсэн үг юм. Өөрсдөө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс өнөөдрийн маргаан үүссэн юм” гэв.

Гуравдагч этгээд О.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “З.Д, Ц.Б нарын нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

Гуравдагч этгээд Г.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “******* овогтой Ч миний бие З.Д, Ц.Б нарын гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

Гуравдагч этгээд Д.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хурал хуулийн дагуу явагдсан гэж үзэж байгаа. 27 дугаар хорооноос заралсан хуралд суусан бөгөөд оршин суугч нар оролцож хурал даргалагч тооллогын комисс байгуулагдаж хурлын ажиллагаа явагдсан Чингис Соосэ сургуулийн н.О оролцсон. Манай хорооны байранд оршин суугч багш нар оролцох болох хорооны ажлыг сайн мэдэхгүй оршин суугч нарыг сайн танихгүй болно” гэжээ.

Гуравдагч этгээд С.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “З.Д, Ц.Б нарын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хуулийн дагуу хурал болсон гэдэгт эргэлзэхгүй байна. Үнэн юм үнэнээрээ сайхан. Хууль зөрчигчдыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс шүүх хуралд оролцох шаардлагагүй” гэжээ.

Гуравдагч этгээд Г.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь тус хорооны Иргэдийн Нийтийн Хуралд өөрийн биеэр оролцсон. Хуралд хорооны 160 гаруй иргэд оролцсон байсан. Хорооны иргэдийн Нийтийн хуралд надтай хамт н.******* гэгч эрэгтэй нэр дэвшиж байсан боловч нэрээ татаж авсан юм. Хорооны иргэдийн Нийтийн Хурал дотоод журмынхаа дагуу явагдсан гэж үзэж байна. Миний бие нь шүүх хуралд оролцох шаардлагагүй болно” гэжээ.

Нэхэмжлэгч З.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л-ын тайлбарт намайг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар тус дүүргийн 27 дугаар хорооны Засаг даргын албан тушаалаас чөлөөлж, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгосон гэж бичжээ.

Энэхүү захирамжийн үндэслэл болсон Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоол нь анхнаасаа хууль зөрчиж гарсан. Өөрөөр хэлбэл уг хуралдааныг Тэргүүлэгчдийн шийдвэргүйгээр, хорооны иргэдэд зарлан мэдэгдэхгүйгээр холбогдох хуулиудыг зөрчиж хийгдсэн. Уг хуралдаанаас гарсан хууль бус тогтоолыг үндэслэж Дүүргийн Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаа гарган З.Д намайг Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Анхнаасаа хууль зөрчиж гарсан 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралдааны 03 дугаар тогтоолоос улбаалан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Б/09 дүгээр захирамж гарсан учир энэ Б/09 дүгээр захирамж мөн адил үндэслэлгүй. Миний бие хууль зөрчиж гарсан тогтоол, захирамжийн дагуу Засаг даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт надад 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг огт аваагүй. Хариуцагчид нь ийм л хуурамч зүйл бичиж, хууль зөрчдөг хүмүүс. Хариуцагч нарын шүүхэд гаргаж өгсөн тайлбарууд хууль эрх зүйн хувьд ямар ч үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч З.Д миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байгаа болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ;

            Иргэн З.Д, Ц.Б нар Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн нийтийн хурлын 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааныг болон мөн өдрийн хуралдааны “Иргэдийн нийтийн хурлын даргыг сонгон батлах тухай 01, “Иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай” 02, “Хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 03 дугаар тогтоолууд, тус дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/09 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Шүүх дараахь үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэв.

            Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Нутгийн өөрөө удирдах байгууллага нь дараахь тогтолцоотой байна;”, 9.1.3-д “баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал”, 9.2-т “.....Хурлын хуралдааны чөлөө цагт бүрэн эрхийг нь тэдгээрийн Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ.” гэж хуульчилсан байна.

            Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүх шатны хурлын хуралдаан түүний дотор хорооны иргэдийн Нийтийн Хуралдааныг энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан зохицуулалтад хамааруулж хуульчилжээ.

            Тухайлбал хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна.” гэж хуульчилснаас үзэхэд хорооны иргэдийн Нийтийн Хуралдааныг иргэдийн санаачлагаар бус харин  бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид нь зохион байгуулж хуралдуулах үүрэгтэй байна.

            Өөрөөр хэлбэл Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нэр бүхий иргэдийн шаардсанаар Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас чиглэл өгч тус хорооны нэр бүхий иргэд гарын үсэг цуглуулах байдлаар зохион байгуулж хурал зарлан хуралдуулсан нь хуулийн дээрх зохицуулалттай нийцээгүй байна.

            Нөгөө талаар Монгол Улсын Үндсэн хуулийн жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно.” гэж зааснаас үзвэл хорооны иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаанд Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас чиглэл өгч ажиллах хууль зүйн боломжгүй байна.

            Түүнчлэн хариуцагч хорооны иргэдийн Нийтийн Хурлыг хуульд нийцүүлэн хуралдуулсан талаараа хангалттай нотлоогүй байна.

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд маргаан бүхий хуралдааны ирцийн бүртгэл гэх баримт 2 өөр, хуралдааны ирцийг бүртгэсэн гэрчийн мэдүүлэгтэй зөрүүтэй, тус хуралдаан  Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д заасан шаардлагыг хангасан эсэх нь эргэлзээтэй байгаа нь хурал хүчинтэй болсон эсэх талаар дүгнэхэд уг үйл баримтын нөхцөл байдал шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж үзэхээр байна.

            Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “...хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн....хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд...хороонд 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно.” гэж зохицуулсан бөгөөд хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн хуралдааны ирцийн зөрүүтэй баримтыг үндэслэн тухайн хуралдааны ирц хүчинтэй эсэхийг дүгнэх боломжгүй байна.

            Нэхэмжлэгч З.Д Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 22 дугаар захирамжаар тус дүүргийн 27 дугаар хорооны Засаг даргаар, нэхэмжлэгч Ц.Баттулга тус дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн анхдугаар хуралдааны 04 дүгээр тогтоолоор иргэдийн Нийтийн хурлын Тэргүүлэгч гишүүнээр сонгогдон тус тус ажиллаж байжээ.

            Гэтэл хариуцагч тус хорооны иргэдийн Нийтийн хурлын даргаар сонгогдсон М.Д нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “....бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Тэргүүлэгчид анхдугаар хуралдааныг зарлаагүй, ийнхүү зарлахгүй байвал хэрхэх талаар хуулийн зохицуулалт байхгүй байх ба уг хийдлийг ашиглан нэхэмжлэгч нар үргэлжлүүлэн ажиллах нь иргэдийн сонголт биш бөгөөд иргэд хүсэлт гаргах замаар хурал зарлаж хуралдуулсан нь хуульд нийцсэн...” гэж тайлбарлажээ.

            Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй тус хорооны иргэдийн Нийтийн хурлын Тэргүүлэгчдийг төлөөлж тэргүүлэгч гишүүн Ц.Б-ын гарын үсэг бүхий 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01, 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар тамгагүй албан бичгээр  Иргэдийн Нийтийн хурлын тамгыг шинэчлэх зорилгоор хураан авсныг буцаан өгч анхдугаар хуралдааныг хуралдуулах боломж олгохыг Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад хандаж уламжилж байсан нь тэднийг  хорооны иргэдийн Нийтийн хурлын анхдугаар хуралдааныг хуралдуулах хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж шууд үгүйсгэх боломжгүй байна

 Харин Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Хорооны иргэдийн Нийтийн Хурлын тамга, тэмдгийг шинэчлэх зорилгоор хураан авч буцаан олгоогүй нь Хорооны иргэдийн Нийтийн хурлыг зарлан хуралдуулах боломжгүй болгох нөхцөл бүрдүүлсэн эсэхийг тодруулах шаардлагатай гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн тус дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн хурлын 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаан хуульд нийцсэн эсэх нь маргаантай байхад Хорооны засаг даргаар ажиллаж байсан З.Дг ажлаас чөлөөлсөн тус дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн Б/09 дүгээр захирамжийг мөн адил түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй.

              Ийнхүү хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийн нөхцөл байдлыг тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаан болон тус хуралданы 01, 02, 03 дугаар тогтоол, тус дүүргийн Засаг даргын Б/09 дүгээр захирамжийг дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

            1.Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.10-д заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаан болон тус хуралдааны “Иргэдийн нийтийн хурлын даргыг сонгон батлах тухай 01, “Иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай” 02, “Хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 03 дугаар тогтоолууд, тус дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/09 дүгээр захирамжийг дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал дахин шинэ акт гаргаагүй бол тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаан болон тус хуралдааны “Иргэдийн нийтийн хурлын даргыг сонгон батлах тухай 01, “Иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгчдийг сонгон батлах тухай” 02, “Хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 03 дугаар тогтоолууд, тус дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/09 дүгээр захирамж тус тус хүчингүй болохыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР